“Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган боллоо

​ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан хамтран Тэгш боломж-хамтын үр дүн уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд болж буй уг анхдугаар чуулган нь төрийн албаны жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар институцийн орчинд өрнөж буй өөрчлөлтийн үйл явцыг дүгнэн мэдээлэх, эрчимжүүлэх, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдад зориулан тусгайлан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганы нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, монгол төрийн их үйлсэд зүтгэж буй олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа хуран чуулсан чухал үйл явдал болсныг онцлоод төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон тэднээр уламжлан өрх гэрийн халамжит хань, үр хүүхдийнхээ өмөг түшиг, ухаан тэгш Монгол эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй байгууллага Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэдгийг тодотгоод өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр нөлөө төрийн албаны төлөвшил хөгжилд уусан шингэх нь улс орны хөгжлийн нэгэн гол эх ундарга. Гэхдээ хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэдэг байр суурь нь одоо ч хэвээр байгаагаа цохон тэмдэглэв. Монгол Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдэж ирсэн статистик үзүүлэлт байна. Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглээдтөрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ. Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, цаашид УИХ-аас жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас ангид, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах зэрэг зорилго, бодлогоос хэзээ ч ухрахгүй гэдгийг дурдаад миний бие өмнө дурдаж байсанчлан төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж,зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийнүйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно гэсэн үгээ энэ сайхан өдөр дахин давтан хэлье гэж байлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф нар тус тус үг хэлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн Удирдах зөвлөлийн дарга Илейн Конкиевич чуулганд оролцогчдод баяр хүргэж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Чуулганд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. Анхдугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Эмэгтэйчүүд ба хөтөлбөр эрхлэлт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого, Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал сэдвээр тус тус илтгэл тавилаа. Дараа нь хууль эрх зүйн орчинд ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, зохицуулах боломж бий эсэх, төрийн захиргааны албан хаагчид ажлын байран дээрээ өөрийн эрхийг хангаж хамгаалуулах ойлголт, мөн ажлын байран дээрээ хөгжих боломж, нөхцөл зэрэг сэдвийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Удирдлагын Академийн захирал Ч.Сүрэнчимэг, Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан төрийн бус байгууллага Ц.Бүжидмаа нар мэдээлэл хийсний дараа чуулганд оролцсон төлөөлөгчид асуулт асууж, санал боддоо илэрхийлсэн.Төлөөлөгчдийн зүгээс Тэгш боломж-хамтын үр дүн төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах,төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай талаарсанал хэлж байр сууриа илэрхийлэв. Анхдугаар чуулганыг хааж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс үг хэллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд энэ өдөр онцолж, түүхийн хуудаст тэмдэглэн үлдээхийг хүсч байна. Та бүхэн Монгол Улсад Вакцинжуулалтыг цаг алдалгүй эхлүүлж, бүрэн тунд зорилтот бүлгийн 90-ээс дээш хувь, дархлаа сэргээх 3-р тунд 53 хувь, нэмэлт 4-р тунд 100 гаруй мянган иргэдийг хамруулж, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний алтан амийг хамгаалж чадсан. Хатуу хөл хорионоос улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан улсынхаа эдийн засгийг алхам алхмаар сэргээж, 200 гаруй мянган ажлын байрыг аварч, хичээл сургууль танхимаар хичээллэхээс эхлээд энгийн амьдралын хэмнэлийг эргүүлэн авчрах эхлэлийг та бүхэн тавьж чадсан гээд иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж ажилласан Та бүхэндээ болон ар гэрийнхэнд нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ. Энэ арга хэмжээг Шадар сайд С.Амарсайхан санаачилж, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөлд ачааны хүндийг үүрсэн төрийн албаны, тэр дундаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын 800 гаруй алба хаагч эмэгтэйг урьж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв, 113 дугаар ангийн ахлах ахлагч Д.Цолмонтуяа Цар тахлын хүнд үеийг хамт олныхоо хүчээр даван туулсан. Төрдөө тангараг өргөсөн алба хаагч учраас ар гэрээ хойш тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цаг наргүй ажилласан. Одоо ч бид Ковид-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж байна хэмээлээ. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх тавдугаар сарын 1-нээс бүх иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар болсон. Энэ ажлын томоохон хэсэг нь Ковид-19-ийн халдвараар өвчилсний дараах нөхөн сэргээх эмчилгээ гэдгийг Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ мөн хэлж байсан юм. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

​ УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм. Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана. Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.

“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа

​ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан Улсын Их Хурал ба сэтгүүл зүй сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан сургалтыг өнөөдөр (2022.03.03) хийлээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд Улсын Их Хурлын үүрэг зайлшгүй байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монгол банктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр явагддаг болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудынүеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө. Авлигатай тэмцэх газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, түүний ач холбогдол, Гэмт хэргийн мэдээ, мэдээллийг үнэн зөв бодитой хүргэх нь сэдэвт илтгэлдээ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулан,сургалтын агуулгыг тодотгосон мэдээлэл өгсөн. Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагын үүрэг, хараат бус байдал, олон нийтийн оролцоо сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ агуулгыг сэтгүүлчид аудитын мэдээллийг олон нийтэд хэрхэнзөв байршуулж, хүргэх вэ гэдэгт чиглүүлж,энэ үеэрээopen.audit.mn сайтад олон нийтийн анхаарал татдаг болон аудитын бусад мэдээлэл, тайлангуудыг нийтэлдэг болохыг дурдлаа. Үндэснийстатистикийн хорооны дарга Б.Батдаваа Статистик мэдээг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломж, шаардлага сэдэвт илтгэлдээ дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад НҮБ зөвлөмж болгож буйг дурдаад, статистикийн өгөгдлийг мэдээлэлдээ хэрхэн ашиглаж олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээллийг өглөө. Тэрбээр1212.mn сайтыг сэтгүүлчид болон олон нийтэд ашиглахад хялбар болгон шинэчилж буйг мөн дурдсан. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын онцлог, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт сэдвээр илтгэл тавьж, салбарын бүх талын тоон мэдээллийг танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан Дата судалгаанд суурилсан төрийн алба сэдэвт илтгэлээрээ улсын хэмжээнд байгаа төрийн бүх байгууллага болон төрийн албан хаагчидтай холбоотой дата мэдээллийг танилцуулав. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл хэдэн нэхэмжлэл гаргасан, хэрхэн шийдэгддэг талаар зэрэг төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг өгсөн юм. Сэтгүүлчдэд зориулсан сүүлийн илтгэлийг Глоб интернейшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал Хүний эрхийг мэдээлж, сурвалжлахад ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь сэдвээр танилцуулав. Сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын зөвлөмж дээр тулгуурлан хүний эрхийн талаарх мэдээлэл, сурвалжлагадаа ёс зүйн ямар зарчмыг сэтгүүлч хүн баримтлах талаар тэрбээр сонирхолтой мэдээллийг хуваалцсан. Өдрийн сонины сэтгүүлч П.Батзаяа,Inews.mn сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа, Snews.mn сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа, Itoim.mn сайтын сэтгүүлч Н.Саруулдөл,UIH.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, Star телевизийн сэтгүүлч З.Энхбаяр, Live телевизийн сэтгүүлч Б.Баярцэцэг, Eguur.mn сайтын сэтгүүлч Б.Бурмаа, Zuv.mn сайтын сэтгүүлч С.Гандэлгэр нарын олон сэтгүүлчидУлсын Их Хурлын даргын болон албан тушаалтнуудын танилцуулсан илтгэл, мэдээлэлтэй холбогдуулж олон нийтийн дунд эргэлзээтэй байдаг болон бусад асуудлаарасуулт асууж, харилцан ярилцлаа. Цуврал сургалтуудад бүрэн хамрагдсан зарим сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсов. Niisleltimes.mn сайтын сэтгүүлч Б.Түвшинтөгс Улсын Их Хурлын Тамгын газраас сэтгүүлчдэд зориулан цуврал сургалтууд зохион байгуулж буйд талархаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний харъяа байгууллагууд иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хамаатай чухал шийдвэрүүдийг гаргадаг учир тухайн шийдвэр, мэдээллийг олон нийтэд түгээдэг хэвлэлийнхэн мэдэх, мэдэхгүй зүйлээ тодруулж, илүү боловсруулсан, эргэлзээгүй мэдээлэлтэй болоход сургалтын ач холбогдол оршиж байгаа болов уу. Сэтгүүлч хүн мэдээлэл хомс, хагас хугас ойлголттой бол тэр хэмжэtгээр олон нийтэд буруу зөрүү мэдээлэл түгээх болно. Тиймээс өргөн хүрээний мэдлэг мэдээллээр өөрийгөө боловсруулах нь сэтгүүлч хүний үүрэг хэмээсэн. Өдрийн сонин-ы сэтгүүлч П.Батзаяа Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй сургалтуудад ач холбогдол өгч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид энгийн иргэдийн түвшинд мэдээлэл, ойлголттой байх юм бол нийгмийг зөв чиглүүлэх үүрэг нь гажуудна. Тиймээс салбар бүрийн үйл ажиллагааны талаар нарийн мэдлэг, ойлголттой болох нь их чухал санагддаг гэсэн. Тус сургалтын чиглүүлэгч,Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Энэ сургалтыг санаачилсан Улсын Их Хурлын даргын барьсан бас нэг чиглэл нь Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдээлэл, ойлголтыг зөв болгох, үүнийг нийгэмд мэдээлэл түгээдэг сэтгүүлчдээр дамжуулан хийе гэсэн санаа юм. Нөгөө талаар Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэдийн санаа бодлыг тусгахад, иргэдийн оролцоотой батлахад сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго чиглэсэн. Сургалтын зорилго тодорхой хэмжээгээр биелэгдлээ хэмээн санал бодлоо хуваалцлаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.