УИХ-ын гишүүн С.Амарсайхан иргэд, олон нийтэд хандан уриалга гаргалаа

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаараа Цар тахлын хөл хорио тогтоосон хүнд нөхцлийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан төрөөс 7 сарын хугацаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлсэн. Энэ хүрээнд: Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад бүх АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЦАХИЛГААН, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТӨР хариуцана. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төр хариуцна. Монгол Улсын бүх айл өрхийн цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна. 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна. Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулж байгаагаа илэрхийлэн тус шийдвэртэй холбогдуулан гарах зардлыг төсөвт дарам учруулахгүйгээр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой ХК шийдэх болсоныг зарласан. Тэгвэл Ерөнхий сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан олон нийтэд хандан уриалга гаргажээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Иргэн таны Эх орондоо оруулах хувь нэмэр энгийн үйлдлээс эхлэнэ. Засгийн газрын түүхэн шийдвэртэй холбогдуулан БҮГДЭЭРЭЭ ХЭМНЭЕ !!! ус, тог, түлш, хүнсээ. Эх орон ч байх нь ЭНГИЙН ҮЙЛДЛЭЭС эхлэлтэй ТА НЭГДЭХ ҮҮ ? хэмээгээд, төрөөс үнэгүй олгож байгаа гэж асуудалд назгайралгүй, түүний цаана хөрөнгө зардал гарч байгааг анхааран нийтээрээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалжээ. Түүний гаргасан ХЭМНЭЕ уриалгыг цахим орчинд олон зуун иргэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Иргэн та ч гэсэн УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргасан ХЭМНЭЕ уриалгад нэгдэж, цар тахлыг гэр бүлээрээ эрсдэл, аюулгүй, хэмнэлттэйгээр даван туулахыг хичээгээрэй.

С.Батболд: Надаар зөндөө оролдлоо. Одоо болоо юм биш үү…

УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нью-Иорк хотын шүүх дээр МУ-ын ЗГ-ын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна.Та энэ асуудалд тайлбар хийнэ үү? -Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны шүүхэд өгсөн мэтээр бичсэн байна лээ. Гадны нэгэн хуулийн компани Монголын Засгийн газар надад төлөөлөх эрх өгсөн гээд Америкийн шүүхэд хандсан юм билээ. Монголын Засгийн газар өөрийн иргэнээ гадны шүүхэд өгөх үү,өгч байсан түүх бий юу? Улсынхаа хуулийн байгууллагаараа шалгадаг биз дээ. Би энэ асуудлаар Засгийн газарт хандаж нотолгоо авсан: Энэ маргаанд дурдагдаад байгаа Эрдэнэт, Эрдэнэс Оюу толгой компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний эсрэг ямар нэгэн гомдол гадаадын болон дотоодын байгууллагад гаргаж өгөөгүй гэсэн. Тэгэхээр Засгийн газар намайг гадна дотнын шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм. -Шүүх дээр яг ямар асуудлаар маргаан үүсгэсэн юм бэ.Та тодорхой тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ? -Детектив зохиол шиг зүйлээ дотоодоос явуулаад, дотоодын улс төрдөө ашиглах гэсэн гүжир гүтгэлэг л гэж харагдаж байна.Тэрэндээ гол нь Оюутолгойд татварын хөнгөлөлт өгсөн гэж намайг буруутгах гэж байгаа юм байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ олны нүдэн дээр ил тод, засаг, УИХ дээр протоколтой хэлэлцэгдэж байсан асуудал. Манай Засгийн газар хэзээ ч Оюутолгойн татварыг бууруулаагүй. Харин ч Оюутолгойн татварыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж шийдүүлсэн. Бас Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулах асуудлыг тухайн үед шийдэж байсан. Бүр итгэмээргүй нэг юм нь Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулсныг хүртэл Монголын талд ашиггүй нөгөө талд ашигтай байсан гээд намайг буруутгаад байгаа юм байна лээ. Тэгэхээр асуудлаа огт ойлгоогүй нэг гадны хөлсний байгууллага ашиг хонжоо олох сонирхолдоо хөтлөгдөн интернэтээс хов жив ухаж байгаад детектив кино зохиогоод явуулж байна. -Баянзүрх дүүргийн шүүх дээр уг асуудалтай холбоотой маргаан бүртгэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар хариулт өгөх вэ? -Улс төрийн зорилгоор Иргэний шүүхэд маргаан үүсгэсэн юм байна. Шүүхийн байгууллагад гаднаас ирсэн ор үндэсгүй мэдээллийн дагуу нийслэлийн прокурорын орлогч маргаан үүсгэжээ гэж анх сонсоод их гайхаж хүлээж авлаа. Харин одоо энэ асуудлыг хэн захиалаад, хэн удирдаад, ямар зорилготой хийж байгаа нь ч тодорхой боллоо. Лхүмбийн хэрэг, Амар сайдын хэрэг гэгч нь гаднаас ирсэн чиглэл бэлэн шийдвэртэй байсан гэсэн. Миний хувьд ийм хээрийн шүүх маягаар үйл ажиллагаа явуулах гэж байгаатай эвлэрэхгүй, тэмцэнэ. Дотоодын шүүхэд нөлөөлөх гэж гадны нэг блогчинд материал өгч бичүүлсэн юм болов уу гэж харагдаж байна. -Сүүлийн үед гадны хэвлэлүүдэд улстөрчдийн талаар захиалгат нийтлэл бичүүлээд түүнийгээ Монголдоо орчуулан гадны хэвлэлд ингэж бичжээ гэж шуугиан тарьдаг арга барил газар аваад байгаа. Үүний нэг жишээ гэж хэлээд байна уу? -Миний тухай гүтгэлгээгадны нэг блог дээр гаргасан байна. Сонирхолтой нь, тухайн блогт нийтлэгдээд хэдэн минутын дараа Монголын сошиалд оруулсан байна лээ. Энэ нь анхнаасаа зохион байгуулалттай улс төрийн дайралт явж байгаагийн илрэл юм. Үнэнийг хэлэхэд, би ч энэ маргааны нарийн материалтай танилцаагүй, танилцах боломжгүй байхад гадны нэг үл таних блогчин олоод мэдсэн байгаа нь туйлын их эргэлзээ төрүүлж байгаа. -Өөртэйгөө холбоотой шүүхийн маргаантай танилцаагүй, танилцах боломжгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? -Дээр дурдсан асуудлаараа үүсгэсэн иргэний маргаанаа дотооддоо болохоор маш нууц гэсэн зэрэглэлд оруулсан байгаа юм. Хэзээ иргэний маргаан манайд маш нууц ангилалд ордог байсан юм. Хэнээсээ юугаа нуугаад байгаа юм бэ? Маш нууц гэсэн атлаа миний олж үзэж чадахгүй байгаа тэр детектив зохиол, гүтгэлэг бүхий бичвэр нь яахаараа гадны нэг блогчинд очсон байдаг юм бэ? Дотоодын хэвлэлээр ч гараад байх шиг байна. Хэн ямар зорилгоор тараагаад байгаа юм бэ? Ер нь гадны хувийн, хөлсний, ашгийн төлөө байгууллагад мөнгө төлж иргэнээ мөрдөж тагнасан, гүтгэлэг зохиолгосон, хууль шүүхийн байгууллагад улс төрийн сонирхлоор нөлөөлсөн байж болзошгүй нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг юм. Би монгол хүний хувьд энэ асуудлыг Монголынхоо хуулийн байгууллагаар шалгуулна. Монголынхоо шүүхээр зөв буруугаа шүүлгэнэ. Би чинь тусгаар Монгол Улсын иргэн биз дээ. Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу? -Та хэвлэлээр гараад буй мэдээллийг худал гүтгэлэг гэлээ. Ер нь тантай холбоотой Тавантолгойгоос эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Эдгээр мэдээллүүдээ залруулаагүй, нээлттэй биш байдаг нь таны буруу биз дээ? -Би төрөөс төрсөн тэрбумтан биш ээ. Улс төрд орж ирэхээсээ өмнө улсад томоохон татвар төлөгч бизнесийг босгосон байсан. Одоо бол хэдэн арван тэрбумаар татвар төлдөг, 3000 шахам хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангаж байгаа олон нийтийн нүдэнд ил тод, шударга бизнестэй. Надад төрөөс тендер, концесс авч төрийн эсвэл ард түмний мөнгөөр бизнес хийх, төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Миний хувьд Тавантолгойн ордын лицензийг төрдөө, ард түмэндээ буцааж өгсөн. Харин ч надаас хэдэн зуун сая доллар, тэрбумаар нь авъя гэсэн гаднынхан ч байсан, үнэгүй өгчих гэсэн дотоодын улс төр бизнесийн олигархууд ч байсан. Харин би энэ ордын лицензийг эзэмших эрхээ төрдөө өгөөд дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд ард түмэндээ иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа тараах шийдвэр гаргасан. Энэ жил хувьцаа авсан иргэн бүр ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас ашиг хувь шууд хүртсэн анхны тохиолдол болсон. Өмнө нь ч ахмадууд 1.5 сая төгрөг, оюутнууд хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг, иргэн бүр сар болгон хоёр жил гаруй 21 мянган төгрөг авч байсан. Үүний хөрөнгийг Тавантолгой ордын нүүрсний борлуулалтаас ч бас босгосон. Улаанбаатарчуудын өмнө тулгарсан томоохон асуудал болох утааны асуудлыг ч Тавантолгойн нүүрсээр л шийдвэрлэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан эмзэг үед ч Тавантолгой л улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа. Жил гаруйхны өмнө тэрбум долларын босго давсан орлоготой Монголын цорын ганц компани боллоо гээд л Эрдэнэс Тавантолгойг өргөмжилцгөөгөөд байсан. Ийм ордын лицензийг эзэмших эрхээ гаднынханд биш, дотоодын томчууд олигархуудад ч биш төрдөө, ард түмэндээ өгч байсан. Ийм том төслөөс би өөрөө татгалзаж байсан байж төрөөс хумсална гэж юу байхав дээ. Надаар зөндөө оролдлоо. Өчнөөн олон удаа шалгуулсан. Тэгэхдээ бүгд л намайг бизнесийн орлогоороо амьдардаг гэдгийг эрх биш мэдэж байгаа. Энэ бүгд олны нүдэн дээр ил юм даа. Одоо болоо юм биш үү дээ. -Саяхан таны тухай нэгэн нийтлэлд Тавантолгойн ордыг гадаад дотоодын бизнес бүлэглэлүүдэд өгөөгүй нь өөртөө олон дайсан хураасан гэж бичсэн байсан. Энэ үнэн үү? -Ер нь шинэ Монгол Улсын түүхэнд хэдэн тэрбум доллараар нөөц нь үнэлэгдэх ордын лицензийг эзэмшиж байсан эрхээ улсдаа өгсөн өөр хүн, аж ахуйн нэгж байгаа юу гэдгийг Та бүхэн бодоод үзээрэй. Ямар учраас эх орныхоо баялгийг төрдөө ард түмэндээ өгсөн хүн нь буруудаад, гаднынханд зарсан хэд нь баатар болоод байдаг юм бэ. Би энэ талаар нэг их яриад байдаггүй. Хааяа ярихаас өөр арга алга. Ийм үнэ цэнэтэй зүйлийг төрдөө буцааж өгсөн миний хувьд Оюу толгой ч байна уу, Эрдэнэт ч байна уу өөр ямар ч төрийн байгууллагаас хулгай хийх байтугай тэд нартай бизнес хийх ч хэрэгцээ байхгүй. Хуулийн дагуу шударга хөдөлмөрлөж, амжилтад хүрчихээд хулгай хийхгүй нь ойлгомжтой шүү дээ. Гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг -Дээрх мэдээлэлд таныг гадаадын иргэдийн нэр дээр хөрөнгө мөнгө хамтран эзэмшдэг оффшортой гэж бичсэн байсан. Энэ асуудалд та ямар хариулт өгөх вэ? -Миний үүсгэн байгуулсан компаниуд дотоодын Голомт, Худалдаа хөгжил, Хас гээд банкуудаас 100 гаруй тэрбум төгрөгийн бизнесийн зээлтэй байгаа. Жилдээ хэдэн арван тэрбумаар зээл, зээлийн хүүгээ төлж байна. Тэд маань зээлээ цаг хугацаанд нь төлөх гэж бас л амаргүй байгаа. Тэр их мөнгө нь байсан бол уг нь ядаж энэ зээлүүдээ төлөхсөн. Надад оффшор бүсэд нэг ч төгрөг байхгүй. -Таныг бичээд байгаа тэр блогд таныг Нью Йоркт үл хөдлөх хөрөнгөтэй гээд бичээд байна шүү дээ? -Нью Йорктнадад үл хөдлөх хөрөнгө байхгүй ээ.Ер нь АНУ-д байгаа бүх үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн бүртгэлтэй. Тэдний холбоод байгаа хөрөнгө хэний өмч гэдгийг сэтгүүлчид та бүхэн хайгаад олох боломжтой, нээлттэй мэдээлэл шүү дээ.Надад хамаагүй юмыг надтай нялзааж байгаа нь дэндүү том гүтгэлэг юм аа. Энэ болцэвэр дотоодын улс төр, гүжир гүтгэлэг.Надад бол тэр бичээд байгаа шиг нь 10 гаруй оронд зуу гаруй компани байхгүй ээ. Зах зээлд шилжээд 30-хан жил болж байгаа Монголд гадаад түншгүй, хамтрагчгүй нэг ч том бизнес байхгүй биз. -Таныг Нью Йоркийн шүүх дээр яг шүүж байгаа юм уу, үгүй юм уу.Таны нэр дурдагдсан материалууд сошиалаар яваад байдаг.Гэтэл Та хамааралгүй гээд байх юм? -Нью Йоркийн шүүхэд миний эсрэг гаргасан нэхэмжлэлээ татсан байна. Өөрөөр хэлбэл, надтай холбогдсон асуудал Нью-Йоркийн шүүхэд байхгүй болж байна гэж ойлгосон. Эндээс маш их сонирхол татаж буй зүйл болох гадны ашгийн төлөө хувийн байгууллагад Монголын татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж гэрээ хийн мөрдөж тагнах ажиллагаа захиалсан явдлыг хуулийн дагуу шалгуулах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Энэ асуудлыг би заавал шалгуулах болно. Эх сурвалж: tovch.mn

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шатны шүүх хурлыг хойшлууллаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрэл-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр цагаатгагдсан Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг хойшлуулжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэх явцад хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Хишигбаяр, Д.Баттулга нарын гаргасан ...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах... тухай хүсэлтийг хуульд зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбат, цагаатгагдсан этгээд Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр хойшлуулжээ. Эх сурвалж: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

СХД 28-р тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ынсонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны санал,УИХ-ынчуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэнУИХ-ынсонгуулийн 28 дугаар тойрогт явагдахУИХ-ынгишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухайУИХ-ынтогтоолыг баталлаа.

Шадар сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй цахимаар уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай цахимаар уулзжээ. Уулзалтаар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тархалтын нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон байна. Энэ үеэр талууд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байсны үр дүнд эхний үе шатанд эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэнийг онцолжээ. Харин цаашид шинжилгээ хийх түр цэгийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг тандалтаар эрт илрүүлэн, шинжилгээ хийснээр нөхцөл байдлыг хяналтандаа авч нийгэм, эдийн засгийн амьдралыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болсон аж. Мөн орон нутгийн бэлэн байдлыг хангах, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, хариу арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр бэлтгэгдсэн салбар хоорондын зөвлөх багийг томилон, орон нутагт ажиллуулахаар боллоо. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.