Ж.Чинбүрэн: Омикрон Монголд орж ирвэл давалгаа нь дельтаг бодвол арай зөөлөн явагдах болов уу гэдэг таамаглал байна

​ Цар тахлын Омикрон хувилбарын талаар болон уг хувилбар Монголд орж ирж тархвал ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар өчигдөр (2021.12.14) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, эрдэмтдийн багийн мэдээллийг сонссон юм. Үүнийг Улсын Их Хурлаас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгээс зохион байгуулжээ. Хуралдаан дууссаны дараа Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс зарим мэдээллийг тодруулж, хариулт авлаа. -Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагийн хувьд, мөн эмч хүний хувьд та 2022 онд манай улс цар тахлын эсрэг, тэр дундаа омикроны эсрэг хэрхэн ажиллаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх, ард иргэдээ хамгаалах талаар ямар төсөөлэлтэй байна вэ. Байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох үеэр энэ талаар юу гэж яригдсан талаар мэдээллийг уншигчдад хүргэхгүй юу?-Хуралдааны мэдээллийг базаад дүгнэхэд нэгдүгээрт, омикрон маш хурдацтай тархаж байгаа. Дэлхийн 70 гаруй оронд тархсан байна. Өчигдөр хамгийн их тархалттай байгаа Их Британид омикроны шалтгаантай нас барсан анхны хүн бүртгэгдлээ. Тус улсад цар тахлын халдварын 40 орчим хувийг омикрон эзэлж байна. Энэ тоон дээр үндэслээд омикрон ямар зан авиртай вирус юм, нийгэм, эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөлөл нь юу юм бэ гэдгийг одоогоор урьдчилан хэлэх боломжтой мэдээлэл нотолгоог бид судалж байна. Гол хэлж байгаа санаа нь юу байна гэхээр энэ вирус өөрөө байгалийн жамаараа эзэн биеэ үхүүлэх буюу устгах чиглэлдээ арай сул, харин хөнгөн байдлаар олон хүнд тархах сонирхолтой вирус. Өөрөөр хэлбэл, вирусийг ухаантай гэж үзэх юм бол энэ вирусийн өөрийнх нь амьдрах хүсэл нь эзэн биеэ бага үхүүлж, хөнгөн буюу хамрын ханиад байдлаар хүмүүст тархаад, олшрох хүсэлтэй вирус. Хамар битүүрэх, нус гоожих, бие шархирч өвдөх, бага зэргийн халуурах гэсэн шинж тэмдгүүд илүү давамгайлдаг юм байна. Мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна. Хоёрдугаарт, вакцины идэвхжүүлэх III тунд хамрагдсан байх нь энэ вирусээс хамгаалах боломжийг улам нэмэгдүүлдэг юм байна. Тухайлбал хүндрэх, эсвэл хүндэрсэн хүн эндэх эрсдэлийг бууруулж буйг олон тоо баримтаас харж болж байна. Астра зенека хоёр тун хийлгээд гурав дахь тундаа файзер хийлгэсэн бол омикроноос 70 хувь, харин гурван тунгаа гурвууланг нь файзер хийлгэсэн бол 75 хувь хамгаалж байна. Манай улсын иргэдийн бараг 80 гаруй хувь нь хятад вакцин буюу Синофарм-ийн хоёр тун вакцин хийлгээд, гурав дахь тундаа файзер хийлгэсэн. Энэ хувилбар буюу синофарм хоёр удаа, файзер нэг удаагийн вакцин нь улс орнуудад иргэдийг омикроноос хэрхэн хамгаалж байгаа талаар судалгааны дүн хараахан байхгүй ч Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаярын хэлж байгаагаар хоёр тун синофарм, нэмэх нь файзер байх нь омикроноос хамгаалах хамгийн сайн хувилбар байхыг үгүйсгэхгүй гэж байна. Гэхдээ үүнд илүү нотолгоо хэрэгтэй. -Хэрвээ манай улсад омикрон орж ирвэл давалгаа нь хэрхэн явагдах төсөөлөл байна вэ?-Омикрон орж ирвэл эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ дельта хувилбарыг бодвол давалгаа нь арай зөөлөн явагдах болов уу гэж таамаглаж байна. -Омикроныг өөрөө өөрийгөө сөнөөх вирус гэсэн таатай мэдээлэл түгчихээд байгаа. Энэ талаар таньд эмч хүний хувьд судалж, мэдсэн зүйл юу байна вэ, уншигчидтай хуваалцахгүй юу?-Вируслог чиглэлийн эрдэмтэд энэ вирус тийм удаан оршин тогтнож чадахгүй л гэж үзэж байх шиг байна. Вирус эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицох ёстой. Гэтэл энэ мутацлагдсан омикрон хувилбарыг харах юм бол аль болох хөнгөн, хамрын ханиад мэтээр тархах зан авир гаргаж байгаа нь энэ вирус цаашид хөнөөлтэй биш буюу томуу төстэй, улирлын чанартай байх таамаглалд хүргэж байна. Үүнээс илүү хоруу чанартай байж чадахгүй гэсэн үг. -Өмнөх альфа, дельта хувилбар тархаж байхад манай улсад нөхцөл байдал тун хүнд л болсон шүү дээ. Та яриандаа омикроныг тийм ч их хөнөөлтэй вирус биш гэж хэлж буй ч байдал хэцүүдэх л байх гэж бодогдож байна?-Олон хүн зэрэг томуу төст шинж тэмдгээр өвдөөд ирвэл мэдээж сандралдана шүү дээ. Найдаж байгаа нэг зүйл нь гэвэл дельта гэдэг хэцүү давалгааг бид туулаад гарч байна. Хамгийн өндөр ачаалалтай үедээ зөвхөн коронагаар өвчилсөн хүмүүст зориулж 23 мянган ор дэлгэсэн. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хувьд маш их ачаалалтай ажилласан. Энэ утгаараа бэлтгэгдсэн гэж хэлж болохоор байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. -Омикрон Монголд орж ирээд, нөхцөл байдал хүндэрлээ гэхэд өвчтөнүүдийг хэрхэн тусгаарлах, эмчлэх удирдамж заавар шинээр гарсан уу. Өмнөх шигээ утсаар асуумж авч хүнд, хөнгөнөөр эрэмбэлж явах уу. Эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж, шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй эмүүдийг оруулж ирэх талаар юу хийж байна вэ гэдгийг та хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайдаас асууж, хариулт авч байсан. Энэ талаар?-Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас шинэ хувилбарт нөлөөлөх буюу эмчлэх эмүүдийг татваргүйгээр оруулж ирэх зөвшөөрлийг гаргасан байна. Дөрвөн эмийг баталж, тогтоол гаргажээ. Үүнийг манайд бэлтгэл ажил хийгдэж байна л гэж харж байна. Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна. -Хоёр тун синофарм, нэг тун файзер вакцин омикроны эсрэг хамгийн сайн хувилбар байх магадлалтай гэж эрдэмтдийн зөвлөлөөс хэлсэн талаар та түрүүн ярилаа. Онолын хувьд яагаад гэдгийг та эмч хүний хувьд тайлбарлаж хэлэхгүй юу?-Хятад вакцин вирусийг үржих чадваргүй болгоод хүний биед хийчихэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн вакцинд хүний биеийн эс рүү нэвтэрдэг S, N, N2, B гээд дөрвөн төрлийн уураг байна. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг. Гэтэл энэ мутац болсон вирус S уураггүй. Хятадаас бусад бүх вакцин S уургийн эсрэг тул үйлчлэхгүй гэж бодогдохоор байгаа биз. Гэтэл эдгээр Pfizer, AstraZeneca, Sputnik зэрэг вакцин 70-75 хувь нь хамгаалж байна гэсэн тоо баримт байгаа нь эсийн дархлаажуулалтаас гадна шингэний дархлаа гэж чухал хамгаалах тогтолцоо хүний биед байдагтай холбоотой. -Ард иргэдэд омикроноос хэрхэн сэрэмжлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?-Юун түрүүн айдаст автах шаардлагагүй. Монгол шиг вакцинд сайн хамрагдсан улс орнууд тийм муу байдалд орохгүй байгаа нь гарч буй тоо баримтаас харагдаж байна. Мэдээж хэрэг иргэд эрүүл ахуйн хамгаалалтаа орхигдуулж болохгүй. Сайн амны хаалт зүү, зайгаа барь, олон хүн цугласан газар очихгүй дэглэмээ мөрдөөрэй. Гол урьдчилан сэргийлэлт бол вакцин. Олон нийтийн сүлжээгээр вакциныг эсэргүүцэж явуулж байгаа мэдээлэлд автахгүйгээр гурав дахь тундаа хамрагдаарай. -Хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа магадгүй дөрөв дэх тун вакцины асуудал ч яригдана гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Ингэж их олон вакцин тариулаад байх нь хэр зөв байдаг юм бэ, хүний биед?-Корона вирусийн эсрэг вакцины төрөл нь өөрөө S уураг л байгаа шүү дээ. Тэр нь өөрөө хүний генийн удмын санг эвдэх боломж байхгүй. Удмын мэдээлэл эвдэж, хүнд ноцтой үр дүн өгнө гэж харагдахгүй байгаа. Гэхдээ үүний том шалгуур нь цаг хугацаа.Нэг зүйлийг хэлэхэд бид томуугийн эсрэг вакциныг улирал бүр хийлгэдэг. Үүнтэй холбоотойгоор хүний бие организмд ноцтой өөрчлөлт орсон зүйл харагддаггүй. -Мэдээлэл өгсөнд баярлалаа. Жич. Манай улс хилийн боомтуудад тандалтыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд Чингис хаанбоомтод илэрсэн ковидын 17 эерэг тохиолдлоос омикрон хувилбар генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрээгүй байна гэсэн мэдээллийг хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд гишүүдэд өгч байв. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэлийн алба

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын Внуково-2 нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр мөн Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

​ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Элчин сайд Ө.Батбаяр Америк-Монголын парламентийн бүлгийг даргалагч Дон Янгтай уулзжээ

​ Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгресийн гишүүн, Америк - Монголын парламентийн бүлгийн хамтран даргалагч Дон Янгтай уулзжээ. Тус бүлгийг Бүгд найрамдах болон Ардчилсан намын төлөөллөөс хамтран даргалагч сонгодог бөгөөд Аляскаас сонгогдсон гишүүн Дон Янг Бүгд Найрамдах намын төлөөлөл аж. Тэрбээр Конгресийн гишүүнээр сонгогдон 50 жил ажиллаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын түүхэнд зургаадугаарт эрэмбэлэгдэж буй эрхэм аж. Конгресийн гишүүн Дон Янг албан тасалгаагаа бүр туслах, зөвлөхүүд болон уулзалтын өрөөгөө хүртэл агнасан амьтдынхаа чихмэлээр тохижуулсан нь музейд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Костюм дээр ковбой гутал өмссөн туслах залуу нь гутлаа бизоны арьсаар хийсэн юм хэмээн хүүрнэж суух. Товчхондоо хэлбэрээс илүү агуулга нь чухал ард түмэн юм даа. Монголд элэгтэй, манай улсын олон асуудлуудад дэмжиж туслаж ирсэн энэ эрхэмтэй хамтран ажиллах олон зүйлийг ярилцаж, эхнээс нь ажил хэрэг болгохоор тохирлоо хэмээн Элчин сайд Ө.Батбаяр цахим хуудаснаа сэтгэгдлээ үлдээжээ.

“ОМИКРОН” ХУВИЛБАРЫГ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

​​ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилэн сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон. Мөн Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж байгааг дурдлаа. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа гэлээ. Мөн коронавируст халдварын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо. Мэдээлэлдээ Файзер компаниас олон нийтэд өгч байгаа мэдээлэлд гурван тунтай иргэдийн Омикроноос хамгаалах чадвар хоёр тунтай иргэдийнхээс илүү өндөр байна гэдэг судалгааг гаргасан байна. Өмнөд Африкт энэ өвчнийг эмчилж байгаа эмч нарыг өгч байгаа мэдээллээр энэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн биеийн байдалд хөнгөн байгаа. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй. Харин Их Британид Омикрон хувилбараар баталгаажсан нэг хүн нас барсан. Тус улсад одоогоор 4,000 орчим хүн халдвар батлагдсан байна. АНУ-ын хувьд Омикронтой тэмцэх тактик нь бүүстэр тунг эрчимжүүлэх. Мөн амны хаалт, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж тэмцэх тактикийг баримталж байгаа гэлээ. Манай улс гурав дахь тунд хамрагдсан нь иргэдийн дархлааг нэмэгдүүлж халдварын тоог 90 орчим хувиар бууруулаад байна. Тиймээс гурав дахь тун бол зөвхөн Дельта хувилбарын халдварыг бууруулахаас гадна Омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол арга зам гэж үзэж байна. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдаас тодорхой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг төслийг яаралтай шинэчлэх, Омикрон хувилбар тархсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал ямар хэмжээнд байгаа тухай, хийгдэж буй ажлын судалгаа, мэдээллийг нэгтгэн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх шаардлага байгааг онцоллоо. Түр хороо гишүүдээс гаргасан санал, санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, тусган ажиллахаа илэрхийлснээр хуралдаан дууслаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.