Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо
2019-07-30 09:17:15 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Мустафа Шентоп: Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна
2019-07-30 09:12:31 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ сарын 29-31-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд хэлэв. Монгол Улсын Их Хурал,Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга нарын уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны парламентын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтсон гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцсон байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн шугамаар Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирснийг Монгол Улсын Их Хурлын дарга тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн гэдгээ дурдлаа. Г.Занданшатар дарга үргэлжлүүлэн Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь манай хоёр орны хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж байгаа юм гэлээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, манай хоёр улсын хөгжил цэцэглэлт цаашид өргөжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаагаа мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга онцлов. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп илэрхийллээ. Олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй буй бөгөөд хоёр орны төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй байгаад баяртай байна гэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын дурдсан Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа Эрхэмсэг ноён Мустафа Шентоп илэрхийлэв. Үргэлжлүүлэн тэрбээр Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбарын харилцаа чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа хэмээн үзэж байна. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа гэв. Эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлэгч байгаасай хэмээн хүсэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийлээд хоёр орны холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол Туркиш-Эйрлайнс компанийн өдөр тутмын шууд нислэгүүд байх бөгөөд Туркийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн байгааг тэрбээр дуулгав. Тиймээс парламентын удирдлагуудын түвшинд Туркиш-Эйрлайнс компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаарсанал солилцсон бөгөөд байр суурь нэг байгаа тул ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж буйгаа ноён Мустафа Шентоп илэрхийллээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Монгол Улсад 600 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг мөн тэрбээр тэмдэглэв. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр төслийн нээлтэд оролцох юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүстэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон талаараа ноён Мустафа Шентоп дурдаад, талууд байр суурь нэг байгаад баяртай байна гэв. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс нь газар зүйн байрлал болон улс төрийн хувьд өрнө, дорныг холбогч гүүр хэмээн үздэг болохоо илэрхийлээд халуун дотноор угтан авсандталархал илэрхийллээ. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-30 08:58:08 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 7 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Жон Жэ Нам-ыг манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэл-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсэв. Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
2019-07-29 10:17:49 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцоно. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юмгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын захирагч Ясухиро Учидатаг хүлээн авч уулзав. Талууд хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын тэр дундаа сурын харвааны залуучуудын солилцооны хөтөлбөр, Япон хэлний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг холбох зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Мөн уулзалтын үеэр Ясухиро Учидата Оказаки хот нь ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 30 жилийн нүүр үзэж байна. Улаанбаатар хот мөн Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай гэсэн. Манай гурван хот гурвалсан харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа уламжилмаар байна хэмээсэн юм. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй