Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийв. Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагуудын талаар санал солилцов.
Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардуулж өгөв. Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээгдсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан америк загварын монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон нь ялангуяа хүйтний улиралд виз мэдүүлж буй иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон бол виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм. Энэ дашрамд дурдахад манай улсын 14359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахадмөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Хариуцлагатай аялцгаая аяны үр дүн байлаа.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ЭЛЧИН САЙД РАФАЕЛ ДЕСКАЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-18 09:04:45 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар Интерном номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очиход бэлэн болсон Испанийн өгүүллэг, тууж номын нээлтийн ажиллагаанд оролцох гэж буйдаа баяртай буйгаа илэрхийлэв. Тэрээр өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар зөвлөлдсөн саналыг ажил хэрэг болгох, Монгол, Испанийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ оны сүүлчээр Мадрид хотноо зохион байгуулах, Монгол Улсын дипломат албанд испани хэлтэн боловсон хүчин бэлтгэх, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ойрын хугацаанд төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайдын дээрх санал, санаачлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч, хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
2019-07-18 09:01:28 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар дурьдав. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг тэрбээр онцлов. 7 дугаар сарын 16-19-ний хооронд болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа ийнхүү НҮБ-д танилцуулав. 2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад эдүгээ давхардсан тоогоор нийт 158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсантай холбогдуулан Норвег, Япон, Сьерра-Леон зэрэг улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асуув. Мөн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 16-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд 5 улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн 9 дүгээр ангийн сурагч У.Номуундарь үг хэлж, дуу хоолойгоо илэрхийлэв.
УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-07-17 09:23:11 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессорД.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Фредерик Рассел Ривоаллан нарыг хүлээн авч уулзав. Төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь:Мэдлэгээс төрийн бодлогод сэдэвт семинарт оролцохоор иржээ. Уг семинарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал, Институцууд, хүний эрх, тэгш бус байдал, Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх,доктор, профессорД.Бадарч урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд УИХ-ын даргын голлон анхаарч буй хэд хэдэн асуудлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, УИХ-ын дарга сонгогдсон өдрөөсөө эхлэн парламентын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулсан. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт судалгаа, шинжилгээний 54 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан ч үе үеийн сонгуулийн дараа тухайн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилдөг байсан. УИХ-ын даргын зүгээс чадварлаг, тогтвортой, хараат бусаар ажилладаг судалгаа, шинжилгээний нэгжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа гэв. Мөн УИХ-аар сүүлийн арав гаруй жил ярьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ард иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улстөрийн намууд, мэргэжлийн холбоод болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан. Хэлэлцүүлгийн үе шат өрнөж байгаа талаар танилцууллаа. Нийгмийн бүхий л салбарт байгаа тэгш бус байдлыг арилгах, ялангуяа эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах тал чиглэлд өнгөрсөн хугацаанд анхаарч ажилласан. Тодруулбал, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, хэд хэдэн удаагийн томоохон хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажилласан. Улс орны хөгжлийг түүчээлэх шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинжлэх ухааны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Бидэнд хамгийн чухал нь инновацын эко системийг бүрдүүлэх шаардлагатай байгаа.Олон улсад өрсөлдөх чадвар бүхий инновацын төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, инновацын төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоорИнновац ба хөрөнгө оруулалт форумыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан зохион байгуулсан.Энэ форумд Стэнфордын их сургуулийн профессорууд, олон улсын мэргэжилтнүүд оролцсоноороо ач холбогдолтой болсон талаар танилцуулсан юм. ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү уулзалт цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Энэ гурван өдрийн семинарын үр дүнгээс бидний цаашдын хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана гэж найдаж байна. Олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд болон байгууллага хооронд хэрхэн ажиллах болон тусламж, дэмжлэг шаардлагатай салбарын талаар бодит мэдээллийг авна гэж бодож байна гэв. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт байлцав гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй