УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Түүхээ сөхвөл номын нээлт өнөөдөр Булган аймагт боллоо. Зохиогч номондоо өөрийн туулсан амьдрал, алдаа, оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр энэхүү дурсамжаа өөрийн цахим хуудсандаа 2013 оноос эхлэн нийтэлсэн нь олон мянган дагагч, уншигчидтай болжээ. Түүхээ сөхвөл номын редактораар УИХ-ын гишүүн, Болор цом-ын эзэн Г.Мөнхцэцэг ажилласан байна. Г.Мөнхцэцэг Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон, тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна. Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Түүхээ сөхвөл номын нээлтэнд хүсэн хүлээж байсан Булган аймгийн уншигч, дэмжигчид нь танхим дүүрэн оролцож, зохиогчийн гарын үсэгтэй номыг бэлгэнд гардав. Нийтэлсэн

Японы Элчин  сайд Ерөнхийлөгчид  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав. Ноён Кобаяши Хироюки өмнө нь Монгол Улсад хоёр ч удаа дипломат албанд томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Япон улстай хөгжүүлэх эдийн засгийн гол харилцаа нь Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох тул тус улстай нүүрсний экспортын асуудлаар яриа хэлэлцээр хийх сонирхолтой буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр илэрхийлж, талууд энэ асуудлаар дахин уулзаж, ярилцахаар болсон юм. Мөн удахгүй Япон улсад болох зуны олимпnaн дараа Монгол Улсад Азийн хүүхдүүд олон улсын спортын наадам болох тул тэмцээний бэлтгэл ажил, залуу тамирчдын бэлтгэл сургуулилтын асуудлаар хамтран ажиллахаар ярилцжээ.

БНКУ-ын тээврийн дэд сайд Ж.А.Ногойбаевыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээврийн дэд сайд Ж.А.Ногойбаевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийсэн албан ёсны айлчлал болон БНКУ-ын нийслэл Бишкек хотноо саяхан болж өнгөрсөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан 5 жил завсарласны эцэст амжилттай зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэв. Уг хуралдаанаар зам тээвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцон, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулсан билээ. Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд нэн тэргүүнд эдийн засаг, бизнесийн форум зохион байгуулах талаар санал солилцов. Мөн ойрын хугацаанд шууд нислэгтэй болох тухай ярилцаж, ингэснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарын хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Эх сурвалж: ЗТХЯ

“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл" дэд хөтөлбөр баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар өчигдөр Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл дэд хөтөлбөр батлах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам-ын төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Харин журмын төслийг дахин хянаж үзэж, зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл дэд хөтөлбөрийг баталж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулахаар тогтов. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Сангийн яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид Төрийн албан хаагч-ийн тангаргаа өнөөдөр өргөлөө. Н.Саруул, Т.Баярмаа, Т.Хонгор, Б.Түвшин, Н.Урангуа нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав. Ёслолын үйл ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллаж, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандахыг захилаа. Эх сурвалж: Сангийн яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.