Газрын тосны үнэ зах зээлд хэт мэдрэмтгий дэлхийн улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалж огцом хэлбэлздэг. Үнийн энэ хөдөлгөөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа, манайх шиг газрын тосны бүтээгдэхүүнээ импортолдог оронд илүү мэдрэгдэж, үнийн шилбүүрт нь ширвүүлдэг билээ. Тухайлбал, литр шатахууны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд инфляц хөөрч, өргөн хэрэглээний бараа дагадаг жамтай. Гэтэл манай улсын шатахууны хэрэглээ жил бүр өссөөр ирлээ. Хоёр, гурван жилийн өмнө жилд 600-700 орчим мянган тонн бүтээгдэхүүн импортолдог байв. Өнгөрсөн жилийн байдлаар 900 мянган тоннд хүрлээ. Газрын тосны мэргэжилтнүүд 2015 онд 1.5 сая тонн болох тооцоо хийсэн байдаг. Манай улсын шатахууны хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 88 хувиар өссөн статистик мэдээлэл бий. Одоогоос таван жилийн өмнө “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл” гэсэн баримт бичиг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Гэвч өнөөг хүртэл шатахууны асуудлаа зохицуулж амжаагүй л явна. Уг баримт бичигт нефтийн хайгуул судалгааны ажил эрчимжүүлэх, олборлолт нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон зүйл тусгажээ. Үүнээс гадна газрын тосны борлуулалтын гучин хувийг “Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж инженер техникийн ажилтан, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага ч тулгарч буй аж.
120 мянган шоо метрийн багтаамжтай шатахууны агуулахтай болно
Монголчууд сард 200 гаруй сая ам.долларын шатахуун импортлон хэрэглэж байна. Өсөн нэмэгдэж буй эл хэрэглээг хангахын тулд Хойд хөршийн Засгийн газартай жилд нэг сая тонн шатахуун тогтвортой, найдвартай нийлүүлэх гэрээ хэлцэл энэ оны эхээр манайх хийсэн.
Тэгээд 2015 он хүртэл бага багаар нэмэгдүүлж, 1.2-1.5 сая тоннд хүргэхээр тохирчээ. Он гарснаас хойш нэг тонн шатахууныг дунджаар 1100-1200 ам.доллараар авч буй гэдэг. Ингээд жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч шатахуун импортлогчдыг татвараас чөлөөлсөн. Литр шатахууны үнийг өсгөхгүй байх нэг арга нь улсын нөөц бүрдүүлэх. Энэ оны төсөвт шатахууны нөөц бүрдүүлэхэд зарцуулахаар таван тэрбум төгрөг суулгасан талаар Монгол Улсын эдийн засгийн чуулган дээр яригдаж байсан. Эдүгээ улсын нөөцөд нэг ч литр шатахуун алга. Учир нь, хадгалах сав байхгүй аж. Уг нь, өнгөрсөн оноос сарын хэрэглээний арван хувьтай тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх сав барьж эхэлсэн. Энэ нь оны төгсгөлөөр ашиглалтад орох сураг бий. Өөрөөр хэлбэл, нийт 120 мянган шоо метрийн багтаамжтай агуулах байх бөгөөд 15 хоногт хүрэлцэх тооцоо гарчээ. Үүнд, шатахуун импортлогчдын нөөцийг нэмбэл улсын хэмжээнд 40-50 хоногийн хэрэглээгээ одоохондоо элбэг хангана гэж үзэж буй юм.
Боловсруулах үйлдвэр ба түүхий эд
Монголчууд өөрийн нутаг дэвсгэрээс олборлож буй газрын тосыг боловсруулах тухай олон жил ярилаа. Эдүгээ газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл авсан зургаан компани бий. Тэдний хоёр нь хөрөнгө оруулагчаа олж, үйлдвэрийн зураг төслөө боловсруулж байгаа аж. Үлдсэн нь мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх гэрээ хэлцэлийн шатандаа яваа гэдэг. Уг нь, дээр дурдсан баримт бичигт 2015 онд гэхэд газрын тос боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орох төлөвлөгөө бий гэсэн. Мөн Саудын Арви, Казахстан, ОХУ-аас газрын тос авч боловсруулах төлөв байдаг. Гэтэл түүнийгээ татаж авах зам харилцаа, тээврийн зардал, хөрөнгө мөнгөнөөс өгсүүлээд түмэн бэрхшээл зовлон бий. Нөгөө талаар, шатахууны хараат байдлаас түүхий эдийн хараат байдалд орж мэднэ гэсэн болгоомжлол ч байдаг. Монголчууд “Айлаас эрхээр авдараа уудал” гэдэг дээ. Мэргэжилтнүүд Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Цагаан элс болон бусад ордоос олборлож буй газрын тосоо нэгтгэн тооцоход том ч биш, жижиг ч биш боловсруулах үйлдвэр байгуулбал түүхий эд хангалттай хүрэлцэх судалгаа гарсан байдаг. Жишээлбэл, жилийн хэрэглээгээ 800 орчим мянган тонн гэж бодоход үүний 40 гаруй хувийг хангах нь. Иймд одоо олборлож буй газрын тосоо хадгалах сав бэлдэх шаардлагатай хэмээж буй. Ингээд зүүн болон төвийн бүсэд газрын тос хадгалах агуулах барих талаар ярих болсон. Гэвч одоогоор ямар нэг ажил эхэлсэн зүйл алга.
Газрын тосны нөөцөөр 33 жагсдаг
Монгол орны зүүн ба өмнөд хэсэг, Их нууруудын хотгорт газрын тос бий. Геологичид нийт 1.6 тэрбум тонн газрын тостой хэмээн тогтоожээ. Энэ нөөцөөрөө Монгол Улс 100 орноос 30 жагсч буй билээ. Өнөөгийн байдлаар газрын тосны нөөцтэй 25 талбайн 18 нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад байна. Одоогоор 813 цооног өрөмдөж, жилд 2.2 сая гаруй баррель газрын тос урд хөршид экспортолж буй ажээ. Дорнод аймгийн Тамсагийн сав газарт 119 сая гаруй гаруй тонн газрын тосны нөөц тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгээд буй. Монголчууд энэ нөөцөө бага ч атугай өөрсдөө боловсруулж шатахуун үйлдвэрлэж чадвал гадагшаа сая саяараа гарч буй валютын урсгал татрах, ажлын байр нэмэгдэх, хямд шатахуун хэрэглээ гээд эдийн засгийн үр ашигтай олон үзүүлэлт гарах нь тодорхой. Өнөөдөр олон жил ярьсан, цаасан дээрх төсөл хөтөлбөрөө амьдрал дээр босгож ирэхийг цаг үе шаардаж байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийн өсөлт, хойд хөршөөсөө шатахуун өгөөч гэж хэдий болтол гуйх вэ дээ.
Нийт сэтгэгдэл: 3
-
Зөв, зөв. Тэнэгтээд байлгүй хурдан хйигээч_
Зочин 2012-08-19 18:24:06 182.160.14.129 (0) (0) -
er ni tuuhii edee bolovsruul***gui gadagsh ni gargahaa ***i boloh bagasgaj bj l manaih hugjinu duu ter tsag hurdan ireeesee
erdene 2012-11-01 21:40:02 112.184.157.104 (0) (0) -
харин манай улс бүтээгдэхүүнээ боловсруулуул уул хөгжинөдөө гол нь тэр үйлдврээ барьж байгуулж мэргэжилтэнээ бэлдэж байж л өөрийн хөгжилдөө том дэвшил өгөх юм гэж бодож байна.Улс минь улам илүү хөгжөөсөдөө
Зочин 2012-11-24 15:25:52 202.9.47.131 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.