МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ДАРААХ ТУНХАГЛАЛЫГ ГАРГАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлал болон Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав. Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж; Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж; 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж; Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж; Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж; Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж; Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж; Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд: Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act) хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. Вашингтон хот, 2019 оны 7 дугаар сарын 31

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар долоодугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов. АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон Конгрессийн зарим гишүүн оролцлоо. Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо. Уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ЦАГААН ОРДОНД УГТАВ

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр Цагаан ордонд хүрэлцэн очлоо. Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтан мэндчилж, Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийхээр Цагаан ордны Зууван танхим буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөг зорьсон юм. Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр уулзалт, ярилцлага өрнүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаэнэ сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо.Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм. Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм. Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо. УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм хүндэт Ноён Жон Хамри, Ноён Майкл Грийн, Хүндэт зочид, судлаачид аа, Хатагтай, ноёд оо, Монголын анд нөхөд өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг шинэ түвшин-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна Өнөөдрийн энэ уулзалтаар, хоёр улсын харилцааны түүх, өнөө ба ирээдүйн талаар санал бодлоо солилцохоор ирлээ. Эхлээд, Та бүхэнд манай хоёр улсын харилцааны өнөөг хүртэл зарим сонирхолтой түүхээс хуваалцъя. Нэг. Хоёр улсын харилцааны түүхэн жим Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй байдаг юм билээ. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч ихээхэн өөрчлөгдөөгүй санагдана. Сонирхолтой нь, 20-р зууны эхэнд, Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам тавих боломжийг мөн судалж байжээ. Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлээд байгаа билээ. Амжилтад хүрэх байх. Бид аж үйлдвэр хөгжүүлэхэд чухал суурь болох дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар олон жилийн өмнө ч ярилцаж байсан байна. Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан талаараа өөрийнхөө дурдатгал номдоо бичсэн байдаг. Тухайн үед Америкийн The Mongolian Trading Company, Anderson and Meyers Co Ltd, Англи-Америкийн хамтарсан British-American Tobacco Company зэрэг аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримтууд байдаг. 1919 онд Америкийн нэгэн пүүс Монголоос 3 сая ам.долларын хонины ноос, 1921 онд нэг сая ширхэг тарваганы арьс худалдан авсан баримт байдаг. Мөн 1925 онд 150 мянган пүү хонины ноос АНУ-д гаргасан байна. Яг 100 жилийн дараа буюу 2019 онд ч Монгол-Америк бизнесмэнүүд ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаагаа идэвхжүүлэхээр хоёр талын төрийн дэмжлэг хүсээд ажиллаж байна. Мөн энэ үеэс хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаа хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийснийг бүгд мэддэг түүх болжээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес 1944 онд манай улсад айлчилсан нь хоёр улсын улс төрийн харилцааны эхлэлийг тавих, мөн АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Хэнри Уоллес өмнө нь Рерихийг АНУ-ын төрийн зардлаар Монгол руу судалгааны ажилд явуулсан нь зарим сониуч хүмүүсийн анхаарлыг их татдаг түүх юм. Монголчуудын зүгээс ч мөн адил Америктай харилцаа тогтоох ажлууд хийгдэж байсан. Тухайлбал, 1911-1924 оны Богд Хаант Засгийн үед Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох үүднээс АНУ-ын Орос, Хятад дахь Элчин сайдын яамаар дамжуулан удаа дараа бичиг илгээж байжээ. Үүнийг албан ёсны анхны харилцаа, бичиг баримт хэмээн үздэг. Ийнхүү Монгол Улс, АНУ хоёр нь түүхийн урт удаан хугацаанд маш олон саад тотгорыг даван туулсны эцэст АНУ-ын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс дипломат харилцаа тогтоох үед Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам руу замнах түүхэн сонголтоо хийж байлаа. Тиймээс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь цаг үеэ олсон, Монголын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. Энэ цаг үеэс хойш АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд үеийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирлээ. Хоёр. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба цаашдийн чиглэл Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших дийлэнх хугацаанд, АНУ-ын тусламж дэмжлэг дээр голчлон тулгуурлаж ирсэн. Харин сүүлийн үед, хамтран үнэ цэнэ бүтээж, өгөөжөө хуваалцах, харилцан ашигтай байхаар ажиллаж байгаа болно. Ингэж байж урт хугацааны стратегийн түншлэл баталгаажих болно. Үүний нэг илрэл нь батлан хамгаалах салбарт, Монгол-Америкийн цэргүүд Ирак, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI хөтөлбөрт хамтран Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү сургуулилтад АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Харамсалтай нь, бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Жишээ нь, 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна. Иймээс маргааш болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна. Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар ганц жишээ хэлэхэд: Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог. Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч шударга худалдаанд итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан Гуравдагч хөршийн худалдааны хууль-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна. Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хатагтай, ноёд оо Дээр дурдсанчлан манай хоёр улс түүхийн урт удаан хугацааны ээдрээтэй замыг туулан дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааны эрчээ алдахгүй үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөн улс төрийн харилцааны бат бэх суурин дээр тулгуурлан цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна. Хоёр улсын хооронд байгуулсан Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал, Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгрессоос Гуравдагч хөршийн худалдааны хууль-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж байна. Манай орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа үед миний бие эдийн засаг ярьж, хүний хөгжилд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй юм. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого гэдэгтэй эрдэмтэд та бүхэн маргахгүй биз ээ. Цаашдаа, өндөр бүтээмжтэй ажлын байр, орлогоор хангах салбаруудаа хөгжүүлэхийн тулд гурав дахь хөрш нартайгаа шинжлэх ухаан, өндөр технологи, сансар судлал, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно. Эцэст нь хэлэхэд хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад, Монголд элэгтэй америк иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Баярлалаа гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр улсын харилцааны талаар үг хэлсний дараа Стратеги, олон улсын судалгааны төвийн Тэргүүн дэд захирал Майкл Ж.Грийн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын сэтгүүлчид, эрдэмтэд, монгол судлаачдын сонирхсон асуултад хариуллаа. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-ни өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол өгч, хоёр талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Тэр дундаа Турк улстай арьс шир боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийллээ. Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа мөн илэрхийлсэн юм. Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ажил хэрэгч, бодит ажлууд хийж тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал гээд Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлалд амжилт хүсэв. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.