ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИВ
2019-05-31 08:35:17 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд нь 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсын ардчилал, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийн явцад бүхий л талаар дэмжиж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв. Цаашид талууд энэхүү хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, олон салбар, чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Монгол Улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зүгээс Дэлхийн банктай хамтран боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэлэг сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монгол Улсын шинэ залуу үед ихээхэн хүртээмжтэй болохыг онцлов. Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев Монголын хөгжлийн төлөө Засгийн газар болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, одоо үргэлжилж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний зэрэгцээ залуу үеийнхний боловсролд анхаарлаа хандуулахаа тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Швед улсад ажлын айлчлал хийж байна
2019-05-30 09:44:59 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын албаны дарга Я.Баттогтох нар Швед Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын улсын парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив. Уулзалтын үеэр Парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед Улсын Парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцож, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед Улсын туршлагыг судалж, Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, тодруулбал, монгол хүүхдүүдэд эх хэлээр нь боловсрол олгох асуудлыг хөндөж ярилцлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын Парламентын дарга ноён Андреас Норленд ирүүлсэн Монгол Улсад албан ёсоор ажлын айлчлал хийх урилгыг албан ёсоор гардуулан өглөө.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БНСУ-ЫН УУР АМЬСГАЛ, АГААРЫН ЧАНАРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАН ГИ МҮН-ТЭЙ УУЛЗАВ
2019-05-30 09:12:44 Нийтлэгдсэн: Улс төрБангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын 75 дугаар чуулганы үеэрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар агаарын бохирдол нь манай байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудлуудын нэг болохыг онцлоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хооронд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг санал болгов. БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн Зүүн хойд Азийн улсуудын агаарын бохирдлын эх үүсвэр нь өөр өөр боловч түүнийг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хил дамнасан байгаль орчны асуудлыг шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, мэдээлэлд суурилан хэлэлцэх шаардлагатайг дурдав.
ЭЛЧИН САЙД НАРЫН ГЭРГИЙ НАРТ ЗОРИУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-05-30 09:10:05 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад хавсран суугаа Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайд нарын гэргий нарыг 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, Эмэгтэйчүүдийн дипломат клубын үйл ажиллага, зорилтыг танилцуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монголыг хавсран ажиллаж буй Элчин сайд нарын гэргий нар нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж буй Эмэгтэйчүүдийн дипломат клуб төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь өөрийн үйл ажиллагааг танилцуулах хүрээнд гадаадын Элчин сайд нарын гэргий нарыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн Багваахай төвд зочлуулж , хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцахуйн тохируулгын дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажиллагаатай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө тус төвийн явуулж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж амжилт хүсэв. Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Элчин сайд нарын гэргий нарыг Улаанбаатарт байх хугацаанд нь мөн улсынхаа түүх, соёлын зарим газраар, тухайлбал Монгол бүжгийн гайхамшиг тоглолт, Богд хааны ордон музей, Гандан хийд зэргээр зочлуулав.
Д.Цогтбаатар сайд АНДЭЗНК-ын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав
2019-05-29 09:59:39 Нийтлэгдсэн: Улс төрТайланд Улсын Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы хүрээнд энэ тавдугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар шилжилтийн хүнд, хэцүү цаг үед АНДЭЗНК-ын зүгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдэгийг тэмдэглэж, аливаа асуудалд улс орнуудын эрх тэгш оролцоог хангадаг НҮБ-ын байгууллагын аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн байгаль орчин, худалдаа, тээвэр, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, сүүлийн жилүүдэд манай улстай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ дээрх салбарын мэргэжилтнүүдийг Комиссын холбогдох хэлтсүүдэд дадлагажуулах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Комиссын чуулганыг амжилттай даргаж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдад баяр хүргэж, талархал илэрхийлэв. АНДЭЗНК-ын санаачилсан Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх Ерөнхий хэлэлцээрт манай улсыг нэгдэн орох асуудлыг судлахыг Комиссын зүгээс санал болгосон бөгөөд талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов. Комиссын дэмжлэгтэйгээр Азийн автозамын дагуу авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсаны зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улс худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграцид нэгдэх чиглэлээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт Азийн далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй