Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!!Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Гуравдугаар сарын 04-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Шөнөдөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Өнөөдрөөс “Зүүн салаа - Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн шинэ чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ

​ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ. Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу Зүүн салаа - Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой гэжНийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. ​ ​

Харьков хотоос хамгийн сүүлд галт тэрэгт суусан эрэгтэй оюутнууд Львовт аюулгүй хүрчээ

​ Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Эхний галт тэрэгт нэг эрэгтэй, зургаан эмэгтэй оюутан, нэг монгол эмэгтэй суусан. Дараагийн галт тэрэгт 11 эрэгтэй оюутан суусан байна. Хамгийн сүүлд галт тэрэгт суусан эдгээр 11 оюутан гуравдугаар сарын 1-ний 21:00 цагт Львов хотод иржээ. Ингэснээр Харьковоос гарсан Монгол Улсын 19 иргэн 1018 километр замыг туулан аюулгүй хотод хүрлээ. Эдгээр иргэн Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтан тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр ажиллаж байгаа юм.

Нийслэлд барилга барьж, ашиглалтад оруулах хүртэл 600 гаруй бичиг, баримт бүрдүүлдэг

​ Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран камерын шинэ шийдлүүдийг танилцуулсан юм. Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээнүүдтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс ажиллаж хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагын дагуу 381 төрлийн бүрдэл бичиг баримт бүрдүүлдэг байна. Эдгээрийг задалбал, давхардсан тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү процессын явцаас шалтгаалан 2021 оны хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой нийт 1087 өргөдөл, гомдол ирсэн байна. Иймд ирэх дөрөвдүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийг үндэслэн, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан Онлайн бизнес төв цахим системээр нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийн шат дамжлагуудыг багасгаж, иргэн, аж ахуй нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулах шаардлагатай байгааг танилцуулсан юм. Тус цахимжуулах ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва үүрэг болгов. Эх сурвалж: Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар

e-Mongolia | “Оюутан цэрэг”-т бүртгүүлэх ЗААВАР

Оюутан цэрэг сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022.03.01-2022.03.10 хүртэл e-mongolia системээр авах юм. Тус хөтөлбөрт: 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ. Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курсэд суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.