Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм
2020-12-31 10:45:50 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхдийн төлөө фонд-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор Монгол соёл-Монгол хүүхэд цахим тоглолтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тоглолтын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Бүхнийг хүүхдийн төлөө уриатайгаар хүүхэд багачуудын төлөөх их бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, түүхэнд бичигдсэн Хүүхдийн төлөө фонд-ыг хагас зууны дараа дахин сэргээн байгуулж байна. Бид өмнөх үеийнхээ сайн туршлага, зөв уламжлалыг орчин цагийн онцлогт нийцүүлж, илүү бүтээлч, үр дүнтэйгээр хөгжүүлэх нь чухал болчихоод байна. Хүүхдийн төлөө фонд-ын үйл ажиллагаа, үзэл санаа, зорилго чиглэл нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал илүү олон талтай бөгөөд хурцаар тавигдах болсон одоо үед нэн шаардлагатай сайн туршлага, уламжлал билээ. Хүүхэд бол үндэстний баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир юм. Хүүхэд бол бидний ирээдүй, хөгжлийн буухиаг үеийн үед үргэлжлүүлэх алтан хэлхээс юм. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь нь юм. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг. Та бүхэн эх орныхоо ирээдүйн төлөө Хүүхдийн төлөө фонд-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт миний бие итгэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын маань үрс улам олон болж, жаргал цэнгэлээр дүүрэн, эрдэм мэдлэгээр арвин өсөж торних болтугай гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалаас монгол бичгээр бичиж, Хүүхдийн төлөө фонд-ын үйл ажиллагаанд зориулан хандивлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Чингис хааны билиг сургаалын Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг хэмээх хэсгийг монгол бичгээр бичжээ.
Зээл төлөлтийг хойшлуулахтай холбоотойгоор хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх хуулийн төсөл өргөн барилаа
2020-12-31 10:20:48 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан байна. УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна. Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ. Тодруулбал, Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах; Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох; Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох; Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох; Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах; Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах; Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах; -Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэхзэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020-12-30 11:23:40 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.30) хуралдаан 09 цаг 27 минутад гишүүдийн олонх нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж,Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын 2019 оны 12 дугаар дугаар сарын 1-ний өдрийн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг 21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно, 21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжсэн юм. Тус Байнгын хороо 2020 оны отгон хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг батлуулахаар тогтлоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
СОЛИЙН ДАНЗАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 135 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2020-12-30 11:19:08 Нийтлэгдсэн: Улс төрҮндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо сэргээсний 109 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна. Түүхэн өдрийн хүрээнд МАН-ын дэргэдэх Стратеги академиас Солийн Данзангийн мэндэлсний 135 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Солийн Данзан сан-гийн тэргүүн Я.Содбаатар, Монгол Ардын намын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа болон эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгээр С.Данзангийн Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг олон нийтэл таниулах, эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, байр суурийг нэгтгэх, санал зөвлөмжийг нэгтгэн хэвлүүлэх, номын сангуудад хүргэх чиглэлд анхаарч ажиллахаар тогтлоо. Энэ үеэр МУБИС-ийн Түүх, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш, доктор А.Алтанбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хишигт, Доктор, дэд профессор Л.Дашням, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид нар Солийн Данзантай холбоотой үйл явдал, 1921 оны Монголын хувьсгалын дипломат түүхэнд оруулсан хувь нэмэр, сангийн яамны тэргүүн сайд байх үетэй холбоотой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Солийн Данзан нь Монгол Ардын Намын анхны дарга, Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байсан юм. Мөн Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нам, улс төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй санхүү, эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн гэсэн үзэл бодолтой, төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа
2020-12-30 11:06:28 Нийтлэгдсэн: Улс төрЗалуучуудыг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалах, залуу үеийн мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшсэн боловсон хүчний бодлогыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог журамтай. Энэхүү журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны шагналыг хүртээх тухай зарлиг гаргаж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ өөрийн ажиллаж буй салбартаа онцгой амжилт гарган тэргүүлж, үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа. Коронавируст цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм. Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтох Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн машин үйлдвэрлэлийн салбарын Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Лхагваагийн Тэлмэнбаяр 6061 маркийн хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж, зэврэлтэд тэсвэртэй болгох нь сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ Монос ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаа Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч, эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь сэдэвт судалгааны бүтээлээрээ тус тус хүртлээ. Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн ГБЭТ ХХК-ийн Ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэл хүртлээ. Мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажилд үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргал мөн хүртлээ. Мөн шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох тухай журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэтгэлгийг уламжлал ёсоор зарлаж, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг шалгарууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 30 оюутан суралцагчид олгох тухай зарлиг гарч, холбогдох журмын дагуу тэтгэлгийг олгоод байна. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй