Бидний өвөг дээдсээс улбаатай нүүдэлчин соёл, таван хошуу малаа өсгөн үржүүлдэг уламжлалт аж ахуй нь өнөө цагт ч эдийн засгийн тулгуур багана, баялаг бүтээгч түлхүүр хүч мөн билээ. Манай улсын мал сүргийн нийт тоо толгой 67.3 саяд хүрч, 21 аймгийн хэмжээнд 305412 малчин, өрх айл жилийн дөрвөн улиралд буянт сүргийн ашиг шимийг сайжруулж, үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлсээр байна. Буян үйлдэгч хэмээх билэг дэмбэрэлтэй тодотгол бүхий Усан бар жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Улсын аварга малчин өрх 100, Улсын аварга тариаланч 21, Улсын аварга саальчин 6 тодорчээ. Энэ жилийн хувьд Баянхонгор аймгаас Улсын аварга малчин өрх-өөр Баян-Өндөр сумын малчин Д.Гансүх,Л.Цогмаа, Богд сумын малчин С.Батмөнх, С.Наранцэцэг, Галуут сумын малчин Р.Лхагвасүрэн, Л.Цогзолмаа, Өлзийт сумын малчин М.Амарсайхан, Ш.Гэрэлмаа, Эрдэнэцогт сумын малчин Ц.Батсайхан, Л.Өлзийжаргал нар тодорсон бол Улсын аварга тариаланч-аар Баянхонгор сумын тариаланч С.Оюунсүрэн, Р.Балжинням, мөн Улсын аварга саальчин-аар Эрдэнэцогт сумын саальчин Д.Болормаа нар тодорлоо. Өвлийг өнтэй давж, урин хавартай энх золгосны баяр болох сар шинийн өдрүүдийн өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг Таван Эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төлийн эзэд шагналыг 44 дэх жилдээ уламжлал болгон орон даяар тодруулж байгаа билээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авч, мал сүргийнхээ гарц, шимийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж, ну таг орондоо үйлс, бүтээмжээрээ манлайлсан иргэдийн төлөөлөл болж Баянхонгор аймгийн Галуут сумын малчин Д.Түмэн-Өлзий, О.Арвий, Д.Эрдэнэбилэг, Д.Мягмарханд, Баян-Овоо сумын малчин Ч.Чагнаадорж, Д.Одмягмар нар Алтан төлийн эзэд-ээр шалгарлаа. Дэлгэр Монгол орны минь өнцөг булан бүрт шинэ төлийн дуу цангинаж, малчин зон олны минь сэтгэл тэнүүн, үйлс арвин байх болтугай.
УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэж байна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томилжээ
2022-01-31 08:54:48 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Монгол Ардын Намын хорооны Бага хурлаар хорооны гишүүдээ шинэчлэн сонгож, үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдан явуулав. Хурлын эхэнд 11 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулсан. Үүний дараа Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга болон орон тооны бус дэд дарга, тэргүүлэгчдийг сонголоо. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар нэр дэвшигчдийг танилцуулж, санал хураалт явуулсан юм. Тодруулбал, намын хорооны орон тооны дэд даргад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ч.Батзул, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, орон тооны бус дэд даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Батбаяр нарын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 23 тэргүүлэгчийг 100 хувийн саналаар сонгов.
“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар уулзлаа
2022-01-31 08:51:30 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин-2022 Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн Бээжин-2022 өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно. Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна гэлээ. Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ. Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм. Манай улсын баг тамирчид анх Инсбрук-1964 өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпийн наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.
БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулна
2022-01-28 08:45:48 Нийтлэгдсэн: Улс төр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нарын албаны хүмүүсээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын жуулчны баазуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо зэрэг 30 орчим байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээж аваад анхны уулзалтаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай хийж байгаагаа онцлоод манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхайн салбарын дараагаар хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татах боломжит салбар болохыг хэлсэн юм. Мэргэжлийн холбоодын удирдлагуудын зүгээс цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирсон гэдгээ дуулгаад хууль, эрх зүй, төсөв, хүний нөөц, тусгай зөвшөөрөл олголт, олон улсын хамтын ажиллагаа, цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсад гадаадын жуулчид ирж байгаа үед журам нь тодорхой байх, аялал жуулчлын салбарын эрх зүйн байдлыг сайжруулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ Манай салбарт нэг хүний бодлого явах ёсгүй. Мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлого явах ёстой гэж үзэж байгаа. Бүгдээрээ хамтраад шаардлагатай эрх зүйн шинэчлэлүүдээ хийе. Аялал жуулчлалын салбарынхаа бодлогыг тодорхойлоод, хаалгаа нээгээд, гэрлээ асаая. Үүний тулд та бүхний дэмжлэг, бидний хамтын ажиллагаа маш чухал. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр өнөөдөр манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 35 хувь нь дампуурсан, 70 мянган хүн ажлын байргүй болсон гэж түрүүн салбарынхан ярилаа. Энэ хүндрэлийг засахын тулд эрдэмтэн судлаачдынхаа судалгаа, олон улсын байгууллагуудын дүгнэлтүүдийг нэлээд анхаарч харах, ажил хэрэгтээ ашиглах хэрэгтэй болж байна. Улмаар олон улсаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гарцыг ч хайх хэрэгтэй. Ер нь байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй шүү дээ. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа гэсэн юм. Мөн тэрбээр Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцсон бүх байгууллагыг би албан ёсоор БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдах Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд урьж байна. Энэ зөвлөлийг яаралтай байгуулъя. Тэгээд ирэх даваа гарагт албан ёсоор зарлана. Цөмөөрөө энэ зөвлөлөөрөө хэлэлцэж аялал жуулчлалын бодлогоо гаргая. Зөвлөл дээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх менежмент, онцгой төлөвлөгөө, төсөв, нисэхийн либералчлал, олон улсын судалгаа гээд бүх юмаа ярья. Цаашлаад Аялал жуулчалын мэргэжлийн зөвлөл дээрээ яриад ирэх сарын дундуур аялал жуулчлалын салбарынхнаа хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгуулъя. Залгаад хоёрдугаар сарын сүүлээр томоохон хэмжээний аялал жуулчлалын форумыг хийгээд олон улсад албан ёсоор Монгол Улсын аялал жуулчлалын бодлогыг зарлая гэж бодож байна. Харин үүнээс өмнө бид цар тахлын үед жуулчин авахдаа ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад цэгцэлсэн байх шаардлагатай болов уу гэж харж байгаа. Бүгдээрээ иим шахуу хөтөлбөртэй ажиллая. Ингэж явж байж бидний ажил бүтнэ. Аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хийх шаардлагатай. Энэ бол заавал төр хийх гээд байх шаардлагагүй ажил. Үүнийг Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл дээр хэлэлцье. Бүгдээрээ хамтраад 2022 ондоо маш сайн ажиллаж чадвал 2023 оныг Монгол Улсад айлчлах, зочлох жил болгон зарлах бүрэн боломжтой гэсэн юм. Эх сурвалж: БОАЖЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй