Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийв. Харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Казахстаны тал хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбар дахь худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тээвэр, ложистикийн сүлжээг өргөтгөх, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэв. 2020 онд Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргалаа. Мөн 35 сая. ам.доллар байгаа худалдааны эргэлтийг 130 сая ам.долларт хүргэх боломжтойг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар хот, Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхлаа. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно гэж, 31.9-д Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй хэмээн тус тус заасан байдаг. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх төслийг боловсруулжээ. Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томъёолол, санал дүгнэлтэд оруулахгүй байхаар нэмэлт оруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн нэр томъёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлсэн болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол нэмэлт, өөрчлөлтийн эхийг зөвшөөрнө, татгалзана гэснээс өөр асуудлаар ард нийтийн санал асуулгыг хамтатган явуулахыг хязгаарласан өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор баталгаажуулах хэмээн тусгасан байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлтийг тус тус оруулжээ. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар мэдээлэл авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баталгаажуулахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар санал хэлэв. Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 72.7 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД: Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна. Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна. Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч! Яагаад анх төлөвлөж байснаараа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй Энержи ресурс ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад Эрдэнэс Тавантолгой ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ Энержи ресурс ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна. Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна. Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй. Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье гэжээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслолДорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо. Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.

Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна. Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Товч мэдээ - Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.