Өнгөрсөн жилийн наадмаар Х.Мөнхбаатар арсланг гарьдын даваанд хаяж, Цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олныг шуугиулсан хүн бол Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон баяр наадмын сорилго барилдаанаар ч түрүүлж, энэ жил дахин амжилттай барилдах боломжтой гэдгээ харууллаа.
Ж.Бат-Эрдэнэ гарьдыг Хантайшир дэвжээнийхэнтэйгээ Мандал амралтын баазад бэлтгэлд гараад байхад нь уулзаж, ярилцсанаа хүргэе.
-Өнгөрсөн жил Монгол Улсын начнаас Монгол Улсын гарьд хэмээх цолонд шууд хүрэхэд тань Монголын ард түмэн баяртайгаар хүлээж авч байлаа. Уухай хашгиралдаад л, 12-ны орой Цэнгэлдэх ямар их эмоцид дарагдаж байсныг одоо ч санаж байна?
-За баярлалаа. Монголчууддаа Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэе. Начин цолоо батлаад зогсоогүй улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэн тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан үе. Сэтгэлд бас амьдралд том өөрчлөлт, амжилт авч ирсэн болохоор 12-ны оройг би ч тод санаж байна.
-Харцага, заан гэдэг хоёр цолыг алгасаад гарьд цолонд хүрэхэд нэлээд бяр, ухаан хэрэгтэй байх. Энэ жил түүнээс ч илүү тэнхээтэй байгаа харагдаж байна?
-Миний бие наадамдаа барилдах гээд бэлтгэлээ базаагаад хориод хонолоо. Бэлтгэл сургуулилт ерөнхийдөө сайн байна. Бэртэл гэмтэл авсан юм алга. Ноднин жилийнх шигээ бэлтгэл сайн байгаа.
-Сорилго барилдаан түрүү бөхийн өнгө төрхийг тодорхойлдог гэдэг. Тэгтэл саяын сорилго барилдаанаар залуу гарьд маань түрүүлчихлээ. Энэ жил гарьд цолоо ахиулах боломж байгаа гэж ойлгогдож байна шүү?
-Бэлтгэл гайгүй учраас сая барилдаад ямар ч байсан түрүүллээ. Энэ жилийн өнгө сайхан байна гэж бодож байна. Цолоо хамгаалж, ахиулахын төлөө барилдана аа.
-Сорилго барилдаанаар, өрсөлдөгч бөхчүүдээ шинжив үү?
-Гол гол дэвжээний, нэлээн хэдэн бөхчүүд ирсэнгүй. Миний харж байснаар аймгийн арслангууд, улсын шинэ, залуу начингууд их сайн барилдаж байсан. Сайхан барилдаан болсон.
-Улсад сайн барилдах бөхчүүдийнхээ барилдааныг мэдэж байгаа байх. Өөрийнхөө хэр хэмжээг ч харьцуулж, тооцоолсон биз?
-Тэгэлгүй яах вэ. Тэр, энэ бөхчүүд сайн байгаа, тэр тэрэнтэй таарах магадлалтай. Тэр нутгийн бөхчүүдийн бэлтгэл сайн хангагдсан гээд бүгдийг тооцоолж, бодсон.
-Гол өрсөлдөгчид тань ямар хүмүүс байна вэ?
-Наадмын өмнө хүний нэр хэлээд яах вэ. Нас ойролцоо, үе тэнгийн, залуу сайхан бөхчүүд байна аа байна. Өнгөрсөн жилээс манай үе гараад ирчихлээ. Үеийнхэн маань сайн барилдах байх.
-Өнгөрсөн жил гэснээс ноднингийн наадмаар Х.Мөнхбаатар арслантай долоогийн даваанд барилдахад маргаан гарсан. Х.Мөнхбаатар арслан наадмын комисст өргөдөл хүртэл гаргаад амжсан байх аа?
-Тэгж сонсогдсон шүү.
-Тэр үед юу бодогдож байв?
-Би ч тухайн үед нэг их юм бодоогүй. Болдог юм болдогоороо л болоод өнгөрсөн. Мянга буруу, зөв гээд яах билээ. Нэгэнт барилдаан болоод өнгөрсөн шүү дээ. Дараагийн даваагаа яаж давах вэ гэдгээ л бодож байлаа.
-Түүнээс хойш Х.Мөнхбаатар арслантай барилдаанд таарав уу?
- Түүнээс хойш таараагүй. Өмнө нь ч гэсэн бид хоёр таарч барилдаж байгаагүй юм. Өнгөрсөн жилийн наадмаар л анх удаа таарсан.
-Энэ жил дахиад таарвал ямар барилдаан гарах бол?
-Наадам юм чинь барилдах л байх. Ямар барилдаан гарахыг тэр үеийн тэнгэр мэднэ.
-Ер нь Х.Мөнхбаатар арслан, Ц.Содномдорж харцага гэсэн Хөвсгөлийн хоёр бөх хоёулаа л хэл ам гаргаад байсан байх аа?
-Тийм.
-Өнгөрсөн жил Бат-Эрдэнэ гарьд түрүүлчихмээр хийморьтой, цог золбоо, бяртай харагдаж байсан. Ер нь түрүүлчихэж мэдэх бяр амтагдаад байх шиг санагдсан?
-Сэтгэлд гал байсан.
- Энэ жил түрүүлээд арслан болчихвол нутгийнхнаас тань авахуулаад баярлах хүмүүс олон бий дээ?
-Манай Говь-Алтай аймгаас улсын арслан цол хүртэж байсан хүн түүхэнд байдаггүй юм билээ. Ойрын хугацаанд ямар ч байсан Говь-Алтайгаас нэг арслан төрнө гэж бодож байна.
Ганбаатар гарьд, Соронзонболд заан бид гурав Хантайшир дэвжээний тэргүүн бөхчүүдийн хувьд бэлтгэл сургуулилтаа хангаж, хичээх болно. Доороос гарч ирж буй дүү нараа ч дэмжиж, дэмнээд явахад Говь-Алтайд байдаггүй арслан цол нь удахгүй ирэх байх. Аварга нь байгаа юм чинь арслан цол нь ирэх байлгүй дээ.
-Өөрийг тань хурдан шаламгай, хөдөлгөөнтэй, мэх сайтай гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг юм билээ. Үүнтэй санал нэг байна уу?
-Миний хувьд жин бага, нуруу, чац тийм өндөр биш. Тийм учраас өөртөө таарсан барилдаан гаргаж, явж барилддаг. Хүнийг харах биш хүнд өөрөө мэх хийж, хаядаг. Барьц сонгоон дээр очихоос өмнө л барилдаанаа хийж дуусгахын төлөө барилддаг юм.
-Хөл авахдаа их мундаг гэх юм билээ?
-Тийм ээ. Дархан мэх гэвэл хөл авна даа. Хөлийг янз бүрийн байрлалаас авдаг. Ер нь тухайн барилдаж буй хүндээ тохируулаад өөрийн мэдрэмжээрээ тааруулсан мэх хийж барилддаг гэж болно.
-Хүнд өөрийн гэсэн зорилго, төлөвлөгөө байдаг. Улстөрчид би өөрийнхөө улстөрийн карьерийг 10 жилээр төсөөлж байна гэх мэтчилэнгээр ярьдаг шиг өөрийнхөө ид барилдах үеийг хэдэн жилээр харж байна вэ?
-Амжилтаа бататгаж, оргилд хүрэх хэмжээгээ би ойрын таван жилээр төсөөлж байна. Энэ хугацаанд амжилтаа баталж, цолоо ахиулах боломжтой. Түүнээс хойш сайхан барилдаад л явна.
Ойрын таван жилд бол өөрийнхөө бодож, мөрөөдөж явдаг цолонд хүрнэ гэж бодож байна.
-Яг одоо ямар цолыг бодож, мөрөөдөж байна вэ?
-Мэдээж арслан, аварга болохын төлөө бөхчүүд барилддаг. Цол ахихын хэрээр амьдрал, ахуй бүх зүйл сайжирдаг. Нэр алдарт ч хүрнэ. Миний хувьд гарьд болж чадлаа. Үүний дээр арслан, аварга гэсэн хоёрхон цол байгаа болохоор наадмын түрүү хүртэхийн төлөө хичээж барилдана.
-Ингэхэд Гантулга начин та хоёр зэрэг гарч ирсэн шүү дээ. Нэг сумаас зэрэг начин төрж байсан нь содон үйл явдал шүү?
-Гантулга начин бид хоёр нэг сумынх. 2007 онд ихэр начин болж байлаа. Нэг сумаас хоёр начин зэрэг төрөхийг ихэрлэх гэдэг юм. Монголын түүхэндээ ихэрлэж байснаараа гуравт бичигддэг юм билээ.
-Начингийн бэлтгэл энэ жил ямар байна вэ. Та хоёр зэрэг начин болж байсан ч өөрөө өнөөдөр гарьд болчихлоо?
-Манай найз энэ жил гайгүй, сайн байгаа. Начин цол авснаасаа хойш бэртэж, гэмтээд бэлтгэл сургуулилтаа базааж чадахгүй байсан юм. Энэ жил сайн харагдсан шүү.
-Тэгэхээр асуухгүй байж болохгүй нэг сэдэв байна. Тодруулбал жил бүрийн наадмын өмнө, хойно бөхчүүдийн найрааны асуудал хөндөгддөг. Энэ жил ч ийм яриа гарах л байх. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Найрааны цолтон гээд ярьдаг л юм. Гэхдээ яг мөнгө өгч, авч байгааг нь харсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хардаад янз бүрийн зүйл ярьдаг шүү дээ. Сайн барилдаж байгаа бөхөө допинг хэрэглэчихэж гэх мэтээр хардаж л байдаг. Түүн шиг хүн хүчээрээ барилдаад тав давахад “Энэ мөнгө өгсөн байж таарна” гээд харддаг л байхгүй юу. Өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгө өгч, авч байсныг би ч нүдээрээ харж байгаагүй.
Гэхдээ үнэхээр найраа гэж байдаг бол бөхчүүд маань бэлтгэлээ бүтэн жилийн хугацаанд хангалттай сайхан базаагаад, жилд ганц болдог наадмаараа шударга барилдаасай гэж хэлэх байна. Хэл ам дагуулахгүй барилдвал сайхан шүү дээ.
-Гэхдээ найрааны начин уу, чадлаараа гарч ирсэн үү гэдэг нь аяндаа харагддаг л юм?
-Тийм. Цаг хугацаа харуулаад өгнө. Тав давж чадаж байна уу, эсвэл тав давахгүй унаж байна уу гэдгийг хүмүүс харж байгаа.
Өнгөрсөн жилийн хувьд би тав давчихаад маш их баярласан. Аймгийн хурц арслан Одгэрэлтэй барилдсан шүү дээ.
-Цолоо баталчихлаа гээд баярласан гэж үү?
-Тийм ээ. Яагаад гэвэл найрааны начин гэж ярихаар Монголын хэмжээний бүх начингууд хамрагдчихаад байгаа юм шиг санагддаг. Тэдний тал нь найраагаар цол авсан байж болно. Тэгтэл тэдний ихэнх нь найраагаар цолонд хүрээгүй байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл найрааны начингууд гэж бүгдийг хамруулж ярихад нь их сэтгэл эмзэглэдэг байлаа. Дунд нь миний нэр цохиж яваа байхдаа гэж боддог, санаа зовдог байсан. Учир нь би начин болсноосоо хойш гурав, дөрвөн жил цолоо баталж, ахиулж чадаагүй юм. Дөрвийн даваа, тавын даваанд уначихдаг байлаа. Харин өнгөрсөн жил тав давчихаад үнэхээр баярласан. “Би ямар ч байсан найрааны начин биш. Начин шиг начин гэдгээ харууллаа” гээд маш их хөөрч, баярлаж байлаа.
-Дараа нь зургаа, долоогийн даваанд давчихаад бүр ч их баярласан биз?
-Тийм ээ. Зургаа, долоо давахад дотор огшоод л явчихдаг юм билээ.
-Ямар ч байсан Бат-Эрдэнэ гэдэг хүн бөхийн спортод өөрийн гэсэн орон зайтай болчихлоо. Барилдааныг нь шимтэн үздэг бөхийн хорхойтнуудтай ч боллоо. Ж.Бат-Эрдэнийн хамрах хүрээ энэ талбарт өдрөөс өдөрт хүчээ авч байна. Мэдээж энэ амжилтад хүрэхийн тулд нөр их хөдөлмөр, хөлс хүчээ гаргасан байх?
-Намайг дотроо хайрлаж, сайн барилдаасай хэмээн бодож явдаг Монголынхоо ард түмэн, найз нөхөд, нутаг усныхан гээд бүгдэд нь талархаж явдагаа илэрхийлмээр байна. Монгол Улсын гарьд хэмээх сайхан цол авлаа. Одоо цолондоо эзэн болж, үүнээс ч илүү амжилтад хүрэхийн төлөө хичээнэ. Мөн тусалж дэмждэг хамт олондоо талархаж явдагаа хэлье.
-Хаана харьяалагддаг билээ?
-Би Алтай констракшнд харьяалагддаг юм. Бас Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Баярбат захирагчтай хамт олондоо талархаж явдаг даа.
-Нээрэн, Ж.Бат-Эрдэнэ хилийн цэргийн ахмад цолтой бил үү?
-Тийм ээ. Ахмад цолтой.
Ярилцсан С.Бэлэгмаа
Нийт сэтгэгдэл: 11
-
Золбоотой залуу цолондоо эзэн болж барилдах хэрэгтэй дээ
Зочин 2012-07-05 10:21:51 202.179.20.229 (0) (0) -
Bat-aerdene chi ungntei bna. Turuulne shuu Amjilt husie.
Зочин 2012-07-05 12:13:07 180.235.169.165 (0) (0) -
chi ch gesen nairaagaar l nachin bolson sh dee gehdee yahav sain barildaj bga
Зочин 2012-07-05 12:21:22 202.55.186.20 (0) (0) -
Amjilt Sain barildaj turuuleerei gej eruuey
Зочин 2012-07-05 12:33:48 202.179.10.74 (1) (0) -
sain bn amjilt gehdee aimgiin arslan odgerliig bitgii jil bvriin naadmaar daramtlaad bail daa ter hvn chamtai adilhan l hvn shvv dee tegtel huwiin asuudlaas bolood engej bolohgvi shvv dee
baterdene 2012-07-05 12:45:36 122.254.127.66 (0) (0) -
Shorootoi garid ene jil 5 dawj chadw*** ih ym
Зочин 2012-07-05 12:46:59 116.58.179.215 (1) (0) -
Мөнхбаатар арслантай барилдахдаа булхайгаар даваа авсан биз дээ. шороотой гарьд 5 давж чадвал их юм
Зочин 2012-07-05 16:29:15 202.179.20.214 (0) (0) -
abarga bloroi
kkk 2012-11-07 16:22:49 202.131.238.226 (0) (0) -
demjij ybdg shu abarga blnooooooooooooooo
bukh 2012-11-07 16:23:34 202.131.238.226 (0) (0) -
gaa-n ireh jiliin abarga hundee
kkk 2012-11-07 16:24:27 202.131.238.226 (0) (0) -
Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Vivamus volutpat semper ligula sed vehicula. Cras lectus ante, eleifend ac sagittis sed, consequat quis nisi. Duis tincidunt blandit nulla, at varius nisl porttitor quis. Susnspdisee potenti. Nulla facilisi. Aliquam erat volutpat. Curabitur viverra dictum sod***es. In non nunc sem, vel dapibus nibh. Maecenas dapibus ligula eget magna lobortis placerat. Praesent eu metus orci.
Caroline 2016-05-18 21:54:48 188.143.234.155 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.