Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага байна
2021-10-06 17:05:48 Нийтлэгдсэн: Улс төр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нэгжийн Зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа. -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах болсон урьдчилсан шалтгаан нөхцөлийг та юу гэж үзэж байна вэ? -Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага, цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цэвэр усны нөөцийг бий болгох, ашиглах үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулж ашиглалтад оруулах шаардлага тулгарч байна. Үүнд: 1.Баруун бүсийн эрчим хүчний сүлжээн дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ буюу 2008-2020 онд 8-10% өссөн үзүүлэлттэй; 2. Бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 3.Үндэсний татварын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих 4.Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72%-ийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа; 5.Баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм. -Төслийн ТЭЗҮ хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Энэ талаар тодруулбал? -1964-1965 онд хуучин ЗХУ-ын Цахилгаан шугам сүлжээ, зураг төслийн институтээс Ховд гол дээр барих усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ хийж, Шижигтийн хавцлын боомтыг урьдчилсан байдлаар тооцож хамгийн дээд өндөр нь 75 м, урт нь 300 м, суурилагдсан хүчин чадал нь 95 МВт гэж тогтоосон, 2008 онд Монгол Улсын ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн захиалгаар М-Си-Эс Интернэшнл болон Японы Кюшу цахилгаан сүлжээ, Японы инженерийн зөвлөх компаниуд хамтарч хуучин судалгааны ажлын үр дүн, ЗХУ-ын хийсэн боомтын тооцоо, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг судалж дахин ТЭЗҮ хийсэн байна. 2018 оны эцсээр БНХАУ-ын BIDRкомпани энэ төслийн ТЭЗҮ-ийг дахин шинээр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх болсон. 2019 оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл тус компанийн техникийн ажилтнууд газар дээр нь геологи, хайгуулын судалгаа хийж ажилласан ба 2019 оны аравдугаар сард ТЭЗҮ-ийн тайланг боловсруулж ЭХЯ-ны ШУТЗХ-аар хэлэлцүүлэн дэмжигдсэн. -Бүтээн байгуулалтын ажлыг яагаад Ховд голын Шижигтийн хавцалд хийхээр болсон бэ? -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талбай нь Монгол улсын баруун хэсэгт орших Ховд аймгийн Ховд хотоос 120 км-ийн зайд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд оршдог. Ховд гол нь Алтай таван богдоос эх авч баруунаас зүүн тийш Баян Өлгий аймгийн Улаан-Хус, Сагсай, Өлгий аймгаар дайрч Баян Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Мянгад сумаар дамжин урсч Хар-Ус нуурт цутгана. Нийт урт нь 516 км, сав газрын талбай нь 60,200 км2 бүхий Ховд гол нь баруун Монголын хамгийн том дотооддоо урсгалтай Эх оронч гол юм. -Усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүсийн эрчим хүчний системд ямар үр ашигтай гэж харж байна вэ? -Монгол Улсын эрчим хүчний систем нь таван эрчим хүчний системээс бүрддэг бөгөөд үүнд Төвийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний системд хуваагддаг.12 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Дөргөний УЦС нь Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлж хэрэглээний тодорхой хувийг ханган ажиллана. Баруун бүсийн эрчим хүчний систем нь Баян Өлгий, Ховд, Увс аймгуудын 42,898 хэрэглэгчдийг хангадаг, оргил ачаалал нь 35 МВт байдаг. Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэгцээний 30 орчим хувийг Дөргөний усан цахилгаан станц хангадаг ба жилд 45 сая кВт*цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Үлдсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ буюу 70 гаруй хувийг импортлодог. 2015-2018 оны хооронд Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 147 сая кВт*цаг, 150.3 сая кВт*цаг, 154.5 сая кВт*цаг, 163.2 сая кВт*цаг тус тус эзэлж, жилийн өсөлт нь өмнөх жилийнхээс 5%-6% байна. Шинэчилсэн ТЭЗҮ-гээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая кВт*цаг бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах, их ачаалалын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ. -УЦС ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд, ард иргэдэд эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ? -УЦС ашиглалтад орсноор хүрээлэн буй орчин, бүс нутгийн эрчим хүчний хангамж сайжирч, Баруун бүсийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системтэй холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. УЦС нь усны нөөцийг бий болгож Баруун хязгаарын дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, илүү их хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хангамжийг сайжруулах замаар орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болно. Үүний зэрэгцээ усан цахилгаан станц барих, ашиглалтад оруулснаар бүс нутагт ажиллах хүчнийг татах бөгөөд боловсон хүчний урсгалыг нэмэгдүүлж бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд сайн дэмжлэг болно. Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулах болно. -Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усан цахилгаан станц хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ талаар тайлбарлахгүй юу? -Сэргээгдэх эрчим хүчгэдэг нь байгаль дээр нөхөн сэргээгдэж байдаг эрчим бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг. 2005- 2006 оны байдлаар Дэлхий дээр үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас, 1.3%-ийг нарны эрчим хүчнээс, үлдэх 0.8% орчмыг ньгазрын гүний дулаан,салхи,нар,далайн эрчим хүчийгашиглан гарган авч байна. Сэргээгдэх эрчим хүчнь хүлэмжийн хийг бууруулах, бүс нутгийн сэргэлт, онцгой байдлын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зэрэг давуу талтай. Усан цахилгаан станц нь өндөр газраас нам дор газарт усыг унагах замаар турбинийг эргүүлж шууд холбогддог генератороор цахилгаан үйлдвэрлэдэг. Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байна.Бразил,Канад,Шинэ Зеланд,Норвеги,Парагвайзэрэг орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 96 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий. Манай улс Эрчим хүчний тухай хууль Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд том болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах шаардлагатай юм. -Бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхлэхээр төлөвлөж байна вэ? -2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын Power China-Power China Chengdu түншлэлтэй байгуулсан. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа ба барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны 4 сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 366 сая кВт*цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 271,5 сая ам.доллар. Үүний зэрэгцээ, цахилгаан станц ашиглалтад орсны дараа жил бүр их хэмжээний орлогын албан татвар төлнө. Энэ нь үндэсний санхүүгийн орлогыг үр дүнтэй нэмэгдүүлэх, улмаар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. УЦС барих нь тухайн бүс нутагт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн урт хугацааны хөгжлийг бий болгож, ажил эрхлэх боломжийг тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц болно. Ажил эрхлэлт, хүн амын өсөлт нь зах зээлийн биржийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт, ложистикийн урсгал, мэдээлэл солилцоо зэрэгт нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн хурдыг сайжруулна. Дээрх дүгнэлтээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах нь чухал шаардлагатай юм.
Б.БАТТӨМӨР: ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ЗАГВАРУУДЫГ МОНГОЛД НУТАГШУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА
2021-10-06 12:20:15 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа. -XXI зууны эдийн засаг уламжлалт буюу бидний дасч сурсан ойлголтоос тэс ондоо байдлыг илэрхийлэх боллоо. Үндсэндээ шинэ нөхцөл байдал үүсэн бий болж, хуучин сэтгэлгээ, арга барилаар амьдарч болохгүй гэдгийг ухаарах шаардлага үүсч байна даа. Өнгөрсөн онд хэвлүүлсэн Шинэ эдийн засаг номондоо та энэ талаар бичсэн байсан санагдана. -Тийм ээ, XXI зууны эдийн засгийн хөгжилд булчин шөрмөс, биеийн хүч чадал бус, оюун ухаан, мэдлэг чадвар илүү их үүрэг гүйцэтгэх боллоо. Өмнө нь хүний ажлын дадлага туршлага, ур чадвар чухал байсан бол одоо үүнийг дижитал технологи орлох болов. Програм хангамж, аппликейшн, онлайн технологи, Uber, Airbnb, Legal Zoom болон TurboTax зэрэг хүний оролцоог багасгаж, хүч хөдөлмөрийг хэмнэсэн олон арга технологи нэвтэрч, цөөнгүй ажлын байрыг эзлэх боллоо. Онлайн дэлгүүрүүд жижиглэн худалдааны олон дэлгүүрийн хаалгыг бариулж байна. Жолоочгүй машинууд бий болж, такси, ачаа тээвэр, түргэн үйлчилгээний хүргэлтийн үүргийг орлон гүйцэтгэж эхлээд байна. Шуудан болон бараа илгээх ажлыг дроноор гүйцэтгэдэг боллоо. Монголчууд технологийн ололтын их давалгааг мэдэрч, шинэ эдийн засгийг бизнесийн загвар болгон ашиглаж, шинээр сэтгэх замаар орчин үеийн нөхцөлд дэлхий дахинтай өрсөлдөх боломжийг олж авах шаардлага үүсээд байна. Үүнд шинэ эдийн засаг, циркуляр буюу тойрог эдийн засаг, дижитал эдийн засаг, блокчейн, дижитал мөнгө буюу крипто валют, финтек, sharing economy буюу хуваалцах эдийн засаг, краудфандинг туслах болно. Шинэ эдийн засаг нь мэдлэг, ухаалаг үйлчилгээ, үйлдвэрлэлд суурилдаг. -Шинэ эдийн засгийн загварууд үүссэн шалтгаан болон түүнийг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар илүү тодорхой ярина уу? -Шинэ эдийн засгийн загвар бүр өөрийн онцлогтой бөгөөд эдгээр нь байгаль орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг хэт их олборлохоос сэргийлэхийн тулд дэлхийн хэмжээнд эдийн засаг, санхүүгийн зах зээлд хувьсгалт маягийн өөрчлөлтийг хийх тогтвортой хөгжлийн шаардлагаас үүдэлтэй. Үндсэндээ баяжихын төлөөх эрүүл бус тэмцэл эргээд эх дэлхийгээ сөнөөхөд хүргэж болохыг хожуу ч ухаарсан гэсэн үг. Хичнээн их баяжсан ч цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсансүйрэл болоход хураасан баялаг хамт шатаж үгүй болно гэдэг нь ойлгомжтой болж байна. Дэлхийн эдийн засагт жил бүр 125 их наяд долларыг байгалиас авч оруулж байна.Манай эдийн засаг ч гэсэн уул уурхайгаас хамааралтай. Газрын хэвлий дэх баялаг бус, бидний толгой доторхи баялаг биднийг урагшлуулж чадна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Үүний тулд шинэ эдийн засгийн загваруудыг Монголд нутагшуулах шаардлагатай. Дэлхийн олон оронд дижитал технологи, интернетийн хөгжилд гарсан хувьсгалтай нягт уялдаа холбоотой салбарууд болон компаниудаас бүрдсэн шинэ эдийн засаг үүсч хөгжиж байна. Шинэ эдийн засаг хүн бүрт тэгш хүртээмжтэй үйлчилгээ авах боломжийг олгоно. Шинэ эдийн засаг нь оюуны капиталыг хөгжүүлж, үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлстэй холбосноор өмнөх эдийн засгаас эрс ялгардаг. Шинэ эдийн засгийн үндсэн салбарууд нь материаллаг бус, хүний оюун ухаанаар бүтсэн капитал, бүтээгдэхүүн болон мэдээлэл харилцааны технологи, шинжлэх ухаан, оюуны үйлчилгээ юм. Юуны өмнө хүний оюуны капитал, мэдээллийн технологийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно. Түүхий эдийн нөөцөөс хамааралбагатай байж, хүмүүс оюун ухааныхаа хүчээр асар их ашиг орлого олох боломжтой. Хоёрдугаарт, зах зээл үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ тоглогчид, илүү боловсронгуй технологи, бүтээгдэхүүн гарч ирж хуучныг хална. Австрийн нэрт эдийн засагч Й. Шумпетер үүнийг бүтээгч устгал гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт, ажилд хандах, бизнесээ удирдах шинэ хандлага байнга үүсч, бизнесээ амжилттай хөтлөхийн тулд илүү уян хатан байж, шинэ арга барил, инновацийг хөгжүүлэх шаардлагатай болдог. Дөрөвдүгээрт, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь буюу масст зориулан үйлдвэрлэхээс илүү хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх явдал харьцангуй өргөжнө. Тавдугаарт, шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл эдийн засгийн салбаруудыг хөдөлгөх хүч болж, эрдэмтэд, зохион бүтээгчид, дизайнер болон уян хатан, хөрвөх чадвартай бизнес эрхлэгчид, компаниуд шинэ эдийн засгийн системийн голлох тоглогчид болно. Шинжлэх ухааны ололт шууд үйлдвэрлэлд нэвтэрч, шинэ санаа, бүтээл, хийц, загвар зохион бүтээгчид, эрдэмтдийн ашиг орлого өснө. Зургадугаарт, дэлхийг хамарсан интернетийн сүлжээний эдийн засаг зонхилж, зах зээл, хэрэглэгч, нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч нарын харилцаа холбоо улам ойртож, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэр үр дүнтэй ашиглаж чадахаас хувь хүмүүс, компанийн төдийгүй улс орнуудын өрсөлдөх чадвар хамаарна. Долдугаарт, хамтын хөрөнгө оруулалт идэвхжиж, инновацийн төсөлд оруулсан хөрөнгө хэд дахин асар их ашигтай байна. Инноваци эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн хүчин зүйл болж, шинжлэх ухаан эдийн засгийн хэрэгцээг хангахад бүрэн зориулагдаж, бизнесийн салбар өөртөө хэрэгтэй шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг санхүүжүүлж, үр дүнг нь бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ашиглана. Шинэ нээлт, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход хамтарсан хөрөнгө оруулалт дэм үзүүлж, шинжлэх ухааны ололтын эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Монгол Улсын хувьд шинэ эдийн засагт эрчимтэй шилжиж, аж үйлдвэрээс илүү ашгийг өгөх оюуны капиталыг үйлдвэрлэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гарааны компаниудад дутагдаж буй бизнесийн орчин, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг сайжруулах, мэдээллээс мэдлэг, оюуны капитал үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. -Шинэ эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгүүд дотор Тойрог эдийн засаг (Circular economy) онцгой байр суурь эзэлдэг. Үүний ач холбогдол болон Монголд нутагшуулахад анхаарах асуудлын талаар ярина уу? -Тойрог эдийн засгийн концепцийг анх Британийн эдийн засагч Дэвид Пирс, Керри Тернер нар боловсруулсан түүхтэй. Дэлхийн нөөц хүний хэрэгцээг хангаж чадахаа больж байна. Энэ хурдаараа явбал 2050 онд дэлхийн бүх баялгийг ашиглаад дуусах тооцоо гараад байна. Уламжлалт эдийн засаг байгаль орчныг дуусашгүй арвин сан мэт үзэж, авч хэрэглээд хаяад байхаас дахин ашиглах, боловсруулах боломжийг орхигдуулж ирсэн бол тойрогэдийн засаг шугаман бус, цагариг маягаар материалыг дахин дахин боловсруулж, бүрэн дүүрэн ашиглахад анхаардаг. Бараа бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, ашиглахаа больсон зүйлсийг буцаан худалдан авах систем нэвтрүүлэх, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дахин борлуулах, худалдааг нэмэгдүүлэх, загвар хийцийг нь бага зэрэг өөрчлөөд өөр зориулалтаар ашиглах зэрэг нь тойрог эдийн засгийн нэг хэсэг нь юм. Хог хаягдлыг бүрэн дахин боловсруулахаас энэ эдийн засаг руу шилжих ажил эхэлнэ. Хог хаягдлыг багасгах үндсэн арга нь бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хог болохоор нь яаж ашиглаж болох вэ гэдэг дээр үндэслэн загвар хийцийг нь гаргаж үйлдвэрлэнэ. Үндсэндээ хог хаягдал гарахааргүй байдлаар буюу задлаад өөр зүйлд ашиглахаар үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн дизайн, хийц, загварыг бүхэлд өөрчлөх хэрэг гарна. Үйлдвэрлэсэн зүйл хэд хэдэн байдлаар ашиглагдахаар хийгдэнэ. Түүнчлэн бараа нийлүүлэлтийн сүлжээнд олон компаниуд хамтран ажиллаж, дахин дахин нэмүү өртөг үйлдвэрлэж болно. Бизнесийн хувьд хамтран ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрдэнэ. Үүнийг Монголд нутагшуулахын тулд Засгийн газар бизнесийн хүрээнийхний аливаа санал санаачлагыг дэмжин ажиллаж, тал бүрийн урамшуулал, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлэх шаардлагатай. Тойрог эдийн засагт шилжсэнээр бараа материалыг дахин дахин ашиглаж, ямар ч хог хаягдал үлдэхгүй байх бөгөөд үйлдвэрлэлийн хаягдалгүй технологи нэвтэрч, орчны бохирдлын асуудлыг давхар шийдээд өгч байна. Энэ загварыг нэвтрүүлэхийн тулд бодлогын түвшинд нарийн бодож боловсруулж, тойрог эдийн засгийг хөгжүүлэх стратегийг тодорхойлж, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг энэ талаар мэдлэгтэй болгож, юуны өмнө эдийн засгийн ач холбогдлыг ойлгуулах шаардлагатай. Тойрог эдийн засаг хүн төрөлхтөнд илүү хэмнэлттэй, ашигтай, зөв, арвич хямгач амьдралын хэмнэлийг зааж өгч, хог хаягдлыг хэрхэн боловсруулж, хэрэгтэй зүйлс болгох, дахин дахин ашиглах, байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бизнест хэрхэн дахин дахин нэмүү өртөг бий болгоход сургана. Жишээ дурдахад, Starbucks компани кофены үлдэгдэл шаар, хаягдлыг дахин боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн, био хуванцар болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Timberland компани хуучин дугуйг дахин боловсруулж, гутлын ул хийж эхлээд байна. Герман улс хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, хог хаягдлын 56.1 хувийг, Австри улсад 53.8 хувийг, Швейцари улсад 49.7 хувийг дахин боловсруулж байна. Walmart компани хүнсний бүтээгдэхүүн хандивлах хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлгүүрүүдэд зарагдаагүй үлдсэн хүнсийг цуглуулах төвүүд ажиллуулж, ядуус, орон гэргүйчүүд, өлсгөлөн хүмүүст хүргэж байна. Тойрог эдийн засгийг нутагшуулахад том компаниуд, томоохон хотууд чухал үүрэгтэй. Усыг дахин ашиглах нь манай улсын хувьд тулгамдсан асуудал юм. Ирээдүйд дайн усны хомсдолоос үүснэ гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм. Хүн төрөлхтөний усны хэрэглээ 1950 оныхтой харьцуулахад гурав дахин өсөөд байна. Тойрог эдийн засагт шилжихэд усны ашиглалтыг нэн тэргүүнд сайжруулах, ус цуглуулах боломжит эх үүсвэр бүрийг ашиглах, хиймэл нуур цөөрөм, усан сан бий болгох замаар бэлчээр болон тариалангийн талбайн усжуулалтын асуудлыг шийдвэрлэх, саарал усыг дахин ашиглах, гадагш урсан гарч буй усны нөөцийг дотооддоо үлдээх арга, шийдлийг олох хэрэгтэй байна. Израйль улс цөлд, бараг бороо ордоггүй хуурай газарт усны илүүдлээрээ гайхуулж байна. Тэнд хаягдал усны 85-90 хувийг эргэн ашигладаг байна. Саудын Араб саяхан хаягдал усныхаа 65 хувийг эргэж ашиглах болсон тухайгаа зарласан байна.Сингапур гэхэд огт цэвэр усны нөөцгүй бөгөөд ундныхаа усыг 100 хувь Малайзаас тусгай хоолойгоор татаж хэрэглэдэг. Энд хаягдал усны 30 хувийг дахин ашигладаг. -Шинэ эдийн засгийн хүрээнд дижитал эдийн засаг томоохон байр суурь эзлэх нь лавтай. Дижитал эдийн засгийг нутагшуулах, дижитал шилжилт хийхийн ач холбогдлыг дурдана уу. -Дижитал эдийн засаг нь програм хангамжийг бүтээж, худалдан борлуулахаас эхлээд цахим бизнес, цахим худалдаагаар дамжуулан цахим бараа, үйлчилгээг цахим буюу дижитал мөнгөөр худалдаж, хүргэхтэй холбоотой бүх үйл ажиллагааг хамаарна. Үүнд төрийн оролцоо, зохицуулалт чухал үүрэгтэй. Дижитал эдийн засаг гэдэг бол мэдээлэл, харилцааны холбооны технологид суурилсан, дэлхийг хамарсан эдийн засгийн сүлжээ юм. Энгийнээр хэлбэл, дижитал технологид суурилсан эдийн засаг гэж ойлгож болно. Дижитал ертөнц тэр чигээрээ үйлдвэрлэх хүч болж хувирч байна. Бодит ертөнцөд хийж болох бүгдийг дижитал ертөнцөд хийж болж байна. Ингэснээр бидний дасч сурсан зах зээлийн эдийн засгийн загвар, нэмүү өртөг үүсэх загвар орвонгоороо өөрчлөгдөж, эдийн засгийн салбарын бүх түвшинд зуучлагчийн үүрэг роль улам бүр багасна. Дижитал эдийн засгийн хэмжээ өнөөдөр гурван их наяд доллартай тэнцэж байна. Энэ нь Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 томоохон компаниудын хөрөнгийн 30 орчим хувьтай тэнцэх бөгөөд энэ их хөрөнгийг Интернетийг ашиглаж эхэлснээс хойшхи хугацаанд бий болгожээ. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргах боломж байна. Газар доорх баялгаас илүү дижитал баялаг үйлдвэрлэж, үр өгөөжийг нь хүртэх боломж XXIзууны монголчуудад нээгдээд байна. Дижитал шилжилтийг хичнээн хурдан хийж чадна, тэр чинээгээр улс орон үсрэнгүй хөгжих ирээдүй харагдаж байна. Дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй болгожхувиргах ёстой юм. Дижитал эдийн засгаас үр ашиг хүртэхийн тулд уламжлалт аргаасаа шал өөрөөр ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна. Интернет, үүлэн тооцоолол, их хэмжээний өгөгдөл буюу дата, финтек болон бусад дижитал технологиудыг мэдээллийг дижитал хэлбэрээр цуглуулах, хадгалах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бусадтай хуваалцах, нийгмийн харилцааг өөрчлөхөд ашигладаг. Дижитал технологи нь инновацийг хөхүүлэн дэмжиж, ажлын байруудыг олноор нь бий болгож, эдийн засгийн өсөлтийг өдөөдөг тул эдийн засгийг дижитал болгох нь илүү их ашиг орлого, үр дүнг бий болгодог. Улс орон бүр интернетэд суурилсан хөгжлөөс дата буюу өгөгдөлд суурилсан хөгжил рүү шилжиж байна. Энэхүү дижитал шилжилтийн үр дүнд дижитал эдийн засаг, дижитал нийгэм бүрдэж байна.Хиймэл хүн (robot) эдүгээ өөрөө боддог, сурдаг, шийдвэр гаргадаг болж хиймэл оюун ухаан (AI буюу Artificial intelligence) хүний хөдөлмөр, үйлдлийг орлож ажиллах боллоо. Интернеттэй холбоотой бүх хэрэгслүүд хоорондоо харилцаж (IOT буюу Internet of Things) хүний ажиллах, амьдрах орчныг уламтав тухтай болгож, хөдөлмөрийн бүтээмжийг урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдүүлж байна. Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компани таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ буудалгүй (Airbnb), олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл контентгүй (Facebook), хамгийнтомкинотеатрөөрийн гэсэн кино театргүй (Netflix), хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүргүй (Alibaba) байна. Дижитал эдийн засгийг хөгжүүлж, ашиг орлого олох, дижитал платформыг хөгжүүлэх талаар одоохондоо АНУ, Хятад улс тэргүүлэх байр суурийг эзлээд байна. Энэ хоёр улсад блокчейн технологитой холбоотой бүх патентын 75 хувь, IoT-ийн дэлхийн хэмжээний зардлын 50 хувь, үүлэн тооцооллын дэлхийн зах зээлийн 75 гаруй хувь ногдож байгаа бөгөөд дэлхийн 70 том дижитал платформын зах зээлийн үнэлгээний 90 хувийг эзэмшиж байна. Энд Европын эзлэх хувь ердөө 4 бол Африк, Латин Америк нийлээд 1 хувь байна. Өнөө үед мэдээлэл, харилцаа холбооны технологи, өндөр технологийн суурь бүтэц, дэд байгууламж, нэг хүнд ногдох нийтийг хамарсан өндөр хурдны интернетийн сүлжээ, эдийн засгийн голлох бүтцүүдийн хоорондох интеграцчилал, инновацийг нэвтрүүлсэн байдал улс орны хөгжлийн гол хэмжүүр болов. Дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд Засгийн газар уян хатан, шуурхай хандах ёстой бөгөөд Засгийн газар илүү үр ашигтай ажиллаж, иргэдийн оролцоог сайтар хангаж, тэдний төлөө зөв шийдвэр гаргахад анхаарах ёстой. Асар их мэдээлэл нээлттэй болсноор бизнесийн загварыг өөрчилж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болоход нөлөөлж, менежментийн шинэ соёлыг бий болгож байгаад бид дасан зохицох хэрэгтэй болж байгаа юм. -Хуваалцах эдийн засаг (Sharing economy) бол шинэ эдийн засгийн нэг загвар бөгөөд дэлхийд улам бүр хүрээгээ тэлсээр байна. Хүмүүс өөртөө байгаа зүйлээ бусадтай хуваалцан амьдарч, тодорхой ашиг олж, энэ нь өдөр тутмын амьдралын хэм хэмнэл болсоор байна. Үүнийг Монголд нутагшуулах боломж хэр бол? -Аливаа зүйлсийг бусадтай хуваалцах, солилцох, сольж ашиглах, хамтран худалдан авах, хамтран ашиглах, хэрэглэх, хамтран өмчлөх, хамтран бүтээх, хамтран хийх, үйлдвэрлэх, дахин хуваарилах, ашигласан зүйлсийг худалдах, түрээслэх, түр ашиглуулах зэрэг нь хуваалцах эдийн засгийн үндсэн үйл ажиллагаа юм. Санфранциско хотод төвтэй Airbnb компани Хуваалцах эдийн засгийн загварыг ашиглан 192 орны 34 мянган хотод байгаа 250 мянган байрыг санал болгож, өдөрт олон мянган хүнд үйлчилдэг. Хүмүүсийг хооронд холбосон сүлжээний системийн хүрээнд компаниуд онлайн платформ ажиллуулж, бусдад хэрэгтэй ямар нэг юм (орон сууц, машин, майхан, сул өрөө, унадаг дугуй гэх мэт)-тай хүнийг яг тэр зүйл хэрэгтэй байгаа хүнтэй нь холбож өгч байна. Онлайн системд суурилсан энэ үйлчилгээ дэлхийн хаана хэнийд чамд хэрэгтэй зүйл байгааг хэлж өгч, интернетээр харж сонголт хийх боломж олгодог, зөвхөн ашигласны хөлсөө төлнө гэдгээрээ л онцлогтой. Судалгаанаас үзэхэд хувийн автомашин ашиглалтын хугацааныхаа 60, 70 орчим хувийг сул зогсож өнгөрөөдөг байна. Аливаа зүйлсийг хувааж хэрэглэж ашигласнаар эдийн засгийн асар их ашиг олох ба зочид буудлуудын үнийг тухайлбал 30-60 хувь бууруулж болох юм байна. Бусадтай хуваалцаж болох зүйлсийг онлайнаар зарласнаар харилцан итгэлцсэн хэрэглэгчдийн бүлэг үүснэ. Энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниуд хэрэглэгчдийг хооронд нь холбож, ямар нэг асуудал гаргахгүй байхаар бүхнийг зохион байгуулна. Сингапурт 2014 онд хуваалцах эдийн засгийн холбоо (Sharing Economy Association) үүссэн байна. Гол зорилго нь агаарын бохирдлоос сэргийлэх бөгөөд машины түрээсийн үйлчилгээ болон нөөц бололцоогоо хувааж ашиглах, офис, орон сууцыг түрээслэх чиглэлээр ажиллаж байна. Монголд энэ төрлийн бизнес эрхлэх, ашиглаагүй өмч хөрөнгөө бусдад түр ашиглуулж, ашиг орлоготой болох түмэн боломж байна. Жишээлбэл, жилд ганц хоёр удаа удаа хэрэглэдэг зүйлсийг худалдан авах ямар ч шаардлагагүй. Шаардлагатай тохиолдолд ямар нэг зүйл эсвэл хэн нэгний хэрэгцээ гарвал түүнийг олох боломж хэдхэн товчлуур дарахад л бүтэх тийм эдийн засгийн загвар нэгэнт бүрдээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн энэ загварыг сонгосон хүнд байгаа зүйлээ бусдад түрээслээд нэмэлт орлого