Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж,санал авах ажиллагаа2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт07-22.00 цагт явуулахааршийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулна. Энэ удаагийннөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо(7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо,аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдаад байна. Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:00 цагтзохион байгуулна. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ гаргаад байна. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулсан. Уг ажилд нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид нээлттэй оролцлоо. Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангаад байна. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Ази тивийн сүүний түншлэлийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан Dairy Asia Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. Ази тивийн сүү үйлдвэрлэл индэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулсан. Тус байгууллагын зорилго нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын байгаль, цаг уурын онцлог нөхцөл, монголчуудын мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт технологийн давуу талыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүний брэндийг бий болгон хөгжүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох өргөн боломж бий бөгөөд, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспортын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ГХЯ-ны зүгээс анхаарч ажиллаж байна. Мөн Монгол Улс Ази тивийн сүү үйлдвэрлэлийн санаачилгыг манлайлж, Ази тивийн сүүний түншлэлийг Зүүн хойд Ази, Төв Ази, Баруун Азийн бүс нутагт өргөжүүлэх, энэ түншлэлийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна гэсэн юм. Ази тив нь дэлхийн хүн амын 60 гаруй хувь, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг онцлогтой. Тус тивд 48 улс орон байгаагаас Ази тивийн сүү үйлдвэрлэл санаачилгад одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам гэсэн 13 улс нэгдээд байна. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсаас холбогдох яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, мөн Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүллээ. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эгүүлэн татахаар болжээ

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар өчигдөр шийдвэрлэжээ. Учир нь Засгийн газрын гишүүд газрын тосны дайвар бүтээгдэхүүн импортлон дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжихээс илүүтэй өнөөгийн бодит нөхцөл байдалд Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог чангатгах, одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цэгцлэх замаар удирдлага зохицуулалтын арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд хуулийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг ханган УУХҮЯ-наас авсан компанийн өөрийн үйлдвэрлэлийн зорилгоор импортлох дайвар бүтээгдэхүүн болон керосиныг онцгой татвараас чөлөөлөхөөр боловсруулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

МАНАЙ УЛСААР ДАМЖИН ӨНГӨРӨХ БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВЖ БАЙНА

Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны арванхоёр дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар ОХУ-ын Газпром НХН-тэй Эрмэлзлийн санамж бичиг-ийн төслийн талаар Оросын талтай хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Монгол Улсын Шадар сайдад зөвшөөрч, мөн түүнчлэн байгалийн хийн хоолойн төсөлд Эрдэнэс Монгол ХХК-ийг Монголын талыг төлөөлж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд Эрдэнэс газ төслийн нэгжийг байгуулан ажиллуулсан. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн талаас Газпром НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолойн төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулж, ойрын хугацаанд Газпром НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээр хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.

Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид,улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?

​ Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Тэрчлэн Г.Ёндон сайд энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аар шалгуулна гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэхэд ТЕГ-аас шалгуулах болсны цаана импортлогчид, улстөрчдийн хувийн ашиг сонирхол байсан уу гэх асуулт тавигдаж буй юм. Аж ахуй нэгжүүдээс хамгийн түрүүнд Сод Монгол группээс гаргасан мэдэгдэл сошиал хуудсаар тарсан нь шатахуунд очерлох нөхцөл бүрдүүлсэн юм. Тус компанийн мэдэгдэлд, 2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын Роснефть компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасч, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой гэх утгатай байсан. Гэвч шатахууны очер нэмэгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсны дараа Сод Монгол группээс дараах мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан гаргасан юм. Мэдэгдэлд, 2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна. Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна гэсэн юм. Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм. Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд нэгэн анхаарал татсан яриа гаргах болсон нь Эрчис Ойл компанийн зүгээс Роснефть компанитай хамтран Хөшигийн хөндийд онгоцны шатахуун нийлүүлэх хүсэлтийг ОХУ-ын талаас тавьсан гэх мэдээлэл байна. Эрчис ойл нь төрийн өмчит компани бөгөөд Засгийн газрын 2020 оны 14 болон 114 дүгээр тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх үүднээс Монгол газрын тос боловсруулах үйлдвэр-ийн ТӨХХК-ий дэргэд (I) шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх (II) санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн үнийг бууруулах зорилгоор Эрчис ойл ХХК-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулжээ. Үүнтэй холбоотойгоор дотоодын импортлогчид Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, ийн зохиомол хомсдол үүсгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ялангуяа энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гар бие оролцож, саяхан ОХУ-ыг зорьж, Реснефть компанийхантай уулзсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна. З.Энхболдыг Сод Монгол групптэй холбоотой гэх хардлага байдаг. Тэгэхээр энэхүү зохиомол хомсдлыг зарим импортлогчид, улстөрчид үүсгэсэн гэж Засгийн газрынхан хардаж буй нь Г.Ёндон сайдын мэдэгдлээс илэрхий харагдаж байна. Түүнээс гадна шатахуун импортлогч томоохон компаниуд Чайна ойл-оос нийлүүлж буй шатахууны нийлүүлэлтийг оруулж ирж буй компаниуд нь бусад компанидаа түгээх үйлчилгээгээ хангалтгүй хийж, хоорондоо өрсөлдөөн үүсгэж байгаа нь ч шатахууны хомсдол үүсгэсэн гэж улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Ямартай ч шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогч орны зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна. Г.Ёндон сайдын хэлснээр импортлогчид, улстөрчид оролцоотой эсэхийг Тагнуулын ерөнхий газар шалгаж тогтоох, хариуцлагын асуудал ч хөндөгдөнө. Эцэст нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуцлагаас мултрах гэсэн, ажлынхаа хариуцлагагүйн асуудлыг улстөржүүлэх гэж оролдоогүй байгаасай, үнэхээр улстөржөөгүй хомсдол, нөөцийг зохиомлоор үүсгэсэн бол хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Тиймээс асуудлын үнэн зөвийг тогтоож, ард түмэндээ нээлттэй мэдээлэх ёстой. Төр, импортлогчид хоёрын дунд иргэд хохирох ёсгүй шүү, Г.Ёндон сайд аа!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.