Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань 2019 оны 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд манай оронд айлчилна.
ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ХАРААТ БУС КОМИСС ЖЕНЕВ ХОТНОО ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-07-04 09:41:00 Нийтлэгдсэн: Улс төрЦаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр 7 дугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо. Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ. Манай улсЦаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-07-03 07:44:08 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн дэд дарга Хван Кюсук, Корей их сургуулийн профессор Им Хюбэг, Chung Ang их сургуулийн профессор Чой Ёонгшил нарыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлаг нь Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх сэдэвт уулзалт семинарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм. Ноён Хван Кюсук уулзалтын эхэнд дээрх уулзалт, семинарын үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монголынхѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа хэмээн онцоллоо. Төслийн дийлэнх нь технологи ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд БНСУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хөдөө, аж ахуй, мал аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Улмаар орчин үеийн, залуу малчдыг бий болгохын тулд тууштай хамтран ажиллах бүтцийг маш тодорхой болгож, ажил хэргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөв.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД П.В.УТЮПИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-03 07:38:05 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 6 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар хоёр орны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын 5 дугаар хуралдаан амжилттай болсонд баяр хүргээд хоёр талын хоорондын хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүний кластер болон бусад хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, хөрш орнуудын зах зээл нийлүүлэх, Беларусиас машин техник худалдан авахын зэрэгцээ монголын бараа, бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах, Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг дурдав. Аж үйлдвэрийн сайд П.П.Утюпин хоёр орны Засгийн газрын хооронд гарын үсэг зурсан Экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг монголын тал соёрхон батлагмагц энэхүү хэлэлцээрийн хүрээнд онцгой байдал, хөдөө аж ахуй, зам тээврийн болон бусад салбарт яригдаж буй төслүүдийг даруй хэрэгжүүлж эхлэхийн чухлыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 2013 онд байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, ЗГХК-ын өмнөх хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэн өнгөрсөн 4 дүгээр сард хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техникийн хангамж, чадварыг сайжруулах, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Монголд сүүний кластер байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн болно.
Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах асуудлыг хөндөж ярилцлаа
2019-07-02 11:46:12 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Жон Болтонд хандан, уулзаж ярилцах боломж олдсонд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүсээд, Монгол Улс АНУ-тай найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. АНУ бол манай улсын 3 дахь хөрш бөгөөд ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах зээлийг хөгжүүлэгч, энхийг эрхэмлэгч улсын хувьд манай оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэнд талархлаа илэрхийлье. Манай хоёр улсын энхийг сахиулагчид Афганистан, Ирак зэрэг улсад мөр зэрэгцэн ажиллаж байгаагаар бид бахархдаг. Хоёр орны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ноён Элчин сайд Та өөрийн хувь нэмрээ оруулж, дэмжиж тусална гэдэгт итгэж байна гэлээ. ТэрбээрМонгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурсан, энэхүү гэрээгээр олгож буй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг тэмдэглэв. Ноён Элчин сайд Жон Болтон хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд цаашид ч илүү өргөн цар хүрээнд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь харилцааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэдгийг онцлоод, эдийн засгийн өндөр чадавхитай хоёр том хөрштэй хиллэн оршдог, хөгжил дэвшлийн сайхан ирээдүйтэй танай оронтой энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээн тэмдэглэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар далайд гарцгүй манай орны хувьд экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд тарифын болон тарифын бус зарим нэг саад бэрхшээл бий. Манай улс эрдэс баялгийн нөөц, хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс хөрөнгө оруулалт болоод техник, технологийн хамтын ажиллагаанд бид ихээхэн анхаарал андуулж байна. АНУ энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын үеэр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах дэд бүтцийн байгууламжийг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Хөршүүдтэйгээ тээврийн тарифыг хөнгөвчлөх талаар зарим тохиролцоонд хүрсэн. Төмөр замын шинэ бүтээн байгуулалт өрнөж байна. Бид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэх биш эдийн засгаа солонгоруулж, экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ийм боломжтой салбарын нэг бол хөдөө аж ахуй юм хэмээн онцоллоо. Ноён Элчин сайд Жон Болтон бэрхшээл төвөгтэй асуудлуудаа шийдэж, боломжоо ашиглах нь чухал. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хамтын ажиллагааны боломжуудыг үр дүнд хүргэх сайхан ирээдүй бий. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, уулзалт, яриа хэлэлцээг өргөжүүлэх талаар АНУ-д буцаж очоод санаа тавих болно. Түүнчлэн МҮХАҮТ-тай хамтарч Америкийн бизнесмэнүүдийг, тухайлбал хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг Монголд урих бодолтой байна гэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Бид БНАСАУ-тай найрсаг харилцаатай байдаг. Тиймээс АНУ-БНАСАУ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой гээд энэ талаар санаа тавихыг Элчин сайд Жон Болтоноос хүссэнийг анхааран судалж үзэхээ мэдэгдэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг албаны хүмүүс байлцав. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 2019.07.01
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй