Нуруу өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ?

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Бид болж л өгвөл суусаар байгаад нурууны булчингаа зохистой хэмжээнд ажиллуулахгүй байсаар нурууны булчин, шөрмөс, үе хоорондын хэвийн ажиллагаа алдагддаг. Энэ байдал удаан үргэлжилснээр хөшиж зангирсан, сул нурууны булчинтай л хоцордог. Үүнээс үүдэж нурууны эмч нар “Суух нь шинэ үеийн тамхидалт юм” гэдэг үгийг хэлж байна. Тиймээс танд нурууны мэргэжлийн эмч нар өвчтөндөө биш найзууддаа, ойр дотныхондоо өгдөг зөвлөгөөг хүргэе!

Нурууны өвчин тусах эмгэг танд бий юу?

Та нурууны өвчтэй болоход нөлөөлөх хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан юм биш биз? Үүнд:

- Амархан стресстдэг

- Олон цагаар ширээний ард хөдөлгөөнгүй суудаг

- Дасгал хийдэггүй

- Ус бага уудаг мөртлөө кофенд “нугасгүй” г.м...

Стресс нь биеийн дархлааг сулруулдаг. Ингэснээр үрэвсэлд өртөмтгий болж, нурууны өвчин үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Бас би дотны найзуудыгаа кофеноос гаргах гэж сүүлийн хэдэн жил элдэв аргаар л үзэж байна. Каффейн нь сээр нурууны голын жийргэвчүүдийг шингэний дутагдалд оруулснаар, тэдэн дээр тогтож байгаа эмзэг яснууд ачаалал дааж чадахгүй хугарах, гэмтэх, суулт өгөх магадлал өндөрсдөг. Тиймээс кофеноос татгалзаж ус уусан нь дээр.

Чиний нуруу яг л голдоо жимстэй булочка гэсэн үг

Та нуруундаа хэт их даралт өгдөг юм биш биз?

Дискний суулт гэдэг тонгойж гутлаа үдэхээс эхлээд бидний өдөр тутамдаа анзааргагүйгээр хийдэг зуршлуудаас үүдэлтэй өвчин юм. Тиймээс нурууны дискээ голдоо жимсний чанамалтай булочкагаар төсөөлөхийг зөвлөж байна. Булочканд хэт их даралт очвол дотроос нь жимсний чанамал нь бүлтэрч гоожих юм уу шахагдаж багасна шүү дээ. Нурууны дискний голын шингэн ч бас шахагдаж гарсаар мэдрэлийн судлуудаа дарж, биеийг тэр чигт нь өвтгөдөг. Өдөр тутамдаа “булочка”-аа хамгаалахын тулд нэг дор цагаас илүү хугацаанд суухгүй байх хэрэгтэй. Суух нь босоогоороо алхахаас илүүгээр нуруунд ачаалал өгдөг. Мөн хүнд юм өргөхөөс зайлсхийгээрэй. Нурууны дискийн суултаас болж алхаж ч чадахгүй болох нь бий.

Суудал дээрээ ялхайх хэрэггүй

Та ажлаа хийхдээ хөлөө шалан дээр биш сандлынхаа дугуйн дээр тавьдаг юм биш биз?

Хөлөө өргөчихөөр мөр, хүзүү, сээрний ясанд нэмэлт ачаалал ирдэг байна. Тиймээс хөлөө шалан дээр тавьж сууж хэвшээрэй. Сандал өндөрдсөнөөс хөл чинь газар хүрдэггүй бол суудлаа тааруул. Мөн хооллох болон юм бичихдээ урагшаа тонгойх хэрэггүй. Толгой дор хаяж 5 кг жинтэй учир, газрын татах хүчний тэнцвэрээс өөр байрлалд орох тоолонд жин нь хоёр дахин нэмэгддэг. Тэгэхээр 10 кг нуруун дээрээ үүрч суугаагаас ялгаагүй болно гэсэн үг. Тиймээс нуруугаа эгцэлж (хотойж биш), хоёр хөлөө үл ялиг салгаад, шалан дээр бүтэн тавьж суугаарай. Энэ нь нурууны байрлалыг тэр хэвэнд нь барьж, тэнцвэрийг хадгалдаг.

Бидний нурууны булчин нэг байрлалаар удаан байхад зориулагдаагүй учраас ажлаа хийн 8 цаг хөдөлгөөнгүй суух хооронд аль хэдийнэ ажиллагаагаа мартан, сулрахын хажуугаар, зангирч хатуурсан байдаг. Удаан сууж байгаад босоход нуруу хөшсөн байдгийг бид андахгүй. Тэрхүү зангирсан булчинг нь султгахгүйгээр үргэлжлүүлэн хэдэн сар, жил суувал архаг саажилт үүсч улмаар хөдөлж ч чадахгүй болдог.

Мөн булчин сул дорой байх учраас энэ үед хүнд юм өргөхөд гэмтэх магадлал хэд дахин нэмэгдэнэ. Сунгалтын дасгал бага багаар хийж шөрмөсөө ч бас уян хатан байлга. Халааж байж бага багаар булчингаа нэмэгдүүл. Булчин хүчтэй бол зангирах нь бага байдаг.

Хажуулдаж унт

Нурууны өвчтэй бол түрүүлгээ харж хэвтэх нь нурууны доод хэсэгт илүү өндөр ачаалал өгдөг. Тиймээс л түрүүлгээ харж унтахад өглөө босоход нуруу тасрах гэж байгаа юм шиг өвддөг. Аль болох хажуу тийш хараад, өвдөгнийхөө завсар дэр хавчуулж унтаад үз. Ингэвэл нуруунд очих ачааллыг хөнгөлж, амраана.

Өндөр өсгийт өмсөх дуртай бол хэвлийн булчингаа хөгжүүл

Өдөржин өндөр өсгийт өмсөж явахад нуруу маш их өвддөг. Өсгийтэй гутал нь хүний төрөлхийн байрлалыг өөрчилж, тэнцвэрээ олохын тулд нуруу илүү урагшаа, хөл хойшоо байж хотойх шаардлагатай тулгардаг. Ингэж ясанд хотойлт үүссэнээр дискний суулт үүсэх бас нэгэн шалтгаан болно. Хэвлийн булчингаа хөгжүүлснээр их биеийн буюу хэвлийн булчин хүндийг даах чадвартай байвал өсгийтэй гутлаа өмссөн ч сээр нурууны ясан дээр ирэх ачаалал хамаагүй багасна. Хэвлий чангарснаар хэвлийн булчин, нурууны булчин хоёулаа сээр нурууны хоёр талаас түшиж, хамгаална гэсэн үг юм. Хэвлийн булчингаа чангалахын тулд гараа нугалж байгаад суниалт хийж болно. Мөн өсгийтэй гутлыг нэг дор 2-3 цаг л өмсөөд тайлж хэвшээрэй.

Хүнд гар цүнх бол нурууны өвчний эх үүсвэр

Нуруунд ирэх ачааллыг хэдий чинээ нэмнэ, төдий чинээ нэг л өдөр өвдөх магадлал өндөрсөнө гэсэн үг. Тиймээс гинж, төмрөн тоноглолтой, хүнд арьсан цүнхнээс татгалз. Бас өдөр бүр цүнхээ хоёр талдаа ээлжилж үүрч байгаарай.

Нурууны өвчний талаар тэгтлээ их санаа зовох хэрэггүй

Нуруугаа жаахан л хөшиж өвдмөгц нь суулт үүсч байна гэж санаа зовох хэрэггүй. Санаа зоволт өвчнийг улам доройтуулдаг. Нурууны өвдөлтийн 90 хувь нь булчингийн зангирлаас үүдэлтэй байдаг учир иллэг хийж, зөв байрлалаар унтаад үзээрэй. Бүр өвдөөд байвал нурууны ачааллаас хуваалцдаг бүсэлхийн бүс авч зүүж болно. Өдөр тутмын эрүүл хэвшлийг мөрдөөд байвал нурууны өвчинг тойроод гарах ч боломжтой.

Нурууны диск гэж юу вэ?

Сээр нурууны яс нь үенүүдийнхээ завсраар зөөлөвч буюу жийргэвчтэй байдаг нь анагаахын хэллэгээр диск юм. Диск нь машины пүрштэй адилхан үүрэг гүйцэтгэж, үеүдийг хооронд нь түлхэх маягтайгаар тогтоосноор ясан дээр ирэх ачааллыг багасгаж, бие биеэ гэмтээж дарахаас сэргийлдэг. Диск нь гадуураа уян хатан бөгжтэй, дотроо шингэнтэй. Энэ шингэн нь нурууг гэмтэх үед ясыг нөхөн сэргээх гол эх үүсвэр болдог. Нурууны диск нь суух, шингэн нь бүлтэрч мэдрэлийн судлыг дарах зэрэг олон байдлаар өвчний голомт болох нь бий.

Дискэнд шингэнээ татдаг хоёр арга бий. Эхнийх нь биднийг унтаж байх хооронд. Тиймээс л шөнө унтахдаа намссан, өглөө босохоор арай өсчихсөн байдаг байх нь. Харин нөгөө арга нь, сээр нурууны урагш хойш хийх хөдөлгөөний тусламжтайгаар дискний голын шингэнд солилцоо явагдаж, дискэнд шаардлагатай тэжээл, хүчилтөрөгчийг өөртөө татдаг юм. Харин бид нэг байрлалдаа хөдөлгөөнгүй удвал, нойроо хасвал, шингэн бага уувал голын шингэний солилцоо буурч, диск хуурайшсаны улмаас суулт өгдөг. Суулт нь улмаар нурууны ясны гэмтэл болно гэсэн үг.

Суултаас гадна дискний голын шингэн бүлтэрч гоожих нь бий. Энэ нь мөн л адил удаан сууснаас үүдэж дискний гадуурх бөгж хэврэгшиж, зарим хэсгээрээ эмтэрснээс үүдэлтэй. Мөн өсгийтэй гутал өмсөх, гэнэт хүнд юм өргөх, их биеийн нэг төрлийн хөдөлгөөнийг давтамжтайгаар хийхэд, спортын гэмтэл авахад диск ачааллаа дийлэхгүй дарагдсанаар голын шингэн урсаж болдог. Үүнээс үүдэлтэйгээр мэдрэлийн судлууд дарагдсанаар хөл гар хөших, нуруу өвдөх зовиур илэрдэг.

Нийтэлсэн: 2019-04-25 14:25:46

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.