Т.БАЛЖИННЯМ: ХҮҮХДИЙН БЭЛЭГ СОНГОХДОО САХАРЫН АГУУЛАМЖИЙГ ОНЦГОЙ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

​ Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа. -Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг. Худалдаа эрхлэгчид болон эцэг эхчүүдэд ямар зөвлөмж хүргүүлж байна вэ? -Аав ээжүүдэд хүүхэд нь хамгийн чухал, хамгийн эрхэм байдаг. Тиймээс хүүхэддээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь онцгой анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд хүүхдийн бэлэгний сахарын агууламжийг ярих ёстой. Хүүхдийн бэлгэнд сахарын өндөр агууламжтай чихэр, жимс гэхээсээ ном, оньсон тоглоом, үндэсний үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгох боломжтой шүү дээ. Тиймээс бэлэг боохдоо, сонгохдоо ямар бүтээгдэхүүн авах вэ гэдгийг мөн хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хугацаа, сахарын агууламж зэргийг анхаараарай гэсэн зөвлөмжийг эцэг эхчүүд, худалдаа эрхлэгчдэд хүргүүлж байна. -Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд чиглэсэн хяналт шалгалт эхэлсэн үү? -Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтын төлөвлөгөөгөө жилийн өмнө гаргадаг. Энэ дагуу шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийж эхэлсэн. Үндэсний үйлдвэр, импортын хүнс, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Зөвлөн туслана, улсын байцаагчийн үүрэг даалгавар өгнө, биелүүлээгүй бол зохих шатны арга хэмжээ авна гэдэг байдлаар урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага дижитал шилжилт хийж байгаатай холбоотойгоор хяналт шалгалтын арга барил өөрчлөгдөж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжээр өөрсдөөр нь эрсдэлийн үнэлгээ хийлгэж эхэллээ, цаашлаад 2022 оноос хяналт шалгалт цахим хэлбэрт шилжинэ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын тухай хамтарсан мэдээлэл хийж байна

Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ, ЦУОШГ, НМХГ, НЭМҮТ, Таван толгой түлш ХХК болон бусад холбогдох байгууллагаас хамтарсан мэдээлэл хийж байна.

Сайжруулсан шахмал түлш болон дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

​ Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, борлуулалтын цэгийн тоо хүртээмжид онцгой анхаарч, иргэдийг хүйтний улиралд түлшээр тасралтгүй хангах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэдэд таниулж, дүүргийн хүн амын зорилтод бүлгийн нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

​ Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо. Мөн сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлж, энэ талын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт даалган, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриаллаа. Түүнчлэн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгов. Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулахыг холбогдох сургалтын байгууллагуудад даалгалаа. Мөн шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, сургалт боллоо

​ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад зориулан Төрийн албаны шинэтгэл, хамтын ажиллагаа сэдэвт уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарзориг, зөвлөлийн гишүүд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой үүрэг чиглэл өгч, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийн түвшнийг тогтоох ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү уулзалт, сургалт нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар арга зүйн зөвлөмж, чиглэл өгснөөрөө ач холбогдолтой байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.