Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБХХ-ийн захирагч А.Штайнертай уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлнэ гэдгээ А.Штайнер илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Гадаад харилцааны яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оноос хойш НҮБ, НҮБХХ, Хүүхдийн сан зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сард НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Б.Транкманыг хүлээн авч уулзахдаа харилцаа, хамтын ажиллагаагаа агаарын бохирдлыг бууруулахад чиглүүлэх хүсэлт тавьж байжээ. Мөн өнгөрсөн онд НҮБХХ-ийн захирагчтай уулзан энэ талаар хөндөж, дэмжлэг авах боломжийг эрэлхийлж байв. Түүнчлэн өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзахдаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм. Товч мэдээ - Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан Хагибис хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна. - Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. - Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм. - Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан Түүх мартахгүй баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ, Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц-оор хүлээсэн үүргээ биелүүлэн, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирснийг нотолж, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ-нд ойрын ирээдүйд нэгдэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2020 оны бага хурлаас цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодит үр дүн авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Ирэх 2020 онд Нью-Йорк хотноо зохион байгуулах Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэндУсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийнхэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан. Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байхыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, цаашлаад мэргэжлийн яам болгон өргөжүүлэх, гадаргын усыг хамгаалах тодорхой судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, энэ чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, Монгол Улсын гадаргын усны нөөцийн талаарх судалгааны талаар тодруулж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн. 324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэдсав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа. ИнгээдУсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийгнэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаарТаримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг 1999 онд батлан, хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав. 2011, 2016 онуудад хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байна. Иймд шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан. Мөн таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцлийг тусгаж, таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн /1991 он/ зарчимд нийцүүлэн боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монголд хэчнээн сортын үрээр тариалалт эрхэлж байгааг тодруулахын зэрэгцээ үрийн шинэчлэлтийг хэдий хугацаанд хийдэг, үндэсний шинэ сортыг гаргаж байгаа эсэхийг илүүтэй лавлав. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 сортын үрээр тариалалт хийж байгаагаас 5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалалт хийгээд дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулт өгөв. Мөн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13,14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалах хэлбэрээр үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулахаар ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашлаад Бүгд Найрамдах Казакстан Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс, шинэ сортын хамгааллын асуудлыг хуулийн төсөлд шинээр тусгасан. Өнөөдрийн байрлаармонголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл бүртгэгдээгүй. Шинэ сорт бүтээх ажил нь нэг багийн 10-15 жилийн хөдөлмөрийн үр шим байдгийг хариултдаа онцолж байлаа. ИнгээдТаримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийгнэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.