Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 51 буюу 16.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 48 буюу 15.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. -Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ? -Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй. -Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу? -Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана. -Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу? -Вакцин хийлгэснээр вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж, тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Өнөөдөр 15 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилсээр буй. Өнөөдөр 40 цэгт 561 эмч ажилтан ажиллаж, 15374 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дараах цэгүүдэд дархлаажуулалтыг хийх юм. Нийслэлд хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш өчигдөр 16:00 цагийн байдлаар 108586 иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын эхний тунг хийлгээд байна. Тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн сая иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байна.

“Астразенека” вакцины 14400 тунг энэ сарын 15-ны дотор татан авна

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлжээ. Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээллээ. Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах юм байна. Үүнд Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн Астразэнэка вакцинаас 150 мянган тун, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй Синофарм вакцинаас 300 мянган тун, ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй Спутник V вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж. Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ. Вакцин татан авалтын талаар мэдээлэхдээ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэлАстразенека вакцины112,000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14,400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна. Түүнчлэн ОХУ-аас манай улсадСпутник V вакциныгтусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна. Синофарм компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол КОВАКС хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээндФайзер вакцины25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.

Вакцин хийлгэхэд зонхилон илэрч буй ШИНЖҮҮД

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд дараах шинж тэмдэг илэрч байна. Үүнд: Халуурах Толгой өвдөх Тариулсан хэсэг хөндүүрлэх Үе мөч өвдөх Ядрах Бие арзайх, Дотор муухайрах Тус вакцин хийлгэж эхэлснээс хойш халдвар буурч байгаа олон жишээг дурдаж болно. Тухайлбал, Изриаль улс хүн амынхаа 70-80 хувийг дархлаажуулсан бөгөөд цаашид зайлшгүй хийх ёстой вакцины тоонд оруулахаар хууль зүйн орчноо бүрдүүлж буй анхны улс болж байна. Эхний тунг хийлгэсний дараа дархлаа тогтоц 92 хувь байгааг мэдээлсэн байна. Үр дүн гарч буй ч зарим оронд коронавирусийн шинэ хувилбарууд илэрч байна. Их Британи, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах зэрэг улсад бүртгэгдээд буй ч Европ, Азийн орнуудад тархах хандлагатай байна. Иймээс хаврын буюу 4,5-р сард мутацад орсон шинэ коронавирусийн тархалт дэлхийд дэгдэж магадгүйг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэд анхааруулсан тул айл хэсэхээс татгалзах өргөн золголт хийхгүй байх амны хаалт зүүх гарын ариун цэврийг сайтар сахих хүн хоорондын зай барих чухал гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.

Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтад хамрагдав

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Энэ нь Их Британийн биотехнологийн AstraZeneca компанийн Azd1222 вакцин юм. Баянзүрх дүүрэгт байнгын ажиллагаатай 3 цэг ажиллаж, НЭГ ХААЛГА НЭГ ШИНЖИЛГЭЭ-нд хамрагдаагүй үлдсэн өрхүүд болон яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдээс шинжилгээ авч байна. Ингэхдээ өнөөдрөөс эхлэн зөвхөнeruul.gerege.mnсайтаас цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.