АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа
2019-08-02 09:55:57 Нийтлэгдсэн: Улс төрАНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа. Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трампын багийнхантай уулзаж хуулийн төслийн хүрээнд ярилцсан байна. Мөн өчигдөр болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтаар хуулийн төслийг онцолж ярилцсан нь цаашид томоохон дэмжлэг болно гэдэгт Тэд Иохо итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлж, энэхүү хууль батлагдсанаар малчин иргэдэд орлого нэмэгдэж, ноос, ноолуурын салбарт эерэг өөрчлөлт гарна гэдгийг илүү олон Конгрессын гишүүдэд хэлж өгөхийг хүссэн юм. Мөн тус улсын хууль тогтоогчдыг урьж авчирбал Монголын хөдөө аж ахуйн салбарын талаар илүү ойлголттой болж, нягт хамтран ажиллах тул харилцан айлчлалд өндөр ач холбогдол өгч, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочлов
2019-08-02 09:52:39 Нийтлэгдсэн: Улс төрАНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн хамтын ажиллагаа дипломат харилцаа 30 гаруй жилийн хугацаанд нэн идэвхтэй хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ. Мөн айлчлалаар АНУ-ын Төрийн тэргүүнтэй Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн асуудлаар ярилцсан гээд хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, Монголын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа нь уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар бодит өсөлтгүй байгааг хэллээ. Уг хуулийн төсөл батлагдвал манай улсад 30-40 мянган ажлын байр нэмэгдэж эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол нь богино хугацаанд гарна гэсэн тооцоо, судалгаа хийсэн талаар танилцууллаа. Байнгын хорооны гишүүд Монголын ноос, ноолуурын зах зээлийн талаар сонирхсон зүйлээ асууж, хариулт авсан юм. Мөн талууд Солонгосын хойг, энхийг сахиулах ажиллагаа, Монгол дахь ардчиллын өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАЖ, ЯРИЛЦЛАА
2019-08-02 09:36:48 Нийтлэгдсэн: Улс төрНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас: Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, Баруун бүсийн Лос Анжелест 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна. Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж. Дээрх хотуудад амьдардаг монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн 180 орчим иргэн оролцлоо. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрш хоёр орныхоо Төрийн тэргүүн нартай уулзаж албан гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар АНУ-д айлчилж хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа. Ингэснээр томоохон асуудлуудыг шийдэх боломжтой боллоо хэмээн харж байна. Энэ талаарх мэдээллийг тогтмол авч байгаа тул Америкт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа та бүхнийхээ санал, сэтгэгдлийг сонсоё хэмээн уулзалтыг нээлээ. Н.Энхтайван /Нью-Йорк/: Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол? Ө.Энхжин /Вашингтон/:Оффшор данстай хүмүүст хэзээ зохих ёсны шийтгэл өгч, Монголдоо валютаа буцааж оруулах вэ? Би Сингапурт 5 жил, АНУ-д 3 жил амьдарч байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд Монгол руугаа валют оруулдаг. Гэвч миний оруулж буй валют оффшор данс руу орж, төгрөг цааснаас хямд боллоо хэмээн санаа зовж байна. н.Батмөнх /Чикаго/:Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ дашрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг Төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна. н.Цог /Вашингтон/: Би хэдийгээр АНУ-д амьдарч байгаа ч үргэлж Монгол Улсынхаа талаарх мэдээ, мэдээллийг харж байдаг юм. Эрх баригчид улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, газрын доорх асар их баялгаа үр ашигтай зарцуулах шаардлагатай байна. Н.Батзандан /Чикаго/: Монгол Улсын Ерөнхийлөгч Таныг АНУ-д түүхэн айлчлал хийж байгаад маш их баяртай байна. Би Чикаго хотын Монгол төв-ийг үүсгэн байгуулсан. Албан бус тоогоор Чикаго хотын эргэн тойронд 10 мянга орчим монгол иргэн амьдардаг. Тиймээс консулын хэлтэс жилдээ 1-2 удаа Чикаго хотод очдог юм. Ийм өндөр ачаалалтай байдаг тул бид сүүлийн таван жилд Чикаго хотод Консулын хэлтэс байгуулах санал гаргаад явж байгаа юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулж өгнө үү. н.Аажим /Вашингтон/: Өнөөдөр монгол хүмүүсийн хувьд их чухал зүйл болж байна. АНУ-тай Стратегийн түншлэлийн хэмжээнд ажиллана гэдэг агуулгын хувьд маш чухал зүйл. Таныг энд ирсэн дашрамд, хувийн чанартай хүсэлтээ уламжилъя. Манай охин 4 настайгаасаа эхлээд спортын гимнастикаар хичээллэсэн. Гэвч 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш олон хүүхэд хичээллэж ирсэн спорт гимнастикийн ганцхан заалыг нь нураах гэж байгаа гэж сонсоод танд заалыг нь засаж, тохижуулах асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсье. П.Мөнхнаран /Вашингтон/: Монгол Улсын Ерөнхийлөгч маань АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийсэнд баяртай байгаа. Би энд сургуулиа төгсөөд гурван жил ажиллаж байна. Миний найзууд АНУ-д ажиллаж, амьдрах гоё байна уу гэж асуудаг. Гэвч, бодит байдал дээрээ тийм биш. Тиймээс залуусыг Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж бий болгож, Төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна зэргээр иргэд асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа. Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэлээ. Төрийн тэргүүн энэ хүрээнд санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж, мөн уулзалтад оролцсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нар бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өглөө. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Засгийн газар: Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно
2019-08-01 09:46:41 Нийтлэгдсэн: Улс төрХууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. Энэ төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дараах тайлбарыг өгч байна. -Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна гэлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллалаа
2019-08-01 09:35:27 Нийтлэгдсэн: Улс төрҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Өлзийт сумын иргэд дэмжиж байна Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлаас 2019 оны07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлгийгзохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсож үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байна. Тэрбээр өнөөдөр /2019.07.31/ Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, Зуслангийн өдөрлөг арга хэмжээнд оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийнхоёржилийн хугацаанд боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна.Ардчилал гэдэг бол ардын засаг учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал.Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна хэмээн онцлов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдсумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Ийн сонгогдсоноор сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав. Сумын Засаг дарга нарын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч бас бий. Улсын түвшинд харвал Засгийн газар ч төстэй байдалд бий. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаас ангид шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортойгоор ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Сумаа шинэчлэх аян эхлүүлэхийг уриалав Хөдөөд хот шиг амьдарч болохын жишээг харуулж, Монгол Улсын хэмжээнд жишиг болон хөгжиж яваа сум бол Дундговь аймгийн Гурвансайхан сум. Сумын шинэчлэлийг эхлүүлснээс хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус суманд хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байгааг тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулав. 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны уулзалтаа хийхэд гурван хүн, 2 долоо хоногийн дараа хийсэн уулзалтад 6 хүн ирж байсан тухай тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн сумын шинэчлэлийн ажлаа эхэлсэн тухайгаа дурсан ярьсан байдаг. Цаашдаа иргэд ирж оролцох нь нэмэгдэж, санал бодлоо солилцон хамтран хөрөнгө босгож, иргэд өөрсдөө хандив, мөнгө өгч, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар ОНХС-ийн хөрөнгөө оруулж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зэргээр сум, Нутгийн зөвлөл, иргэд бүгд идэвхийлэн оролцсоноор өнөөдрийн үр дүнд хүрчээ. Эхний ээлжинд сумын төвийн айл өрхүүд гудамж дагуу жигдрэн блокон суурьтай сараалжин хашаагаар ижилсэж, цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа барьж, 3 км засмал зам тавьж, гэрэлтүүлэг хийжээ. Азийн хөгжлийн банкны 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас 250 мянган ам.доллар, Туркийн сангаас 250 сая төгрөг, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, дээр нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр эхний хөрөнгө босчээ. Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийнхээ цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгох шаардлагатай байсан тул Дэлгэрцогт сумын нутгаас үржил шимт хөрс татан, сумынхаа төвийн хатуу хөрсийг сольж, зүлэгжүүлж, мод бут тарьж эхэлсэн байна. Сумандаа сайхан амьдарч болдог жишгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд харуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар сайшааж байлаа.Сумын шинэчлэл цаашдаа үргэлжилж, сумын төвдөө нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, спорт, Суугаант цогцолбор, 12 жилийн сургууль, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг барьж, 2018 онд халаалтын шугамыг гудамж бүрийн эхэнд ойртуулан холбожээ. Ингэснээр 8 айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа бөгөөд цаашдаа бүх айлуудаа халаалт, цэвэр, бохир устай болгохоор ажиллаж байгаа ажээ. Энэ мэтчилэн бусдын сайн туршлагаас суралцаж, хөгжих боломж Өлзийт суманд бүрэн байгаагч тэрбээр хэлж, сумаа шинэчлэх аяныг эхлүүлэхийг уриалав. Ингэхийн тулд сумын иргэд нийтээрээ оролцож, саналаа нэгтгэсний дараагаар дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай ч онцоллоо. Хоорондоо сайтар хэлэлцэж, зорилгоо тодорхой болгож чадвал хандлага өөрчлөгдөнө. Аливаа зүйлийг хийнэ гэдэг нэг хэрэг. Хийснээ арчилж, авч явна гэдэг чухал гэдгийг ч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байлаа. Хот суурин газраас сум орон нутагт шилжиж ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Малчдын амьдрал нэг үеэ бодвол сайжирч, мөнгөн хадгаламжийн хэмжээ нэмэгдэх, сум болон аймгийн төвд орон сууцтай болох нь ихэссэн зэрэг эерэг нөлөө гарч эхэлжээ. Өнгөрсөн онд тус сум 4,2 сая мал тоолуулснаас энэ онд 1,8 сая төл хүлээн авсан байна. Малчид тооноос илүү чанарт анхаарч байгаа ч бэлчээрийн асуудал тулгарсан хэвээр байгаа. Сум орон нутгийн удирдлагууд залуу малчдыг дэмжиж малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэхдээ малчдын бүтээгдэхүүн зах зээлд үнэ цэнэ багатай байдгийн дээр хог дээр хаягдах түүхий эд олон байгааг сануулж, энэ чиглэлд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг хэлж байлаа. Зуслангийн өдөрлөг арга хэмжээний үеэр залуу хойч үедээ үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Мөн Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын баг Өлзийт сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар маргааш /2019.08.01/ Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй