ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЭЛЧИН САЙД ШТЕФАН ДУППЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Ш.Дуппел ихээхэн хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Элчин сайд Ш.Дуппел ХБНГУ-аас Бүгд Найрамдах Боливи Улсад суух Элчин сайдаар ажиллах юм.

BTCN “COUNTRY REPORT”-ЫН АНХНЫ ЗОЧИНООР МОНГОЛ УЛС ОРОЛЦОВ

Бизнес, санхүүгийн цахим мэдээллийн хэрэгсэл болох BTCN.asia-гийн улс орныг бизнес, технологи, улс төр зэрэг олон талаас нь танилцуулах зорилготой Country Report буланд Монгол Улс анхны зочноор оролцов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдал ба ирээдүйн нөөц боломжийн талаар ярилцав. Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын 3 талт яриа хэлэлцээ, эдийн засгийн коридор болон дэд бүтэц, ложистикийн төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай болон Монгол Улсын цаашдын хөгжлийг зөвхөн уул уурхайн салбарт түшиглэсэн бус хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн органик бараа бүтээгдэхүүнийг гадны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэж, гадны зах зээлд худалдаалах зорилтын талаар танилцуулав. Ярилцлагыгhttps://www.youtube.com/watch?v=QyMjHOxbiGQt=10sээс бүрэн эхээр нь үзнэ үү.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ПРИЯА ХЕМПОН БОЛОН ТАЙЛАНДЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд Тайландын соёлын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг талууд харилцан тэмдэглэв. АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг дурдаж, улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд энэ зорилгоор тус улсын Экспорт, импортын банкны төлөөлөгчдийн хамтаар ирж, төрийн болон хувийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж буйгаа мэдээлэв.

ТАЙЛАНДЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын соёлын өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөгийг Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Прияа Хемпон нар үг хэллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энд хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Манай хоёр улсын улс төр, дипломатын нягт харилцааны үндсэн дээр цаашид хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн онцлов. Өдөрлөгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын төлөөлөл, дипломат байгууллагын тэргүүн нар оролцлоо.

“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар хоёр дахь өдрөө үргэлжиллээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод сэдэвт семинар хоёр дахь өдрөө /2019.07.18/ Төрийн ордонд үргэлжиллээ. Институциуд, хүний эрх, тэгш бус байдал сэдвийн хүрээнд өнөөдрийн семинар өрнөж, эрдэмтэн судлаачид илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм. Өнөөдрийн семинартҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл,Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш Ч.Баатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Одгэрэл, Боловсролын хүрээлэнгийн үндэсний цөөнхийн секторын эрхлэгч У.Туяа, МУИС-ийн Антрополги, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Цэцэгжаргал, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын дэд профессор Ц.Батцэцэг, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын захирал А.Анударь нар Институциуд, хүний эрх, тэгш бус байдал сэдвийн хүрээнд илтгэлүүд, судалгаагаа танилцуулсан юм. Зарим итлгэлүүдээс онцолбол Тэгш бус байдлын улс төр, эдийн засаг сэдвийн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс Монголын дундаж давхаргын судалгаа сэдвээр илтгэл тавьсан юм. Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга2008-2014онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж, дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан юм. Цаашид тэгш бус байдал болон дундаж давхаргын өөрчлөлтийн хүчин зүйлсийг судлах хэрэгтэйг тэрээр итгэлийнхээ төгсгөлд онцоллоо. ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл Тэгш бус байдал, жендерийн статистикийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь сэдэвт илтгэлийг тавилаа. Ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байснаа 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурсан. Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт гарсан байна.Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86.0-306.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь, 905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна гэдгийг тэрээр илтгэлдээ онцолж байв. Хоёр дахь өдрийн семинарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Шинэчлэлийг хүн бүр дотроо эрэлхийлж, уламжлалт сэтгэлгээнээс салж, цоо шинээр сэтгэж, зоригтой шиийдэл хайх цаг үе нь болж байна. Энэ эрин үе жендерээс үл хамааран хүн болгонд үсрэнгүй хөгжлийг бий болгох шинжлэх ухаан технологийн шинэ эрин ирж байна. Үүнийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай байна. Цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнд нэгдэх нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах гол чиглэл болно. Мэдлэгээс төрийн бодлого руу шилжих үндэслэл болно. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод семинарын ажиллагаанд амжилт хүссэн юм. Ийнхүү илтгэгчид илтгэлээ тавьж, оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөж, тодорхой шийдэл, санааг гаргаж байсан юм. Маргааш буюу 2019 оны 07 дугаар 19-нд семинар Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал сэдвээр үргэлжилнэ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.