Эрүүл жирэмслэлтийн 12 алхам

Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсэний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Жирэмсэний хяналтанд эрт орох Сайн жирэмсэний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсэний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй. Зөв хооллолт Одоо та хоёр хүнд зориулж хооллох хэрэгтэй боллоо. Магадгүй хоногт зөвхөн 300 каллори нэмэлтээр хэрэгтэй гэдэгт та гайхаж байж болно. Уурагаар баялаг хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв та жирэмсэн болохоосоо өмнө өдөрт 45 грамм уураг хэрэглэдэг байсан бол одоо 70 грамм хэрэгтэй. Мөн кальцийн хэрэгцээ бас нэмэгдэнэ. Та дутуу шарсан өндөг, шүүрхий болгосон мах, хөөрүүлээгүй сүү болон далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны хүүхдэд таагүй нөлөө үүсгэж болно. Мөн загас мөнгөн ус болон бусад бохирдуулагч бодис их хэмжээгээр агуулсан байж болох тул хэрэглэхээс татгалзаарай. Жирэмсэний витамин хэрэглэх Ихэнх жирэмсэний витаминууд бусад стандарт мултивитаминуудтай харьцуулахад фолийн хүчил болон төмрийг илүү хэмжээгээр агуулсан байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсэний эрт хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Фолийн хүчил хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Та жирэмсэн болохын урд сараас эхлэн хоногт 400 микрограмм фолийн хүчил хэрэглэж байх нь тохиромжтой. Харин жирэмсэн болсны дараагаар хоногт 600 микрограмм болгон хэмжээг нь нэмэгдүүлээрэй. Та мөн төмөр хангалттай авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Таны төмрийн хэрэгцээ жирэмсэний хоёр болон гурав дахь гурван сарын хугацаанд илэрхий өсдөг. Харин эдгээрийг хэрэгцээнээс илүү гарган ихээр хэрэглэх нь хортой гэдгийг сайтар ойлгоорой. Витамины их хэмжээний тун, олон нэмэлт бүтээгдэхүүн, ургамлын бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэхээс зайлсхий. Дасгал тогтмол хийх Сайн дасгалын программ нь таныг жирэмсэн үеийн илүүдэл жингээс сэргийлэх, эрч хүчтэй байлгах, янз бүрийн таагүй мэдрэмж өвдөлтөөс сэргийлэх, хөлний цусны эргэлтийг сайжруулах ,жирэмсэний үеийн стрессийг давахад туслах зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Мөн таныг хүүхдээ төрүүлсэний дараагаар хэвийн байдалдаа ороход хялбар байх болно. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулах чухал арга болж өгдөг. Судлаачдын тогтоосноор хөдөлгөөний идэвхтэй байх нь таны цусан дахь серотиний түвшинг ихэсгэж өгдөг. Энэ нь хүний тархины идэвхитэй ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Гэхдээ хэт ачаалал авах, хүнд юм өргөх хэт халах болон усгүйжихээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Мөн жирэмсэн байхдаа саун, халуун ваннд суухаас зайлсхийх хэрэгтэй. Амралтаа тохируулах Жирэмсэний эхний болон хоёр дахь гурван сард залхуу хүрэх, амархан ядрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнийг зохицуулах амархан, та ихийг хийж чадна. Хэрэв та өдөр унтаж чадахгүй байвал өөрийн хийх бусад хөнгөн зүйлсээс хийж болно. Мөн хөлөө өндөр юман дээр тавиад ном унших юмуу сэтгүүл үзэж болно. Иог, сунгалтын дасгал, гүнзгий амьсгалах, массаж хийлгэх зэрэг амралтын техникүүд нь таныг стрессээс гаргах сайн арга болохоос гадна нойронд сайн болгоно. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх Та жирэмсэн байхдаа ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Таны уусан согтууруулах ундаа таны цусны урсгалд орж эхэсээр нэвтрэн таны хүүхдэд хурдан хүрдэг. Эцэст нь таны хүүхдийн цусанд таныхаас их хэмжээтэй алкоголийн түвшин үүсгэдэг. Өдөрт бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь таны хүүхдийг жин багатай төрөхөөс гадна хэлд удаан орох, анхаарал төвлөрөлтийн хүндрэл, сурлагын хоцрогдол, хэт цочимхой болох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачид согтууруулах ундаа долоо хоногт нэг удаа хэрэглэдэг байсан эхээс төрсөн хүүхэд хэрэглэдэггүй байсан хүний хүүхэдтэй харьцуулахад ширүүн зан авиртай, зан байдлын гажуудалтай байсныг тогтоосон байна. Согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс ургийн согтуурлын хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл их байдаг. Энэ хам шинжид оюун ухааны болон хөгжлийн хоцрогдол, зан төрхийн өөрчлөлт, нүүр болон зүрхний гажиг зэрэг өөрчлөлтүүд багтдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь зулбах болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд жирэмсэн болсон болон жирэмсэн болох магадлалтай эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Шаардлагагүй эмийн хэрэглээнээс татгалзах Таны хэрэглэсэн ямарч эмийн бодис таны цусаар дамжин хүүхдэд тань очиж үйлчлэх болно. Ялангуяа жирэмсэний эхний гурван сард хүүхдийн эрхтэн системүүд үүсч хөгжиж байдагтул эмийн бодисын нөлөөлөлд хамгийн эмзэг мэдрэмтгий үе байдаг. Хэрэв та жирэмсэн болсоноо мэдэхээс өмнө эм ууж байсан бол хэрэглэхээ зогсоож эмчийн зөвлөгөө аваарай. Тамхи татахгүй байх Тамхи татах нь зулбах, өсөлтийн хоцрогдол үүсэх, эхэс ховхрох, дутуу төрөлт зэрэг хүндрэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судлаачид тамхитай холбоотойгоор уруул тагнайн сэтэрхий, хэвлийн урд ханын гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Жирэмсэний хугацаанд тамхи татах нь таны хүүхдийг хэвлий дотроо болон төрсний дараа нярай үедээ нас барах хүндрэл үүсгэхэд нөлөөлнө. Тамхинаас гарах нь хэзээ ч оройтохгүй. Та нэг ч гэсэн тамхи татаагүйгээрээ хүүхэддээ эрүүл өсч хөгжих боломж өгч байна гэсэн үг. Орчиноо аюулгүй болгох Зарим төрлийн ажил таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд таагүй нөлөө үзүүлж болдог. Хэрэв та химийн бодис, хүнд металл, биологийн зарим агент, цацраг зэрэгтэй холбоотой ажил хийдэг бол ажлаа даруй солих шаардлагатай. Зарим төрлийн гэр ахуй цэвэрлэгээний бодис, шавьж устгагч, шингэлэгч уусмал болон хуучин крантны зэвтэй ус зэрэг нь хорт нөлөө үзүүлж болох тул хэрэглэхээс зайлсхий. Өөрийн амьдарч байгаа орчин болон ажлын нөхцөл байдлын талаар хяналтын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай. Шүдний эмчид очих Амны хөндийн эрүүл ахуйн тухай мартаж болохгүй. Шүдээ байнга угааж зориулалтын чигчлүүрээр цэвэрлэж байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтөөс болж буйлны үрэвсэл амархан үүсэх эрсдэлтэй болдог. Прогестрон болон эстроген дааврын түвшин ихэссэнээс болж буйланд бактерийн өсөж үржих нөхцөл бүрдсэний улмаас буйл хавдах, цус гарах, эмзэглэл ихтэй болдог. Иймд сүүлийн 6 сар шүдний эмчид очоогүй бол даруй очиж үзлэгт ороорой. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих Жирэмсэн болсонтой холбоотойгоор олонх эмэгтэйчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг. Өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсд хэт баярлах болон сэтгэлээр унамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв сүүлийн хоёр долоо хоногоос илүү хугацаанд таны урмыг сэргээх ямар нэг юм ажиглагдахгүй байх эсвэл сэтгэл зовсон байдал удаан үргэлжилвэл мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагатай. Жирэмсэн үеийн сэтгэл зовоосон асуудлууд нь таны өөрийн болон хүүхдийн тань эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.

Монголд ДОХ-ын халдвар тээгч 500 гаруй хүн бий

ХДХВ/ДОХ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан хүн нь 25-29 насны эрэгтэй аж. Тэрбээр эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд биеийн байдал нь одоогоор хэвийн байгаа аж. Өнгөрсөн сард ДОХ-ын халдвар авсан нь 109 дэх тохиолдол илэрсэн бол дөрөвдүгээр сард 108 дахь хүн бүртгэгдсэн юм. Харин НҮБ-ын тандалт судалгаагаар Монголд 500 гаруй халдвар тээгч байх магадлалтай гэжээ.

Шумуул хадааснаас айдаг

2012-06-19 08:53:24 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Шумуул хадааснаас айдаг

Уршиг, төвөг ихээхэн уддаг шумуул гуайг айлгадаг зүйл бол хадаас хэмээх ургамал аж. Хүмүүс хадаасыг олон зууны туршид хоол амтлагч болгон хэрэглэсээр ирсэн. Түүнчлэн хадаасны тос түлэнхийд сайн аж. Сармис, нимбэг зэрэг аагтай ургамал шумуулыг хэсэг зуурт л айлган, үргээдэг бол хадаасны ханд, тосыг биедээ түрхсэн байхад шумуул хазах нь бүү хэл, ойртдоггүй гэнэ. Ж.Хаан

Жолооны ард суухдаа ямар эм ууж болохгүй вэ

Автомашин жолоодох үедээ эм хэрэглэх шаардлага гарвал тухайн эм ямар үйлчилгээтэй болохыг анхаарах хэрэгтэй. Учир нь зарим эм өвчнийг намдааж, тайвшруулах үүрэгтэй. Өвчин намдаагч эм төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах, нойр хүргэх, хөдөлгөөний баримжааг алдагдуулах, дагалдах үйлчлэл үзүүлдэг. Ийм эмийг машин барихаасаа өмнө уувал зам тээврийн осол аваар гаргах магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс жолоо барьдаг хэн боловч эм уухдаа зарим зүйлийг анхаарах хэрэгтэй. Замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал юуг анхаарах талаар зөвлөе. Нэгд: Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдэлтэй болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь танилц. Хэрэв эмийн заалт дээр тухайн эмийг хэрэглэсний дараа тээврийн хэрэгсэл жолоодох, бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар гэсэн байвал ууж болохгүй гэсэн үг. Хоёрт: Хэрэв эмийн зааварт уг эм нойрсуулах, тайвшруулах, бухимдал тайлах зэрэг үйлчлэлтэй гэж дурьдсан байвал түүнийг уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр. Гуравт: Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед ямар нэг нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг юм. Бензинээ хэмнэ Автомашиныг байрнаас нь хөдөлгөхөд хөдөлгүүр нэлээд хүч гаргадаг. Энэ үед хэвийн ажлын үеийнхээс илүү шатахуун зарна. Хотын дотор автомашин олон зогсох шаардлага гарах тул хотын гадна явахаас илүү шатахуун зарцуулдаг. Хэдийгээр ийм байдаг боловч жолоодох арга барилаас хамааран шатахуун зарцуулалт ялгаатай байх тал бий (зарим үед энэ ялгаа нь 25 хувьд ч хүрдэг). Ногоон гэрэл асахад байрнаасаа огцом ухасхийлгэх, уулзварын өмнө очиж огцом тоормослох нь шатахууныг үр ашиггүй зарцуулаад зогсохгүй, резин дугуй, тоормосыг түргэн элэгдэхэд хүргэнэ. Ногоон гэрэлтэй үед уралдахгүй, цаг алдахгүйгээр хурдаа аажим нэмэгдүүлж, араагаа солиод шулуун дамжуулгаар жигд хурдтай явдаг, улаан гэрэлтэйг мэдвэл уулзвар хүрч очоод автомашиныг яг зогсоох эцсийн цэгт тоормосоо гишгэдэг тэр л жолооч шатахуун хэмнэнэ. Харин хотын гаднах замд явахад цөөн тооромслож, цөөн зогсдог. Гэхдээ хөдөлгөөн их, гүйцэж түрүүлэх явдал олонтаа тохиолдох үед автомашиныг ихээхэн ухаалаг жолоодох хэрэгтэй. Гүйцэж түрүүлэх гэж байгаа автомашинд хэтэрхий ойртох хэрэггүй. Учир нь энэ үед араагаа хүнд араанд сольж, дараа нь хурдаа нэмэх шаардлага гарна. Иймд өмнөх автомашинаасаа нэлээд зайтай явж байгаад боломж гарахад шулуун араагаараа хурдаа нэмээд, гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Ер нь автомашиныг жигд зөөлөн явуулж, хөдөлгөөний үед аль болохоор цөөн тоормослож, цөөн зогсохыг хичээх нь зүйтэй. -Боломжтой бол ажлын цагаа зохицуулах. Замын түгжрэлийн үед хөдөлгөөнд оролцохгүй байх. Зам түгжрэх оргил цагаас өмнө гэрээсээ гарч байх. -Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж, цаг, бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно. -Гэрлэн дохион дээр зогсоод, түүнээс хөдлөхдөө зугуухан өөрөөр нь хүчийг нь авахуул. Хажуу эгнээний жолоочтой та ямар уралдаж байгаа биш. Уулзварыг хэт огцом өндөр хурдаар нэвтэрсэн автомашин бензин их иддэг. -Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж, ногоон гэрэлд тааруулан явбал моторт сайн. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг. -Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.

Эмэгтэйчүүд ба тамхи

2012-06-15 09:16:28 Нийтлэгдсэн: Эрүүл мэнд
Эмэгтэйчүүд ба тамхи

Тамхи татах нь эрт хөгшрүүлдэггүй гэсэн инээдэмтэй гэмээр ташаа ойлголт тамхи татдаг хүүхнүүдийн дунд байдаг. Энэ бол тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэхүйд суулгасан ээлжит худал мэссэж. Харамсалтай нь тамхичид тамхинаас татгалзахын оронд иймэрхүү гэнэн үлгэрт итгэхийг урьтал болгодог. Гэвч тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс татдаггүй хүмүүсийнхээс эрт, илүү түргэн үрчлээтдэг гэдгийг шинжпэх ухаан аль хэдийн нотолсон. Учир нь тамхи татаж байх үед нь нарийн хялгасан судаснуудад нь агшилт үүсдэг. Эмч нар нүүрний арьс илүү түргэн хөгширдөг болохоор тамхинаас түргэн гар хэмээн зөвлөдөг. Идэвхигүй тамхидалт ч мөн дутахгүй хор хөнөөлтэй. Гэр орныхон юмуу хамт ажилладаг хүмүүс нь тамхи татдаг бол хүүхнүүдийн арьс хоёр дахин түргэн хөгширч, эрүүл харагдахаа байж, цонхийн сааралдуу туяатай болдог хэмээн эмч нар баталж байна. Нүүрний төрх байдал шөвийнө. Никотины царай төрх гэдэг нэр томьёо хүртэл гарч ирсэн байдаг. Тийм болохоор тамхичдаас холхон байсан нь дээр. Тамхи татаад байх юм бол эмэгтэй хүн өөрийнхөөсөө гадна нөхөр, хүүхдийнхээ эрүүл мэндэд ч хор хөнөөл учруулна. Тамхины утаа эмэгтэйчүүдийн гоо сайхныг гундаахаас гадна дааврын (гормоны) эмзэг тогтолцоог ч хордуулна. Үүгээрээ эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү эмзэг. Тамхи татдаг эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэхэд илүү хэцүү байдаг шүү дээ. Тамхи татдаг хүүхнүүдийн хүүхэд 3 дахин их зулбаж, 6 дахин их дутуу төрж, 9 дахин их үргүй байдаг. Гэхдээ 50 гарсан хойноо тамхинаас гарсан ч амьдралаа илүү 3-4 насаар уртасгаж болно. Ингээд л дүгнэлт хийгээд үзэгтүн. Никотины хоронд бамбай булчирхай их эмзэг. Энэ бол залуу насны дааврыг хариуцдаг эрхтэн. Статистикаас харахад тамхичин эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 6 дахин их бамбай булчирхайн тэжээлийн дутагдалтай байдаг. Зүрхний эмч нар ч мөн тамхи татдаг хүмүүсийн судас их тааруу байдаг хэмээн харанга дэлдэж байна. Олон жил тамхи татсан хүмүүсийн судас уян хатан байдлаа алдаж, яс шиг хатуу болдог. Судсан доторх зай завсар нарийсана. Тамхины бохинд бараг битүүрсэн, уян хатан байдлаа алдсан судас тань дээшээгээ тархи, зүрх рүү цусаа хичнээн түлхэж чадах тухай бодоод үз дээ. Тийм ээ, олон хүнд тамхинаас гарах хэцүү байдаг. Гэхдээ эмч нар тамхинаас гарахад 3-хан л хэцүү үе байдаг хэмээн баталж байна. - Гурав дахь өдөр никотин хамгийн их үгүйлэгддэг - Гурав дахь долоо хоногт хүн сонор сэрэмжээ хамгийн их алддаг - Гурван сарын дараа тамхинаас бүрэн гарсан мэт санагдах болсон үе. Гэвч үнэндээ тийм биш. Тамхи татах хүсэл таныг удаан дагах болно. Гэхдээ 3 сарыг тэсээд давчих юм бол эргэж орох эрсдэл арай багасдаг. Энэ үед харин гэнэ алдах явдал элбэг тохиолдоно. Төсөөлөөд үз дээ, та өөртөө дайснаа дарсан дархан цолтон мэт санагдана. Та өөрөө өөрийгөө захирч чаддаг гэж итгээд хаяа нэг татахад гэмгүй мэт санагдан ганц нэг татах гэж үзнэ. Гэвч энэ бол үлгэрийн далай. Тамхичид хорхойгоо дарах ганцхан тамхи л татчих юм бол болоод баймаар санагдан дахин урхинд орчихдог. Өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүлийнхээ амгалан байдлын төлөө өөрийгөө даваж гарах хэрэгтэй. Тамхи татчих юмсан гэсэн их хүсэл гэнэт үүсээд, гурав дөрөвхөн минут л үргэлжилдэг. Энэ нь аяга кофе, ганц хундага архи, тамхи татдаг хүмүүсийн дунд орох, ядрах, хүнд асуудалд орох зэргээс үүснэ. Гэхдээ энэ хэдэн минутыг л даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ийм үед гарч шүдээ угаасан нь дээр байдаг. Тийм боломж байхгүй бол цонхоо онгойлгоод, гүнзгий амьсгаа аваад дотроо Би тамхинаас гарчихсан шүү дээ хэмээн давтаж хэлээд үз. Баярын ширээний ард сууж байгаа бол угаалгын өрөө рүү ороод, гараа хүйтэн усаар угаагаарай. Бас стакан хүйтэн ус шимж уух юмуу алим, лууван идэх арга байна. Хэрэв танд тамхинаас гарснаас үхсэн нь хялбар санагддаг бол ядахнаан хэдэн дүрэм баримталж байгтун. - Өлөн элгэндээ хэзээ ч тамхи бүү татаж бай. - Тамхийг хэзээ ч кофе, архиар бүү даруулж байгтун. Ийм тохиолдолд никотин цусанд бүрэн хэмжээгээр шингэдэг. - Янжуур шүүлтүүртэй байсан ч гүйцтэл нь бүү татаж бай. Тэнд их хэмжээний никотин, бохь хуримтлагдана. Тэдгээр нь хорт хавдар үүсэх их эрсдэл үүсгэдэг. - Тамхийг бухимдаж, түргэн түргэн татаж болохгүй. Ийм байдлаар татсан тамхины утаанд их хэмжээний хорт бодисууд агуулагддаг. - Хэвтээгээрээ, ялангуяа унтахынхаа өмнө тамхи татах хэрэггүй. Утаа уушги, гуурсан хоолойнд үлддэг. Сайн унтахын тулд зөгийн балтай стакан хөөрүүлсэн сүү уух юмуу бага зэрэг чихэрлэг зүйл, дараа нь алим идэх, нь дээр. - Агааржуулдаггүй, хаалттай тасалгаанд бүү тамхилж байгтун. Ийм тохиолдолд та өөрөө утаагаар амьсгалахаас гадна ойр дотныхоо хүмүүсийг ч амьсгаатуулан идэвхигүй тамхи татуулна. - Хавар, намрын улиралд ханиад амархан хүмүүсийн сонорт хүргэх мэдээ байна. Тамхи татахад бие махбодь С аминдэмээ алдаж байдаг. Ганцхан янжуур татсан байсан ч (та идэвхгүй татагч байсан ч гэсэн) таны бие С аминдэмээ алддаг. Энэхүү аминдэм дутагдсанаас биеийн эсэргүйцэл буурна. Тийм болохоор тамхилахаасаа өмнө ингэх хэрэг байна уу үгүй юу хэмээн бодож байгтун. Эх сурвалж: Анагаах арга билиг

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.