ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН, АНУ-ЫН ТНБД-ЫН ОРЛОГЧ У.ШЕРМАН НАР УТСААР ЯРИВ

​ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шерман нар утсаар ярив. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ойн хүрээнд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн 35 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн итгэлцлийг хадгалж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. ТНБД-ын орлогч У.Шерман АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ойг тохиолдуулан монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Монгол Улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй байна

​ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Далайн захиргаанд ажиллав. Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа далайн захиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр Манай улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй. Газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн хүрээнд Олон улсын Далайн байгууллагатай хамтран далайн тээврийн бодлогын талаар сургалт авахаар хүсэлт гаргасан. Хэрэв дэмжигдвэл 2022 оны зургаадугаар сард сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн бидний зүгээс боомттой холбоотой судалгаа олон удаа хийдэг. Манай улс БНХАУ-тай долоо, ОХУ-тай таван боомтоор далайн хэлэлцээр хийсэн тул экспорт, импортын бараа солилцох эрхтэй. Бид Тяньжин боомтоос бусдыг нь ашиглах бололцоог судлан, ажиллаж байна. Үүнийг өөрчлөх гаргалгаа нь хуурай замын боомттой болох. Хэрэгжүүлэхийн тулд хуурай боомттой болох эрхзүйн орчин, гаргалгааг холбогдох газар бүр хамтран гаргах нь чухал болоод байгаа юм гэв. Сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын байгуулсан хөрш орнууд хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан 12 боомт бий. БНХАУ-ын боомтуудыг манай улсын экспорт, импортын ачаанд хэрхэн ашиглах талаар зайлшгүй судлах хэрэгтэй. Бидний ашиглаж буй нь ганц Тяньжин боомт. Цаашид бусад боомтуудыг ашиглах, хамтран ажиллах талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран санал боловсруулж ажиллаарай. Экспорт, импортын компаниуд мэдээллээр дутмаг байдаг нь хамтран ажиллахад бэрхшээлтэй болдог. Тэднийг мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллах ёстой. Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарахад алс дорнодын боомтуудыг хэрхэн ашиглах талаар судлах, Засгийн газрын хуралдаанаар хуурай боомт байгуулах эрх зүйн боломжийг судлан хэлэлцүүлэг хийх бэлтгэлийг хангаж ажиллаарай гэв. Мөн тэрээр, урин дулаан цаг ирэхээр иргэд ихэвчлэн гол, нуурын ойролцоо амардаг. Иргэд Далайн захиргаанд бүртгэлгүй жижиг завинд хүчин чадлаасаа давсан том мотор тавьж эсвэл чанарын шаардлага хангахгүй хийлдэг завь ашигласнаас усанд осолдох тохиолдол гардаг. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Хөвсгөл нуурын эрэгт өмнөх жилүүдэд баригдсан усан замын тээврийн хэрэгслийн таван зогсоолын өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох, ашиглалт хамгаалалт аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгов. Эх сурвалж: ЗТХЯ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа

​​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, ялангуяа Хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад анхаарал хандуулж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл эцэслэн батлагдсаныг онцолж, тус төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ. Талууд байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл хангах чиглэл өгөв

​ Edit Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК-иудад ажиллаж, тухайн компаниудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өглөө. Эхлээд Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батнасан Утсан харилцаагаар галт тэрэг аялуулах төлөвлөгөөний биелэлт, баруун, зүүн босоо төмөр замын төсөл-ийн талаар танилцуулав. Тэрбээр Монголын төмөр зам ТӨХК нь төмөр замын шинэ бүтээн байгуулалт хийгээд төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй субьект. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн удирдагч, захиалагчаар ажиллаж, харьцангуй хямд өртгөөр барьж 3 дугаар сарын 15-наас зүгшрүүлэлтийн тээврийг эхлүүлэх гэж байна. Цаашлаад төмөр зам барьж байгуулах хүчин чадал бүхий машин механизм, мэргэжлийн боловсон хүчин бүхий төмөр замын зам, барилгын механикжсан ангитай болж дараа, дараагийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх бааз сууриа бүрдүүлж чадсан гэв. Сайд Л.Халтар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 01 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж төлөвлөгөөний биелэлтийг хариуцлагатайгаар ханган ажиллах ёстойг сануулъя. Түүнчлэн зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг мөн оны 03 дугаар сард эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулж, саналаа танилцуулна. Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийг холбогдох албаныхантай хамтран 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болгоё гэлээ. Үүний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж буй Тавантолгой төмөр зам ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэрэгжүүлж буй төслүүдийн ажлын явцыг танилцуулав. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Сайд Л.Халтар, 2022 оны 07 дугаар сарын 01 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Түүнээс өмнө тээврийн тариф, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлээр төмөр замын салбарын зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллан төлөвлөгөөгөө, 2 дугаар сард багтаан яаманд танилцуулна. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган мөн оны 05-р сарын 01-нд эхлүүлэхийг үүрэг болгов. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зүүнбаян төмөр зам ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоны дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сард бүрэн дуусахын зэрэгцээ байгалийн хүчин зүйл, мал амьтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлд Улаанбаатар төмөр зам ХНН, орон нутгийн холбогдох газруудтай хамтран ажиллах шаардлагатай талаар чиглэл өглөө. Эх сурвалж: ЗТХЯ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТ, ТЭДГЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов. Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов. Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцов. Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав. Мөн монголын тал Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын чиглэлээр улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын цэгийг тогтоохтой холбогдуулан хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд ноот бичиг солилцох замаар баталгаажуулах саналаа танилцуулав. Хятадын тал энэ асуудлаар ноот бичиг солилцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсаны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.