​ Я.СОДБААТАР: ТӨР, ИРГЭН, ААН-ИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ҮЕ ЭХЭЛСЭН

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатартай ярилцлаа. -Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд хилээ хааснаар коронавирустэй тэмцэж эхэлснээс хойш 10 сар өнгөрчээ. Сүүлийн нэг сарын хугацаанд манай улс анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хориотой өдрүүдийг өнгөрүүллээ. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаагаас ярилцлагаа эхэлье. -Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол Улсад коронавируст халдвар авсан хүний тоо 917 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол 383, дотоодын халдвар 534 байна. Үүнийг хувааж авч үзвэл, Улаанбаатарт 140, Архангай аймагт гурав, Говьсүмбэрт дөрөв, Дархан-Уулд 45, Дорноговь аймгийн Айраг, Зам-Үүдэд нийт 32, Орхонд 25, Сэлэнгэд 215, Энхсаран сувиллын тусгаарлалтад байсан 49, ХӨСҮТ-д 17, Цэргийн төв эмнэлэгт дөрвөн тохиолдол байгаа юм. Дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойших сар гаруй хугацаанд графикаар авч үзвэл арваннэгдүгээр сарын 23, 24-нд халдварын тоо хамгийн өндөр буюу 20-30 хүрсэн. Сүүлийн өдрүүдээс ажиглахад, халдварын тоо тогтворжиж байна. Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн сайдын дэргэд мэргэжлийн зөвлөлүүд ажилладаг. ХӨСҮТ-д тархвар судлалын мэргэжлийн баг ажиллаж байна. Ер нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дотоодын тохиолдол тогтворжиж, цурмандаа оруулсан гэж тооцоолж байна. Хамгийн анх халдварын голомт бол төмөр зам дагаж үүссэн. Нөгөөх нь Энхсаран сувиллаас эхлэлтэй буюу жолооч Д-гээс голомтолж гарсан гэж үзэж байгаа. Анхны эх үүсвэр нь тээврийн жолооч нар, Алтанбулаг боомтоос эхлэлтэй. Энэ хоёр тохиолдлоос цаашаа дэд тохиолдлуудын голомт гэж үзээд, салбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 8000 гаруй, дам хавьтлын 40-өөд мянган хүнийг давтан шинжилгээнд хамруулж, тусгаарлан эмчилж байна. Нөхцөл байдал өнөөдрийн байдлаар харьцангуй тогтворжих хандлагатай байгаа ч цаашид хэрхэхийг тааварлахад хүнд, хэлэхэд ч хэцүү. Магадгүй дахиад дотроо дэлгэрэх, цаашдаа бүр хүнд нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Хамгийн хүнд буюу цар тахлын хэмжээнд, нийтийн дунд дэлгэрвэл яах вэ. Одоогийнх шиг голомтлон буюу кластерлан тархвал яах вэ. Эсвэл дотоодын халдвараа бүрэн барьж, нэмж илрэхгүй байх ямар боломж байна гээд 3-4 хувилбараар Улсын онцгой комисс хариу арга хэмжээ, төлөвлөлүүдээ хийж байна. Хөл хориог үе шаттайгаар сулруулж байна. Анх арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсын хэмжээнд шилжиж байсан бол 12 дугаар сарын 01-ны өдрөс голомт илрээгүй 14 аймагт хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин Архангай, Сэлэнгэ, Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Уг арга хэмжээг үндсэндээ гурав хувааж авсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс буюу өнөөдрөөс Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдэж, бусад хэсгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Хөл хориог үе шаттай сулруулсантай холбоотойгоор үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарийг ч 3-4 үетэй сулруулахаар ажиллаж байна. Энэ сарын 14-нөөс үйлчилгээний буюу хязгаарлалтад ороогүй бусад салбарын үйл ажиллагааг нээлээ. Үлдэж байгаа, өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа саун, массаж, кароаке, баар, олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, кинотеатр зэрэг иргэдийн бөөгнөрөл бий болох магадлалтай салбаруудыг үлдээж, энэ сарын 24-ны өдрөөс дахин 8-9 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Он гараад өвчний тархалт, нөхцөл байдалтай уялдуулан үлдсэн зарим салбарыг ажиллуулахаар тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар нэг талдаа иргэдийн амьжиргаа, тэр дундаа өдрийн орлого, бизнесийн үйл ажиллагаагаар гэр бүлээ авч явж байгаа хүмүүсийн амьдрал хүнд байна. Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орж байгаа учраас хүндрэлтэй зүйлүүд их гарч байна. Юутай ч халдварын тархалт тогтворжиж байгаа учраас хөл хориог сулруулж эхлээд байгааг ойлгоорой. Гэхдээ энэ цагаас эхлээд иргэд, аж ахуй нэгжүүдийн хариуцлагад түшиглэсэн тактик барих шаардлага гарч байна. Ард иргэд Засгийн газар, Улсын онцгой комисс, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах нь чухал. Нэг талаар төрийн, нөгөө талаас иргэдийн, аж ахуйн нэгжийн хариуцлага гэсэн тулгын гурван чулуу шиг хариуцлагын тогтолцоонд тулгуурлан хамтдаа байж энэ өвчний ард гарна. Монголчууд бид Ковид-19 гэдэг энэ дайсан-тай хамтдаа нэг зорилго, сэтгэл зүрхтэй байж тэмцэж, хохирол багатай даван туулна гэсэн бодолтой зүтгэж байна. -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж,хатуу хөл хориотогтоосонүед ямар ажлуудыг голлож хэрэгжүүлсэн бэ. Стратегийн бодлого, төлөвлөлтнь чухамюу байв? -Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй, төлөвлөгөөнийхөө дагуу хариу арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүргэсэн гэдгийг олон улсын байгууллагууд үнэлж байгаа. Үүнээс гадна дотоодын мэргэжлийн эрдэмтдийн баг судалгаа хийж байна. Тухайлбал, МУИС, АШУҮИС, Гамшиг судлалын хүрээлэн зэрэг олон газар нарийвчилсан судалгаанууд хийлээ. Иргэдийн дунд цар тахал тархахаас урьдчилан сэргийлж чадсан гэж судалгаагаар дүгнэсэн. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн салбар, холбогдох байгууллагууд шийдвэртэй алхамуудыг цаг тухай бүрт авч чадсан учраас халдварын тохиолдлыг 10 дахин бууруулсан гэж судлаачид дүгнэж байна. Үүнээс гадна илрүүлэлт, тандан судалгааны ажлыг эрчимтэй хийснээр халдвар нийтийн дунд буюу цар тахлын хэмжээнд очих байсныг зогсоож чадлаа. Цаашид анхаарах бодлогын зөвлөмжүүдийг байнга өгч байна. Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсаараа шилжиж, 30 гаруй хоног ард иргэд, аж ахуйн нэгжүүд хатуу хөл хорионы зарчмыг хэрэгжүүллээ. Ковид-19 өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гарснаас хойш ийм нөхцөл байдал үүсэж магадгүй гэж цаасан дээр буулгаж, тодорхой арга хэмжээ төлөвлөж, нөөцийг нь бэлдэж, иргэдээ сурган, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийж, шат дараатай арга хэмжээ авч байсны хүчинд цар тахал нүүр тулаад ирэхэд цаг алдахгүй, шуурхай арга хэмжээ авах, хэрэгжүүлэх боломжууд бүрдсэн байсан. Хоёрт, дэлхийд Монгол Улс, манай Засгийн газар, ард иргэд нийтээрээ Ковид-19-өөс урьдчилан сэргийлж, хориглон хамгаалан, дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаа бол бидэнд бэлэн байдлаа хангах, нөөцөө бүрдүүлэх, коронавирустай холбоотойгоор дэлхий нийтэд авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай шийдвэрүүд гаргах, улс орнуудын алдаж, онож байгаа сайн туршлагууд зэргийг бэлэн авч ашиглах боломжийг бүрдүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаа биднийг хэрхэн бэлэн байдалд байв, ямар үр дүн авчрав гэдгийг харуулсан. Тухайлбал, халдвар авсан иргэнийг QR код ашиглан хөдөлгөөнийг хянахын зэрэгцээ иргэдэд зөв мэдээлэл хүргэх, ялангуяа халдвар авсан хүнтэй ямар нэгэн орчинд хамт байсныг урьдчилан мэдээлэх системийг дэлхийн 40 гаруй улс оронд ашиглаж байна. Монгол Улс и-баримт дата баазад тулгуурлан үүнийг хөгжүүлэн, QR.119.MN гэсэн цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Цаасан дээрх төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд олон асуудал гарч ирсэн. Мэдээж ерөнхий бодлого, стратегийн тактикийн хувьд том алдаа гараагүй. Гэхдээ хэрэгжилтийн шатанд хүний хүчин зүйлээс хамаарсан олон алдаа гарсан. Үүнийхээ төлөө Молгол Улсын Засгийн газар уучлалт хүссэн. Энд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, хил гааль гээд төрийн нэрийн өмнөөс 10 мянга гаруй хүн анхан болон дунд шатанд ажилласан. Тэдний харилцаа, хандлагаас шалтгаалсан алдаа гарсан. Нийслэлийн болон аймгуудын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба, шуурхай бүлгүүд ажиллахдаа уялдаа холбоогүй, үйл ойлголцсон, харилцан мэдээлэл дутмаг байсан зэргээс ажлын алдсан зүйлүүд бий. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн 3-4 арга хэмжээг онцолъё. Нэгдүгээрт, гарсан өвчнийхөө голомтыг ын тулд Сэлэнгэ аймгийн өвчлөл гарсан сум Алтанбулаг, Сүхбаатар, Зүүнхараад бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг түргэвчилсэн болон PCR-аар авсан. Хоёр дахь шатанд Сүхбаатар хотын өрх бүрээс нэг хүнийг энэ өдрүүдэд шинжилгээнд хамруулж байна. Дархан-Уул аймагт голомтолж гараагүй ч ойрын болон халдвар авсан иргэд зорчсон учраас ТЭГ зогсолт хийсэн. Эхлээд тандан судалгаагаар 20-иод мянган иргэнээс шинжилгээ авсан. Дараа нь Дархан-Уул аймгийн 28 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Харин Орхон аймагт төмөр зам дагаж халдвар гарсан учраас энэ салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах хүрээнд улсын хэмжээнд таван аймгийн 15 мянга гаруй алба хаагчийг шинжилгээнд хамруулсан. Ялангуяа Замын-Үүдийн иргэн бүрийг шинжилгээнд хамруулсан. Эрдэнэт үйлдвэр-ийн бүх ажилчныг шинжилгээнд хамруулсан. Ер нь экспортод чиглэсэн аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтад авах, эрсдэлгүй, эрүүл бүс болгон зарлах, өндөржүүлсэн хамгаалалтад авах, онцгой дэглэм тогтоох үүрэг өгсөн. Мөн өмнөд бүсийн тээврийн олон жолооч, уурхайн үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамруулах, тэр бүс рүү хийх хөдөлгөөнийг хязгаарлах, хүчитгэсэн хамгаалалт гаргах зэргээр улсын хэмжээнд уул уурхайн 23 компанийн үйл ажиллагааг хэвийн хангахын зэрэгцээ халдвар хамгааллын онцгой дэглэм тогтоолоо. Архангай аймагт Батцэнгэл сумын иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулсан. Мөн нийслэлд ойрын болон дам хавьтал, халдвар гарсан хорооны иргэдийг эхний ээлжид шинжилгээнд хамруулаад байна. Нийтдээ сайн дурын 18, хөдөө, орон нутгийн иргэдийн шинжилгээ авах 20, Улаанбаатарын өрхийн эмнэлгүүдээр дамжуулан шинжилгээ авах 100 гаруй цэг байгуулж 60 гаруй мянган хүнээс тандан судалгаагаар шинжилгээ авсан. Үүний дараа хамгийн эрсдэлтэй дүүрэг, хороог хамруулан өрх бүрээс шинжилгээ авлаа. Улаанбаатараас хөдөө, орон нутгийг зорих 70 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүгээр дамжуулан эрт илрүүлэлт, тандан судалгаагаар нийт өвчлөлийн зураглалыг гаргах томоохон ажил хийлээ. Улсын хэмжээнд нийт 600 орчим мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Хоёрдугаарт, салбар хоорондын зохион байгуулалтын ажлыг хангах чиглэлээр олон ажил хийлээ. Жишээлбэл, хүнсний хангамж, тээвэр зохицуулалт, эрчим хүч, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол болон төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх эмзэг бүлгийн иргэд рүү илүүтэй анхаарал хандуулсан. Энэ чиглэлд 20 орчим ажлын хэсэг байгуулж, хяналт, шалгалт хийх, зарим үед асуудлыг газар дээр нь удирдах, шуурхай удирдлагаар хангалаа. Гуравт, дараагийн бэлтгэл ажил, нөөц боломжуудад анхаарч ажилласан. Улаанбаатарт 9000 ор дэлгэх боломж бүрэн нээгдсэн. Энэ дагуу Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 300, Цэргийн төв эмнэлэгт 500 ор дэлгэж, хөнгөн болон хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. Ойр дам хавьтлуудыг тусгаарлах байрууд болон гэрийн ажиглалтад байлгаж байгаа. Түүнчлэн лабораторын хүчин чадлын нэмэгдүүлэхийн тулд энэ сардаа багтаж PCR-ийн 20 орчим аппарат оруулж ирэхээр болж байна. Цаашид өдөртөө 100 мянган хүнд шинжилгээ хийх хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа. 21 аймаг, есөн дүүрэг, хилийн томоохон боомтуудад ч PCR шинжилгээ авдаг болохоор зорьж байна. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, тэр дундаа голомтонд ажиллаж буй алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд сард нэг удаа 800 мянган төгрөгийн урамшуулал олгоод байна. Тодорхой салбаруудад тусгайлсан дэмжлэгүүд үзүүлсэн. Аймгуудын тусгаарлах байр болон бусад холбогдох зардлын дэмжлэг үзүүллээ. Дөрөв дэх багц ажил бол нийгэм, эдийн засгийн асуудлуудтай холбоотой. Засгийн газар өнгөрсөн хавраас эхлүүлээд долоон багц буюу 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор 23 арга хэмжээ авах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Үүнээс гадна УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Мөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлуулаад байна. Ковид-19-тэй холбоотой зарим зээл, тусламжийн гэрээнүүдийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Ингээд багцаар нь харвал, нийгэм, эдийн засаг руу чиглэсэн татварын хөнгөлөлтүүд үзүүлэх зэргээр УИХ, ҮАБЗ, Засгийн газар төрийн бүх шатанд зохих шийдвэрүүд гаргаж байгаа. Тавдугаарт, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх чиглэлд Улсын онцгой комисс болон шат шатны байгууллагууд анхаарч байна. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас эхэн үедээ өдөрт хоёр, зарим өдөрт гурван удаа өгч байсан. Тогтворжоод ирэхээр нь өдөрт нэг удаа өгч байна. Мэдээллийн орон зайг үнэн бодитой байлгаж, иргэдэд хүргэх нь чухал. Энэ нь эргээд төрдөө итгэх итгэлийг сайжруулж, өвчний эсрэг хамтдаа тэмцэх боломж бүрдүүлж өгдөг учраас үүнд онцгойлон анхаарсан. -Орон нутгийн иргэдийг хотоос гаргах үеэр багагүй хэл ам үүсэж, хүндрэл, чирэгдэл учирсан. Мөн тусгаарлах байр, онцолбол, Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Хариуцлага тооцож байгаа юу? -Хөдөө явах иргэдтэй холбоотойгоор хэд хэдэн асуудал үүссэн нь үнэн. Өнөөдрийн байдлаар 119.mn цахим хуудсанд 118 мянга гаруй иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 93 хувь нь PCR шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 47.8 хувь нь хөдөө, орон нутаг руу буцсан. 50 хувь нь шинжилгээ өгсөн ч явж чадаагүй. Энэ чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлыг хэсэг ажилласан. Сүүлийн хэдэн жил Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан, Монголын мэдээлэл, технологийн боломжийн компанийн туршлагад үндэслэн 119.mn цахим хуудсыг гуравдугаар сараас хойш хөгжүүлж, энэ салбарын дотоод мэдээлэл солицох зорилгоор ашиглаж байсан. Үүнийг хөдөө, орон нутаг руу буцах иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр бүртгэхэд ашигласан юм. Ажлын хэсэг туршиж үзсэн. Анхны бүртгэлээр 30 гаруй мянган иргэн Улаанбаатараас явах, 10 мянга гаруй иргэн нийслэл рүү ирэх төлөвлөгөөтэй байсан. Албан ёсоор бүртгэл эхэлсэн арваннэгдүгээр сарын 27, 28-нд нэг өдөрт хандалт 70-100 мянгад хүрснээс цахим хуудас гацаж эхэлсэн. Улмаар бүртгэлийг гар ажиллагаанд шилжүүлж, үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч зохион байгуулахад хүрсэн. Программын саатлаас болж иргэдийн шинжилгээ цагтаа гараагүй, хамрагдаж чадаагүй, мэдээ мэдээллээ дутуу авах зэрэг алдаа гарсан. 20 цэгт шинжилгээ эхлүүлсэн ч иргэдэд буруу, зөв мэдээлэл очсоноос болж бөөгнөрөл үүссэн. Бүртгүүлсэн иргэдэд шинжилгээнд хамрагдах тодорхой цаг өгсөн ч хугацаанаасаа хоцрох, бүртгүүлээгүй иргэд ирсэн зэргээс болж ачаалал үүсэж, иргэдийг олон цаг гадаа зогсоосон. Үүнийг шийдвэрлэхээр шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ажил жигдэрлээ. Одоогоор өдөрт 20-30 хүн л шинжилгээ өгөхөөр ирж байгаа учраас шинжилгээ авах цэгүүдийг буулгасан. Одоо хуучин ажиллаж байсан сайн дурын 18 цэг болон зарим өрхийн эмнэлэгт шинжилгээ авч байна. Цаашдаа энэ зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Халдвар гараагүй бүсээс ирж байгаа иргэдээс асуумж авах байдлаар нэвтрүүлж эхэлсэн. Голомтод байгаа хүмүүс аймаг, сум руу орохдоо заавал PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байж хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлага нэг хэсэгтээ тавих байх. Тэгэхгүй бол өнөөдрөөс хөл хорио тавьсан гээд бүрэн чөлөөтэй явж болохгүй, тийм зүйл ч байхгүй. Эрсдэлээ тооцож, Эрүүл мэндийн яамнаас ирсэн зөвлөмжөө хариуцлагатай мөрдөх хэрэгтэй. Энэ бол нэг жишээ. Иргэдийн бухимдуулж байсан өөр нэг асуудал бол тусгаарлах байртай холбоотой. Ковид-19 гарсан цагаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авсан. Нийт 100 орчим удаагийн нислэгээр 27 187 иргэнээ татан авчээ. Ялангуяа долдугаар сараас зарим улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн байгуулах байдлаар иргэдээ авчрахыг шаардаж, улс төрийн болон нийгмийн дарамт үзүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар ч иргэдээ дулаан цагт ахиухан татах бодлого барьсан. Энэ хүрээнд долдугаар сараас аравдугаар сард бид сард 5000 хүртэл иргэнийг татан авах ажил зохион байгуулсан. Ер нь тусгаарлах байр болон зохион байгуулалтын ажил амаргүй байсан. Үүнийг дагаад тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. УОК-ын даргын хувиар есдүгээр сард зарим тусгаарлах байруудад өөрийн биеээр шалгалт хийж, тодорхой газруудын үйл ажиллагааг нь зогсоосон. Зарим ААН ч өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан. Ингээд наймдугаар сард 100 гаруй тусгаарлах байр байсан бол аравдугаар сард үндсэндээ 70 гаруй нь л үлдсэн. Энхсаран өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд тусгаарлах байрны шаардлага хангасан хэмээн сонгосон эхний таван байрны нэг юм билээ. Харуул хамгаалалтыг нь наймдугаар сард шинэчилж, өөрчилсөн ч хэд хэдэн шалгалтуудын хүрээнд үлдээд байсан юм билээ. Ингээд арваннэгдүгээр сарын эхээр Энхсаран сувилалд байгаа иргэдээс ирсэн гомдол, тухайн үед УОК-ын Шуурхай штабаас хийсэн шалгалтыг үндэслэн удирдлагад нь сувиллын үйл ажиллагааг хаах мэдэгдэл өгсөн. Үүнтэй давхцаад тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас голомтлон халдвар тархсан. Тиймээс тус сувилалд үүссэн асуудалтай холбоотойгоор УОК-ын даргын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж, шалгаж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд, одоогийн байдлаар 10 гаруй хүн холбогдон шалгагдаж байна. Энд эрх ашгийн зөрчил үүссэн, халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудал бий. Үнэн, мөн нь тодрох байх. Гуравдугаарт, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэхдээ алдсан зүйл бий. Жишээ нь, шинжилгээний хариу цагтаа очдоггүй, мэдээллийг буруу авснаас болоод хууль хүчний байгууллага юм уу, хэв журам зохицуулж байгаа алба хаагчидтай сөргөөцөлдөх явдал нэлээд гарсан. Эдгээрийг тухай бүрт нь шийдэх, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцож, зохицуулалтууд хийсэн. -Түр завсарлаад байсан тусгай үүргийн нислэгийг энэ сараас үйлдэж эхлэхээр болсон талаар тодтруулахгүй юу? -Энэ сарын 15-наас тусгай үүргийн нислэгийг сэргээж байна. Эхний ээлжид Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэгээ явуулна. Энэ сарын хувьд дөрвөн нислэг хийчих болов уу. Үүнтэй холбоотойгоор бид тусгаарлах байруудад дахин мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулан байгуулсан. Бид тусгарлах байранд тавих түр журмыг өөрчилж, шинэчилсэн. Энэ түр журмын хүрээнд тусгаарлах байруудаа дахин нэгбүрчлэн шалгаад, байр болгонд коридорыг нь хянах камертай, тэнд хөдөлгөөн илэрвэл зарлан мэдээллэх шугамтай, нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх гэсэн зарчмаа хатуу барин, хоол хүнс, тэнд байгаа халдвар хамгааллын дэглэмийг чанга мөрдөх шаардлагыг хатуу тавьж байна. Энэ хүрээнд хийсэн шалгалтын дагуу өнөөдрийн байдлаар эхний 32 байрыг тусгаарлах байраар ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргаад байна. Үүнд 2000 орчим иргэнийг хүлээж авах боломж бүрдлээ. Сая бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бид тусгаарлах байруудыг ойр дам хавьтлын хүмүүсийг байрлуулж ажиглах байраар ашиглаж байсан учраас гадаадаас иргэдээ татан авах ажлыг нэг сар гаруйн хугацаатай зогсоосон байсан. Хоёрт тусгаарлах байранд байх хоногийг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 14 хоног болгосон. Тусгаарлалтаас гараад гэртээ мөн долоо хоног тусгаарлагдана. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага Ковид-19-ийн нууц үе 14 хоногт илэрч байна гэсэн дүгнэлтийг сүүлийн өдрүүдэд хийгээд байна. -Одоо иргэдийн хүлээж байгаа гол зүйл нь вакцин. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? -Хүн төрөлхтөн коронавирусийн цар тахалтай нүүр тулснаас хойш үүнтэй дасан зохицож амьдрахаа өөр аргагүй болж байна. Үүнд бүх нийтийн вакцинжуулалт хамгийн чухал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ дагуу дэлхий даяар нийт 200 гаруй төрлийн вакцин хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс 10 вакцин сүүлийн шатанд буюу гурав дахь туршилтын шатандаа ороод, зарим нь үндэснийхээ бүртгэлд бүртгүүлж эхлээд байна. Жишээ нь, ОХУ, БНХАУ, Англи, Америкийн тус бүр нэг, Америк, Германы хамтарсан нэг буюу нийт зургаан вакциныг үндэснийхээ бүртгэлд бүртгүүлэх ажлууд явагдаж байна. Гэхдээ ДЭМБ-д бүртгэгдсэн вакцин одоогоор алга. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр вакцины бүртгүүлэх, вакцинжуулах ажил 2021 оны гуравдугаар улиралд хийгдэнэ гэж тооцож байсан бол хугацаа наашилж байна гэсэн таатай мэдээг сүүлийн үед өгч байна. ДЭМБ санаачлаад, олон улсын гол байгууллагууд оролцсон, вакцины COVAX гэсэн механизм бий болгосон. Үүнд нийт 184 орон нэгдэж байна. Үүнд Монгол Улс долдугаар сарын 16-нд нэгдсэн. Ядуу, баянаас эс хамааран дэлхийн хүн амын 20 хувийг жигд вакцинжуулах зорилт дэвшүүлсэн юм билээ. Манай улс ч COVAX механизмын хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах шугамаар нэн хөнгөлөлттэй буюу үнэгүй вакцин авах боломж нөхцөл бүрдэх болов уу. Энэ бол 660 мянган хүнийг энэ хүрээнд вакцинжуулах бөгөөд сая гаруй тун вакцин ирэх байх. 18 нас хүртэлх хүүхдийг вакцинжуулах заалт одоогоор бүрэн бүртгэгдээгүй байна. Тийм учраас бид 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй. Цаана нь бидэнд 1.4 сая иргэнээ вакцинжуулах шаардлага гарч байна. Үүнийг хоёр тунгаар үзвэл гурван сая тун вакцин хэрэгтэй. Ерөнхий сайдын захирамж гарч, вакцинжуулалт, вакциныг Монгол Улсад нийлүүлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлан ажиллаж байна. Нэгдүгээрт, шууд үйлдвэрлэгчидтэй цахим хурал хийх, мэдээлэл солилцох, үйлдвэрлэгч нартай тулж ажиллаж байна. Хоёрдугаарт, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд COVAX механизм болон бусад хүрээнд улс орнуудтай ярилцаж байна. Гуравдугаарт, хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлж, шууд үйлдвэрлэгч орон, хоёр хөрш улстай вакцины талаар мэдээлэл солилцох, нийлүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Вакцинжуулахын тулд вакцинжуулалтын хөтөлбөр гардаг. Бид Засгийн газарт танилцуулаад, хөтөлбөрөө бэлэн болгож байна Удахгүй батална. Голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудаасаа эхлээд өндөр настан, ахмадууд, хамгийн эрсдэлт бүлэгт орж байгаа суурь өвчтэй хүмүүс гэх мэтээр 10 үечлэлд хувааж байгаа. Хасах 70 градуст хадгалахаас авахуулаад зарим вакцинд тусгай шаардлагууд тавигдаж байгаа. Монгол Улс сайн дурын вакцинжуулалтын хуультай, үндэсний систем, тогтолцоотой. Тиймээс ч , вакцинжуулалтыг харьцангуй өндөр хувьтай явуулдаг орны тоонд ордог. Энэ хэрээр манай эрүүл мэндийн, вакцинжуулалтын систем, дэд бүтэц нь харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Тэр утгаараа бид олон улстай идэвхтэй ажилласны дүнд харьцангуй эхэн үед вакцинжуулалтад хамрагдах орны тоонд ороод явж байна. -Энэ сарын2-нд Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж чадсан. Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Цаашид энэ мэт шийдвэрүүд гарах уу. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчмын ямар бодлого баримталж байна вэ? -Ковид-19 вирусын хамгийн хүндрэлтэй асуудал бол хоёр юмны хайчин галд УОК, Засгийн газар ажиллаж байгаа юм. Нэг талаасаа өвчин, халдварыг хумих, эрсдэл багатай даван туулах. Ингэхийн тулд дэлхий нийтийн хамгийн хатуу барьж байгаа зарчим, хатуу хөл хорионы зарим хэсэг буюу аль болох хүн олноор бөөгнөрөхгүй байх, халдвар хамгааллын нарийн дэглэм барих ёстой. Ингэж чадвал өвчлөл тодорхой хэмжээгээр тархах магадлал багасна, саарна гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Гэтэл нөгөө талдаа хатуу хөл хорио, энэ хүн бөөгнөрөхгүй байх үйл явдал нь өөрөө эдийн засгаа боомилж маш хүнд байдалд оруулж байгаа юм. Тод илэрхийлэл нь өнөөдөр дэлхийн бүх орны эдийн засаг алдагдалтай гарч, ихэнх улс эдийн засгийн хувьд асар их уналтад орох хандлагатай байна. Монгол Улсын хувьд ч гэсэн төсвийн гүйцэтгэл өндөр хувийн алдагдалтай, эдийн засаг ч хасах гарах хандлагатай амаргүй байна. Тиймээс бид экспорт руу чиглэсэн мөчлөг сөрсөн бодлогыг илүү баримталж ажиллахыг хичээж байна. Нэг ёсны энэ Ковид-19-өөс хамаарсан эдийн засгийн уналт бол V хэлбэр буюу огцом унаж огцом эргэж сэргэх, Хятадын эдийн засгийг дагаад эргэж сэргэх хандлага байна гэж олон улсын байгууллагууд дүгнэж үзэж байгаа юм. Нөгөө талаасаа бизнес эрхлэгчид болон аж ахуйн бизнес эрхлэгчдэд өнөөдрийн нөхцөл байдал хүндээр тусаж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хавраас эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, тодорхой хувиар хөнгөлөхөөс эхлээд татварын хуулиудыг тэглэж, мөн хөнгөлж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн гээд нийгмийн чиглэлийн болон эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авсан. Ковид-19-тэй холбоотой энэ ажлуудыг 2021 оны долдугаар сар хүртэл сунгаж байна. Хоёр дугарт сая Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг авч ажиллахаар болж, шат шатандаа тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Ням гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас бүх айл өрхийн дулаан, уур, ус, цахилгаан, хогны мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл тэглэх шийдвэр гарсан. Дулааны мөнгийг мөн 100мкв байртай айл өрхүүд тэглүүлнэ. 100мкв дээш үлдсэн мкв-ийн төлбөрөө өрх төлнө. Өмнө 50 хувь хямдруулаад байсан сайжруулсан шахмал түлшний үнийг дахин 25 хувиар нэмж хямдруулан иргэд 75 хувийн хямдарсан үнээр сайжруулсан шахмал түлшээ худалдан авах боломжтой болж байна. Энэ хөнгөлөлт ААН-үүдэд мөн хамаарна. ААН-үүдийн цахилгаан, дулаан, ус, уур, хогны мөнгийг тэглэж, төр бүрэн хариуцаж ажиллахаар болж байна. Энэ шийдвэрүүд нь иргэд ААН-үүдийн өдөр тутмын амьдралд зарцуулагдаж байгаа зардлыг хэмнэсэн зөв шийдвэр гэж үзэж байгаа. Шууд иргэдэд бэлэн мөнгө тараах бол нэг талдаа бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нөгөө талдаа яг тийм чадавх Монгол Улсын Засгийн газар, төрд байхгүй, төсөв хүндрэлтэй байна. Тийм учраас иргэн бүрт тэгш хүрэх, аж ахуйн нэгжүүддээ очих, хүртээмжтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй арга хэмжээг өөрсдийн нөөц, боломжид суурилан авах ёстой гэсэн хатуу байр сууринаас энэ шийдвэрийг гаргасан. Мэдээж Засгийн газарт хөрөнгө мөнгө байгаа бол энэ хүнд нөхцөлд харамлах зүйл байхгүй. Гэхдээ Монгол Улс тийм өндөр чадавхтай биш гэдгийг хаа хаанаа ойлгож мэдэж байгаа байх аа. Тиймээс өөрийн чадах боломжийн хэмжээнд Засгийн газар авах ёстой бүх арга хэмжээг бүгдийг нь авч ажиллаж байна. Нөгөө талдаа бид энэ цар тахлыг бүх талаараа хохирол багатай даван туулахыг хичээж байгаа. Нэгд, иргэдийн эрүүл мэнд, амь нас, хоёрт, аж амьжиргаа, эдийн засгийн хувьд мөн хохирол багатай туулах, ийм зорилтын хүрээнд дээрх шийдвэрүүдийг гаргаж байна. Ер нь цаашид томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдэж байж эдийн засгаа эргэж сэргээх тал руу томоохон бодлогыг бид гаргаж ирж зоригтой шийдвэрлэж байж, ирэх ондоо эдийн засгаа эргэж хэвийн байдал руу оруулах ийм нөхцөл бүрдэнэ. Өвчний нөхцөл байдал яг одоогийнх шиг ингээд тогтвортой байж чадвал бид аль болох бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барина. Өнгөрсөн найман сараас эхлээд Монгол Улсад бүртгэгдсэн халдвартай иргэдийн тоо өвчний нөхцөл байдалтай уялдуулан бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг үе шаттай нээж, олон нийтийн арга хэмжээг ч хорьж цагдахгүй хэвийн горимд шилжүүлээд байсан. Харин арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарсантай холбогдуулан эргээд хязгаарлсан. Хэрэв халдварын тохиолдолд бэлэн байдлын зэргийг бууруулсан энэ хэмжээнд байж чадвал төр аль болох бизнесийн бүх салбарыг үе шаттай нээж, хэвийн горимд шилжүүлэн ажиллах чиглэлийг барьж ажиллаж байна. Гэхдээ хэрэв өвчний нөхцөл байдал хүндэрвэл бид дахин хатуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мөн манай бизнес эрхлэгчид болон ард иргэд ойлгож байгаа байх. Ингэхийн тулд бид бүгдээрээ иргэн бүр аж ахуйн нэгж болгон өндөр хариуцлагатайы байж хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын нарийн дэглэм, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн маскаа зүүх, зайгаа барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх гэсэн энгийн энэ дэглэмүүдээ мөрдөж чадвал бид коронавирусын халдварыг Монголдоо цар тахлын хэмжээнд хүргэчихгүй хохирол багатай даван туулах бүрэн боломж бий.

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж байна. Дотоодод тархсан Ковид-19 цар тахлын халдварыг богино хугацаанд хязгаарлахын тулд бүх нийтийн бэлэн байдал тогтоосон нь зайлшгүй арга хэмжээ байсан боловч иргэд, аж ахуйн нэгжийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн таамаглашгүй хүндрэлтэй бид нүүр тулгарлаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төрөөс хариуцах, шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах шийдвэрийг 12 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие уг шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо хэмээн үзэж байна. Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй, халдварын эрсдэл огт буураагүй нөхцөлд Монгол Улсын Засгийн газар болон нийт иргэдэд хандаж, дараах уриалгыг гаргаж байна. Нэг.Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх зохих арга хэмжээг авч, иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усыг ухамсартайгаар хэрэглэх шаардлагатай. Учир нь, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВТ хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай. Гэтэл -30 хэмийн өвлийн хүйтэн ид дундаа орж, (идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй байгаа) эдгээр саруудад эрчим хүчний огцом хэрэглээ бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй. Тухайлбал, өчигдөр оройны байдлаар, цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна. Хоёр.Хөдөө орон нутгийн айл өрх, малчдын амьжиргааг анхаарч, дэмжих бодлого шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гурав.Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээнүүдийг улсынхаа нийгэм, эдийн засгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн бусад улс орны жишигт нийцүүлэн цаг алдалгүй улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Дөрөв.Монгол Улсын нийт ард иргэд иргэний журамт үүргээ сахин биелүүлж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн зарчимч шаардлагыг бие биедээ тавьж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна. Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна! Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Х.Баттулга: Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахад монголчууд бүх бололцоогоо дайчлахад бэлэн

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ. Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт-ыг зохион байгууллаа. Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан Үндэсний тодорхойлсон хувь нэмэр-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа. Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм. Эх сурвалж: President.mn

Эрүүгийн хуулийн ГҮТГЭХ ЗААЛТЫГ эргэн санагалзахгүй байхын учир...

Сэтгүүлч Х.МАНДАХБАЯР -Хуурамч мэдээлэл цар тахлаас илүү аюул тарьж байна- Хамаг бүхэн хаалттай, хатуу чанга заалттай гэдэг шиг хүндхэн өдрүүдийг нээлттэй ардчилсан нийгэмд монголчууд бид чадан ядан өнгөрүүлж байна. Цар тахлын онцгой энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор дамжин аливаа мэдээлэл маш хурдан түгэж, тодорхой сэдэв урьд өмнөхөөс илүүтэй тодрон гарч ирэх гойд онцлогтой аж. Ажилдаа сатаарахгүй, үйл явдал дунд оролцохгүй байгаа иргэдийн нийгмийн идэвх ийм нөхцөлд онцгой идэвхжиж, мэдээллийн төрөл бүрийн сувгуудыг шүүрдэж байгаатай холбоотой биз ээ. Үүний улмаас хуурамч /Fakenews/ мэдээ мэдээлэл ч нийгэмд хүчтэй түгэх, бодит байдлыг гуйвуулах гаж үзэгдэл газар авлаа. Илтэд өдөөн турхирсан, иргэдийн тархи угаасан агуулга бүхий мэдээлэл илт мэдрэгдэж эхлэв. Тэр тусмаа сошиал орчин дахь хуурамч мэдээлэл цадигаа алдлаа. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч санамсаргүй мэргэжлийн алдаа гаргаж, баримтыг гуйвуулсан, худал мэдээ түгээсэн тохиолдол ч гарав. Аль аль нь байж болохгүй зүйл. Үнэн худлын зааг бүдэгрэх тусам иргэдийн эргэлзээ, итгэл үнэмшил суларч байна. Товчхондоо, хуурамч мэдээ цар тахлаас ч илүү аюулыг нийгэмд тарьж байна. Тиймээс хуурамч мэдээтэй хатуу тэмцэх ёстой. Үүнийг иргэд ч, төр ч, хэвлэл мэдээллийн салбарынхан ч хүсч байна. Яг ийм нөхцөлд Эрүүгийн хуулийн 13.14. зүйл Худал мэдээ тараах гэмт хэргийг дахин өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийн саналыг ХЗДХЯ гаргаж, албан ёсны сайтдаа 2020 оны 12 дугаар сарын 8-ны 23 цаг 58 минутад байршуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг болов. Энэхүү заалтыг өөрчлөөд жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй. Будаг нь хатаж амжаагүй нэмэлт өөрчлөлтөө хууль урлаачид маань нэмж засварлах шаардлага юунаас үүсэв. Цар тахлын үед үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл газар авч, хяналтаас гарсан гэх тайлбар хууль санаачлагчдаас гарч байна. Сэтгүүлчийн үүднээс ч, иргэнийхээ хувьд ч үүнтэй санал зөрөх боломжгүй юм. Гэвч хуулийг дахин өөрчилснөөр нийгэмд буюу иргэд та бидэнд илүү ноцтой хор хохирол учрах зайлшгүй нөхцөл байдал үүсч байгааг бүх нийтээрээ анхаарч, шүүн хэлэлцэх ёстой. Тиймээс асуудлыг энгийн үгээр, эрэмбэ дараатай тайлбарлая. ЗӨРЧЛИЙН ХУУЛИАС ГҮТГЭХ ЗААЛТЫГ ХАЛСАН НЬ Иргэдийн дуу хоолой, иргэний нийгмийн байгууллагууд болон сэтгүүлчдийн олон жилийн тэмцэл, олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуульд байсан Гүтгэх гэмт хэргийг зөрчил хэмээн үзэж Зөрчлийн тухай хуульд оруулж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Зөрчлийн тухай хууль. 6.21 зүйл. Гүтгэх (Хүчингүй болсон) 1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө хорих ялаар шийтгүүлж байсан Эрүүгийн хууль /2002 он/-аас зөвхөн торгох шийтгэл бүхий Зөрчлийн тухай хуульд Гүтгэх зөрчил орсноор эрхзүйн байдал дээрдсэн гэж нийтээрээ үзэж байв. Гэвч хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох Зөрчлийн тухай хуулийн заалт нийгэмд дахиад л бөөн асуудал дагуулав. Жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулийн гүтгэх зөрчлөөр 200 гаруй хэрэг үүсгэгдсэнээс бараг 90 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хамаарчээ. Асуудлын гол нь сэтгүүлзүйн талаар ямар ч мэдлэггүй хорооны цагдаагийн албан хаагч хэргийг шийдэж байв. Тэд гүтгээгүй гэдгээ нотлохыг, эх сурвалжаа илчлэхийг шаардаж байлаа. Ахар богино хугацаанд маш олон сэтгүүлчид, иргэд зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагын редакци 20 сая төгрөгийн торгууль хүлээв. Улс төрчид, эрх мэдэлтнүүдийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэг Гүтгэх зөрчлөөр сэтгүүлчдийн амыг үдэх, номхотгох маневр сайтай шинэ төрлийн зэвсэг болгон хувиргав. Тэрхүү зэвсэг онцгой үр дүнтэй бөгөөд гомдол гаргагч эздээ баттай хамгаалж чадаж байсныг дурьдах хэрэгтэй. Нөгөө талаас торгуулийн мөнгийг нь захиалгат мэдээллийнхээ төлбөр дээр нэмж төлөөд хэнийг ч хамаагүй гүтгэдэг жишиг тогтов. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд ноцтой халдаж байсан энэхүү хуулийн цоорхойг засах зайлшгүй хэрэгцээ шаардлага дахин үүссэн юм. Миний бие 2018 оны хоёрдугаар сарын 18-нд МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдох үед сэтгүүлчдийн хамгийн том захиас, даалгавар Зөрчлийн хуулийн 6.21 заалт буюу Гүтгэх зөрчлийг хасах, эсхүл засах байв. Бидний зүгээс хэвлэл мэдээллийн салбарын бусад төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран шуурхай арга хэмжээ авч ажилласан. Зөрчлийн хуулийн гүтгэх зөрчлийн гажуудлыг сэтгүүлчид төдийгүй хуулийн салбарынхан өөрсдөө олж харснаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал харьцангуй богино хугацаанд өрнөсөн билээ. Бидний зүгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах харилцааг Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлээр бүрэн зохицуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэг Гүтгэх зөрчлийг хасах саналыг гаргасан юм. 21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах 497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл 511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах Гэвч яамнаас гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд тэр хэвээр нь буцааж оруулах төсөл оруулж ирэв. Энэ бол Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулж, барьцаа лавшруулах гэсэн улстөрчдийн заль мэх байсан юм. Яагаад? ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14.ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БАЙНА 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгээс оруулж ирсэн дээрх төслийн тайлбар хэсэгт Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэсэн хайр татам өгүүлбэр шигтгэжээ. 13.14 дүгээр зүйл. Гүтгэх. (Батлагдаагүй) 1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Тайлбар:Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. -Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй. Ийм хуулийн заалтыг өөрийнхөө эсрэг батлаад суудаг гэгээнтэн, эсвэл дүүрчихсэн мангуу аль ч УИХ-д тохиолдохгүй нь бодит үнэн юм. Тиймээс УИХ-ын чуулган дээр тайлбар хэсгийг нь хасаад баталчих бодитой эрсдэлтэй бид нүүр тулсан хэрэг. 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах (Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн) 1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Тэгэхээр тайлбар хэмээх мөсөн чихэр долоолгох зуураа гүтгэх заалтыг Эрүүгийн хууль руу буцааж чихэх гэсэн улстөрчдийн санаархлыг таслан зогсоох шаардлага үүсч, хэвлэл мэдээллийн салбар тэр чигтээ хөдлөв. Гэвч Сошиал орчин дахь худал мэдээтэй яаж тэмцэх вэ. Хуулийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт этгээдийг илрүүлэх зайлшгүй шаардлага үүслээ. Иргэний хуулиар үүнийг зохицуулах боломжгүй гэдэг асуултыг хуулийнхан сөргүүлэн тавьсан юм. Ингээд тоймгүй олон хурал, хэлэлцүүлгийн дараа Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээ тараах заалт батлагдсан юм. МСНЭ хууль батлагдах эцсийн мөч хүртэл энэхүү заалтыг эсэргүүцсэн байр сууринаасаа буцаагүй гэдгийг тэмдэглэе. Шинэ хуулийн заалт өмнөх Зөрчлийн хуулийн 6.21-ээс Гомдол гаргагч этгээд сэтгүүлчийн бичсэн мэдээллийг худал гэдгийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөхөд, эсхүл тухайн мэдээлэл худал гэдгийг төр өөрөө нотлох шаардлага үүсч байгаагаар ялгарна. Өмнө нь сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлох зайлшгүй шаардлагатай тулгарч байсан бол өөрийнх нь бичсэн зүйл худал гэдэг нь баримтаар нотлогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй, нэмэлт баримт цуглуулах, эх сурвалжаа илчлэх эрсдэлд орохгүй болсон юм. ИРГЭДИЙГ 1-5 ЖИЛ ХОРИХ, 10-80 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ НЭН ШИНЭТӨЛӨВЛӨГӨӨ Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан ХЗДХЯ-ны албан ёсны сайтад 2020 оны 12 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл тавигдав. Үүнд 13.14.Худал мэдээ тараах, түгээх гэсэн дараах өөрчлөлт тусгагдаад байна. Төсөл 2020.12.07.13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 3 2.1.захиалгаар; 2.2.хүүхдийн эрхийг зөрчиж; 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж; 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож; 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙР СУУРЬ МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, дараах мэдэгдлийг гарган олон нийтэд түгээн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдэгдэл хүргүүлжээ. МЭДЭГДЭЛ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах заалтыг өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилохоор тусгасныг Засгийн газрын бодлого хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна. Уг төсөл илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол торгуулах, зорчих эрхээ хасуулах, улмаар тав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэлтэй байхаар тусгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээнд иргэдийнхээ үзэл бодолд цензур тогтоож, эдийн засгийн аргаар боомилох, ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж буй хэрэг юм. Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох илтэд худал мэдээлэл гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай. Алдар нэр, албан тушаалын нэр хүндийн гэх асуудлын ард ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний ашиг сонирхол, авлига, албан тушаалын гэмт хэрэг, томоохон хулгай, хуйвалдаан зэрэг хууль бус зүйлс нуугдаж байдаг билээ. Энэ нь чухамдаа нийтийн сайн сайхан, тэгш эрх, шударга ёс, боломжийг булааж, нийгмээ өвчлүүлэх тэвчишгүй үзэгдлүүд бөгөөд эдгээрийг илчлэх, мэдээлэх, шүгэл үлээх, тэмцэх, өөрчлөх бүхий л арга замыг хаан боогдуулах аюул дагуулах юм. Бидний сонгосон Ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар булаан авах гэсэн энэхүү санаархлаа хэрэгжүүлэхийн тулд онцгой нөхцөл байдал, цар тахал зэргээр далайлган иргэд, сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн башир арга мэхтэй бид эвлэрэхгүй. Энэ нь Монголын ардчилал, түүний үнэт зүйлд халдаж буй хэрэг хэмээн үзэж эрс буруушааж байна. Монгол Улсын иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө хийгээд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдалд халдах аливаа үйлдэл, санаархлын эсрэг хэвлэл мэдээллийн салбарынхан бид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны 12 дугаар сарын 12-нд зохион байгуулж, Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах заалтад ХЗДХЯ-аас нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан байр сууриа нэгтгэж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Товчлон дурьдвал ...Уг хуулийн төсөл нь холбогдох мэргэжлийн байгууллагууд болон олон нийтээс санал авалгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин 12 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанд оруулах болсныг эрс эсэргүүцэж байна... ХЗДХЯ уг хуулийн төслийг боловсруулснаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчиж буйг мэдэгдэх нь зүйтэй... Иргэний нэр төр алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтууд бусад олон хууль тогтоомжид баталгаажсан байдгийг давхарлуулсныг эрс буруушааж байна. А) Гүтгэлгээс иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах, Б) Худал мэдээлэл тараасны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх гэсэн хуулийн хоёр өөр зохицуулалтыг Худал мэдээлэл тараах, түгээх хэмээн нэг заалтад хольж оруулсан нь эрх мэдэлтнүүдэд өөрсдийгөө хамгаалах боломжийг олгож байгааг эсэргүүцэж байна. Сэтгүүл зүйд хүний нэр хүндийг хамгаалах, хүний эрхийг дээдлэхдээ сэтгүүлчид ЁС ЗҮЙН өндөр хариуцлага хүлээдэг бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж нийлээд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн зургаан жилийн түүх туршлага, хичээл зүтгэл, оролдлогыг хууль тогтоогч, боловсруулагчид харгалзан үздэг, хүлээн зөвшөөрдөг соёлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймд санамсаргүй байдлаас мэргэжлийн ур чадвар дутсанаас үүдэн түгээгдсэн худал мэдээлэлд сэтгүүлчид, редакцууд уучлал гуйн залруулга гаргах зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг хэрэгжүүлэх орон зайг шахаж шаардах хэрэгтэй байгаад санал нэгдлээ. ХМЗ-ийн Ажлын алба гэжээ. САЛБАРЫН ХОЛБООДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА (2020.12.14) Хууль зүй, дотоодын хэргийн яамнаас санаачлан боловсруулж, албан ёсны сайтдаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны 23 цаг 58 минутанд байршуулсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-ийн төслийн 3 дугаар зүйлийн 2-т тусгасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл гэх заалтыг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, эвсэл, холбоод болон мэргэшлийн судлаачдын зарим холбоод эрс эсэргүүцэж байна. Эрүүгийн хуулийн энэхүү заалт нь дан ганц сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад зогсохгүй иргэдийн твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түгээх язгуур эрхийг эрүүгийн ял шийтгэлээр айлган сүрдүүлэх замаар боомилох оролдлого гэж харж байна. Иймд Хүний эрхийн түгээмэл тунхаглал-ын 19 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт-ын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хууль-ийн 16 дугаар зүйл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль-ийг ноцтой зөрчиж иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгийн буруу, алдаатай үйл ажиллагааг шүүмжлэх эрхийг хааж, боосон ямар ч хуулийн төсөлд бид хамтран ажиллахаар санал хүргүүлэх, аливаа ажлын хэсэгт оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Мэдэгдэлд нэгдсэн 1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл. Ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа 2. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл. Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа 3. Глоб Интернэйшнл төв. Гүйцэтгэх захирал Т.Аюушжав 4. Монголын Хэвлэлийн Хүрээлэн. Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах 5. Монголын Телевизүүдийн Холбоо. УЗ-ийн тэргүүн П.Сайнбилэг 6. Монголын Өдөр тутмын сонины холбоо. Гүйцэтгэх захирал С.Энхтуул 7. Монголын Сайтын Холбоо. Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг 8. Монголын Үндэсний Сайтуудын Хөгжлийн Нэгдсэн Холбоо. Ерөнхийлөгч Б.Мөнхдөл 9. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо. Тэргүүн Б.Ганзориг 10. Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо. Тэргүүн В.Сарантуяа 11. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо. Тэргүүн С.Шаравдорж 12. Орон нутгийн телевизүүдийн холбоо. Тэргүүн Ч.Баярсайхан 13. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөөх төв. Гүйцэтгэх захирал Ц.Тамир 14. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв. Удирдах зөвлөлийн дарга А.Баярмаа 15. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб ТББ. Гүйцэтгэх захирал Б.Баяртогтох 16. Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо. Удирдах зөвлөлийн дарга Ц.Энхбаяр 17. Монголын Криминологичдын холбоо. Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар 18. Парламентийн сэтгүүлчдийн холбоо. Тэргүүн Ж.Алтангэрэл 19. Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо. Ерөнхийлөгч Ц.Батбаатар ЕРӨНХИЙ САЙДЫН ХАРИУЛТ ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХ УУ? Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр Х.Нямбаатар сайд маргааш (2020.12.14)сэтгүүлчидтэй уулзаж,энэ талаар дэлгэрэнгүй ярилцана. Миний байр суурь бол сэтгүүлчдийг торгоно, шийтгэнэ гэхээсээ илүүтэй олон улсын жишигт нь нийцүүлсэн арга хэмжээнүүдийг авах зүйтэй. Сэтгүүлчдийнёс зүйн хороо гэж байна. Түүгээрээ хариуцлага алдсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон ийм тохиолдол байвал сэтгүүлчдийнхээ асуудлыг ярьдаг, залруулдаг чиглэлээр явах нь зөв гэсэн хувь хүний байр суурьтай явдаг. Аль болох сэтгүүлчдийнхээ болон хэвлэн нийтлэх эрхийг бид хамгаалж ажиллана. Сэтгүүлзүйн салбар бол манай дөрөв дэх засаглал. Бид хүндэтгэлтэй хандах ёстой. Та бүхэн маань ч хариуцлагатай байх ёстой гэж мэдэгдсэн юм. Хууль санаачлах эрх бүхий субьект Засгийн газрын тэргүүний байр суурь ямар нэгэн салаа утгагүй, тодорхой байгаа учраас Эрүүгийн хуулийн 13.14 заалтыг энэ удаад дахин өөрчлөхгүй нь гэж дүгнэж болохоор. Гэвч энэ бол 100 хувийн баталгаа биш. Учир нь Ерөнхий сайд юу ч амласангүй. Энэ удаад арай ч хуулийн заалтаар оролдохгүй юм байна гэсэн хэврэгхэн найдвар л тээж үлдлээ. Өнөөдөр болох ХЗДХ-ийн сайд болон сэтгүүлзүйн салбарын төлөөллийн уулзалтын үр дүн, Засгийн газрын хуралдаан энэ асуудлыг шийдэх биз. Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээ тараах тараах заалтыг чангаруулах хүсэл улстөрчдийн толгойд амь бөхтэй оршсоор байгааг энэ үйл явдал нотлон харууллаа. Үүний цаана худал мэдээ тараах гэдэг үгийг гүтгэх-ээр солих том шалтгаан тэдэнд бий. Учир нь тэд цагдаад гомдол гаргахдаа санаачилгыг гартаа авахыг хүсч байна. Сэтгүүлчдийг, иргэдийг хэдэн цагийн турш цагдаагийн үүдэнд суулгаж залхаан цээрлүүлдэг, эх сурвалжийг нь нэхэж дарамтлуулдаг эрх мэдлээ эргүүлэн олж авахыг тэд санаархаж байна. Тийм л учраас гүтгэх заалтыг эргэлзэн санагалзаж буй хэрэг. Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв. БҮХ АЙЛ ӨРХ, ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЦАХИЛГААН, ДУЛААН, УС, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ТӨЛНӨ Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. Төсөвт байгууллага Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр Банк, банк бус санхүүгийн байгууллага Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр#8221; төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах юм. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл: Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ. Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гаръя гэжЕрөнхий сайд У.Хүрэлсүххэллээ. ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 18 ХҮРТЭЛ УЛААНБААТАР ХОТООС ЯВУУЛНА Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм. ЭНЭ САРД ДӨРВӨН УДАА ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн байна. Үүнд: БНСУ-д 3,300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна. Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сардТокио, Сөүл хот руу тус бүр нэг, Франкфурт чиглэлд хоёр удаатусгай үүргийн нислэг үйлдэнэ. 2020 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. ЦаашидНэг хүн-Нэг өрөө, Нэг өрх-Нэг өрөөзарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байна. Товч мэдээ Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо. Ингэсээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой компани гаргана. Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм гэжОнцгой байдлын ерөнхий газраасмэдээллээ. Эх сурвалж: ОБЕГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.