Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
2020-11-18 11:53:55 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй. Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн. Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгааг Монголбанкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй. Түүнчлэн МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналаа Засгийн газарт хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Өрх бүрт нэг сая төгрөгийн тусламж олгох нь зүйтэй
2020-11-17 17:51:48 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо. Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ. Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургүйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа. Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ. ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах; Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох; Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх; Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах; Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.
242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон олгоод байна
2020-11-17 11:38:34 Нийтлэгдсэн: Улс төрХЭНТИЙ АЙМАГТ СЭЖИГТЭЙ ГУРВАН ТОХИОЛДЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүнийх эерэг, харин PCR болон сорьцын шинжилгээгээр сөрөг гарч байсан юм. Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос оршин суугаа газар луу нь явуулах болсон тухай мэдээллийг Улсын онцгой комиссын гишүүд үгүйсгэлээ. Халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч хугацааг товлох юм. Цаашид УИХ-ын гишүүд, Улсын онцгой комиссын гишүүн биш хүмүүс баталгаагүй, бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай албан тоотыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар илгээжээ. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий байгууллага, салбарын ажилтан, албан хаагчдын автомашинд тусгай зөвшөөрөл олгосныг түр зогсоолоо. Ажилтнууд өмнөхийн адил ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлж зорчиж байх юм. Энхсаран сувилалд хууль тогтоомж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Сувилалд тусгаарлагдсан 81 иргэнийг Дрийм, Кентавр, үйлчилгээний 17 ажилтныг Сүнжин гранд зочид буудалд шилжүүлсэн бөгөөд давтан шинжилгээний хариу сөрөг гарвал иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалтад гаргах юм. Маргаашаас нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар 18.00 цагт аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, үүрэг, чиглэл өгнөгэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад халдвар хамгааллын дэглэмийг холбогдох газруудад онцгой анхаарч сахин ажиллахыг санууллаа. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгож дараах чиглэлээр даалгавар өгөв. Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан 181 дүгээр тогтоолын дагуу УОК-ын даргын нэгдсэн удирдлага дор нэг удирдлагаар ажиллах Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, халдварт цар тахалтай холбоотой аливаа сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ээс бүрэн шинжилж, ЭМЯ-аас мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээллэх Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх Орон нутгийн сонгуулийн дараах сум, орон нутгийн засаг дарга нарын томилгоог хуулийн хүрээнд ЗГХЭГ-тай уялдаа холбоотой ажиллаж, түргэн шийдвэрлэж дуусгах Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сайтар авч, ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшгаас урьдчилан сэргийлэх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэглэлийн хангалтыг бүрэн хийх Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавьж, хүнсний хангамжийг тасалдуулахгүйгээр хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй