Якоб Стаусхолм: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна
2022-01-27 10:37:22 Нийтлэгдсэн: Улс төр Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.01.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа. Уулзалтын эхэнд ноёнЯкоб Стаусхолм Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцлов. Тэрбээр, Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч эцсийн дүнд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлэх шийдэлд хүрсэнд баяртай байна. Мөн Монгол Улсад ардчиллын процесс хэрхэн өрнөж байгааг харахад таатай байна. Иймд Улсын Их Хурлын даргад бараалахснаар талархал илэрхийлэх, төслийн талаар санал солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оюу толгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнд баяр хүргэж, Монгол Улс гуравдагч хөрш орнуудтайгаа ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол ард иргэдийнхээ оролцоог хангасан, ашиг сонирхолыг нь хангахаар ажиллаж ирсэн. Иймд Оюу толгойн асуудлаарх Түр хороог Улсын Их Хуралд байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ард иргэддээ тэнцвэржүүлсэн, үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хөрөнгө оруулагч талтай ил тод, нээлттэй хамтран ажиллаж, олон талт байр суурийг нэг талд гаргаснаар ардчиллын үнэт зүйлсэд хүрч чадсан юм гэлээ. Ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг олгосон нь маш том үүрэг хариуцлага. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар алсыг харсан, харилцан ашигтай байх зарчмыг гол тулгуур болгосон Рио Тинтогийн удирдлагуудад талархал илэрхийлж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед алсыг харсан бодлого чухал болохыг тодогтов. Талууд Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хэрэгжилт, татвар, боловсон хүчин зэрэг бусад асуудлаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцлаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2022-01-27 10:14:22 Нийтлэгдсэн: Улс төр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан Монгол Улсын Их ХурлынБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 онынамрын ээлжит чуулганы хугацаандУлсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна. Ээлжит чуулганы хугацаандтусБайнгын хороо3удаа хуралдаж,6асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Байнгын хорооны тогтоолоор хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд5,ажлын дэд хэсэг18удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга2-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар5Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталсан. Үүнд, 1.Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол -2 2.Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай -2 3.Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол -1 Нэг.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооэрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнд: Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхажлын хэсгийн талаар: 1.Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий2021 оны 07 дугаар сарын 27-ны 58 дугаар тогтоолоор байгуулсанажлын хэсэг. 2.Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. 3.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. 4.Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. 5.Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. 6.Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. 7.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав. Хоёр.Хяналт, шалгалтын ажлын талаар: 1.2021.04.27-ныөдрийн 02 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал,дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхийажлын хэсэг байгуулагдав.Тус ажлын хэсгийн хүрээнд салбарын хүрээний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэв. МөнБиеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийнтөсөлд санал хүргүүлж,Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйлажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсгээс боловсруулсныг тус Байнгын хорооны 2021.10.19-ний хуралдаанаар хэлэлцэн батлав. 2.2021.05.25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал,дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 3.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээндшийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэсний дагуу Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлынхэсгийг 2021.01.13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан. Ажлын хэсэг 6 удаа хуралдаж, Дундговь, Завхан аймгууд, зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцав. Ажлын хэсгийн хүрээнд ШУТИС-дээр үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэгчдийн хүрээнд зохион байгуулав. Үүнтэй холбоотойгоорБайнгын хорооны хуралдаанаар 2022.01.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэв. Гурав.Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар: 1.2021.10.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаарааБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. 2.2022.01.17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэж, ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт: 1.Монгол Улсын2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаархсанал, дүгнэлтийгТөсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Дөрөв.Бусад ажлын талаар Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийн зохион байгуулав. Үүнд: 1.Япон лугаа адил хөгжье сэдэвт хэлэлцүүлэг. Төрийн ордон.2021.09.30. 2. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөлClubhouse/цахим/ хэлэлцүүлэг.2021.11.10. 3.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэг.Багшийн хөгжлийн ордон.2021.11.12. 4.Боловсролын ерөнхий хуулийн төсөл хэлэлцүүлэг.Монгол Улсын их сургуулийн номын сан.2021.11.15. 5.Боловсролын багц хуулийнтөсөл хэлэлцүүлэг. Дорнод аймаг.2021.11.20. 6.Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдал сэдвээр JCI Монгол байгууллагатай хамтранClubhouse/цахим/ хэлэлцүүлэг.2021.11.29. 7.Боловсролын ерөнхий хуулийн төсөл хэлэлцүүлэг.Завхан аймаг.2021.12.01. 8.Ерөнхий боловсролын хуулийн төсөлClubhouse/цахим/ хэлэлцүүлэг.2021.12.07. 9.Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцүүлэг.Дархан-Уул аймаг(Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 400 гаруй төлөөлөл оролцов).2021.12.11. 10.Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцүүлэг.Хэнтий аймаг.2021.12.11. 11. Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш, ажиллагсад, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав.2021.12.15. 12.Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцүүлэг.Дорноговь аймаг.2021.12.18. 13.Боловсролын ерөнхий хуулийн төсөл хэлэлцүүлэг.Шинжлэх ухаан, технологийн их сургууль.2021.12.21. 14.Боловсролын багц хуулийн төсөлхэлэлцүүлэг.Төв аймаг.2021.12.28. Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнддараах уулзалтуудыг хийв: 1.Боловсролын багц хуулийн төслийн талаар хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.2021.12.15. 2.Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн байр суурь, хэрэгцээг анхаарч, дуу хоолойг нь сонсох, тусгах талаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж санал солилцсон. 3.Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд хувийн хэвшлийн дээд сургуулиудын захирал нартай уулзаж санал санал солилцсон.2022.01.11. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРОО
Төрийн байгуулалтын байнгын хороо 33 хууль, УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ
2022-01-27 10:10:17 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их ХурлынТөрийн байгуулалтын байнгынхороо өнөөдөр (2022.01.26) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар оролцов. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо13удаа, Дэд хороо1удаа, Түр хороо1удаа хуралдаж, давхардсан тоогоор349асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээллийнхээ эхэнд дуулгав. Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий7ажлын хэсэг байгуулан ажлын хэсгүүд43удаа хуралдсан бөгөөд Байнгын хорооны10тогтоол хэлэлцэн баталжээ. Байнгын хорооны хуралдаанаар316хуулийн төсөл, Улсын Их Хурлын14тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн10,анхны хэлэлцүүлгийн7санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн4танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай4санал, дүгнэлт, тайлан, мэдээлэл3, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй77саналын томьёоллыг бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бие даасан1, нэмэлт, өөрчлөлтийн32, Улсын Их Хурлын 14 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан чухал хуулиудын нэг бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчимболон асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг Улсын Их Хурлын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилж, хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн тэрбээр мэдээлсэн юм. Түүнчлэн Байнгын, дэд хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, мөн холбогдох хуулиудаар зохицуулсан Улсын Их Хуралд тайлагнах хууль тогтоомжийн биелэлтийн тайлан, илтгэл, мэдээллийг уялдуулан нэгтгэж, Улсын Их Хурлын хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тусгасан гэлээ. Дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлох зорилгоор тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар тусгасан. Мөн холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын баталсан дүрэм, журам тухайн хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төсөлд тусгасан нь чухал зохицуулалт болсон гэдгийг мөн онцолсон. Хяналтын сонсголын хувьд 1) хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол; 2) төсвийн хяналтын сонсгол; 3) ерөнхий хяналтын сонсгол; 4) нэр дэвшигчийн сонсгол гэсэн үндсэн 4 төрөлтэй байхаар төсөлд тусгасан. Онцлог зохицуулалт нь эдгээр хяналтын сонсгол Улсын Их Хурлын 5-аас доошгүй гишүүн, Байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар эдгээр сонсголыг зохион байгуулж, явуулахаар хуульчилсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мөн тодотгосон. Тэрбээр, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Тодруулбал, олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон investigation hearing буюу мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх замаар тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Их Хурал дээр дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгох маш чухал ач холбогдолтой юм. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангана гэсэн мэдээллийг өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангаж холбогдох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны 04 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцүүлгийн шатанд буй Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ
2022-01-27 09:24:38 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их ХурлынБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнбайнгын хороо өнөөдөр (2022.01.26) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,Н.Ганибал, Ж.Батжаргал,Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн нар оролцов. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээллийн эхэнд,Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласныг онцлоод чуулганы хугацаанд тус Байнгын хороо 7 удаа хуралдаж, Байнгын хорооны 8 тогтоол баталж,2хяналт шалгалтын тайлан, мэдээлэл сонссон гэж байлаа. Мөн тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 3 хуулийн төслийг хэлэлцүүлж, хоёр хууль батлуулсныг дурдаад баталсан хуулиудынхааталаар товч мэдээллэв. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэнхуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилласан бөгөөд энэ хуулийг баталснаар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг судалж ашиглах, хамгаалах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажилласан бөгөөд энэ хууль нь хүний болон малын генетик нөөцийн хуулиас ангид, ургамал, ан, бичил биетний генетик нөөц, тэдгээрийн уламжлалт мэдлэг дээр суурилсан харилцааг зохицуулсан. Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Биологийн олон янз байдлын тухай конвенцыг 1993 онд, Биологийн олон янз байдлын тухай конвенцын Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг 2012 онд соёрхон баталсан. Эдгээр гэрээ, конвенцод нэгдэн орж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, улсынхаа генетик нөөцийг болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлан хөгжүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, бүртгэх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахтай холбоотой үр шимийг хүртэх зэрэг харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд Генетик нөөцийн тухай хуулийг баталсныг онцлон тэмдэглэв. Мөн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс 2019 онд өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр ус ашиглахтай холбоотой харилцаа, говийн болон гүний усыг ашиглах, эс ашиглахтай холбоотой асуудлыг хөндсөнийг тодотгоод хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллаж байгааг дурдсан. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээлэлдээ,намрын ээлжит чуулганы хугацаанд хяналт, шалгалтын чиглэлээр3Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов. Тухайлбал, Байнгын хорооны тогтоолоор Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ажилласан.Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхийажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байгааг дурдаадАжлын хэсэг байгуулах болсон нь малын шүлхий өвчин 17 аймгийг хамарч дэгдсэн болон малын бусад өвчин гарсантай холбоотой гэж байлаа.Түүнчлэн Байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийгбайгуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан ажиллаж байна гэв. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамаардаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг даргатай уг дэд хорооНэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 2021 оны 12 дугаар сард Төрийн ордонд Ковид-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэдэвт Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. 32 байгууллагын 130 хүний төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж, санал, дүгнэлтийг гаргаж ажилласныг Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээллийн төгсгөлд онцлон тэмдэглэсэн. Мөн энэ үеэр Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулсан хууль болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төсөл, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар гишүүд товч мэдээллэв.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэнхуулийн төслүүдийг баталснаар үр сортын ангиллыг бий болгох, үйлдвэрлэлийг тогтмолжуулах, аж ахуйн нэгжүүдээ мэргэшүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, үүнтэй уялдсан тодорхой хяналтыг бий болгох зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан.Мөн үрийг экспортлох, импортлоход тодорхой стандартын шаардлагыг тодорхойлох, үрийн нөөцийг бүрдүүлэх, үр сортын үндэсний бүртгэлийг бий болгох зохицуулалтыг нарийвчлан тусгасныг онцлон тэмдэглэсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, намрын чуулганаар батлагдсан чухал хуулиудын нэг нь Генетик нөөцийн тухайхууль гэдгийг онцлов.Тэрбээр, Монгол Улсад өмнө нь генетик нөөц, ан амьтан, ургамал, бичил биетэнтэй холбоотой хууль эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс уг хууль батлагдсанаар Монгол Улс анх удаа генетик нөөцийг хадгалж, хамгаалах, нэгдсэн бүртгэлийн системтэй болох үндэс суурь нь хууль эрх зүйн орчинд бий болсон гэж байлаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа Усны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, 2012 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан хэдий ч зарим зохицуулалтыг орхигдуулсан учир хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Усны тухайхуульд газрын дор байгаа усны зохицуулалтыг хийх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Монгол Улс нийт усны хэрэглээний 80 хувийг, цэнгэг усныхаа нөөцийнхөө 1.9 хувийг газар доорх усыг ханган ашигладаг. Байдал энэ янзаар үргэлжилбэл экологийн тэнцвэргүй байдалд орох, усны хомсдол үүсэх тооцоо, судалгаа байгаа нь анхаарал татсан асуудал гэдгийг дурдав. Тиймээс Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд удаа дараа удаа хуралдаж,чуулганы завсарлагааны хугацаандцуврал хэлэлцүүлэг зохион байгуулан шаргууажиллаж байгаагийн зэрэгцээ Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийгчуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Байнгын хорооноос голлох томоохон хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавихаар Ажлын хэсэг байгуулсны нэг нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гэдгийг онцлов. Хүнсний тухай хууль үүн дотроо стратегийн гол бүтээгдэхүүний үнэ, борлуулалт, үйлдвэрлэл эрхлэлтэд гарч байгаа тулгамдсан асуудал, алдаа, оноог судлах, орон нутагт очиж аж ахуйн нэгж, үйлвэрлэл эрхлэгч, холбогдох хүмүүстэй уулзаж, ажил байдалтай нь танилцсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газарт тодорхой чиглэл өгч ажилласан гэж байлаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийгбайгуулан 3 удаа, Дэд ажлын хэсэг 4 удаа хуралдсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлсэн үгэндээ тэмдэглээд Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлаар санал, дүгнэлт боловсруулан ажиллаж байгаагаа дурдсан. Ажлын хэсгийн зүгээс цаашид анхаарах асуудлыг нарийвчлан судлан боловсруулж санал, дүгнэлтдээ тусган Байнгын хорооны хуралдаанаар танилцуулж Засгийн газарт чиглэл өгүүлэх, УИХ-ын эрх хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн нар сэтгүүлчдийн асуултад хариулт, мэдээлэл, тайлбар өглөө гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо
2022-01-27 09:20:46 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ. Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй