Ц.ТУВААН АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙГ Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЖЭЭ

АН үнэндээ л онигоо болж байна. Хоёр тамга, хоёр дарга, хоёр дүрэмтэй болчихоод байгаа энэ намд дахин хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нар бие биетэйгээ өрсөлдөн АН-ын даргад нэр дэвшигч нарт батламж гардуулав. АН-ыг авч үлдэнэ, хэн нэг хүний хувийн компани болгохгүй гэж мэдэгдээд байгаа С.Эрдэнэ аргаа барсандаа буурал Э.Бат-Үүлийг дуудаж авчиран нэг батламж бичиж, халаасанд нь хийж өгөөд явууллаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас заавал дахин нэр дэвшүүлэх, дэвшүүлэх дэвшүүлэхдээ ямар нэг өрсөлдөгч үгүйгээр гаргаж ирэх даалгавар авсан Ц.Туваан Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нарт батламж гардуулаад байна. С.Эрдэнийн нэр дэвшүүлээд байгаа С.Бат-Үүл гишүүний хувьд Ц.Тувааны нэр дэвшигч нараас олон талаараа давуу. Гэвч Х.Баттулга намын даргын сунгаанаас өмнө түүнийг авлига, албан тушаалын хэргээр шоронд хийчих вий гэж АН-ынхан айж байна. Энэ айдас ор хоосон зүйл биш. Х.Баттулга шүүх эрх мэдлийг гартаа авч, дуртай хүнээ яаж яллаж, шоронд илгээж, бас айлгаж байгааг сүүлийн үед бол буй үйл явдлууд баталж байгаа. Харин Х.Баттулгатай үзэл бодол, халаас нэгтэй Ц.Туваан яг Х.Баттулгыг найдвартай дэмжих өөрийн хүмүүсээ энэ удаа намын даргад сойхоор бэлтгэжээ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Х.Баттулгатай дотно холбоотой, түүнийг сайд байхад Чингэс бондноос 5 тэрбум төгрөг авч байсан, түншүүд. Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд Ц.Туваантай ойрын хамаатан, Төв аймгийн улсууд. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшингийн хувьд Х.Баттулгатай хамгийн ойр байгаа хүмүүсийн нэг. Х.Баттулга Р.Амартүвшин нар нийлж Хятадуудад 30 мянган хонь өгсөн, ЕТГ-тай хамтран Малчдад ээлтэй төр төслийг хэрэгжүүлэн, онд орохгүй бог малыг 30 000 төгрөгөөр худалдан авах ажиллагааг Баянхонгор аймгаас эхлэн зохион байгуулсан юм байна. Тэгээд махыг нь Мах импекст хямд үнээр өгчээ. Эндээс харахад Ц.Туваан зөвхөн Х.Баттулгын талын хүмүүсийг АН-ын даргын сунгаанд бүртгэв. Тэдний хэн ч ялсан Х.Баттулгад ашигтай. Ийм хор найруулахын тулд Х.Баттулгын зааварчилгаагаар ЦТуваан нь Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Галиндэв нарыг улаан цайм нэр дэвшилтнээс хасч, олон өрсөлдөгч гаргаж ирэхгүйн тулд сонгуулийн зардлыг 1,2 тэрбумаар тогтоожээ. Т.Энхсайхнаас эхлээд 14 хүн дэнчингийн мөнгөө төлж чадахгүй нэрээ татав. Одоо Х.Баттулгын даалгавараар АН-ын сунгаанд оролцож байгаа Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Р.Амартүвшин нар тус бүр 300 сая төгрөг төлж өрсөлдөнө. Энэ мөнгийг Х.Баттулга халааснаасаа гаргаад өгчих нь тодорхой. Гэхдээ АН-ыг хоёр талцуулан байж дахин Ерөнхийлөгч болохоор улаарч суугаа Х.Баттулгын энэ шунал АН-ын нэр хүндийг навсайтал унагаж, шившгийн хөндий рүү чирж байгаад намын гишүүд нь бухимдаж байна.

АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм. Цаашид: - Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх - Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх - Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох - Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм. Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу Чингис хаан олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм. Товч мэдээ - Дархан арьс, ширний цогцолбор-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ. - Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.

ЭНЭ ЖИЛ 5,000 ЗАЛУУСЫГ СУРГАЖ, АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛОХОД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм. Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ. Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна. Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм. Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ. Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа. Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулна Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

Япон Улс 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо. Тус улсын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ. КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины хүйтэн хэлхээ-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв. Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эх сурвалж: ГХЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.