Улс үндэстнүүд нэгдэн Хүний эрхийн түгээмэл тунхаглал-ыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг эрхэм нийслэлчүүд Та бүхэндээ хүргэе. Тэртээх 1948 оны энэ өдөр дэлхийн тив бүрээс хуран цугласан улс улсын удирдагч нар хамтдаа Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй хэмээн тунхаглаж, хүний эрхийн амин чухал баримт бичгийг баталж, хүмүүн төрөлхтөн нийтээрээ цоо шинэ харилцаанд дэвшсэн билээ. Түүнээс хойш жил бүр дэлхий нийтээрээ нэг уриа, нэг зорилгод нэгдсээр ирсэн бөгөөд энэ жил Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл уриан дор Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж байна. Манай улсын хувьд энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн тохиож байгаа онцлог жил. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас амаргүй цаг үеийг туулж байгаа энэ цаг үед та бид Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандах нь та бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр юм. Хүний эрхийн төлөө хамтдаа нэгдэцгээе. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон Ковид-19 цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд дээрх тусгай дугаарт 2021 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.43 минут байна. Мөн тус хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 31 иргэн хандаж, 10 иргэн автомат хариулагчаас, 21 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Иргэд дархлаажуулалтын болон Ковид-19-ийн шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Дархлаажуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ? -Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 172 суурин, 14 явуулын, 15 түр цэгт 203 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 14 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. -Дархлаажуулалтын хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Арванхоёрдугаар сарын 9-нд нийслэлийн хэмжээнд I тунд 44, II тунд 116, нэмэлт сэргээх тунд 3585, нийт 3745 иргэнийг хамрууллаа. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.2 хувь байна. -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд хэдэн төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна вэ? -НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь төрийн 48 байгууллагын 461 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нэг дороос шуурхай үзүүлэн ажиллаж байгаа. 2021 онд 1,482,606 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Мөн төрийн үйлчилгээний шат дамжлага, бүрдүүлэх баримт бичгийг багасгах, тавигдах шаардлага, стандартыг өөрчлөх, төрийн байгууллага, албан тушаалтны дарамт, шахалт болон үйлчилгээ үзүүлэх явцад гарч буй хүндрэлүүдийн талаар жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах зорилгоор Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт санал, мэдээллийг хүлээн авч ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Microsoft компанийн ахлах менежер Л.Бат-Өлзий: Луйврын Койноос яаж сэргийлэх вэ?
2021-12-10 09:15:12 Нийтлэгдсэн: Нийгэм Луйврын Койноос яаж сэргийлэх вэ? Microsoft компанийн ахлах менежер Л.Бат-Өлзий зөвлөж байна. Монголд хэт олон койн гарч байгаа нь зөв үү буруу юу? Зөв буруу гэхээсээ энэ бол зах зээлийн жам. Үүнийг зөв хүмүүс ашиглаж ирээдүйг бүтээх гэж оролдож байхад буруу хүмүүс ашиглаж хялбархан их мөнгө олох гэсэн хандлага гарч л байдаг. Дэлхий даяар л ийм байдаг. Хэрэглэгчид койн авахдаа заавал нарийн судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэх болно. Мэдээж хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг шиг хэрэглэгчид сайн судалдаг, таньдаг болох тусам муу хүмүүс улам л сайн юм шиг дүрээ хувиргаад гарч ирсээр л байх болно. Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа: Хэрэглэгчийн тоо нь унаж буй койн авах Хуурмаг койнд хууртах Бүх мөнгөө эрсдэлд оруулах Койн нь мөнгө хийх амархан арга гэж бодох Койн хадгалж буй хэтэвчнийхээ нууц үгийг мартах Хэрэглэгчийн тоо нь унаж буй койноос болгоомжлох хэрэгтэй. Ихэнхдээ хөгжүүлэгч нар нь тухайн төслөөс гарснаар төсөл зогсолтонд орж тухайн койныг тогтворгүй болгодог. Зарим хуурмаг койныг өсгөхийн тулд хийсвэр худалдан авах, зарах захиалгууд үүсгэж, үнийн хийсвэр хөөрөгдөл үүсгэж үнийг нь тэнгэрт хадтал хөөрөгдүүлдэг тохиолдол байдаг. Тэгээд бодит хөрөнгө оруулагч нар үүнийг нь харж байгаад яг арилжаа хийгээд ороод ирсний дараа нь өөрсдийн худалдан авах арилжааг цуцалж эхэлдэг учир нь тэд анхнаасаа тэр гүйлгээг хийхгүй байсан. Ингэснээр үнэ маш ихээр унаж, бодит хөрөнгө оруулагч нар ихээр хохирдог. Койн зах зээлд гараагүй байхад нь тодорхой бүлэг хүмүүс урьдчилан аваад маркетингийн аргаар үнэ өсгөсний дараа зарах тохиолдол байдаг. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн мөнгөний 5%-ийг нэг койнд хөрөнгө оруулах нь хамгийн тохиромжтой. Хэрэв хэн нэг нь үүнээс өөрөөр ярьж танд мөнгийг тань өсгөх баталгаа гаргаж байвал энэ нь хуурмаг койн байх магадлалтай. Аливаа санхүүгийн хөрөнгөнд хөрөнгө оруулж мөнгө олохыг маш амархан зүйл гэж ярьж байвал тэр таныг хуурмаг зүйлд уруу татаж байж магад. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж өгөөж хүртэх нь тийм амар зүйл биш юм. Үүнд хувьцаа, алт, металлууд, койны арилжаа бүгд орно. Хэрэв оффлайн хэтэвчинд койноо хадгалдаг бол өөрийн нууц үгээ мартвал койноо дахин хэзээ ч ашиглах боломжгүй болно гэдгийг маш сайн санах хэрэгтэй.
Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг шалгаж, туршилтын тээвэрлэлтийг хийв. Бэлтгэл ажил хангагдаж, туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул талууд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн авто замын тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. ... гэж заасны дагуу нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 12 дахь даргаар Дорждамбын Зүмбэрэллхамыг олонхын саналаар сонголоо. Дорждамбын Зүмбэрэллхам нь 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль, эрх зүйч /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх, 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна. Мөн тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийг батлах, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Эх сурвалж:Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй