Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжинэ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл-ийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Төслийн гол зорилго нь Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх, дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоолуурын системийн үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд оршино. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Баруун болон төвийн аймгуудад болсон үерийн хохирлыг арилгахад Казахстан Улс тусламж үзүүлсэн, Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Байнгын хороо Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (2019.12.19) үдээс хойш хуралдаж,Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан байна.Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт цахим хуудас гэсний өмнө Энэ хуулийн 48.1.1, 48.1.3-т заасан гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын 18 нас хүрсэн иргэний улсын бүртгэлийн биеийн давхцалгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлж, иргэний бүртгэлийн дугаар авсан гэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан 18 насанд хүрсэн гэж, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.2.9, 33.3.11 дэх заалтын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын гэснийг ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын гэж, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн.Харин эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь ялгүй байх гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 11 гишүүний 9 нь дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 21 дүгээр зүйлд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж зарчмын зөрүүтэй энэ саналыг гаргасан боловч Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс гаргасан энэ саналыг эргэн харж дахин авч үзэх хүсэлтийг төрийн бусад намуудаас илэрхийлсэн учраас эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарах шаардлагатай гэсэн чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд өгсөн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж зарчмын зөрүүтэй дээрх саналтай холбогдуулсан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа намуудад цахим хэлбэрээр нэг удаа өгөхөөр заасан, гэхдээ хугацааг тодорхой зааж өгөөгүй. Бүртгэлийн байгууллага сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороодод өгөх хуулийн заалттай. Иймээс хүсэлт гаргасан намуудад 20-иос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөх зохицуулалтыг оруулж байгаа. Гэхдээ сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.15 дахь заалтаар хориглосон гэдгийг хэллээ. Мөн тэрбээр сонгогч биеийн давхцалгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг болсон учраас дахин санал өгөх боломжгүй. Харин иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж санал өгөхийг оролдвол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай гэдгийг нэмж тодотгосон юм. Эцэст нь хууль хоорондын нийцлийг хангах, зөрчлийг арилгах, ойлголтыг нэг мөр болгох үүднээс ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн зарим заалтыг дахин нягтлаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Төрийн албаны тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Сонгуулийн тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Г.Занданшатар: Банкны салбарын эрх зүйн орчин сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна

Монголбанкнаас Банкны салбарын шинэчлэл сэдэвт онол практикийн бага хурлыг /2019.12.18/ зохион байгууллаа.Тус хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг онцлоод, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт хүлээж байгааг тодотгосон юм. Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, Саарал жагсаалт-аас 2020 онд багтаан гарах, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулсан юм. Банкны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. БАНКНЫ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Банкны салбарын шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс олон сорилтыг даван туулж, шинэчлэлийг хийсэн бас нэгэн оныг үдэх гэж байна.Сүүлийн 3 жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн богино хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг эхлүүлж, банкуудын активын чанарт үнэлгээ хийх, өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, дунд хугацааны бизнес төлөвлөгөөг шинэчлэх, эрсдлийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал сайжирлаа. Төсвийн гадуурх санхүүжилтийг таслан зогсоож, төсвийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг эрс бууруулснаар гадаад өрийн тогтвортой байдал хангагдсан. Бодлогын шинэчлэл хийсний зэрэгцээ гадаад нөхцөл байдал сайжирснаар бизнесийн зээлийн өсөлт сүүлийн 3 жилийн хугацаанд 15 хувийн орчимд тогтвортой хадгалагдав. Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсөлттэй гарлаа. Үр дүнд нь зогсонги байдалд ороод байсан эдийн засаг сэргэж 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөөд байна. Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллалаа.Өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталлаа. Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Банкинд итгэх ард түмний итгэл үлэмж нэмэгдэх болно. Банкны салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж батлуулах Банкны салбарын эрх зүйн орчин ийнхүү сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна.Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл-д банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилтыг тусгаад байна. Эрхэм оролцогчид оо, Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг3асуудалд онцгойлон анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна: 1/Засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай.Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, дотоод хяналтыг сайжруулахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна. Иймд Төв банк, арилжааны банкууд энэ чиглэлээр тодорхой стратеги, төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй байна. 2/Эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшинд буюу 5-6 хувьд байх төсөөлөлтэй хэдий ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл тул түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарал өндөр, эрсдэл даах чадвар сул хэвээр байна. Иймд банкны салбарт банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна. 3/Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, Саарал жагсаалт-аас 2020 онд багтаан гарах нь чухал байна.Цаашид Монгол Улсыг Саарал болон бусад төрлийн эрсдэлтэй үнэлгээнд дахин оруулахгүй байх талаар бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамтран ажиллахыг бодлого боловсруулагч, банкны салбарын удирдлага болон мэргэжилтэн Та бүхнээс онцлон хүсч байна. Эрхэм оролцогчид оо, Энэ удаагийн хэлэлцүүлэг нь ирэх оны зорилт, салбарын шинэчлэлийг хэлэлцсэн, бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн хуулийг дээдлэн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн идэвх зүтгэлтэй ажиллаж, банкны салбараа тогтвортой хөгжүүлэхэд хамтаараа зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний өнөөдрийн арга хэмжээ болон цаашдын ажилд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа! Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

“Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Зөв амьдрах ухаан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. Зөв Амьдрах Ухаан ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодисонд донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэлзүйн сургалт олгож, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байгууллага аж. Тус төрийн бус байгууллагын удирдлагын зүгээс өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлд холбогдох хууль дүрмийн дагуу туслалцаа үзүүлэхийг Хотын Захирагчид уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийгэмд тустай ажил хийж, олон иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс шаардлагатай зүйлээр тусалж ажиллах боломжтой гээд холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтийг нь хүлээн авч хууль, дүрмийн дагуу асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.