У.Хүрэлсүх: “Тэрбум мод” хөдөлгөөнийг дагаж жимс, нарийн ногооны үйлдвэрлэл нэмэгдэж, олон хүн ажилтай болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар : Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл; Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага; Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт; Ойн салбарын технологи, инновацийн шийдэл; Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэнэ. Эрхэм хүндэт нөхөд өө, Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж буй ойн салбарын болон усны мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг сайн дурынхан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, Ойн салбарын үндэсний чуулганд амжилт хүсье. Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажин, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар ирсэн. Харин олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолд хамгийн том аюул учруулж байна. Бурхны сургаальд нэг сайхан үг байдаг. Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол гэж. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах амаргүй хүнд сорилттой тэмцэж байгаа хэдий ч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтоо хойш тавилгүйгээр улам эрчимжүүлж, арга барилаа эрс шинэчилж, бодит үр дүн гаргахад дэлхий нийтээр онцгой анхаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын бага хурал өнгөрөгч хоёр долоо хоногийн турш Шотландын Глазгоу хотод болж, дэлхийн 120 гаруй улсын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшил, баялаг бүтээгчид оролцлоо. 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж бий Уг дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулсан Ой ба газар ашиглалт сэдэвт тусгай салбар хуралдааныг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даргалж, Глазгоугийн удирдагчдын тунхаглал-ыг танилцуулсан. Тунхаглалд дэлхийн ойн сангийн 85 орчим хувийг бүрдүүлдэг 105 улс орон нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд ойн хомсдол, газрын доройтлыг зогсоож, ойг нөхөн сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүд хамтран ажиллах амлалт өгсөн. Уг тунхаглалд манай улс нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй дэлхий нийтийн их үйлсэд санал, санаачилгатай оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгаагаа илэрхийллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, технологийн болон оролцогч талуудын бэлэн байдлыг хангах зэрэг салбарт 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөгжингүй орнууд манлайлан босгож, хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцлээ. Дэлхийн ихэнх орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дараах хоёр үндсэн чиглэлээр тэмцэж байна. Нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгаруулагчийг хязгаарлах. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн салбар, хүний амьдралын хэв маягт хэмнэлттэй ногоон техник, технологи, инноваци нэвтрүүлэх. Хоёрдугаарт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх буюу мод тарих, ойжуулах, ойн сан, ой модны нөөцийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байна. Манай улсаас үүсэлтэй шар шороон шуурга нь БНХАУ, цаашилбал Ази, Америк тив хүртэл нүүдэллэж жилдээ олон тэрбум ам.долларын эдийн засаг, экологи, эрүүл мэндийн хохирол учруулж байна. Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Тэрчлэн манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг юм. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалан Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өссөн байна. Цаашид бид уур, амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилт, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилт, арга барил, хандлагаа эрс өөрчлөн, бодитой үр дүнд хүрэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хурдтай ажиллах шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ийн индэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай ханган хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зарлиг гарган Засгийн газарт хүргүүлээд байна. Уг зарлигт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үндэсний цогц стратеги, хөтөлбөр шинэчлэн боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн хэмжээг ДНБ-ний нэг хувьд хүргэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг эрс сайжруулахыг чиглэл болгосон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулагдлаа. Тэрбум мод тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд ойн салбарын төрийн захиргааны байгууллага байгуулах, ойн ангиудыг агентлагийн харъяанд нэгтгэн босоо бүтэцтэй болгох, шат шатны ойн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийн хуулийн стандартыг шинэчлэх, ойн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгалийн бүс, бүслүүр болгонд тохирсон ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны нэгдмэл ойлголт, нэгдсэн стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулж, зохих шийдвэр гарган, хурдтай ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл санаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль эхээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм. Тэрбум мод тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм. Мэдээж нийгэм, эдийн засгийн аль ч салбарыг экосистемд ээлтэй, ногоон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ой, ойн аж ахуй голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ чиглэлд дэлхийн улс орнууд олон санал, санаачилга гаргаж, ялангуяа их хэмжээний мод тарих хөдөлгөөнийг дор бүрнээ өрнүүлж эхлээд байна. Манай өмнөд хөршийн Их ногоон хэрэм, Африк тивийн Ногоон хэрэм зэрэг томоохон төсөл, Казакстаны хоёр тэрбум, Пакистаны 10 тэрбум мод тарих хөдөлгөөнөөс энэ бүхнийг харж болох юм. Мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарынхан хэлдэг. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна. Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан түүхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд ойн салбарын 1200 гаруй, усны салбарын 4200 орчим боловсон хүчин байна. Иймд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох, мод тарьж ургуулж буй олон улсын тэргүүний техник, технологи, арга, аргачлалыг судлан нэвтрүүлэх, нутагшуулах, хашаандаа мод тарьж буй иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох шат шатны сургалтуудыг хийж хэвших шаардлагатай байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлнэ гэдэгт би итгэж байна. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвших нь ойлгомжтой. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцэн ойн сийрэгжүүлэлтийн ажил хийгдэх явцад уулнаас мод сугалж, өөр газарт шилжүүлэн суулгах нэрийдлээр модны амь тасдах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зүй зохисгүй тохиолдол гарч байгаа шүүмжлэл гарах боллоо. Ард иргэдийн сэтгэл санааг зовоож, уулнаас мод хулгайлах, хууль бусаар мод огтлох, хөрс, шороо, ус, усны эх бохирдуулах зэрэг байгаль орчны эсрэг гэмт үйлдлийг экологийн цагдаа, байгаль хамгаалах албадууд нэн яаралтай шалгаж, зохих арга хэмжээг нэн даруй авч, иргэдэд бодит мэдээлэл өгч байх шаардлагатай байна. Байгаль дэлхийн эсрэг аливаа гэмт үйлдэл бол хүн төрөлхтөн, ирээдүй хойч үедээ заналхийлж буй өршөөж болохгүй гэмт хэрэг юм. Монголчууд бид найман наснаас 80 нас хүртлээ бүх нийтээрээ байгаль хамгаалагч байж, байгаль орчноо хайрлан, аливаа зүй бус үйлдлээс ойн сан, ногоон байгууламжаа хамгаалахад урьд өмнөхөөс илүү анхаарч ажиллахыг уриалж байна. Үүнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм. Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм. Тухайлбал, эдийн засгийн бааз суурийг тэлэх, аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үр, үрсэлгээний, бортогоны, бордооны, ургамал хамгааллын бодисын, хашааны, хог хаягдал дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны зоорь, хүлэмж байгуулах үйлдвэрлэл гэх мэт олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуй, худалдаа хөгжих болно. Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана. Түүнээс гадна ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой. Саяхан ойн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж нэгдэл болсон байна. Энэ нэгдэл Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ой, усны салбарынхны харилцан ойлголцол, хамтран ажиллах, нэгдсэн удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нэн тустай. Бид хамтдаа гагцхүү нэг зорилго, нэгдмэл хүч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар энэ цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Эрхэм нөхөд өө, Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Та бүгдийн өнөөдрийг хүртэл хийж ирсэн буянтай сайхан үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр тань бидний ирээдүй хойч үе, ард түмэн маань бахархах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Амьдралын эх ус, усны эх мод гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадарч байх болтугай. Эх сурвалж: president.mn

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НОГООН ШИЙДЛҮҮДИЙГ ЭРХЭМЛЭСЭН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ойн салбарын үндэсний чуулган-д оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ойн салбарын үндэсний чуулган-д оролцогч Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье. Монгол Улсын Төрийн тэргүүн Тэрбумаар тоологдох мод ургуулах санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм аа. Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна. Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ. Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм аа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ. Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалахзэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ. Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна. Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье! Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно. Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ. Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно. Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн Тэрбум мод хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна. Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна. Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Цахим засаглалд шилжих, хүнд суртал авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хороо хуралдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлигын гэмт хэргийн ялыг чангаруулах хуулийн өөрчлөлт хийнэ. Авлигын хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэхийг өөрчилнө, Ерөнхийлөгч авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх зэрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил хийж байна. Мөн авлига бууруулахын тулд цахимжуулах ажлыг эрчимүүлж байна. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой харилцааг цахимжуулсан нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал газрын гэрчилгээг цахимаар авдаг болсоноор нэг сарын хугацаанд иргэдэд 270 сая төгрөгний хэмнэлт бий болсон.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.11.11) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээс авсан завсарлагааны хугацаа дууссаныг мэдэгдээд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гарааны нөхцөл ижил бус түвшинд байна. Хөдөө орон нутагт багшийн боловсон хүчний нөөц дутмаг, сургуулийн барилга, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байхад боловсролын байгууллагуудад олгох санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлбэл орон нутгийн төсөвт сургууль санхүүжилт авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдох талтайг харгалзан төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулж удирдах, эрлийн болон хилийн төлөөлөгчийн ажиллагаанд автомашингүй үүрэг гүйцэтгэх боломжгүйг онцлоод хилийн заставын парк шинэчлэлтэд анхаарч, санхүү хөрөнгийг шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, цаашлаад Засгийн газраас анхаарах шаардлагатайг дурдав. Мөн тэрбээр, 2019 онд хилийн заставын автомашины 30 хувийн асуудлыг шийдэж, туулах чадвар сайтай автомашинаар хангасан тул албан үүргээ гүйцэтгэх боломжтой болсон хэдий ч үлдсэн 70 хувийн автомашины гүйлтийн норм дууссан, хүнд нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхааруулж байлаа. Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатараас төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж, Ажлын хэсгээс төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг Энэ хуулийн 4.1.2-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна. гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв. Мөн Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд 10.1.5 дахь буюу Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг. гэсэн заалт нэмэх, төслийн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэснийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж тохиолдол бүрд агуулгад нь тохируулан өөрчлөх, төслийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Хуралдааны төгсгөлд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хийсэн. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар, мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна гэрээний хэрэгжилтийг нээлттэй, ил тод байлгахаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар, мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд зардал тооцох аргачлалыг Засгийн газар батлахаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар нийт 19 зарчмын зөрүүтэй санал, 1 найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн Ажпын хэсгээс Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 2 санал, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 1 санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн Нийтийн мэдээллийн системээр гэснийг Үндсэн системээр гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэг нараас хуулийн төслийн нэрийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг асуудлаар цөөнх болж, нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлан санал хураалгахаа илэрхийлсэн гэдгийг Н.Учрал гишүүн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төслүүдийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2.9 дэх заалтын үйл ажиллагааны чиглэлээрх салбарын нэгтгэн боловсруулсан гэснийг салбарын үйл ажиллагааны гэж өөрчилж, 8.6.20 дахь заалтын мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн гэсний дараа , гэрээний хэрэгжилт гэж, 8.7 дахь хэсгийн энэ хуулийн 8.6.14-т заасан мэдээллийг Улсын дээд шүүх, гэсний дараа энэ хуулийн 8.6.15-д заасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, гэж тус тус нэмж, 8.14 дэх хэсгийн цахим хуудас хариуцсан ажилтан гэснийг хасч, 8.6.17 дахь заалтыг 8.6.18 дахь заалт болгож зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт; гэж өөрчлөн найруулах, төслийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн Хуульд өөрөөр заагаагүй бол гэснийг, 18.14 дэх хэсгийн цахим хэлбэрээр гэснийг тус тус хасч, 18.16 дахь хэсгийн гэрээний загвар, гэсний дараа зардал тооцох аргачлал, гэж нэмж, 18.12 дахь хэсгийн үндсэн системд холбогдсон мэдээллийн сангаас гэснийг үндсэн системээр дамжуулан гэж, 18.14, 18.15 дахь хэсгийн үндсэн систем гэснийг үндсэн болон дэмжих систем гэж тус тус өөрчилж, 18 дугаар зүйлд 18.2 буюу Энэ хуульд заасан үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем нь нийтийн мэдээллийн системд хамаарна. гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн Нийтийн мэдээллийн системийн гэснийг хасах, 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсгийг Цахим хэлбэрээр үүсгэх нийтийн мэдээллийн сан нь нэгдсэн ангилал, код, тайлбартай байна. гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэснийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэж өөрчилж, 38.1 дэх хэсгийг Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нийтийн мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд энэ хуульд заасан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. гэж өөрчлөн найруулахаар боллоо. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэгээс гаргасан Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр төслийн нэрийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай гэж өөрчлөхөөр болсон ч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал нар дэмжсэн дэмжээгүй саналаа хэлсэн тул хуралдаан даргалагчаас Байнгын хороон дээр уг саналаа дахин сайтар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгөв. Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүй болон Инновац цахим бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөвгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.