Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсоно

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр онлайнаар хуралдлаа. Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцууллаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд хуралдах боломжийг хангах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хөл хорионд ажилтнууд нь хамрагдсанаар хог ачилт, хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагуудад хүн хүч дутах явдал гарч байж болзошгүй. Ер нь журам сахиулж, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдаас гадна далд фронтод, хоёрдугаар эгнээнд ажиллаж байгаа хүмүүс олон бий шүү. Тэдэнд урам өгөх талаар анхаарууштай гэсэн санал хэлсэн бол УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ илүү санаачилгатай, ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Тухайлбал зээлийн хүүгийн асуудлыг яах вэ гэдэг асуудалд хариу өгөх хэрэгтэй байна гэлээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдаас гадна хувийн хэвшлийн олон хүн эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа. Тухайлбал, шатахуун түгээгүүрийн газрын ажилчид, хүнсний барааны худалдагч гэх мэт. Тэдэнд анхаарах ёстой. Нөгөө талаар өдрийн орлогоороо өрх гэрээ тэжээдэг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, харж хандах хүнгүй өндөр настнууд гээд эмзэг бүлгийн хүмүүсийнхээ амьжиргааг яах вэ, ямар дэмждэг туслалцаа үзүүлэх вэ зэрэг асуудлаар УИХ байр сууриа илэрхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэв. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог ойрын үед хуралдуулах, Улсын онцгой коомисс, Засгийн газрын мэдээллийг УИХ-д сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байв. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс энэ долоо хоногт Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-д сонсох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хэнтийд илэрсэн сэжигтэй ХОЁР тохиолдлын ТҮРГЭВЧИЛСЭН шинжилгээний хариу ЭЕРЭГ гарлаа

Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээг Дорнод аймагт шинжлүүлэхээр явуулсан бөгөөд 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм байна. Тухайн иргэн хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн байдалд бэлэн ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.ИдэрбатЦэнхэрмандалын постноос буцаахад голын урдуур буюу Баянмөнх, Дархан, Баянхутаг сумын нутгаар хөндлөн гарч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн урд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байна. Сумын эрүүл мэндийн төвөөс түргэвчилсан шинжилгээ авахад хоёр хүнд эерэг гарсан. Тиймээс аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хааж, үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний байгууллагын үйлчилгээг зогсоож байна. Аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөн болон төв доторх явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иргэд гэр гэртээ байж, шаардлагатай үед 103 дугаарын утсаар тусламж үйлчилгээг авна уу. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн маршрут, хавьтлыг яаралтай тодорхойлж эхэлсэн. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газар шинжилгээний төв ажиллуулж байна. Хавьтал байх магадлалтай газруудад түргэвчилсэн шинжилгээг авч байна гэлээ. Хэнтий аймгийн Засаг дарга түргэвчилсэн оношлуур болон эмчилгээ хийх бүх бэлэн байдлыг хангасан гэдгийг хэлсэн бөгөөд Хангарьд ШТС-аар 09:00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэдийг 70562906 дугаарын утсаар холбогдохыг зөвлөлөө.

Австрали, Шинэ Зеланд улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Тус Элчин сайдын яам Шинэ төрлийн коронавирусний онцгой нөхцөл байдлын үед Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан 2020 оны 11 дүгээр сарын 16-ны Их эзэн Чингис хааны өдөр болон 2020 оны 11 дүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болох нийтээр амрах баярын өдрүүдэд жирийн ажлын өдрүүдийн адил бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн цагаар ажиллах болно. Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын ЭСЯ

ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 14 ХОНОГООР СУНГАЛАА

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж байна. Хурлын эхэнд өнөөдөр УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хурал Төрийн ордны Б танхимд үргэлжилж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ ХАМГИЙН САЙН ВАКЦИН БОЛ САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА ШҮҮ

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. - Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумих, таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх - КОВИД19-ын халдварын голомтын бүс, объект, халдвар илэрсэн байр, гэр, орон сууц, гудамж, зай талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн аруитгал халдваргүйтгэлийг хийх ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд хяналт тавих - Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах - Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгав. Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой. Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү гэвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.