Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо
2020-01-09 10:04:27 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.08) нэгдсэн хуралдаан 15 цаг 46 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Нэр дэвшигч Г.Байгалмаа нь 2002-206 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тогтоол гүйцэтгэгч, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2016 онд Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа. Нэр дэвшигч Э.Батболд нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн улирдлагын мэргэжлээр төгсөж, 2010-2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2007-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд Улаанбаатар хотын даатгал ХХК-д зөвлөхөөр ажилла байжээ. 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж. Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн танилцуулсан юм. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Баяндүүрэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 93.7 хувийн, нэр дэвшигч О.Амгаланбаатар 66.7 хувийн санал авчээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 1988-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, арбиртч, 1991-1992 онд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн, 1992-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, референт, ахлах референтээр тус тус ажилласан. 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Нэр дэвшигч О.Амгаланбаатар нь инженер, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй бөгөөд 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт, 2014-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж. Харин Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажилласан. Улмаар 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Танилцуулгууд болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд эхлээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөв. Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Ч.Байгалмааг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь, нэр дэвшигч Э.Батболдыг 68.3, Б.Баяндүүрэнг 70.7, Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувь нь тус тус дэмжиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов. Дараа нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэнОрон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Нийтэлсэн:Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020-01-09 09:59:22 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаан 13 цаг 35 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Засийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Иймд тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттай авсан. Өнөөдрийн байдлаар нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн хүү 15.6 хувьтай байна. Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд Эрдэнэс Монгол ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани хэлбэрээр Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эрдэнэс Силвер Ресурс компанид шилжүүлсэн байна. Ийнхүү Эрдэнэс Монгол ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Ийнхүү Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг танилцуулгадаа онцолсон. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах талаар тодруулахын зэрэгцээ энэ нь холбогдох хуультай нийцэж байгаа эсэхийг лавлав. Мөн хэчнээн ахмадууд хэд хүртлэх төгрөгийн зээлтэй байгааг, ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийн дараа нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн зээл оны сүүлээр олгогдсон нь мэдээлэл задарсан эсэхтэй холбоотойг тодруулсан. Монголбанкны зүгээс хариултдаа, Төв банк Эрдэнэс Ресурс компани, Эрдэнэс селвир ресурс компанитай үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан. Энэхүү металийн орлогыг Монголбанк худалдаж авахаар зохицуулсан. Төв банкинд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийх нөхцөл байдал үүссэн. 2018 оны Төвбанкны тухай хуульд эдийн засгийн тодорхой салбарт чиглэсэн хэлцэл хийхийг хориглосон учир тусгайлсан хуулиар Монголбанканд хуулийн зохицуулалтыг хийж байгаа онцлов. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа, Арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн талаарх судалгааг авсан. 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх зээлтэй. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй. 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна. Хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү тэрбум 150 сая төгрөг байгаа. Энэ нь эрсдэлтэй зээл байх гэж бодож байна гэж байлаа. Мөн тэрбээр, мэдээлэл тархсанаас үүдэлтэйхардлага сэрдлэгийн тухайд ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй учир иргэд асуудлыг өмнө нь сонсоод зээл авах боломжгүй гэв. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 775 тэрбум байсан бол жилийн эцсийн байдлаар өсөх биш 758 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл барагдаж, хаагдсан гэдгийг салбарын сайд нэмж тодотгосон. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч цаашид засч сайжруулах асуудлууд байгааг онцолсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тэтгэврийн зээл авсан нийт иргэдийн 90 гаруй хувь нь 6 сая төгрөгөөс доош зээл авсан учир энэ хэмжээний дүнгээр босго тавьж, үүнээс дээш төгрөгийн зээл авсан хүмүүс нь 6 хүртлэх сая төгрөгийн дүнгээ хасуулаад үлдсэнийг нь төлөх шаардлагатай. Мөн энэ асуудлыг улсын төсөвт суулгаад хуулийн дагуу шийдэх талаар судалж үзэхийг хүссэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Засгийн газар өөрөө бонд гаргах байсан. Хөгжлийн банк баталгаа гаргахаар тусгасан ч хуульд нь ийм зохицуулалт байхгүй, Монголбанкны үзэл баримтлалтай ч нийцэхгүй байгаа учир энэ асуудлыг олон талаас нь судлах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зөвхөн зээл авсан бус зээлээ төлсөн, зээл аваагүй ахмадууддаа адил тэгш хандах зарчмыг баримтлах шаардлагатай гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудаа баярлуулж байгаа нэг удаагийн арга хэмжээ. Гэхдээ тэтгэврийн зээл аваагүй, зээлээ төлсөн иргэдээ хоосон үлдээхгүй байхыг бодолцох шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан 3-6 сая төгрөгийн зээлтэй буюу зорилтод бүлэгрүү асуудлаа хандуулахын зэрэгцээ тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай гэж байлаа. Харин Улсын Их Хурлын Б.Жавхлан байгалийн баялагаа ард түмэндээ тэгш хүртээмжтэй олгохыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам нь буруу байгааг онцлов. Тэрбээр төсвийн гадуур дахиад төсөв үүсгэдэг гашуун туршлагаа давтах гэж байгааг тодотгохын зэрэгцээ тэтгэврийн зээлийн эцсийн зээлдэг нь ч Монголбанк хариуцаж, эрсдэл үүсвэл Засгийн газар төлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Засгийн газар эцэст нь эрсдэлийг татвар төлөгчийн хөрөнгөөр төлнө гэдгийг гишүүдэд анхааруулж байлаа. Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд танилцууллаа. Ажлын хэсэг 01 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн томъёолсон болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Мөн ажлын хэсгээс Зөрчлийн тухай хуулийн 5.7.1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоомыг зохион байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцсонтой холбогдуулан зөрчлийн хэрэгт холбогдуулан хураасан эд зүйл, тоног төхөөрөмжийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхтэй холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулах саналыг гаргаж байгаа гэлээ. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
2020-01-09 09:49:04 Нийтлэгдсэн: Улс төрЭрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар тодруулга хийлээ. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад, 2005 онд Авлигын эсрэг конвенцид тус тус нэгдэж орсон байдаг. Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу Хөөн хэлэлцэх хугацаа-ны талаар зохицуулалтад Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана гэсэн байдаг. Энэ хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хууль тогтоогч хууль гаргаж, сэргээн шалгахаар төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарлалаа. Энэ хүрээнд өөрийнхөө гэм бурууг шүүхээр шийдүүлэлгүй, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийн тухайд, нөгөө нь шүүхээр гэм буруугаа тогтоолгосон этгээд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдол зэргийг ялгамжтай авч үзэх шаардлага бий гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан. Энэхүү төслийн хүрээнд процессын хэм хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөж буйг тайлбарлаж байв. Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
2020-01-09 09:45:34 Нийтлэгдсэн: Улс төрОюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар ажилласан байна. Хууль санаачлагч оюуны өмчийг бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад үзүүлэх төрийн дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна. Хуулийн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томъёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгын дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй