МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ДАРГА НАР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын цахим уулазлт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед ч сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Спутник-V вакцины эхний ээлжийн тунг хүлээн авч, иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Хамтын хүчээр цар тахлыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын үйлдвэрлэл, худалдааны чуулга уулзалтуудад ОХУ-ын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах, Оросын томоохон хотуудад хамтарсан бизнес форум, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санал дэвшүүлэв. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэлээ. Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан бүтээлч ажил, арга хэмжээ хамтарсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нар онцлов.

PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН ХУРДАВЧИЛСАН ОНОШЛУУР АВАХ ХӨРӨНГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Товч мэдээ - PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө. - Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм. - Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна. - Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна. - Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.

Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо дэмжээд байсан юм. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулгыг хийж санал хураалт явуулахад 67 гишүүний 48 нь дэмжсэн юм.

Х.Баттулга: Бид энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Энхийг сахиулагчид аа, Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ! Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье! Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 100 жилтэй золгож байна. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ. Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон найман мянган жилийн туршид хөрш улсуудын түүхчид эр бүр нь аян дайнд оролцох ёстой. Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог гэж онцлон тэмдэглэж ирсэн байдаг. Тийм ээ, бид бол энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ. Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, барилгын талбарт гар бие оролцон ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулан ард түмнийхээ бахархал болсон билээ. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар миний бие энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалж байна. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж явна. Түүнчлэн улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцсоноороо монголчууд бие даан том бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж чадахыг ард түмэндээ нотлон харууллаа. Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Бүх Цэргийн Их Хар Сүлд амгалан цэнгэж, аюул занал түүн дор сөхрөн мөхөстөх болтугай. Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг! гэлээ.

Г.Занданшатар: Японтой зээл, тусламж гэхээсээ хөгжлийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзжээ. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад үзүүлсний дотор КОВИД-19 цар тахлыг даван туулах арга хэмжээний хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин зэргийг нийлүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байгааг тэрбээр онцлоод, хүндрэл бэрхшээл үүссэн цаг үе болгонд монголчуудад тусламж, дэмжлэг үзүүлдэг Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлсэн байна. ТүүнчлэнМонгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа 90 хувийг эзэлж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 6.0, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 4.0 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас хэт хамааралтай улс болсон байна. Тиймээс энэ өрөөсгөл бүтцийг өргөжүүлж, үйлдвэрлэгч орон болох нь зайлшгүй шаардлага боллоо. Энэ талаар сайн жишиг, туршлага хуримтлуулсан орон бол Япон. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл тусламжийг манай улсад үзүүлжээ Өнгөрсөн 30-аад жилийг эргэн харахад бидний хэрэгжүүлсэн барууны неолиберал бодлого төдийлэн тохиромжтой бус байсан нь тодорхой болж байна. Монгол, Япон хоёр бол Дорно дахины, Зүүн Азийн бүс нутагт багтдаг улсууд. Ахуй, соёл, зан заншил, уламжлалын хувьд бидэнд төстэй зүйл их бий. Тиймээс Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загварыг судлах, зөвлөх үйлчилгээ авах, техникийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бид сонирхож байна. Ер нь цаашид зээл тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц төслүүд хэрэгжсэнд баяртай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын хувьд Монгол Улсын олон салбарт хөгжлийн албан ёсны дэмжлэг, зээл, тусламж олгож байгаа. Тэдгээрийн дотроос хөгжлийн бодлогын туслалцаа дэмжлэг үзүүлэх нь бидний хувьд хамгийн чухал, завшаантай хэрэг юм. Тиймээс бид энэ чиглэлээр хамтран ажиллаж, туршлага сургамжаасаа хуваалцахад баяртай байх болно гэлээ. Уулзалтын үеэр Монгол, Японы парламент хоорондын хамтын ажиллагаа, ирэх жил болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, Японы хөгжлийн шилдэг загвар, туршлагыг Монголд сурталчлах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.