Улаанбаатар хот Хөх хоттой ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна
2021-12-12 13:00:13 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ойн арга хэмжээг хоёр тал цахимаар зохион байгуулсан юм. Цахим хуралдаанд Улаанбаатар хотын талаас Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Баатарчулуун, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Д.Батмөнх, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Харин Хөх хотын талаас тус хотын орлогч дарга Ван Хаолэй, Хөх хотын Ардын Засгийн газрын Нарийн бичгийн дарга Жан Жундун, Хөх хотын Худалдааны газрын дарга Ли Хун, Хөх хотын Худалдааг дэмжих газрын орлогч дарга Баатар нар оролцлоо. Цахим уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндийг Хөх хотын Ардын Засгийн газрын хамт олонд хүргэе. Ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Тухайлбал, хотын удирдлагуудын албан айлчлал, соёлын арга хэмжээ, эдийн засгийн форум, сурагч солилцооны хөтөлбөрийг бид тогтмол, амжилттай зохион байгуулж ирсэн. Цаашид ч уламжлалт харилцаандаа үндэслэн олон салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх саналтай байна хэмээв. Түүнчлэн тэрбээр Хөх хоттой стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр хамтарч ажиллах, хоёр хотын хоорондын аялал жуулчлалыг харилцан ашигтай хөгжүүлэх, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарт харилцан туршлага солилцох саналтай байгаагаа Хөх хотын удирдлагуудад илэрхийлсэн юм. 30 жилийн ойн хүрээнд хоёр хотын орлогч дарга нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Улаанбаатар болон Хөх хотын хамтын ажиллагааны хүрээнд газар тариалан, соёл, урлаг гэх мэт олон чиглэлд хамтран ажиллах боломжтой. 30 жилийн ойн хүрээнд дээрх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ бодлогоор дэмжих, хоёр хотын аж ахуй нэгж, байгууллагууд хамтран ажиллахад хотын удирдлагууд бодлогоор дэмжих санамж бичиг байгууллаа гэв. Ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим Хөх хотын Худалдааг дэмжих хороотой хамтран Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт хийн, санамж бичиг байгууллаа. Мөн уулзалтад оролцсон хувийн байгууллагууд Хөх хотын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санал солилцож, санамж бичиг байгуулсан юм. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг Хөх хот болон тус хотын аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажилласнаар БНХАУ-ын техник, технологийн хөгжил, дэвшлээс суралцах, эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий төслүүдэд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санхүү, эдийн засгийн албаны 110 жилийн ойн хүрээнд цахим зөвлөгөөн зохион байгуулав
2021-12-12 12:58:33 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсэж, хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан дүүргүүдийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, төсвийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын санхүү, бүртгэлийн ажилтнуудыг хамруулсан цахим сургалт, зөвлөгөөнийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд санхүү, бүртгэлийн нийт 470 гаруй ажилтан цахимаар оролцож, санхүү, эдийн засаг, бүртгэлийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, цаашдын бодлого, зорилтоо хэлэлцэн, зорилгоо тодорхойлсон уриалга дэвшүүлэв. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн санхүү, бүртгэлийн нийт ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний ажилтнуудад төрийн одон медаль, салбарын тэргүүний ажилтан, салбарын яамны жуух бичиг гардуулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн гэдгийг дурдав. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопэний нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэршүүлснийг дуулгахад таатай байгаагаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатар хот нэрт хөгжмийн зохиолч Фредерик Шопэний нэрэмжит гудамжтай болсноор хоёр орны харилцааны бэлэг тэмдэг боллоо хэмээв. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулахад нийслэлтэй хамтран ажиллах саналтай байгаагаа онцоллоо. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва бизнес форум зохион байгуулах ажлыг ихэд чухалчилж байна хэмээгээд Улаанбаатар хөгжиж буй хот учир бизнесийн салбарт Польш Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхэд нийслэлийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах болно гэв. Уулзалтын үеэр талууд бизнес форум зохион байгуулахад хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна
2021-12-12 12:54:46 Нийтлэгдсэн: Нийгэм Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран зохион байгуулсан Хотын аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байна. Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулахад оршиж буй юм. Түүнчлэн тогооч нарын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт болон орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээг бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, тогооч нар харилцан туршлага солилцох давуу талтай. Хотын аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлсийн дарга Т.Золжаргал нээж Монгол улсад хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршооны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд угтаж Хотын аварга тогооч уралдааныг зохион байгуулж байна. Хоол бол тухайн үндэстний өв соёлын хадгалж ирсэн том уламжлал. Энэ цаг үед өөрсдийн уламжлал болсон хоолны мөн чанар, үндсэн соёлыг авч үлдэнэ гэдэг том ач холбогдолтой үйл явдал юм хэмээв. Уралдааны үеэр Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр Энэхүү арга хэмжээнд 50 гаруй тогооч оролцож байна. Ингэхдээ уралдаан, тэмцээнд орж байгаагүй, голдуу төрийн үйлчилгээнд ажилладаг тогооч нар оролцлоо. Ажил, мэргэжлийн уралдаан хүнд тухайн мэргэжлээрээ бахархах, харилцан суралцах боломж бүрдүүлж, урам зориг өгдөг. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог боллоо гэлээ. Тус уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй олон улс, улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцож байгаагүй тогооч нар оролцож байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Халтиргаа гулгаатай талбай, өгсүүр замуудад давс, бодис цацаж байна
2021-12-12 12:52:15 Нийтлэгдсэн: Нийгэм Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн цас орж, нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цасан бүрхүүл тогтсон тул Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч нар ажилдаа эртлэн гараад байна. Өнөөдөр зам талбайн 816 үйлчлэгч тусгай зориулалтын 68 машин техниктэй ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давсыг зам, талбайд цацаад буй. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тусгай зориулалтын 42 автомашин, техник гаргаж, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна. Тодруулбал, давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн 11 автомашин, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн нэг машинтай ажиллаж байгаа юм. Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 14 машиныг цас цэвэрлэгээнд гаргажээ. Мөн бага оврын шүүрт 16 автомашин явган хүний зам, талбай, авто замын нуух цэвэрлэж байна. Хот тохижилтын газрынхан Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Туннел, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамжинд 57 тонн бодис зарцуулжээ. Харин Баянзүрх дүүргийнхэн 805-р анги, Дарь эхийн замд нэг тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр замд гурван тонн давс, Хан-Уул дүүрэгт Охь мандал ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс цацсан байна. Чингэлтэй дүүргийн ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн таван автомашин, хог, цас сорох зориулалттай шүүртэй хоёр машин гарган ажиллаж, Хөшигийн хөндийн хурдны зам болон Налайхын замд тус бүр 10 тонн давс цацаж, халтиргаанаас хамгаалжээ. Тус дүүргийн ажилчидЦэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замууд, Өвөр гүнтийн зуслан чиглэлд камаз автомашинаар давс цацан ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Хөтөл чиглэл, Грейт роүд ХХК Моносын уулзвараас Хүй долоон хүртэлх замд таван тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд зургаан тонн бодис цацжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй