ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОУ-ын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий хорооны даргатай уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөрОлон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны Москва хот дахь төв байранд зочилж, тус банкны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов-той уулзав. Уулзалтын үеэр ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов тус банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлэл хийж, цаашид монголын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйтай хамтран ажиллах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар танилцууллаа. Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг өргөтгөх асуудлыг дэмжин ажиллахын зэрэгцээ тус банкнаас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Туул голын сав газрын судалгаа, хамгаалалтын чиглэлээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хэрэгжүүлж буй грант төслийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэлт болгосон байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан банк бөгөөд Монгол Улс тус банкны анхны гишүүн улсуудын нэг бөгөөд төв нь Унгар Улсын нийслэл Будапешт хотноо байрладаг болно. Эх сурвалж: ГХЯ

Он дамжсан Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-ндУИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн билээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн мөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хэдхэн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн багц хуулийг хэлэлцэхийг холбогдох байнгын хороодэмжээгүй юм. Түүнээс хойш хоёр хуулийн төслийг нэгтгэх үү эсвэл аль нэгийг нь цааш хэлэлцээд явах уу гэдэг тодорхойгүй байсаар өмнөх парламентын бүрэн эрх дуусгавар болсон. Эцэст нь Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсан юм. Ийнхүү удаа дараа хойшилсоор дараа онтойгоо золгосон Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан байна Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ. Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөнгишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таванжил байсныг дөрвөнжил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулсан байна. Түүнчлэн шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан болохыг уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлээлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна.

НЭГДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРӨӨС ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр/2021.01.04/ ээлжит бусаар хийлээ. Хурлаар УОК-ын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын танилцуулснаар сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргав. Нийслэлд мөрдөж буй Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-ийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгалаа. Дээрхи шийдвэрийг УОК, ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагаас явуулсан 14 хоногийн хөл хорионы үеийн эрсдлийн үнэлгээг үндэслэн гаргав. Улмаар нэгдүгээр сарын 11-ны 06:00 цагаас зэрэглэлээ бууруулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг нээхээр төлөвлөж байна. Тодруулвал 2020 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 23-ний өдөр хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхлэх юм. Ингэснээр хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж, ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй. Энэ талаар тухайн цаг үед нь НОК-оос ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх дээрхи хугацаанд УОК-ын шуурхай штаб, ЭМЯ бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран халдварын шинэ голомтуудын хүрээг хумихад онцгой анхаарч ажиллана. Худалдаа, үйлчилгээний салбарынхан халдвар хамгааллын дэглэмээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бэлтгэлээ базаах боломж бүрдэж байна. Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ. Энэ нь эргэж буцсан асуудал биш. Ард иргэд, ААН-үүдээ хамгаалж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа тооцож, илүү их хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж буй шийдвэр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэв. Мөн өдрийн хурлаар XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр/2021.02.12/-ыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/; Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Бусад.

Цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа

Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар (2020.12.31) Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зургаан сарын хугацаагаар сунгалаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийг яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан. Цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн тус хуулийн үйлчлэх хугацааг сунгаж,зарим нэмэлт, өөрчлөлтийг орууллаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.