Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

​ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, Төсвийн цагалбар, Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөөд байна.

Монгол оюутнууд Харьков хотоос бүгд гарч чадлаа

​ Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ. Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутан аж. Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1,100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гараад байна. Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна. Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна. Иргэдээс хоёрдугаар сарын 27-ны өдөр гурван иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ. Эх сурвалж:Гадаад харилцааны яам

Хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу Инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийх бол Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ. Мөн Газопровод Союз Восток ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгана. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар 12 дугаар сард багтаан шийдэхээр тусгажээ. Гэрээг үзэглэх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байгаа. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно хэмээв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр тусгай чуулган зарлалаа

​ НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр тусгай чуулган зарлалаа. Тус чуулганаар ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай үйл ажиллагааны талаар хэлэлцэн, тогтоол гаргах төлөвтэй байна. Ерөнхий Ассамблейн энэ тусгай чуулганд оролцох НҮБ-ын гишүүн 193 улс Украины асуудлаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлнэ.

Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр долдугаар сарын 1-нд ашиглалтад орно

​ УИХ-ын дарга Г.Занданшатарзөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ газар тариалан, мал аж ахуй, хоршооллын чиглэлээр дэвшилтэт технологи, инновац шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тоо биш чанарын үзүүлэлтийг эрхэмлэсэн шийдлүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дэмжлэг болно гэдгийг онцлов. Мөн манай улс Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарт дэвшил авчрахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт аж ахуйг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж дурдлаа. Баянхонгор аймаг 2021 онд жилийн эцсийн мал тооллогоор 3,1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1,6 сая төл хүлээж авахаар бэлтгэж байна. Малаас гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор ингэний сүүний үйлдвэр байгуулах, 1000 тонны мах ногооны зоорь байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Ингэний сүүний үйлдвэрийн барилга 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм хоёр ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлж хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс оронд гаргахаар төлөвлөөд байна. Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж, өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж 300 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолжээ. Уг зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, МЭЕГ-ын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, МААБХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батсүрэн, ЖДҮГ-ын БТЗГ-ын дарга А.Гэрэлзаяа, ГТБХЗГ-ын мэргэжилтэн Э.Уламбаатар нар оролцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.