Засгийн газар хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна. Хоногт илрэх коронавируст халдвартай хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх хугацаанд хөл хорио тогтоох саналыг УОК-т даваа гарагт хүргүүлсэн юм. УОК-ын хуралдаанаар тус саналыг дэмжиж,Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Улаан түвшинд шилжих саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон юм. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хурлын дараа эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.

Нэг сая төгрөг өрх бүрд өгөхгүй тохиолдолд хатуу хөл хорио тогтоохгүй байх саналыг Ерөнхийлөгч Засгийн газарт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна. Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо. Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо. Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна. Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ. Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй. Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна. Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү гэжээ. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ХАМЖИГЧ, ХАМТРАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫГ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДАЛГҮЙ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ НУУЦ БАЙСАН УУ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо. Т.Чимгээгийн ярьж байснаар, Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуудын Ерөнхий газрынхан хамжигчаар шалгаж байжээ. Харин гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж. Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь С.Зоригийн гэх энэ хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайн үед Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж. Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ПРОКУРОР БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ? Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал хэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг .... гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ. Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч, хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосон атлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаа сэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхлээ.

БСШУСБХ: Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд Прокон Майнинг Монголия ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1, 27.2-д заасны дагуу Байнгын хорооны даргыг Байнгын хорооны гишүүдээс сонгох, Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 15 нь Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдиннямыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтовгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг шинээр сонгоно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу. 1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай; Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай; Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; Бусад. 2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Байнгын хорооны даргыг сонгох тухай. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай. 4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Ажлын хэсэг байгуулах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/; Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-нд өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/; Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; Бусад.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.