ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
2021-03-24 12:56:05 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ковид-19 халдварын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээллээд, цаашид салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим системд нэгдэж, чадварлаг хүний нөөцтэй болох зорилт тавин ажиллаж буйг Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга танилцуулав. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зорилтод ажилд хяналт тавин, үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар цар тахлын амаргүй цаг үед ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг Шадар сайд уулзалтын эхэнд онцлов. Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв. Тэрээр санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно хэмээгээд төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай гэв. Ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг Шадар сайд анхааруулаад, гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав. Мэргэжлийн хяналтын олон арван шударга зарчимч байцаагчдын хажуугаар тэдний үйл хэргийг нь харлуулж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Ялагуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгийг Шадар сайд онцоллоо. Уулзалтын үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Архангай, Булган, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдтэй цахимаар холбогдог цаг үеийн мэдээлэл авч, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нь сонслоо гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг хянан хэлэлцэж байгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой шийдвэр гаргаагуй байна. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Л.Оюун-Эрдэнэ: Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна
2021-03-23 11:13:17 Нийтлэгдсэн: Улс төрМонгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 40 жилийн өмнө Союз-39 хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв. Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ. Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар Союз-39 хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ. Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч дахин бүү ойртуул
2021-03-23 10:33:14 Нийтлэгдсэн: Улс төрЦэцийг тойрсон хоёр үйл явдал өчигдөр болсноос нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуултал арчаагаа алдаж, аргаа барж байгааг батлав. Гуравхан хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн сумаа тавилаа. Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа. Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам нь дахин Ерөнхийлөгч болохын төлөө аргаа барж байгаа Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.
"Байдал дээрдэхгүй бол IV/5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно"
2021-03-23 10:27:53 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын гишүүдийн байр суурийгхүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол IV/5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй гэв. Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн улбар шар зэрэглэлийн түвшинд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоо гэхээсээ илүү хатуу хөл хорио тавигдвал өсөлтийн цикль унана гэж тайлбарлаж байгааг дурдав. Мөн Эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон засгийн газар бүгд нэгдэж зүтгэх шаардлагатай байна. Бид илүү үйлчлэгч удирдагч болох ёстойг төрийн алба хаагчид ойлгох хэрэгтэй. Мэдээллийн зөрүүтэй байдлаас нь болж иргэдийг даапаалж, загнаж хандах хэрэггүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно гэж ойлгох хэрэгтэй гэв. Хөл хорио ба Засгийн газрын байр суурь:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй