Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Өчигдөр Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ

​ Өчигдөр Дорнод болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын Тосон-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км-т, Ө-4602700, У-1150636/ энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:37 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Ариунтуяагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ. Мөн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн Аргалантай-Уул гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км-т, Ө-450224, У-9203742/ өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:42 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Баатарсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

НӨАТ-ын сугалаанд 1 сая төгрөгийн 329 АЗТАН ТОДОРЛОО

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-нийхооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан юм. Наймдугаар сард нийт 59,953,978 сая баримт хэвлэгдсэнээс 32,358,965 баримтыг бүртгүүлжээ. Наймдугаар сарын тохирлын дугаарт59613991гэсэн тоо гарч ирснээр 30 мянган төгрөгийн азтан - 29175 100 мянган төгрөгийн азтан - 2949 Нэг сая төгрөгийн азтан - 329 Гурван сая төгрөгийн азтан - 34 Таван сая төгрөгийн азтан - 3 азтан тус тус тодорлоо.Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Харин Супер тохирлын дугаарт08367273гэсэн тоо гарч ирсэн ч супер азтан тодорсонгүй.

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

​ УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор хэлсэн үгэндээ Сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 1-12 дугаар ангид суралцагчдыг авахаас гадна 40 гаруй шинэ боловсон хүчин ажлын байраар хангагдаж байна. Нэг анги дүүргэлт 38 хүүхэдтэй байх юм. Жайка олон улсын байгууллага сургуулийн барилгаас гадна тоног төхөөрөмж, анги танхимын сургалтын орчныг иж бүрнээр нь хангаж байгаад баярлаж байна хэмээн онцолсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ Үнэхээр их баяртай байна. Энэ сургуулийг бий болгох, сайхан орчныг бүрдүүлэх бүхий л үйлсэд зүтгэсэн, дэмжиж ажилласан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон гар бие оролцсон бүх хүнд эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний хувьд энэ хороонд төрж, өссөн. Бага насандаа шороон шуурга, салхи, бороо, цастайд ч хичээл рүүгээ 2, 3 км газар алхаж явдаг байлаа. Ингэж явна гэдэг хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Энэ бүгдийг мэддэгийн хувьд хороондоо бүрэн дунд сургуультай болж, гэртээ ойр, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн сайхан орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаад баяртай байна хэмээсэн юм. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван үе шаттай боловсролын салбарын барилга тоног төхөөрөмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 45 сургууль ашиглалтад орсон. Тавдугаар үе шатны хүрээнд дөрвөн сургууль энэ онд ашиглалтад орж байна. Нийслэлийн удирдлагууд боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажиллаж байгаа. 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролыг салбар дахь хөрөнгө оруулалтууд маш эрчимтэй хийгдэж байна. Энэ хугацаанд 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ хэмжээгээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа юм гэв. Мөн өдөр Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээлээ. 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 279 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/1024 тоот захирамжаар байгуулагдсан юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна. Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр гаруй жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа иргэд мэдэж байгаа. Орчныг нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

​ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцлон хэллээ. Тэрбээр 2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажиллалаа хэмээв. Үүний дараагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүндэтгэлийн чуулганд үг хэллээ.Тэрбээр Нийслэлчүүдийн маань Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгуулсан 2016-2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Отгон чуулган хуралдаж байна. Өнөөдөр Хүндэтгэлийн чуулган хуралдаж буй энэ цаг дор дөрвөн жилийг та бид хамтдаа ямар замыг туулан өнгөрөөснийг товчхон онцлоё гэж бодлоо. 2016 он бидний сонгогдсон орон нутгийн болоод Улсын их хурлын ээлжит сонгуулийн жил. Монгол улс эдийн засаг нь элгээрээ хэвтсэн, хэвтэрт орсноо зарласан хүндхэн үе байсан. Улс орноо нүүрлэсэн хямралаас хэрхэн гаргах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй, ард түмний дүүрэн итгэлтэй МАНДАТ-ыг бид хүлээж авсан. Улсын Нийслэл маань улсын хүн амын ТЭН ХАГАС, эдийн засгийн ХАГАСААС ИЛҮҮ тул энэ хямрал тэр хирээр ИЖИЛ байсан. Бүсээ чангалах, сахилга батгүй болсон санхүү, засаглалаа ч засаж янзлах багагүй ажил БИД-45-д ч бас ноогдсон. НИТХ, Засаг даргаас хямралыг даван туулах төрийг бодлоготой уялдуулж 2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил, 2018 оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил, 2019 оныг Нэг хот-Нэг стандарт-ын жил болгон ажиллаа. Энэ хүрээнд хамгийн чухал зүйл болох иргэдийнхээ ажлын байраа хадгалж авч үлдсэн нь Нийслэл 2019 он хүртэл Засгийн газар, Иргэдийн өмнө хүлээсэн үүрэг ОРЛОГО-оо нэр төртэй тасалдуулалгүй ирсэн.Товчхондоо улсын хэмжээнд, нийслэлийн түвшинд бүгд НЭГЭН ЗҮГ-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадсан явдал маш чухал байлаа. Энэ бодлогын үр дүнд АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛЛАА Засгийн газар 2019.05.15-ны өдрөөс эхлэн ТҮҮХИЙ НҮҮРС түлэхийг хориглосон. Үүнийг төрийн бүх байгууллага албан хаагчид оролцож байж хэрэгжүүлсэн. Харин хүлээн авч дэмжсэн ИРГЭН бүртээ энд суугаа ТӨЛӨӨЛӨГЧИД та бүхэндээ баярлалаа. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж түүнд нийцүүлж Нийслэлийн гол суурь хуулиуд болох Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчлэл Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан. Нэг бүлэг Улаанбатар хот ба дагуул хот туссан нь Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн шинэчлэл, хөгжлийн бодлого нь төрийн бодлогод тусгайлан туссан. Мөн дагуул хотуудыг хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ УИХ-аар Шинэ Зуун мод, Майдар хот байгуулах шийдвэр гарлаа. Дэд бүтцээ хөгжүүлж ДЭД ТӨВ-үүдийг байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төв 2020 онд дуусна, Дэнжийн мянга, Дамбадаржаа эхэлсэн, Шархад, Толгойт бэлтгэл ханган ажиллаж байна. Орон сууцны бодлогоо тодорхойллоо. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас анх удаа гаргаж хөрөнгө босгож чадлаа. УИХ, ЗГ, Сангийн яам, Монгол банкТүрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууц иргэдэд хүрч эхэллээ. Дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлого нь агаар орчны бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын суурь юм. Зам харгуйн хувь томоохон шинэчлэл хийгдлээ. Налайх хүртлэх 2 урсгалтай 4 эгнээ зам, Яармагийн болон Замын цагдаагийн олон түвшний гүүрэн зам, Сонсголонгийн гүүр болон хот доторх замууд, дугуйн зам гэх мэт нийтдээ 200 гаруй км Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 1,7 м2 байсан бол өнөөдөр 4,3 м2. 63 байршилд цэцэрлэгт хүрээлэн, тохижилт хийгдлээ. Хууль зөрчин олгосон газруудыг чөлөөллөө. Иргэддээ ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эрчимтэй хийгдэж байна. 2016-2017 хичээлийн жилд Цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт онд 72 хувьтай байсан бол өнөөдөр 81,4 хувьтай болж нэмэгдлээ, Сургуулийн гурван ээлжийг хоёр ээлж болголоо хэмээн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн үр дүнг товчхон танилцуулсан юм. Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.