Халдварын тохиолдол аажмаар буурах ч хөдөлгөөний эрчим өндөр тул буурах хурд удаан байна

​ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо /2021.11.02/ хуралджээ. Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо. Шадар сайд С.Амарсайхан цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ. Монгол Улсад коронавируст халдвараар энэ сарын 01-ний байдлаар нийт 592.994 хүн өвчилсөн, зөөвөрлөгдсөн халдвар 666 дотоодын халдвар 592.328 бүртгэгджээ. Эдгэрсэн 577.294 иргэн, клиникт хэвтэн эмчлүүлж буй 16.451 иргэн байна. Нийслэлд 6240 (37.9%), Орон нутагт 10.211 (62.1%) байна. Биеийн байдал нь хөнгөн 7577, хүндэвтэр 6456, хүнд 2058, нэн хүнд 360 иргэн байна гэлээ. Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцооллоор халдварын дэгдэлтийн оргил үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын эхэн үед таарсан. Тооцооллоор халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй. Шинэ хувилбар орж ирэх зэрэг гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол огцом өсөлт гарахгүй. Харин хөдөлгөөний эрчим өндөр байгаа тул буурах хурд удаан байна гэжээ. Энэ сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 104.0 хувь нь нэгдүгээр тунд, 98.9 хувь нь хоёрдугаар тунд, Орон нутагт 88.7 хувь нь нэгдүгээр тунд, 84.0 хувь нь хоёрдугаар тунд тус тус хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар хамрагдсан. 21 хувь нь3-р тунд хамрагджээ. Хүндрэл, нас баралтаас сэргийлэх чиглэлээр ЭМЯ холбогдох мэргэжлийн байгууллагууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна: Цаг үеийн нөхцөл байдал, коронавирусийн эмчилгээнд шинээр нэвтэрч буй эм, тариа, эмчилгээний арга барил зэргээс хамаарч эмнэлзүйн удирдамжид нийт 10 удаагийн өөрчлөлт оруулсан. Уушги судлал, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нараас бүрдсэн эмнэлзүйн зөвлөх баг, дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд зөвлөн тусалж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Түүнчлэн өвчний хүндрэлийн үед эмчилгээнд шаардлагатай Ремдисивир, Тоцилизумаб зэрэг эм, тариаг татан авах, нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Батлагдсан тохиолдлуудыг эрэмбэлэн ангилж, хүнд, хүндэвтэр, хүндрэх эрсдэлтэй бүлгийг нэн яаралтай эмнэлэгт хэвтүүлэх ор зохицуулалтын багийг ЭМС-ын тушаалаар байгуулан ажиллаж байна. Түүнчлэн 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан Биобэлдмэлийн үйлдвэр-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгджээ. Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодод оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамждаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн.Иммуноглобулин гэж нэрлэдэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэгнь батлагдсан гэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19) нөхцөл байдлын ба вакцины дархлаа сэргээх тунгийн явцын талаар мэдээлэв: Коронавируст халдвар (КОВИД-19) дельта хувилбар дэлхийн бүх бүс нутагт давамгайлж байна. Дельта хувилбарын тохиолдол ба нас баралт Зүүн Европ, Их Британид өнгөрсөн 14 хоногт эрс нэмэгдсэн. Дельта хувилбарын дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрсдэлт бүлэг буюу хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт эрэмбэлэн хэвтүүлэх зорилготой нийслэлийн ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа аж. Долоо хоногийн хугацаанд тандалтаар нийт 2818 хүн ирснээс 1887 хүнийг хэвтүүлсэн. Үүнээс яаралтайгаар 509 хүн, 272 жирэмсэн хүнийг эмнэлэгт эрэмбэлэн ангилж хэвтүүлсэн бөгөөд шаардлагагүй эмнэлэгт хэвтэлт буурчээ. Энэ баг ажиллаж эхэлсний үр дүнд нийслэлд гэрийн нас баралт гараагүй байна. Вакцины дараа тогтсон дархлаа 3-5 сарын дараа буурч байгаа нь мутацлагдсан хувилбарын халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа судалгаанууд гарсан гэлээ. Тиймээс зарим улс орнууд вакцины нэмэлт тунг хийж эхэлжээ. Тухайлбал, Израйльд нэмэлт тун хийлгэсэн 60-аас дээш насны 1.1 сая хүнээс 12 хоногийн дараа 0.1 хувь нь өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад нэмэлт тун хийлгэсэн 418,024 хүнээс 14 хоногийн дараа 1 хувь нь өвчилсөн байна. Эдгээр судалгаанаас дүгнэхэд вакцины нэмэлт тунд хамрагдсанаар халдварт өртөх, өртсөн тохиолдолд хүндрэх нас барах эрсдэлээс хамгаалах хувь өссөн байна. Тийм учраас нэмэлт тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна гэлээ. Одоо хэрэглэж буй ковид-19 вакцинууд аль нь ч үржих боломжтой вирусийг агуулаагүй нь вакцины дархлаа богино байгаагийн нэг шалтгаан гэж үзэж буй аж. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаа сэргээх нэмэлт вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг сайд дуулгалаа. Сайд нарын мэдээллийн дараа УИХ-ын Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Ц.Идэрбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, вакцины 1, 2 дугаар тунг хийлгэсэн ч дархлалын үйлчлэл буурч байна гэсэн мэдээлэл байна. Гурав дахь тунгаас гадна дөрөв дэх тунгийн асуудал яригдах уу. Ингэж олон дахин вакцин хийснээр хүний унаган дархлаанд нөлөөлөхгүй юу гэсэн асуулт тавьсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, ковидын вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа хамгийн өндөр хэмжээнд тогтож, 2, 3 дахь сараас хойш буурч байна гэсэн судалгаа гарсан. Бид дархлааны санамж эсийг сэргээх, дараагийн мутацид орсон хувилбараас сэргийлэхийн тулд 3 дахь тунг эхлүүлсэн. Цаашид дараа дараагийн хувилбар гарах эсэхийг судлаад явж байна. Ямар хэлбэр байх, ямар хурдаар тархах, ямар эмнэл зүйгээр эмчлэхийг одоогоор хэлэх боломжгүй байна. Дельта хувилбар цаашид улирлын томуу шиг дэгдэлт хэлбэрт шилжихийг үгүйсгэх аргагүй. Цаашид жилд нэг удаа хийх вакцин гаргах, эмчилгээг тодорхой болгох талаар эрдэмтэд ажиллаж байгаа юм байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, эдийн засаг, нийгмээ бодож байна гээд бүхнийг нээж байгаа ч гэсэн стандартаа хатуу мөрдүүлэхгүй байгаагаас өвчлөл буурахгүй байна гээд хурдтай ажиллах, урьдчилсан анализ хийж, шуурхай арга хэмжээ авахдаа Улсын онцгой комисс анхаарч ажилламаар байна гэлээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь авч явах уян хатан бодлого баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш хатуу хөл хорио тогтоохгүйгээр хэсэгчилсэн хязгаарлалт явуулах замаар халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-т шилжсэн үед үйл ажиллагаа явуулахыг хориглосон 18 чиглэлээс 4290 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 3662 аж ахуйн нэгж байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хариуцлагын гэрээ байгуулсан байна. Эдийн засаг, иргэдийн амьжиргаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд Хариуцлагын гэрээ-г ресторан, бүх төрлийн баар, кафе, кофе шоп, хоолны газар, амралт, жуулчны бааз, дэн буудал, саун, бассейн, фитнесс, тоглоомын газар, кино театр зэрэг нийт 2,563 ААНБ-тай байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэсэн хариултыг өгсөн. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, ковидоор өвчилсний дараа биед үлдэх урхгаас сэргийлэх зорилгоор нөхөн сэргээх асуудалд дэлхийн улс орнууд анхаарч байгааг дурдаад, нөхөн сэргээх үйл ажиллагааг улс орны хэмжээнд өрнүүлэх бодлогын ямар зохицуулалт арга хэмжээ авч байгаа вэ гэсэн асуулт тавьсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед 64 төрлийн хам шинж илэрч байгаа. Ядрах сульдах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг голдуу илэрч байна. Бид эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинээр гарган эмнэлгүүдэд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэлээ. Эцэст нь Түр хорооноос Засгийн газарт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авах үүрэг, чиглэл өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Японы шинэ Ерөнхий сайд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллана

​ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа. Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв. Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлсэн байна.

ЗГ: 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хотын түгжрэлийг бууруулах төслийг хэлэлцэж байна

​ Засгийн газар лхагва гараг болгоны 08:00 цагт ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн хуралдаанаар: Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай, 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ, Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 13:30 цагаас мэдээлэл өгнө. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид шууд дамжуулан хүргэх болно.

ЕРӨНХИЙ САЙД НАРЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг асуудлаар ярилцав. Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв. Үе үеийн Засгийн газрын тэргүүний санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Чуулганаар энэ сард хэлэлцэх асуудлын ДАРААЛАЛ

​ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль,УИХ-ын2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэнУИХ-ындарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа. УИХ-ынчуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийгУИХ-ындарга сар бүр захирамжаар баталж байхаарУИХ-ынчуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг билээ. Арван нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 44 хууль, тогтоолын төсөл багтсан байна. Тэдгээрийн дотор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн тухай,УИХ-ынхяналт шалгалтын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Жолоочийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын багц хуулиуд,УИХ-ынгишүүний ёс зүйн дүрэм батлах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухайУИХ-ынтогтоолын төсөл зэрэг хууль тогтоомжууд байгаа юм. Хэлэлцэх асуудлын жагсаалт (цагаан толгойн дарааллаар) Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Далай ашиглах тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.