“YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана

2015 онд Yes - Залуу үе клуб нэрээр үүсгэн байгуулагдаж байсан YES MPP төрийн бус байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн талаар гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй солилцон илэрхийлэгч, залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч олон нийтийн байгууллага юм. YES - MPP байгууллагыг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал үүсгэн байгуулж одоог хүртэл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тус байгууллага 11-р сарын 3-ны өдөр 4-р их хурлаа зохион байгуулж үйл ажиллагаандаа тодотгол хийж 25 жилийн түүхтэй Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сениор клубын үйл ажиллагааг эрхлэх зорилтыг дэвшүүлж 7 салбар хороо, зөвлөхүүдийн тэнхимийг байгуулж салбар бүрийн шилдэг залуусаар эгнээгээ тэллээ. Тус их хурлаар YES MPP төрийн бус байгууллагын зөвлөхүүдийн тэнхмийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан нар сонгогдлоо. Тус байгууллагад 35-аас дээш насны, салбар бүрийн шилдэг залуус эвлэлдэн нэгдэж ажилладаг бөгөөд НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын төлөөлөл шинэ Удирдах зөвлөлд нь сонгогджээ. Энэ ондоо багтан 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж мөн олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ Тэргүүн М.Говьсайхан хурлын үеэр илэрхийллээ.

ӨНӨӨДӨР: Улсын Их хурал дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна ТӨРИЙН ОРДОН 09:00 цагт:Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсэг Үндсэн хууль танхимд хуралдана. 10:00 цагт:Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд болно. 10:00 цагт:Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд болно. 10:00 цагт:Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг Их засаг танхимд хуралдана. 14:00 цагт:Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд болно. 14:00 цагт:Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд болно. 14:00 цагт:Нийтийн мэдээллийн тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд болно. 14:00 цагт:Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсэг Их Эзэн Чингис хаан танхимд хуралдана. 14:00 цагт:Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг 415 тоот өрөөнд хуралдана.

Одоо хувийн хэвшлээ дэмжинэ гэж яриад хэрэггүй, Ерөнхий сайд аа

​​ Ам нээх бүртээ либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулж байна. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо. Засгийн газар нь Төрийн өмчийн багц хуулийн төслийг боловсруулж авлига, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, төрийн хэт оролцоог бизнесээс холдуулж, чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж сүүлийн хоёр жил ярьсан. Төслөө төсвийн хуулийн дараа оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгочихсон байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хувийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэдэг бодлогоо танилцуулчихсан. Удахгүй Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг хийж, унаад байгаа нэр хүндийг аврах гээд байдаг. Ийм эгзэгтэй цаг үед өнөө Алсын хараа-2050 байтугай, одоогийн Засгийн болон МАН-ын бодлогоос тас зөрсөн, төрд бүхнийг авах гэсэн коммунист шинжтэй хуулийн төслийг УИХ-ын дэд дарга нь яаран оруулаад ирж байгаа нь хатуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн лидер биш гэдгийг, зөөлрүүлээд хэлэхэд төр нэгдсэн бодлогогүй байгааг харуулсан үйл явдал боллоо. Судлаад үзэхэд, Т.Аюурсайханы өргөн барьсан Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл нь шинэ зүйл биш юм байна. МАН-ын үед УИХ-ын гишүүн, Гаалийн ерөнхий газрын дарга байсан Д.Цэвээнжавын л ярьж явдаг, лоббидож зүтгүүлдэг заалтууд дээр хуулийн төслийн араг яс нь босчээ. Д.Цэвээнжав нь 2011 онд баталсан Жолоочийн даатгалын хуулиар эрх мэдэлтэй болсон Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, жолооч нарын тушаасан даатгалын мөнгөн дээр 2013 оноос эргэлдэж байгаа нөхөр. Мань хашир барьцаа томхон ахиулж жолооч нарын даатгалын мөнгийг шууд татан төвлөрүүлдэг төрийн нэг сан, корпорацийг хуулиар үүсгүүлж, дарга нь болчих гээд бүтүүхэн хөөцөлдөөд байгааг үгүйсгэх аргагүй. Нөхрийн санааг Т.Аюурсайхан дэмжээд өргөн барьчихсан, харин Т.Аюурсайханы толгойд тэтгэврийн насанд тулсан Д.Цэвээнжавыг явахаар хэнийг авчирч тавих тухай бодол орж тооны машин дээр эргэлдэж байгаа эсэхийг хэн мэдлээ. COVID-19 цар тахлын хоёр жилд Монголын олон аж ахуйн нэгж, иргэдийн бизнес нурж, орлого тасалдсан. УОК, Засгийн газрын дэглэмийн оновчгүй зохицуулалтын балгийг давж гарсан салбар даатгалынх. Гэтэл COVID-19 унагаагүй даатгалын салбарыг төр нь унагааж сүйтгэх хуулийн төслийг Т.Аюурсайхан оруулаад ирсэн нь хаанахын бодлого вэ. Энэ салбарт Монголын 330 суманд хүрч ажилладаг 5000-аад ажилтан бий. Эндээс албан журмын даатгалтай шууд холбогдож 2000 нь ажилладаг. 2011 оноос хойшхи 10 жилд бойжуулсан хувийн хэвшлийн үйл ажиллагаа, 14 даатгалын компани, тэдгээрийн бий болгосон дэд бүтэц, нийт ажиллагсад, даатгагч, даатгуулагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагчдын хийж байгаа ажлыг төр булааж, даатгалын компаниудын шуурхай алба, цахим даатгал, бүртгэлийн цахим систем зэргийг огт оргүй болгож сөнөөх нь Засгийн газрын, МАН-ын бодлого мөн үү. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө дааж, шинээр хийж, үйлчилгээний хүртээмжээр иргэдийг чирэгдүүлэхгүй байж чадахгүй. Цомхон төр гээд байсан яасан, дахиад л татвар төлөгч, даатгуулагчдын мөнгөөр Албан журмын даатгалын корпораци, сангийн баахан ажилтнуудыг цалинжуулж, нөхөн төлбөрөө авахын тулд тэднийг царайчилж гүйх юм уу. 2011 онд анх хууль гарахад нөхөн төлбөрийг эхлээд 30 хоногт шийддэг байсан бол дараа нь 14, тэгээд 7 хоног, улмаар гурав хоногт багтаан шийддэг, одоо өдөрт нь шийддэг болсон амжилтыг төрд авснаар нөхөн төлбөрөө авах гэсэн иргэд төрийн албан хаагчийн үүд сахиж, царайчилдаг байдал руу буцаж орно. Мөргөлдсөн жолооч нар нь зам дээр заамдалцаж, зодолддог. Хэн цагдаад танилтай нь асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлдэг шударга бус тогтолцоо руугаа ухарна. Энэ байдлыг засах гэж, төрд цугларсан утгагүй ачааллыг багасгах гэж, жолоочийн буруугаас хохирсон иргэдийн өмчийг хамгаалах гэж, даатгуулагчийн эд хөрөнгийн эрсдэлийг үүрүүлэх гэж хувийн хэвшилд албан журмын даатгалыг хариуцуулсан. Дэлхийн бүх улс арилжааны даатгалд хариуцуулсан, ингэж туршаад шалгараад хэвшчихсэн ойлголтын таг эсрэг явдаг Т.Аюурсайханы зүүн мөрөн дээрээс нь хэн Төрд ав, гоё шд гээд шивнэчихсэн юм бол доо. Хэрэв жолоочийн албан журмын даатгалыг төр хариуцна гэвэл иргэнд үйлчилгээний сонголт өгөхгүй. Төр үнээ өөрөө тогтоогоод, өөрөө хурааж аваад, нэг л хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл одоо бид даатгалаа голж шилэх эрхтэй, дургүй хүртэл солих, дур татагдвал сонгох эрхтэй байна. Даатгалынхан тариф, үйлчилгээний чанар, шинэлэг бүтээгдэхүүнээрээ хоорондоо өрсөлддөг, даатгуулагч таны араас Манайхыг сонгооч гэж өөрсдөөгүйдэг. Харин төр бол тэгэхгүй. Даатгалаа хатуу авна, өгөхгүй бол таныг торгоно. Саяхан л Нийгмийн даатгалын сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас улстөрчид хэрхэн өөрсдийгөө тэжээж, хэрхэн хамаатан саднаараа татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж суудгийг бид хараа биз дээ. Төрийн оролцсон салбарт авлига, хүнд суртал, зардал нэмэгддэг учраас л бид өнөөдөр дүгнэлт хийж дижитал шилжилт хийх, хувьчлах, бусдаар гүйцэтгүүлэх, чаддагт нь өгөх тухай ярьж байгаа юмсан. 10 жил тогтвортой үйлчилсэн Жолоочийн даатгалын болон бусад хуульд эргэж харах, сайжруулах зүйл байгаа. Даатгалын компаниуд ч даатгуулагчдын үгийг сонсч, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх бол ажлын хэсэг дээр, хэлэлцэхгүй бол нухацтай ярьж дүгнэх асуудал байгаа нь л өнөөдрийн болж байгаа үйл явдлын илрэл юм даа. Ер нь бол улс төрийн оролцоо, хамааралтай даатгалын тогтолцоо өнгөрсөн хугацааны бодлогын алдаа байсан нь нотлогдож сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар намууд иргэндээ ээлтэй даатгалын системийг бий болгох тухай л амалж байна. Хувийн тэтгэврийн сан байгуулъя, тэтгэврээ өвлөгддөг болгоё, нийгмийн даатгалын хуулиа өөрчилж хувийн хэвшилтэй уялдуулъя, эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлгээс үйлчилгээ авъя гэсэн концепциуд ярьж байгаа. Насаараа цалингаасаа суутгуулсан хэрнээ улсын эмнэлгээс олигтой үйлчилгээ авч чаддаггүй, тэтгэврээ багаар тогтоолгож, өгөөж хүртэж чаддаггүйн дампуурал төрийн оролцооны л буруу. Одоо тэд жолоочийн даатгал руу хүчээр орох гэж байна. Гэхдээ энэ парламентад эрүүл дуу хоолойтой гишүүд бас байна. Тэдний үгийг хүргэе. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Тэгвэл банкийг ч бас төрд авч, социализм байгуул л даа -Ашигтай ажиллаж байгаа гэж хардсан салбар руугаа төрийг оруулж социализм байгуулах гээд байгаа юм биш үү. Тэгвэл яршиг, банкийг ч гэсэн төр авъя. Ашгийн бус, нийтийн төлөө гэдэг нэрийдлээр төрийн компани байгуулаад явъя. Даатгалын хуулийг боловсруулаад ирээч гэж СЗХ-ныхонд хэлсэн. Та бүгдийг ажлаа хийхгүй болохоор үндсэн бодлого эвдсэн иймэрхүү хуулиудыг гишүүд оруулж ирээд байна. Хэрэв УИХ энэ хуулийг баталбал жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөөс 9 дүүрэг 150 хороо, 330 суманд салбартай компани байгуулж таарахаар байна. 30 жил ардчиллаар явчихаар буцаад социализм байгуулж болохгүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшлээ дэмжихийн оронд намнаж болохгүй -Сүүлийн үед төр данхайх тал руугаа явлаа. 2 яам, хэдэн агентлаг байгуулж, төсөв тэлж байгаа нь буруу. Хувийн компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр ажлыг нь авч хийнэ гэдэг хандлага ажиглагдаж байна. Энэ хандлага маш буруу шүү. 9 жилийн өмнөхтэй харьцуулахад даатгалын компаниуд арай гайгүй болж, үйл ажиллагаа нь жигдэрч байна. Албан журмын даатгалд дутуу зүйл байгаа байх Т.Аюурсайхан гишүүн ээ. Үүнийг сайжруулах нэрийдлээр төр бизнесийг нь булааж авна гэдэг бол даахгүй нохой булуу хураахын үлгэр болно. Дутуу хийгдээд байгаа зүйлийг нөхөж хийх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж болох байтал даатгалыг дэмжихийн оронд намнаж болохгүй. Тал талаасаа нээлттэй сайхан ярилцаж байгаад шийдлээ гаргаад сайжруулаарай. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Даатгалын асуудлыг ярихаас өмнө хоёр хууль өөрчлөх ёстой -Эхлээд Монгол Улсад төрийн өмч гэдэгт юуг оруулах вэ гэдэг хуулиа шинэчилье. Үүнээс улбаалж зааглаад төрийн өмчийн компаниудыг ямар хүрээнд байгуулах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Төр бол эдийн засгийн харилцаанд нэг бол зохицуулагчийн байр сууриар, эсвэл оролцогчийн байр сууриар оролцдог. Даатгалын асуудал дээр төр зохицуулагчийн байр сууринаас л оролцох ёстой гэж үздэг. Даатгуулагчдаас цугларсан мөнгө бол төрийн мөнгө биш. Төрийн мөнгө биш учраас төр өөрөө 100 хувь дангаар оролцдоггүй. НДҮЗ, ЭМДҮЗ дээр ч гуравны нэг нь төрийн төлөөлөл байдаг. Хоёрдугаарт ашгийн төлөө бус буюу ТББ-ын хуулиа бид шинэчлэх ёстой. Даатгалын харилцааг ашгийн бус, төрийн мэдэлд авна гэх юм. Ямар ч ашиггүй юм бол хийх хүн олдох уу. Эсвэл төр авч дампууруулах гээд байгаа юм уу. Тэгэхээр эдгээр хуулийг цэгцэлсний дараа даатгалын асуудлыг эргэж ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төрийн өндөрлөгүүд хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн нь худлаа болсон уу -Даатгалын 3-4 компани хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаад 4000-аад хувьцаа эзэмшигчтэй болсон. Дөнгөж босоод ирж байхад нь бизнесийг нь булаагаад авчихаар 4000 хүн яах юм, компаниуд нь, тэнд ажиллагсад яах юм. Энэ хуулийг баталснаар ослын тоо буурна гэж харагдахгүй байна. Хоёрхон сарын өмнө манай төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд хувийн хэвшлийнхэнтэй уулзаад хувийн хэвшлээ хөл дээр нь босгоё, дэмжие гэж ярьсан. Тэгээд ийм эсрэг хуулийн төслийг оруулаад ирж болдог юм уу. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн байгаа байдал ямар байгаа билээ. Дахиад сан байгуулаад дампууруулах уу. Бизнесийн байгууллагын ажиллаж байгаа салбарт төр орж ирээд ажлыг нь булаах бодлогын өөрчлөлт зөв үү. Л.Элбэгсайхан

АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЖИЛ БҮР 420 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

​ Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна. Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан гэлээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна. Мөн Улаанбаатар хотын Нэг төвт шугаман хот-ын төрхийг задалж, Олон төвт хот-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв. Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ - Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах - Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх - Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах - Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.