Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах МИАТ компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г БАТАЛЛАА
2021-02-18 11:11:24 Нийтлэгдсэн: Улс төрЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ-Г БАТАЛЛАА Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. Зээлийн батлан даалтын сан-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд: - Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл - Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг - Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих Залуус I, II, III хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг - Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг - Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг - Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна. Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу: - Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх - Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх - Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах - Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх - Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх - Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх - Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх - Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх - Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх - Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов. Товч мэдээ - 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө. - 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ
2021-02-17 11:02:06 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад Цагаагчин үхэр жилийн мэндийг дэвшүүлэв. Мөн Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм шүү. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна гэлээ. Үргэлжлүүлэн БНӨСУ дахь НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, Афганистан улс дахь Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, мөн ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэж буй газрын нөхцөл байдал, ажиллагааны талаар тус тус илтгэлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн илтгэснээр: Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Судан Улсын Дарфур муж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан Улсын Абей муж, БНИемен зэрэг 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна. 2021 оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 19,300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна. 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 7 ажиллагаанд нийтдээ 1,116 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цахим уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад хандан, Ажиллагааны мандат, төр засаг, Зэвсэгт хүчний дээд удирдлагаас даалгасан үүргийг мэргэжлийн түвшинд алдаа мадаггүй биелүүлж, хууль, дүрэм журмыг чанд сахиж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг ямагт өндөрт өргөж яваарай. Үүргээ идэвх санаачилгатай, үнэнч шударгаар гүйцэтгэн, монгол энхийг сахиулагчдын өндөр зохион байгуулалт, сахилга бат, тэсвэр хатуужлын үнэлгээ, Зэвсэгт хүчний дайчин уламжлалыг улам батжуулахыг хүсье. Үүрэг гүйцэтгэх үед бүх төрлийн аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөж, эрүүл мэндээ хамгаалах, ялангуяа коронавируст (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийт бие бүрэлдэхүүн онцгой анхаараарай. Та бүхэн ажиллагааны хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэл, бие бялдраа хөгжүүлж, хариуцсан зэвсэгт техникээ төгс эзэмшин мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулахын төлөө хичээн зүтгэж, өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлэн эх орондоо энх тунх, амар мэнд уулзахыг ерөөе гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй эмэгтэй алба хаагчдад баяр хүргэж, тэдний аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулахыг нийт энхийг сахиулагчиддаа санууллаа.
Шууд: “Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
2021-02-17 10:19:05 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө-г зарлаж, энэ хүрээнд Нэг хаалга-Нэг өрх шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм. Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг хэллээ. Мөн ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer болон бусад улс орны вакцины талаар танилцуулав. ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй