Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

​ Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар гаргав. Албан даалгаврын дагуу холбогдох алба, агентлаг, ажилтан, албан хаагчид хичээнгүйлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа. Үндэсний хорооны хуралдаанаар зарим асуудалд нэгдсэн шийдвэрт хүрч, Засгийн газрын хуралдаанд оролцуулж танилцуулахыг үүрэг болгов. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, Богдхан төмөр зам, Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон тойрог замын ТЭЗҮ-ийг яаралтай хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн цагийн зөрүүтэй ажлын цагийг судлах, машины импортын бодит байдал, нүүлгэх шаардлагатай объектын жагсаалт зэрэг асуудлыг Улаанбаатар хотын иргэдийн саналыг сонсож, шаардлагатай бол нийт иргэдээс төлөөллийн түүвэртэй санал асуулга явуулах тухай саналыг Ерөнхий сайд дэвшүүлэв. Шууд ардчиллын зарим аргыг хүнд шийдвэр гаргахын өмнө ашиглахаас аргагүй гэдгийг мөн тодотгож байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цааш нь хэлэхдээ: -Жилд 50-60 мянган автомашин импортоор орж ирж байгаагийн 60 орчим хувь нь Улаанбаатарт зорчдог. Нийслэл Улаанбаатар хот стандарттай байх ёстой. Хэдэн байшингийн дунд нэг зогсоол, спорт төв байх юм, нийслэлийн хэмжээнд хэдэн машин зорчих боломжтой юм, ногоон байгууламж нь ямар байх юм гэхчлэн стандартыг тогтооё. Бодит байдлыг ард нийтэд мэдээлье, сурталчилъя. Бодит байдлаас илүү үнэн гэж байхгүй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болоод УИХ-ын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа, тогтоол, шийдвэр хэрэгтэй байгааг танилцуул. Эрх зүйн түвшний шаардлагатай шийдвэрийг Засгийн газар бүрдүүлж өгье. Шийдвэр гаргахад Ногоон гэрэл асааж өгье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан, хотод эрх мэдэл өгч байгаа. Ер нь Улаанбаатар хот эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа газар. Тиймээс Үндэсний хороо ажиллаж буй энэ цаг мөчид холбогдох яамд, сайдтай хамтран ажиллаж, асуудлаа шийдүүлээрэй. Ерөнхий сайдын хувьд би хүсэж буй зүйлээ ойлгуулахад тань дэмжлэг үзүүлье, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулъя, ТЭЗҮ-ээ гаргаад ирвэл санхүүжилтийг нь шийдүүлж өгч чадна. Дээрээс нь би та бүхнийг хамгаалж чадна, улс төрийн хувьд. Бусад зүйлсээ та бүхэн хий. Гол өрсөлдөгч чинь цаг хугацаа. Тиймээс жижиг эгогоо гээж, яам тамгаар хуваагдалгүй, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг шийдье гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Тэрбум мод таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцолжээ

​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ой, газар ашиглалт сэдэвт арга хэмжээнд оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британийн Ерөнхий сайд Б.Жонсоны урилгаар Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ой, газар ашиглалт сэдэвт арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцож, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, ахиулан тодорхойлсон амлалт, түншлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн ойн хомстлыг бууруулах, ойн сэргээлтийг эрчимжүүлэх нь экосистемийг нөхөн сэргээх хүртээмжтэй аргуудын нэг гэдгийг энэхүү арга хэмжээгээр харуулахыг зорилоо. Арга хэмжээний үеэр Их Британи Улс ой мод, газар ашиглалтын тухай Глазгоугийн удирдагчдын тунхаглал санаачилсныг Ерөнхий сайд Борис Жонсон танилцууллаа. Ойн хомстол, газрын доройтлыг бууруулах хамтын чармайлтад уриалсан эл тунхаглалд нэгдсэн 105 улсын төр, засгийн тэргүүн эв санаа нэгтэй байгаагаа видео мессежээр танилцуулсан бөгөөд Монгол Улс тунхаглалд нэгдэн орсон орны хувьд энэхүү арга хэмжээнд оролцов. Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, өвс ургамал нийлээд хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр болно. Харин зуу, мянгаар тоологдох мод тарихад энэ нь тухайн газар нутгийг, сая, тэрбумаар нь таривал бүхэл бүтэн бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн мессеждээ онцлон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын эхний өдрийн байдлаар ойн хомстлыг бууруулах, ойг нөхөн сэргээх чиглэлд 100 гаруй улс 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлалт аваад байна.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

​ Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүллээ Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ. Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулна Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах: Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх: Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах: Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх, Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болголоо. Улаанбуудай худалдан авахад зориулж хөнгөлөлтэй зээл олгоно Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-н дэх хаврын тариалалт, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд зориулагдсан санхүүжилтээс нийт 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээлийн үйлдвэрт улаан буудай худалдан авахад зориулан эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан 12 хүртэл сарын хугацаатайгаар 3.0 хувийн хүүтэй олгох юм. Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүд 144,6 мян.тн буудай худалдаж авсан бөгөөд нэмэлтээр 141.0 мян.тн, тэжээлийн үйлдвэрлэлд 60,2 мян.тн, нийт 205.1 мян.тн буудай худалдан авах шаардлагатай байна. Зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг зохистой түвшинд хадгалснаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Сүхбаатар хөлөг онгоцыг музей болгоно Хөвсгөл нуураас татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулж байна. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна. Товч мэдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө. Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ЭЗБХ: Жолоочийн даатгалын хуулийг гишүүдийн олонх дэмжлээ

​ ​ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаарЖолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэв. УИХ-ын гишүүн Ш.АдьшааЖолоочийн даатгалын тухай хуулийг зайлшгүй шинэчилж батлах нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг. Төр албан журмаар хэдэн мянган иргэдээсээ хураамж аваад хувийн компаниудыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Хураамж төлсөн 1.2 сая жолоочийн эрх ашгийн асуудлыг ярих ёстой. Хуулийн төсөл өргөн барьснаас хойш их сонин үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ нь маш том ашиг сонирхол явж байгааг харуулж байгаа юм. Сайн ажиллаж байгаа хүмүүсийн бизнесийг төр булааж авах гэсэн зорилго байхгүй. Хувийн даатгалын компаниудыг оролцуулах хувилбар ажлын хэсэг яригдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төр нийт иргэнийхээ ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хуулийн бодлогоор дамжуулж биелүүлэх ёстой. Даатгалын компаниуд сүүлийн 10 жилийн хугацаанд 230 тэрбум төгрөгийн хураамж авч, 110 тэрбум төгрөгийн хохирол төлсөн байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд үр дүн гараагүй гэдгийг хэлэв. УИХ-ын гишүүн Г.АмартүвшинАлбан журмын даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв. Гэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар албан журмын даатгагчдын холбоо гээд үндсэндээ 25 тэрбум төгрөгийн сан удирддаг байгууллага байгаа юм. 2013-2020 оны есдүгээр сар хүртэл нийт 456 иргэнээс нөхөн олговор олгох хүсэлт авч, 240 иргэнд 554 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Гэтэл хөрөнгө нь 26 тэрбум төгрөг. Арилжааны банкуудад хөрөнгөө байршуулаад хүүгийн орлого олдог байгууллага. Иргэд нь хохироод байгаа тул энэ сан илүү идэвхтэй байж, нөхөн төлбөрөө гаргаж байх ёстой. Эрүүл мэнд болон нийгмийн даатгал шиг тогтолцоо руу орох вий гэж болгоомжилж байна. Удирдлагууд нь хөрөнгийг нь арилжааны банканд байршуулаад, хүү тохироод, хүүгийн орлогоор ажиллаж байдаг, аль болох зардал гаргахыг хүсдэггүй. Тиймээс хуулийн төслийг бүх талыг сайн сонсож, тэнцвэртэй байдлаар хэлэлцэх нь зөв гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.