боломж нээгддэг. Хуваалцах эдийн засгийн үр шимийг хүртсэнээр өөртөө байхгүй олон зүйлийг бий болгож болно. Хувьдаа машингүй ч машинтай мэт аялж, банкнаас зээл авч чаддаггүй бол хувийн зээлийн платформоор дамжуулан зээл авч, хэзээ ч сурч чадахгүй гэж бодож байсан зүйлсээ сурч эзэмшиж болно. Байгаа нөөц бололцоогоо хуваалцах хувь хүн хооронд (P2P)-ын чиглэлээс гадна бизнес хооронд (B2B)-ын хуваалцан ашиглах үйлчилгээ, хөдөө аж ахуй, зам, барилга дахь хүнд машин механизм, бусад төхөөрөмжийг түр ашиглах болон бизнес ба хэрэглэгчид хооронд (B2C)-ын үйлчилгээ гэх мэтээр өргөждөг. Онлайн нийгмийн сүлжээ, цахим зах зээл нь эдгээр үйлчилгээг илүү хялбар холбодог.
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны татан авалт үргэлжилж байна, иргэдээс тайван байхыг хүсье
2021-10-06 11:50:56 Нийтлэгдсэн: Улс төрАМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө: -Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байрыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авлаа. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Биднээс шалтгаалах хүчин зүйл байна, шалтгаалахгүй хүчин зүйл ч байна. Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомстол үүсэхгүй. Өнөөдөр брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллар байна. Сарын өмнө 60 ам.доллар байсан. Шатахуун импортлогчдын төлөөлөл: -Нөөц хэвийн байна. Шатахуун тасраагүй. Өчигдөр 16.00 цагаас хойш дараалал үүсэж, шөнө зарим шатахуун түгээх станцуудын шатахуун дууссан. Манай 28 ШТС хэвийн ажиллаж байна. ШТС-ууд дунджаар 10 тонны нөөц байдаг. БНХАУ-аас өдөр бүр шатахуун хүлээн авч байна. Тухайн ШТС-ын нөөц багасахаар бид худалдан авалтад хязгаарлалт тавьсан. Түүнээс компанийн агуулахын нөөц хэвийн байна. Үнийн тухайд АИ-92-ын үнийг нэмэх шийдвэр гараагүй байна. Бид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөр үнийг шийднэ. АИ-92-ын улсын долоон хоногийн, нийслэлийн тав хоногийн нөөцтэй байна.
Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэхэд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй
2021-10-06 11:46:18 Нийтлэгдсэн: Улс төрЧөлөөт бүсийн захирагчдыг Шадар сайд хүлээн авч уулзлаа. Шадар сайдын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн захирагчид, Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах судалгааны багийн гишүүд болох БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, Барилгын хөгжлийн төвийн дэд дарга О.Одбаяр нартай уулзжээ. Уулзалтын эхэнд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул мэдээлэл хүргэлээ. Тус чөлөөт бүсийн хувьд олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэхээр хүлээж, өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанаас байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэр гарч, наймдугаар сарын 15-наас байнгын ажиллагаа эхэлсэн. Мөн Замын-Үүд суманд 2015 онд баригдаж ашиглалтад орсон ч үйл ажиллагааг явуулалгүй зургаан жил болсон, үүний улмаас тохиргоо засварын зардлыг шийдэх шаардлагатай болсон Дулааны станцтай холбогдох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэжээ. Тус станц өнгөрсөн сарын 27-ноос үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн. Замын-Үүд чөлөөт бүсийн хамгаалалтын хашааг арван нэгдүгээр сард барьж дуусгана. Ирэх оны хоёрдугаар улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн аж. Цаашид арван нэгдүгээр сард багтаан Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулах, УИХ-ын намрын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар холбогдох бэлтгэлийг хангаж байгаа аж. Ингэснээр Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагаа идэвхжиж, хөрөнгө оруулалт нэмэх замаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Замын-Үүд хилийн боомтод үүсээд буй тээвэр, ложистикийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Алтанбулаг чөлөөт бүсийг 2014 онд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор нээж, үйл ажиллагааны байнгын дэглэмд шилжин ажиллаж эхэлсэн. 2014-2021 онуудад 20 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж, чөлөөт бүсэд хүнсний бараа, техник тоног төхөөрөмж, гэр ахуй, гоо сайхан, спорт бараа болон бэлэн хувцас зэрэг давхардсан тоогоор 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон худалдаалдаг. Гэсэн ч цаашид чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд нэн шаардлагатай цахилгаан хангамжийн өргөтгөл, авто зам, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, худаг сувагчлалын байгууламж байгуулах, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын лабораторийн барилга барих, Гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох зэрэг ажлын зардалд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгааг тус чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал мэдээллээ. 2005 онд хилийн заагийг тогтоох тухай УИХ-ын 74 дүгээр тогтоол, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулах тухай Засгийн газрын 134-р тогтоолууд тус тус батлагдаж, Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан. 2007-2015 оны хооронд улсын төсвөөс 1,53 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтаар бүсийн хашаа харуул хамгаалалтын байгууламж 2008 онд, бүсийн ЦДАШ-ын 10кВт-ийн дэд станц 2008 онд, услалтын систем бүхий ногоон байгууламж 2011 онд тус тус ашиглалтад орсон. Тус чөлөөт бүсэд 2019-2020 онд худалдаа, үйлчилгээ эхлүүлэх 1 га талбайг засаж гэрэлтүүлгийн ажил болон өндөр хурдны интернетийн шилэн кабел татаж, камержуулсан. Цагааннуур чөлөөт бүс ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлснээр жил бүр ДНБ 0.03-0.2%-иар өсөж, ажлын байр 250-1350 болж нэмэгдэх аж. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Цагааннуур чөлөөт бүсийн хажуугаар Ази, Европыг холбосон АН-4 олон улсын авто зам 2019 онд ашиглалтад орсон. Бүсээс боомт хүртэлх 28 км авто зам, Өлгий хотыг тойрч гарах зам гүүрийн барилгыг энэ онд дуусгахаар төлөвлөжээ. Энэ нь Цагааннуур чөлөөт бүсэд ОХУ болон БНХАУ-ыг холбосон тээвэр ложистикийн төв байгуулахад давуу талтай хэмээн Цагааннуур чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди танилцууллаа. Цагааннуур чөлөөт бүс ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлснээр жил бүр ДНБ 0.03-0.2%-иар өсөж, ажлын байр 250-1350 болж нэмэгдэх аж. Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа бөгөөд судалгааны багийн гишүүд Шинэ нисэх онгоцны буудлын орчмын бүтээн байгуулалттай холбоотой холбогдох хууль, тогтоомжийг судлах, эдийн засгийн чөлөөт бүсийн тухай мэдээлэлд шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх зураглалыг нэгтгэх, логистикийн төв, инженерийн үндсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг судалгааны багийн төлөөлөл өглөө. Шадар сайдын зүгээс чөлөөт бүсийн захирагчдад хандан Чөлөөт бүсийн үйл ажиллагааг явуулахын байнга анхааран ажиллаж байгаагаа илэрхийлж, бүсийн захирагчдыг эргэх холбоотой, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах, мөн Чөлөөт бүсийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар батлуулах гэж буйтай холбогдуулан саналаа нэгтгэн нэмэлтээр тусгаж оруулах, зохион байгуулалтын төлөвлөлтөө нарийн тооцоо судалгаанд үндэслэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин, хурдтай бүтээлч байдлаар ажиллахыг санууллаа.
Байгалийн хийн хоолойн төслийн асуудлаар "Газпром"-той цахим хэлэлцээ хийнэ
2021-10-06 11:43:20 Нийтлэгдсэн: Улс төрБайгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн энэ оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацааны хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад танилцуулжээ. Эрдэнэс Монгол ХХК-ийн талаас Газпром НХН-ийн холбогдох албан тушаалтнуудтай байнга, тогтмол хэлбэрээр цахим хурал хийх, утсаар холбогдох зэргээр ажил төрлийн уялдаагаа ханган, төслийн ажлыг тасралтгүй урагшлуулан явуулахад онцгой анхааран ажиллаж байгааг төслийн удирдагч Л.Амарсанаа Шадар сайдад мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын нөхцөл байдал нь хийн хоолонй төслийн ажлыг удаашруулах нөхцөлийг үүсгэж болзошгүй хэдий ч Оросын талтай байнгын уялдаа холбоотой ажиллаж, цар тахлаас үл хамааран холбогдох ажлуудаа төлөвлөгөөний дагуу урагшлуулахад анхаарч ажиллахыг сануулсан байна. Мөн ойрын хугацаанд Газпром НХН-ийн удирдлагуудтай уулзах, цахим хэлэлцээ хийх бэлтгэлийг хангахыг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаад үүрэг болголоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй