Ноос, ноолуурын салбарт нийт 270 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тогтоолын төслийг батлав
2021-04-07 10:33:55 Нийтлэгдсэн: Улс төрҮйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаарНоос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэлжилийн хугацаатай, жилийн гурванхувийн хүүтэй 200тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх.Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ Компанийн тухай хуульд заасан хамаарал бүхий этгээдэд 10тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх; Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнаж боловсруулсан ноолуур, хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх; Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэхасуудлыг тусгасан байна. Ноос, ноолуурын салбарт олгох зээлийн тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажээ. Уг тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийнхугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулсан. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан юм. Ийнхүү Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэхзарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийггишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.
Засгийн газрын хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна
2021-04-07 09:55:17 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө -ний хэрэгжилтийн тухай, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар, Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай, Танилцуулахаар: Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ, ЁСЛОЛ БОЛОВ
2021-04-06 10:04:31 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, ирэх 5 жилд Компакт гэрээг хэрэгжүүлэх хугацааг албан ёсоор эхлүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулсан ёслолын ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос болон албаны бусад хүн оролцов. Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, гүний ус цэвэршүүлэх үйлдвэр тус тус баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 саяорчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд энэ нь нийслэлчүүдийн усны хангамжийг наанадаж 40 жил, цаашилбал 100 жилээр нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
2021-04-06 09:59:22 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан өнөөдөр (2021.04.05) Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт хийсэн улс боллоо. Манай улс сүүлийн 30 жил хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудад нэгдсэн ч бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, амь насанд нь халдсан тохиолдол гарсан. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болсон. Дэлхийн 40 гаруй улсад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн нэгдлүүд, зөвлөх судлаачид идэвхтэй хамтран ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо. Манай улсын эрх зүйн тогтолцоонд, тэр дундаа хүний эрхийг хамгаалах системийн хүрээнд нэг шинэ алхам хийгдлээ. Хүний эрхийг хамгаалагч гэх ухагдахуун, цоо шинэ ойлголт манай эрх зүйн тогтолцоонд орж ирж байгаа гэдэг утгаараа цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Гэвч амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос үргэлж цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд Комиссын бүрэлдэхүүнд хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг шинээр томилох юм байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая
2021-04-05 09:24:52 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ! Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар 2-р сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна.Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал: 5-р сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг 6-р сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж 7-р сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй