Самар түүх, бэлтгэхийг 10 хүртэлх жилээр хориглох санал гаргалаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, Ойн тухай хууль-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.

У.Хүрэлсүх: Шүүхийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл алдарч эхэлсэнд сэтгэл зовниж байна

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж хэлсэн үгэндээЕрөнхийлөгч У.ХүрэлсүхШүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх вий гэж Төрийн тэргүүн миний бие сэтгэл их зовниж буйгаа та бүхэнд хэлье. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард түмний дургүйцлийг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс олон түмэн шахаж шаардаж байгаа. Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёсзүйгүй бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлаас их харамсаж байна. Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна. Монгол Улсад өнөөдөр анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг Улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсэж байна. Миний бие энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн, нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм. Ташрамд мэдээлэхэд УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 нийт 519 шүүгч ажиллаж байна. Өнөөдрийн чуулганд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид биечлэн оролцож байгаа аж.

Хэнтий аймагт Ц.Идэрбат 12,923 санал, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 23,998 сонгогчийн санал тус тус авчээ

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нөхөн сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж дууслаа. 148 хэсгийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн дүн мэдээгээр нэр дэвшигчдийн авсан саналыг танилцуулж байна. 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт: Ц.Идэрбат /МАН/ - 12,923 -Б.Гарамгайбаатар /АН/ - 3,544 М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 545 А.Бархүү /ИЗНН/- 258 Д.Баатаржав /ШИНЭН/ - 174 Д.Чулуунбат /АТОЗН/ - 149 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: Э.Батшугар /МАН/ - 23,998 Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 5,180 Э.Бат-Үүл /АН/ - 4,925 А.Отгонбаатар /ҮБЗН/ - 3,188 Ш.Гантулга /ИЗНН/ - 3,000 Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 1,823 Ц.Гантулга /ШИНЭН/ - 1,415 Л.Цог /ДМН/ - 199 Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 108 А.Батдорж /АТОЗН/ - 79

Сайд Б.Батцэцэг Казахстаны гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар энэ сарын 10-14-ний өдрүүдэд Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Казахстаны нийслэл Нур-Султан хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцоно. Айлчлалын үеэр сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ сайд Б.Батцэцэг олон улс, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, тус уулзалтад оролцож буй бусад орны Гадаад хэргийн сайд нартай уулзана.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ. Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон тооны ажилтантай болох, иргэдийн тарьц, суулгацыг худалдаж авах, Усжуулалтын II аян хүрээнд тал, хээрийн сумдад 15-20 худаг гаргах зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Даланзадгад дахь Хүлэмжийн цогцолборын ажилтай танилцлаа. 2017 оноос говийн бүсийн үр үржүүлгийн талбай байгуулсан нь улсдаа жишиг болохуйц Агро парк болсон байна. Өвөл зуны хүлэмж бүхий талбайд 13 нэр төрлийн 50 гаруй сорт тарьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээс гадна туршилт, судалгаа хийдэг тухай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ танилцууллаа. Говьд мод тарьж, ургуулж болдог гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз сүүлийн 30 орчим жилийн хөдөлмөрөөрөө харуулж байна. Тэрбээр Багабулаг гэдэг газарт 16 га талбайд 10 гаруй төрлийн мод тарьж ургуулан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хямд үнээр тарьц, суулгац нийлүүлдэг. Мөн чацаргана, улаан лооль, үхрийн нүд, алим тарьж худалдан борлуулдаг байна. Монгол хүн мод тарьж чадахгүй гэж ярьдаг нь хий хоосон үг. Сэтгэл байхад болно. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой. Гол нь усалгаа, арчилгаа, тордлогоо гэж Д.Бараадууз хэллээ. Тэрбээр үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж, өөрөө ирэх оноос нэг сая тарьц, суулгац нийлүүлэхээ амаллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүрт судалгааны төв байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд эндээс мэдлэг, мэдээлэл, зөвлөмж авдаг байх нь зүйтэй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулна. Цаашид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох, усан хангамж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргийг цогцоор нь шийдвэрлэнэ. Тэрбум модыг дагаад ойн болон жимс, жимсгэнэ, бордоо, хашаа, саравч, хүнсний нарийн ногоо, эмийн ургамлын зэрэг аж ахуйн нэгж, ажлын байр бий болох гээд олон давуу талтай гэлээ. Цаашид хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Ойн агентлаг байгуулах, ойн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах, арчилгаа, тордлогооны менежментийг шийдэх зэрэг нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд чухал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ. Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэн, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.