2013-04-03-ны өдөр НИТХ дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлэг Нийслэлийн боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын дарга Д.Баттулга 2013 оны 1-р сард Нийслэлийн бүх харьяа агентлаг газруудтай танилцах үүргийг НИТХ-ын төлөөлөгчид, нам эвслийн бүлгүүдэд өгсний дагуу тус танилцах ажил явагдсан байна.
Нийслэлийн боловсролын газартай танилцах ажилд НИТХ дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, төлөөлөгч С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан С.Будрагчаа, Ц.Ганчимэг, НИТХ-ын зохион байгуулагч Б.Сэргэлэн нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Нийслэлийн боловсролын газар нь нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх, судалгаа шинжилгээ эрхлэхэд туслах чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар 3 хэлтэс нэгжид хуваагдан 40 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлд 207 ерөнхий боловсролын сургууль, 351 цэцэрлэг, 8 гэгээрэл хөгжлийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад суралцаж байгаа нийт сурагчдын тоог графикаар харуулбал доор үзүүлэлттэй байгаа.
2012-2013 оны хичээлийн жилд төрийн 5, төрийн бус өмчийн 38 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн хэдий ч нийт хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн дүүрэн хамруулахад хүрэлцэхгүй байгаа” гэсэн танилцуулгыг хийлээ. Үүний дараа төлөөлөгч Н.Баяраа доорх асуултуудыг асууж хариулт авлаа.
Төлөөлөгч Н.Баяраа: Саяхан нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгийн багш нарыг олноор нь ажлаас нь халлаа гэсэн шуугиан ихээхэн дэгдсэн. Ажлаасаа халагдсан хүний ард ар гэр нь бас байдаг? Чухам ямар үндэслэлээр халсан бэ? Энэ талаар тодруулж өгөөч гэсэн хүсэлт манай бүлэгт их ирсэн.
-Ц.Отгонбагана: 2003 оны төрийн албаны зөвлөлийн 13-р тогтоолоор сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулж томилдог болсон юм билээ. Гэтэл тус оноос хойш хүмүүс танил тал, ар өврийн хаалгаар ямар нэгэн сонгон шалгаруулалтад орохгүйгээр олноороо сургууль цэцэрлэгийн захиралаар томилогдсон байсан. 2006 онд боловсролын тухай хуульд нэмэлт орж нийслэлийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг Нийслэлийн боловсролын газраас шалгаруулж томилдог болсон. Нэг судалгааг үзүүлэхэд 2007 оноос хойш сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон захирал эрхлэгчдийн тоо зөвхөн нийслэлд л гэхэд 100 гарчихсан байна шүү дээ. Тэр үндэслэлээр шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон захирал эрхлэгч нарыг ажлаас нь түдгэлзүүлж, сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу хийж байгаа.
Төлөөлөгч Н.Баяраа: Сургууль цэцэрлэгийн хүртээмж маш муу байгаа. Жил бүрийн 9-н сард хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадахгүй байна гэсэн иргэдийн гомдол маш их ирдэг. Нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Ц.Отгонбагана: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийн асуудал үнэхээр хүнд байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдвал зохих нийт хүүхдүүдийн 69 хувь нь л хамрагдаж байна. Нэг үгээр хэлбэл 100 хүүхдийн 70 хүүхэд нь л цэцэрлэгт явж байна. Гэхдээ бид цэцэрлэгүүдийнхээ хүчин чадлыг 1,62 хувиар хэтрүүлэн ашиглаж байж л ийм тоо гарч байгаа юм шүү. Илүү ойлгомжтойгоор хэлбэл 100 хүүхэд явах цэцэрлэгт 162 хүүхдийг явуулж байж, даацыг нь ийм өндөр тоогоор хэтрүүлсний эцэст л 69 хувийг нь хамруулж байна. Хэррвээ яг байшингийнхаа хүчин чадлаар хамруулаад эхэлбэл нийт хүүхдүүдийн маань 30-40 хувь л хамрагдахаар байгаа. Сургууль мөн адилхан хүндрэлтэй байгаа. Яах вэ сургууль цэцэрлэгийг бодвол өдөрт 2-3 ээлжээр хичээллээд байдаг учраас одоохондоо болгоод байгаа гэхдээ л анги дүүргэлт байх ёстой хэмжээнээс 1,5 хувиар илүү байгаа. Зарим сургууль бүр 60 хүүхэдтэй ангитай байгаа. Дүгнээд хэлэхэд бол нийслэлд байгаа бүх хүүхдүүдийг нэг ээлжинд бүрэн хамруулдаг болгохын тулд нийслэлд 362 сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал барих шаардлагатай гэдгийг судалгаагаар тогтоосон байсан. Энийг ирэх 4 жилд барьж байгуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ онд л гэхэд 80 бага сургууль барих ажлыг эхлүүлэхээр яаман дээр том баг гаран төсөвтөө суулгачихсан ажиллаж байгаа. Мөн нийслэлээс анх удаа өөрийнхөө төсвөөс мөнгө гаргаж 5 жишиг сургууль, 6 цэцэрлэг барихаар болсонд бид маш их баяртай байгаа. Энэ онд л гэхэд 5 жишиг сургууль, 42 цэцэрлэг баригдаж эхэлнэ. Гэхдээ энэ жилдээ багтаад ашиглалтад орчихно гэсэн үг биш. Он дамжиж баригдан ашиглалтад орох байх.
Төлөөлөгч Н.Баяраа: Ирэх жилд алтан гахай жилд гарсан хүүхдүүд сургууль орно. Мөн ЕБС-иуд 12 жилийн хичээлийн программтай болно. Ингэхлээр сургуулийн багтаамж, хүрэлцээ ихээхэн хүндрэх байх. Дайны хажуугаар дажин гэгчээр бас хэд хэдэн сургуулийг нураахаар болсон гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ бүх асуудлуудыг яаж цэгцлэж байгаа вэ?
-Ц.Отгонцагаан: Үнэн. Алтан гахай жилд маш их хүүхэд төрсөн. Ердийн дундаж хэмжээнээс 3400 орчим хүүхэд илүү бүртгүүлнэ гэсэн тооцоо гарсан. Түүнчлэн 12 жилийн программд шилжснээр сургуулиудын ачаалал асар их нэмэгдэхээр байгаа. Тэгтэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас судалгаа хийгээд 36 сургуулийг зайлшгүй нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Гэтэл бид сургуулийг нураалаа гэхэд хүүхдүүдээ хааш нь шилжүүлэх вэ гэсэн томоохон асуудалтай байгаа учраас нураах дүгнэлт гарчихсан байшинд хүүхдүүдээ сургасаар байгаа. Тиймээс төлөөлөгч та бүхэн сургуулийг олноор барих ажилд ихээхэн анхаарал тавьж, дэмжиж өгөөрэй. Дахин төлөвлөлтийн ажлаар 80 сургууль барих асуудал удахгүй хэлэлцэх байх энэ бүхнийг минь сайн дэмжээрэй гэж хүсч байна. Миний нийслэлийн боловсролын газраас цаашдаа бага сургуулиудыг түлхүү бариулах бодлого барьж байгаа. Энэ нь хоёр талын их ач холбогдолтой. 1-рт хүүхдүүдийн боловсролын үйлчилгээ ойртож очно гэсэн үг. Хүүхдүүд өөрсдийн харьяалагдах хороондоо сургуульдаа хамрагддаг болсноор өвлийн хүйтэнд олон автобус дамжиж хол газар явахаа болино. 2-рт бага насны хүүхдүүд яг өөрсдийнхөө насныхантай нэг дор хичээллэдэг болно. Одоо ямар байгаа вэ гэхээр 6-18 насны хүүхдүүд холилдсон байдалтай л байгаа. Энэ асуудал нь цэгцэрнэ. Мөн ингэснээр хүүхдийн автобус гэсэн зарлага ихтэй асуудал шийдэгдэх давуу талтай.
Төлөөлөгч С.Ононбаяр: Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас маш олон хөгжлийн бэршээлтэй хүүхэд орхигдож байна гэсэн гомдол их байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эцэг эх нь заавал харж асрах шаардлагатай байдаг учраас давхар тэр айл ч гэсэн хохирч байгаа талтай. Танай газраас ийм сургууль цэцэрлэг барих ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юу?
-Ц.Отгонцагаан: Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг сургууль барих ажил ер бол төлөвлөгдөөгүй. Гэхдээ нэг ийм шийдэл байж болох талаар бид судалсан. Одоо байгаа сургууль цэцэрлэгүүд дээр өргөтгөл нэмж бариад өдөр өнжүүлдэг болвол ямар вэ гэдэг асуудлаар судалж байгаа. Үнэхээр хүндрэлтэй хүүхдүүдийг эцэг эхийнх нь аль нэг нь харах шаардлагатай шүү дээ. Тэр хүмүүс маань ирээд хүүхдүүдээ хамтад нь тоглуулаад эндээсээ хоол ундыг нь идүүлээд байх боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр хүүхдүүд маань ч өөрсдөө хөгждөг, эцэг эхчүүд нь ч гэсэн хоорондоо саналаа солилцоод хөгжих боломжтой гэж тооцоолж байгаа. Бид нар мэдээж энэ талаар судалгааг нь сайтар хийгээд та бүхэнд хүргүүлье. Та бүхэн сайтар дэмжээд өгөөрэй. Тэгвэл их том шийдэл болно шүү.
-Төлөөлөгч Н.Баяраа: хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгэмд их олон байгаа. Тийм хүүхэдтэй эцэг, эхүүд хүүхдээ заавал өдөржин харж асрах шаардлагатай болчихдог учраас тэр хүнийх нь ажиллах, хөдөлмөрлөх, орлого олох бүх нөхцөл нь хаагдчихдаг. Тэгэхээр тэр хүүхдийг ч бодсон, гэр бүлийг нь бодсон ч тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт заавал хамруулах ёстой. Хамруулж байгаа нь энэ гээд бүүр тусгаарлаад хашчихаж бас болохгүй. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань бусад эрүүл хүүхдүүдийн адил нийгэмших, сурч боловсрох бололцоо нь хаагдах талтай. Дэлхий нийтийн жишиг нь хэт хүндрэлтэй л биш бол бусад эрүүл хүүхдүүдтэй хамт сургаж, хамтад нь өөртөө итгэлтэйгээр хөгжүүлэх ажлыг хийж байгаа ш дээ. Энэнээс ч гэсэн бид хоцрох ёсгүй. Шинээр баригдах сургуулиуддаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орох гарах хаалгатай, тэргэнцрийн замтай, тусдаа 00-той байх ажлыг ч гэсэн хийж хэрэгжүүлээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхнаас нь тусгаарлаад л байх аваас тэр хүүхэд насан туршдаа нийгмээс тусгаарлагдсан ганцаардсан хүн болж өснө шүү. Ц.Отгонбагана дарга маань боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах талаар далайцтай ажлуудыг их хийж байгаа юм байна. эрч хүчтэйгээр сайхан үйл ажиллагаа явуулж байгаа нь шууд харагдаж байна. та бүхний бидэнд ирүүлсэн санал хүсэлтийг манай бүлэг бүх талаар туслаж дэмжиж ажиллана. Цаашид байнга холбоотой ажиллаарай. Дэмжиж туслуулах зүйл байгаа юу?
-Ц.Отгонбагана: НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг манай ажил байдалтай танилцахаар зорьж ирсэнд бид үнэхээр их баяртай байна. НИТХ-аар дэмжүүлэх гээд өмнө нь оруулаад унаж байсан нэг асуудал байгаа. Тэр нь ЕБС-уудад химийн, физикын, хөдөлмөрийн лабораториудыг барих ажлын төсөв байгаа. Хүүхдүүд маань яг өөрсдөө гараараа барьж биеэрээ хийж үзэхгүйгээр шинжлэх ухааны мэдлэгүүдийг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй. Энэ мэдлэгийг олгох зорилгоор сургууль бүрт ийм техникын туслалцаа үзүүлэх төслийг НИТХ-д өргөн барина энэ ажлыг маань та бүхэн дэмжиж батлуулж өгөөрэй. Цаашид та бүхэнтэй илүү нягт хамтарч ажиллана гэв.
Нийт сэтгэгдэл: 1
-
Сэлэнгэ аймгийн орхон сумын жимс жимсгэний станцад ажиллаж байсан одоо Налайхад амьдарч буй Агваандоржийн Будханд гэдэг эмэгтэйг таньж мэдэх хүмүүс дамжуулж өгч тусална уу. Ангийнхан нь 2013,07,26-ны 9,00 цагт УБ хотын СБ-ын талбайд уулзана.Холбогдох утас 96610784, 91891012, 88179512, 96010468, 95190128, 91620109, 99779478, 99749865
jaagii 2013-04-05 13:36:02 202.170.68.19 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.