АНУ-д 100 метр тутамд хэт таргалалттай хүн тааралддаг гэдэг. Энэ нь түргэн хоол болон кока коланы ач тус гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын хэрэглэдэг хоол, хүнсний нэр төрөл нэмэгдсэн, нөгөөтэйгүүр нийтийн биеийн тамир зэрэг идэвхтэй хөдөлгөөний хүчин зүйл үгүй болсоны улмаас илүүдэл жинтэнгүүд олширсон. Улсын клиникийн төв эмнэлгийн эмч М.Ундралтай илүүдэл жингийн талаар ярилцлаа. -Монголчуудын дунд бий болж буй сөрөг зүйл нь таргалалт. Энэ талаар мэдэхгүй хүн ч гэж бараг байхгүй. Таргалалтын гол шалтгаан нь юу вэ? -XX зуун бол хүн төрөлхтний хувьд ерөнхийдөө өлсгөлөн, хоол, тэжээлийн дутагдалтай үе байсан. Энэ үед хүмүүс биедээ өөх хуримтлуулах талаар боддог байжээ. Тодруулж хэлбэл, хүмүүс турж үхэхээс айдаг байсан бол өдгөө эсрэгээрээ хүмүүсийн сэтгэхүй, амьдралын хэв маяг, хооллолт зэрэг бараг бүх зүйл өөрчлөгдсөн. Наад зах нь хөдөлгөөний дутагдалд орох, хэт түргэн хооллох, хийжүүлсэн ундаа уух нь энгийн үзэгдэл болсноор хоолны дэглэм алдагдаж, өндөр илчлэгтэй хоол хүнс их хэрэглэснээс таргалалт үүсч байна. -Тэгэхээр таргалалтыг өвчин гэж ойлгож болох нь ээ. Монголчуудын хэдэн хувь нь илүүдэл жинтэй байгаа бол? -Дэлхий даяар нийт 140 сая хүн хэт таргалалттай гэсэн судалгаа бий. Хүн амынх нь 93 хувь жингийн илүүдэлтэй улс ч байдаг. Сүүлийн үед дэлхий нийтээр үүнийг тахал хэмээн үзэж байна. Манай орны хувьд Эрүүл монгол хүн хөтөлбөрөөр судалгаа хийж үзэхэд нийт хүн амын 14.3 хувь нь жингийн илүүдэлтэй гэж гарсан. -Жингийн илүүдэл, таргалалт хоёр ялгаатай юу? -Ялгаатай. Жингийн илүүдэл нь биед бага зэрэг өөх хуримтлагдахыг хэлнэ. Харин таргалалт гэдэг нь хэвийн байх ёстой хэмжээнээс хэт их өөх хуримтлагдахыг хэлдэг. Ер нь таргалалт гэхээрээ өвчин болно гэсэн үг. Эмч нар хүний илүүдэл жинг хэмжих нэг томъёо бодож олсон байдаг. Энэ нь биеийн жинг өндрийн кв-т хуваах томъёо. Тухайлбал, 160 см өндөртэй хүн байлаа гэж бодъё. Тэгвэл өндрийнхөө хэмжээг метрт шилжүүлж, кв-ыг нь олно. Өөрөөр хэлбэл, 160 см бол 1.6 метр гэсэн үг. Үүний кв нь 2.56. Тэгээд жингийнхээ хэмжээг кв-тдаа хуваахад гарсан хариугаар нь тооцож үзнэ. Энэ томъёогоор илүүдэл жингээ өөрсдөө ч бодох боломжтой. Хэрэв гарсан дүн нь 30-аас дээш бол таргалалт, 25.5-30-ийн хооронд бол жингийн илүүдэл гэж үзнэ. -Таргалах нь зөвхөн харагдах байдлаасаа биш эрүүл мэнд талаасаа ямар сөрөг нөлөөтэй вэ? -Хэрэв таргалалттай гэж гарвал бүх эд, эрхтний тогтолцоонд өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, эрхтний системийн гэмтэл илэрдэг. Наад зах нь зүрхний шигдээс үүсэх, даралт ихсэх, мөн цусан дахь өөх, тосны хэмжээ ихэссэнтэй холбоотой судасны хатууралтай болдог. Илүүдэл жин нь үений өвдөлт, нурууны суулттай болоход нөлөөлөхөөс гадна арьс, уушгиний эмгэг зэргээр бүх эрхтнийг гэмтээдэг. Энэ мэт маш олон сөрөг үр дагавартай. Хүнийг үхэлд ч хүргэж болох аюултай. Ер нь таргалалт бүх өвчний суурь болдог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийн хүн амын дунд хамгийн их өсч байгаа чихрийн шижин, даралт ихсэлт, харвалт, зүрхний шигдээс зэрэг бүх өвчний эх үүсвэр болж байна. Тиймээс таргалалтыг дэлхий нийтийг хамарсан тахал гэж үздэг. -Зарим хүмүүс өвчний тарга гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өвчний улмаас таргална гэж байх уу? -Байдаг. Таргалалт дотроо анхдагч, хоёрдогч гэж байна. Анхдагч таргалалт нь хүний калорийн хэрэгцээтэй холбоотой. Эмэгтэй хүн өдөрт 2800, эрэгтэй хүн 3300 килокалори хэмжээтэй хүнс хэрэглэх ёстой. Харин энэ хэмжээнээс хэтэрвэл өөх хуримтлагдана. Мөн хөдөлгөөний дутагдалтай холбоотой таргалалт нь анхдагчид ордог. Харин гормон, жирэмснээс хамгаалах эм, сэтгэцийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэх буюу суурь өвчнөөс болж жин нэмэгдсэн бол хоёрдогчоор үүссэн таргалалт болно. -Хүмүүс жингээ барихын тулд хоолоо сойх, эм уух зэрэг олон арга хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй вэ? -Ерөнхийдөө таргалалтын эмчилгээнд гурван зарчим байдаг. Түүний нэг нь хоолны дэглэм. Өөртөө таарсан килокалороо тааруулж иднэ гэсэн үг. Дээрээс нь хөдөлгөөний болон сэтгэл заслын эмчилгээг зайлшгүй хийдэг. Хоёр дахь нь эмийн эмчилгээ. Эмийн эмчилгээнд хоолны дуршил бууруулдаг эм орно. Гуравт ходоод тайрах, өөх соруулах зэрэг мэс заслын эмчилгээнүүд багтана. -Хоолны дэглэмийг яаж баривал зүгээр вэ. Хүмүүс огт хоол идэхгүй удах тохиолдол байдаг? -Юун түрүүнд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд биеийн жиндээ тааруулсан килокалорийг өдөртөө тааруулж бодуулаад, өөрөө хоолны цэсээ зохиож идвэл илүү тустай. Түүнээс биш хоолоо хамаагүй хасвал давхар өвчний суурь болно. -Тэгвэл эм хэрэглэх нь хэр үр дүнтэй вэ? -Шаардлагатай үед эм хэрэглэнэ. Хэт их жинтэй хүмүүс дасгал хийж, хоолны дэглэм бариад жингээ хасч чаддаггүй. Ийм хүмүүс л тодорхой хугацаанд эм хэрэглэдэг. -Стрессээс болж таргалалт үүсдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү? -Үнэн. Турах эмчилгээнд сэтгэл засал хамгийн гол эмчилгээ болдог. Хүний сэтгэл гэдэг их чухал. Бас өөрөө даавар ялгаруулдаг гэдэг. Тэгээд сэтгэл санаагаар унах юм бол даавар хэт ялгарч, хүн их идэж эхэлдэг. Хэдий их идлээ гээд стрессээс бүрэн гарахгүй ч жаахан хөнгөрнө. Тэгэхээр таргалалтад нөлөөлдөг нь яалт ч үгүй үнэн. -Сүүлийн үед зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд жиндээ санаа тавих болсон. Ажиглаад байхад залуусын дунд таргалалт ихэссэн юм шиг санагддаг. Энэ юутай холбоотой вэ? -Манай эрчүүдийн амьдралын хэв маяг их буруу байна. Хөдөлгөөн багатай, хоолны дэглэм барьдаггүй тал бий. Хоолны дэглэм гэдэг бол бага хэмжээгээр ойр, ойрхон зөв хооллохыг хэлдэг. Гэтэл манайхан өглөө гарахдаа хоосон гарна. Өдөр их хэмжээгээр нэг хооллоно, орой унтахаасаа өмнө бас идэх жишээтэй. Энэ байдал нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Дээрээс нь пиво их хэмжээгээр уудаг. Пиво их уух нь хэвлийн таргалалтыг үүсгэдэг. Манайхны бас нэг дутагдал бол цагаан идээнээсээ илүү махан хоолыг түлхүү хэрэглэдэг. -Хүмүүс жингээ барихын тулд тамхи татдаг. Жин барихад тамхи нөлөөлдөг үү? -Тамхидалт нь өөрөө таргалалтын бас нэг шалтгаан болдог. Архи уувал бас таргална. Тэгэхээр жингээ барихын тулд тамхи татна гэдэг буруу ойлголт. -Тэгвэл таргалалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргыг манай уншигчдад хэлж өгөхгүй юу? -Хамгийн гол нь амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт, хөдөлгөөний идэвхтэй байдал. Түүнчлэн архи, тамхи хэрэглэхгүй байх нь чухал. -Ярилцсанд баярлалаа.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нарын урилгаар АНУ-ын Delaware мужийн Wilmington хотын хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч доктор Freeman Miller манай улсад ирээд байгаа билээ. Тэрээр хүүхдийн тархины саажилтаас үүссэн согогыг эмчлэх мэс заслын эмчилгээний талаар манай улсын хүүхдийн эмч нарт өнөөдөр сургалт зохион байгуулна. Сургалтын хүрээнд хүүхдийн алхаа гишгээг шинжлэх лабораторийн оношлогоог хэрхэн хийх талаар заах юм байна. Мөн Freeman Miller нь согог судлалын үндэсний төвд энэ сарын 25-ныг хүртэл тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж оношлох аж.
Уг гарлын хувьд тайлагдашгүй түүхэн нууц байсаар ирсэн амин дэмийн эх булаг, цитрусын төрлийн лимон хэмээх гайхалтай жимсний үүх түүх дундаршгүй юм. Энэтхэг, Бирм, БНХАУ зэрэг улсуудад ургуулж эхэлсэн лимон жимсийг дэлхийн олон оронд эрүүл зөв амьдралын эх булаг болгон хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн өнө эртний түүхтэй билээ. Ингээд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд зүйл бүрийн ашиг тустай лимон жимсний үр ашгийг хүртэх хамгийн энгийн алхам болох нимбэг-тэй усны хэрэглээ болон бидний биед үзүүлэх эерэг нөлөөний талаарх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай. Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ. Амны хөндийг эрүүл байлгана. Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ. Жингээ хасахад тустай. Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна. Ханиадыг нам дарна. Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно. Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм. Гоо сайхандаа санаа зоволтгүй боллоо. Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна. Эцэст нь: Хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт 2 удаа ууна. Харин 71 ба түүнээс жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж уух ажээ.
Охид бүсгүйчүүдийн хувьд жингээ барих, турах нь сэтгэлийг нь хэзээд түгшээдэг хэсэг бүлэг бэрхшээлүүдийн нэг байдаг. Гоолиг бие галбираа хадгалж сэтгэл хангалуун байх үндэс болсон цөөнгүй арга байдгаас дараах хялбар басхүү хөгжилтэй аргуудаас сонирхуулж байна. Хамгийн гол нь энэхүү тоглоомын гол дүрэм бол тэвчээртэй байх явдал гэдгийг санаарай. Ингээд хэдэн тоот дасгалуудад баригдалгүйгээр хүссэнээрээ хүссэн галбираараа гайхагдацгаая. 1. Амьсгалах Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг. 2. Мөстэй ус уух Хэр их хүйтэн ус ууна тэр хэрээрээ жингээ хаслаа гэсэн үг. Хүйтэн зүйл уух тусам таны бие организм түүнийгээ бүлээтгэх гэж төдий чинээ энерги зарцуулах юм. Тасалгааны температурт байлгасан ус уухаас илүү мөстэй хүйтэн 8 стакан ус ууснаар өдөрт 70 калори илчлэгийг шатааж өгдөг ажээ. 3. Зөв хооллох Хоёр цаг тутам бага багаар хооллодог хүмүүсийн хоолны шингэц болон бодисын солилцоо сайжирдаг бөгөөд ингэснээр жингээ хурдан хаяхад нэмэртэй байдаг байна. 4. Цахилгаан шатны оронд шат Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно. 5. Гэр цэвэрлэх Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ. 6. Зогсох Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна. 7. Дагжих / Даарах Дагжиж чичрэх буюу даарах нь ч гэсэн биеийн илүүдэл илчлэгийг шатаадаг гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хэсэг зогсох, эсвэл хүйтэн бүлээн шүршүүрт орох зэрэг нь турах, биеийн жинг барихад тустай ажээ. 8. Халуун ногоотой хоол хүнс хэрэглэх Үдийн эсвэл оройн хоолондоо 5 гр Табаско халуун ногоо нэмэхэд таны биеийн бодисын солилцоог 12-20% сайжруулж хоолны шингэцэд тань нөлөөлснөөр биеийн жинг тэнцвэртэй байлгахад маш үр дүнтэй гэнэ. 9. Дэлгүүр хэсэх Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна. 10. Утсаар ярих Хэн нэгэн дотны хүнтэйгээ бүтэн цагийн турш элдвийг хамж шимэн ханатлаа чалчихад 46 калорийг шатаадаг гэдгээ мэдэх үү? Хэдий удаан чалчина төдий чинээ хүссэн галбираа олоход тань дөхөмтэй байх болно.
Хүүхдийн тус багаддаггүй гэж үнэн ажээ. Саяхан Их Британи улсад нэгэн гайхалтай явдал болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Таван настай Жоби Грейвс гэх хүү ээжийгээ төрүүлж, дүүгээ эх барьж авчээ. Хорин найман настай түүний ээж төрөх дөхсөн байсан бөгөөд гэнэт дуншиж улмаар ус нь гарчээ. Түргэний эмчийг ирэхээс өмнө ээж нь төрж дүү нь гарсан аж. Өвдөлтөөсөө болж ихэд сульдсан ээжийгээ хүү том хүн шиг асарсан гэнэ. Шинэ төрсөн дүү нь хүйгээрээ хүзүүгээ ороон амьсгалж чадахгүй байхад Жоби ээжээрээ заалган ээж дүү хоёрынхоо хүйг нь хайчилжээ. Эмч нар 10 минутын дараа ирсэн бөгөөд хэрэв Жоби дүүгийнхээ хүйг салгаагүй бол амьдрахгүй байх байсан гэжээ. Бяцхан хүүхдүүдийн баатарлаг үйлсээр бахархахгүй байхын аргагүй. 2010 онд Өмнөговь аймгийн хоёр настай Б.Саранчимэг охин арван сартай дүүтэйгээ хоёулхнаа гэртээ байжээ. Гэтэл зуухнаас оч үсэрч улмаар гал түймэр гарч гэр нь шатсан юм. Харин Б.Саранчимэг охин өөрөө хөлд ороод удаагүй хэрнээ арван сартай дүүгээ чирч гулдран байж галын аюулаас аварч Энэ цагийн эгэл баатар-аар тодорч байсан билээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй