Зөгийн бал бол хүний эрүүл мэнд, гоо сайханд тустай бүтээгдэхүүний нэг юм. Химийн бус байгалийн гаралтай гайхалтай амттай зөгийн бал нь элсэн чихрийн хэрэглээг ч багасгаж өгдөг давуу талтай. Түүнчлэн гоо сайхан, тэр тусмаа эрүүл тунгалаг арьстай байхад тань зөгийн бал тун их нөлөө үзүүлдэг. Зөгийн бал хэрэглэхэд цусны эргэлт сайжирч, арьсны өнгө сэргэнэ. Хэрвээ та өнөөдөр ваннтай усанд орох бол усандаа халбага зөгийн бал хийгээд үзээрэй. Ингэснээрээ таны арьс тэжээл авахын зэрэгцээ бие тайвширч, тавтай сайхан унтаж амрахад дөхөм болдог. Мөн зөгийн бал үсэнд гайхалтай ангижруулагч болдог төдийгүй гэрэлтсэн, амьд өнгөтэй харагдуулна. Тэгвэл зөгийн балыг ашиглаж арьсандаа маск тавих цөөн аргаас танилцуулъя! Зөгийн балыг овьёостой, аль эсвэл алимны шүүстэй холин нүүрэндээ маск тавьж, арьсаа чийгшүүлээрэй. Ингээд 15 минут болсны дараа бүлээн усаар нүүрээ угаа. Сүү болон зөгийн балыг хольж арьсандаа 10 минут маск тавихад арьс тань чийг тэжээлээр хангагдаж, өнгөлөг сайхан болсон байна. Мөн зөгийн бал, оливийн тос, лемоны шүүс зэргийг хольж арьсандаа маск тавьж болно. Зөгийн бал, лемоны шүүс, гүзээлзгэнэ зэргийг ижил хэмжээтэй холиод, нүүрэндээ маск тавихад гэрэлтсэн сайхан болохын зэрэгцээ танаас анхлим үнэр үнэртэж, таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Түүнчлэн зөгийн балыг буцалсан халуун усанд хандалж, бүлээн болгоод нүүрээ угаа. Маргааш өглөө нь та итгэмээргүй үр дүнг харах болно. Гэхдээ зөгийн балтай маск хэрэглэхдээ арьсныхаа төрлөөс хамааран зөгийн балны орц найрлагыг тодорхойлох ёстой. Мөн зөгийн бал үхжсэн арьсыг гуужуулж, өнгөлөг толигор болгох ид шидтэй юм. Тиймээс та зөгийн балтай маск хэрэглэснээр цагаасаа эрт хөгширсөн арьсандаа тэжээл өгч, урьдын адил толигор, өнгөлөг арьстай болох боломжтой. Өөрөөр хэлбэл үрчлээ мэдэгдэхүйц байдлаар арилж, арьс чангарсан байх болно. Мөн зөгийн бал нь арьсны үрэвсэл, үлд, батга зэргийг анагаах чадвартай
Ногоон цайны гайхамшигт шинж чанарыг дорно дахинд эрт дээр үеэс үлэмж ихээр үнэлж ирсэн түүхтэй. Өнөө үед ч цайг дээдлэх энэхүү үзэл үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд хэдийнэ илрүүлсэн билээ. Тэгвэл ногоон цайны ид шид нь чухам юундаа байдгийг, яагаад хүмүүс зуун зууны туршид эрхэмлэн хэрэглэж ирснийг хамтдаа тодруулъя. Ногоон цайг шилдэг болгодог 20 чанар 1. Өдөрт 2-3 аяга ногоон цай уувал уг эм зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна. 3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм. 4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог. 5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг. 6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно. 7. Энэ цайнд агуулагддаг Танин хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг. 8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй. 9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ. 10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна. 11. Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг. 12. Стронц гэх хорт бодисыг хүний биеэс гадагшлуулах увидас ногоон цайнд байгааг эрдэмтэд нээж, цаашид ногоон цай нь цацрагт туяаны сөрөг үр дагаврыг арилгаж чадах эсэхийг судалж байна. 13. Ногоон цай бол шингэн алдалтыг зогсоох шилдэг эм төдийгүй шингэн алдалтыг нөхөхөд гол дэм үзүүлдэг. 14. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. 15. Энэ цай хүний цусан дахь холестерины хэмжээг багасгадаг. 16. Тамхичдад нэгэн таатай баримт дуулгахад, тамхинаас хүний биед үзүүлдэг хортой нөлөөг ногоон цай багасгадаг гэнэ. 17. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. 18. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө. 19. Энэ цайг ууснаар бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байна. 20. Ногоон цайны шаараар хийсэн бигнүүрийг нүдэн дээрээ тавибал нүдний ядаргаа богино хугацаанд тайлагддаг. Хэрэв та ногоон цайны ид шидийг хүртмээр байвал яг одоо залхууралгүй босоод өөртөө нэг аяга ногоон цай аягалаарай.
Грек самар буюу хушга эрчүүдэд тустай гэж америк эрдэмтэд мэдээлжээ. Эл самрыг өдөр бүр тогтмол хэрэглэвэл үрийн шингэний чанар сайжирч, үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь, хушганд альфалиноленовын хүчил ихээр агуулагддаг аж. Энэ нь Омега-3 тослогт хүчлийн гол үүсгүүр юм байна. Судалгаанд хамрагдсан 21-35 насны 1200 залууд гурван сарын турш өдөр бүр 75 гр хушга идүүлэхэд үр дүн нь гайхалтай байж, үрийн шингэний хурд, хэлбэр, бүтэц зэрэг нь сайжирсан байна. Дашрамд өгүүлэхэд, альфа-линоленовын хүчил хулууны үр, шар буурцаг болон хар ногоон өнгөтэй ногоонд ихээр агуулагддаг гэнэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч М.Даваамөнх: Донтох нь нэг төрлийн сэтгэцийн өвчин
2012-08-14 09:19:49 Нийтлэгдсэн: Эрүүл мэндСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч М.Даваамөнхтэй ярилцлаа. -Юуны өмнө хүмүүсийн нэрлэдгээр Галзуу буюу сэтгэцийн өвчний талаар тодорхой ойлголт өгөөч? -Яг сэтгэцийн өвчний дунд галзуу гэж өвчин байдаггүй. Галзуу гэдэг нь ХӨСҮТ-д хамаатай, галзуу нохой ч юм уу, амьтанд хазуулснаас болж галзуурах шинж илэрдэг өвчин. Харин манай төвд сэтгэцийн биеэ даасан өвчнүүд л хамаардаг. -Нэлээд олон төрлийн өвчлөл байдаг гэсэн. Ямар өвчлөл нь манайд илүү тохиолддог вэ? -Ихэвчлэн сэтгэцийн архаг солиорох эмгэг, тархины гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт илэрдэг байсан бол сүүлийн үед архи, мансууруулах бодисын чиглэлийн болон нийгмээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд ихсэх хандлагатай байна. -Архи, мансууруулах чиглэлийн бодис нь сэтгэцийн өвчин үүсгэдэг гэсэн үг үү. Энэ өвчин үүсэх гол шалтгаан нь юу вэ? -Энэ өвчин нь дотроо олон янз учраас өвчин бүр нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг. Удам дамжих болон тархи, толгой гэмтэх, нийгмийн стресс, донтох зэргээс шалтгаална. Архи, тамхи ч юм уу ямар нэгэн зүйлд донтсоноос болж сэтгэцийн өөрчлөлттэй болж болдог. -Стрессээс болж үүсдэг гэлээ. Үүнийг тодруулахгүй юу? -Нийгэм хөгжөөд хүний хийж байгаа зүйлс их хийсвэр болж, дээр нь оюуны хэт ачаалал, стрессээс үүдэн сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд өсч байна. Архи уух, хар тамхинд донтох зэрэг эмгэг нь мөн л стресстэй холбоотой үүсч байгаа. -Цочролд орсноос болж сэтгэцээр өвчилдөг үү? -Байж болно. Хүчтэй цочролын улмаас түр зуурын сэтгэл санаа хямрах үзэгдлүүд гарна. Ер нь ойр дотны хүн нь нас барах болон гамшгийн үед хүний сэтгэл санаа түр зуур хямрах шинж тэмдгүүд илэрч болдог. Гэхдээ тухайн зүйл нь өнгөрсний дараа эмчийн тусламжтайгаар хэвэндээ орно. -Тоглоомонд донтсоноос болж сэтгэцээр өвчлөх тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар? -Тоглоомонд донтох байдал голдуу бага насны хүүхдүүдэд илэрдэг. Насанд хүрэгчдийн хувьд мөрийтэй тоглоомд донтох тохиолдол байдаг ч нэг их ирдэггүй. Гадуур бол ийм өвчтэй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь өвчин болж, амьдралынх нь утга учир өөрчлөгдчихсөн хүмүүс их бий. -Тухайн хүн өөрийгөө өвчилсөн гэдгийг мэдэх боломжтой юу. Өөрт мэдэгдэхүйц ямар шинж тэмдэг илрэх вэ? -Ихэнх тохиолдолд өөрийгөө мэддэггүй. Уурлаад байгаа хэрнээ би уурлахгүй байна аа гэх ч юм уу. Иймэрхүү шинж тэмдэг архичин хүнд их илэрдэг. Архи их уудаг мөртлөө би архичин биш зохицуулаад явдаг, амьдралаа аваад явж байна гэдэг. Гэтэл яг үнэндээ архинд донтох өвчтэй болчихсон л байдаг байхгүй юу. Гол илрэх шинж тэмдэг маань өвчин бүрт өөр байдаг. Хамгийн элбэг тохиолдох шинж тэмдэг нь нойрны асуудал. Нойргүйтэх, их хөнгөн унтах, зүүдлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн сэтгэл санаа гуньж, гутраад хүнтэй ярихаа болих, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй болох ч юм уу. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж эхэлнэ гэсэн үг. Цаашдаа хүндрэх юм бол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд хүрнэ. -Улирлын шинж чанартай холбоотой өвчлөл ихэсдэг гэж сонссон. Энэ үнэн үү? -Биеэ даасан буюу дотоод шалтгаантай өвчин эмгэгүүд нь голдуу хавар, намрын үед сэдрэх, хөдлөх магадлал ихтэй байдаг. Яах вэ, албан ёсоор тогтоогоод судалж гаргасан зүйл байхгүй. Хавар, намрын үед ихсэх хандлагууд ажиглагддаг. -Одоо танай төвд хэчнээн хүмүүс эмчлүүлж байна? -Манай эмнэлэг 450 ортой. Байнга л дүүрэн байдаг гэж ойлгоход болно. Гадуур хяналтад эмчдээ үзүүлж, эмээ уугаад явдаг хүмүүс байна. Одоо хүндрэлтэй байгаа ч гэсэн удахгүй шинэ цогцолбор баригдана. Ерөнхийдөө нийгмийн хөгжлийг дагаад сэтгэцийн өвчнүүд ихэсч байгаа. Америк, Японд л гэхэд амиа хорлох явдал маш өндөр түвшинд гарсан. -Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу? -Яг ямар өвчин гэдгээсээ л шалтгаална. Дотоод шалтгаантай сэтгэцийн өвчнөөс сэргийлнэ гэдэг хэцүү. Харин тархи, толгойны гэмтэл зэрэг гадны нөлөөгөөр үүсэх эмгэгээс бол хамгаалж болно. Тэгэхээр аль болох гэмтэл бэртлээс сэргийлэх. Гэмтэл авсан тохиолдолд тэр дор нь эмчлүүлээд явбал сайн. Мөн архи, дарс болон бусад донтуулах зүйлээс зайлсхийх хэрэгтэй. Дээр нь сэтгэлийн цочрол авсан үед өөрөө өөрийгөө тайвшруулах арга заслуудыг хэрэглэж болно. -Уг өвчнийг оношлоход хүнд байдаг уу. Яаж оношилдог вэ? -Энэ өвчнийг сэтгэцийн эмчид үзүүлж байж оношилно уу гэхээс биш, компьютер, шээс, цусны шинжилгээгээр ч юм уу тодорхойлно гэж байхгүй. Голдуу сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч ярилцлагын үндсэн дээр оношилдог. -Бүрэн эмчлэгдэх үү? -Биеэ даасан сэтгэцийн архаг солиорлууд эдгэрэхгүй тохиолдол бий. Гамшиг болон сэтгэцийн түр зуурын хямралын улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтүүд бүрэн эдгэрдэг. -Ярилцсанд баярлалаа.
Сүүлийн жилүүдэд түнхний мултралтай төрөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ. Түнхний мултралыг эрт оношилж чадвал эдгэрэх нь хурдан байдаг аж. Тиймээс энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гарагаас эхлэн Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр Япон улсын бариа заслын эмч нар үнэ төлбөргүй оношилгоо, эмчилгээ хийх гэнэ. Мэргэжлийн эмч нар тав хоногийн хугацаанд түнхний мултралтай 3-5 сартай нярай, үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж, эмчлэх юм байна.Эрүүл мэндийн олон нийтийн харилцах албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй